2013-09-14 09:00

Хайрын сүнс (Дууль)

Тал дээр тавъдаг яс байна
Тамд очдог сүнс байна
Тавилантай насандаа бүтдэггүй юм бол
Тамын чинь үүдэнд заргатай болно
Элсэнд тавъдаг яс байна
Эрлэгт очдог сүнс байна
Энэхэн насандаа бүтдэггүй юм бол
Эрлэгийн чинь үүдэнд заргатай болно..."
/Монгол ардын дуунаас/ ОДОХУЙ

Үйлийн үр огтлолцох
Зөрөг дээр хормой шүргэсэн
Үг хэлэх шиг нүдтэй нь
Харц мөргүүлээд авсан хархүү
Тэр сайхан бүсгүйд дурлаж
Тэсгэл хатуу хайрын "Лай"-д унажээ.
Хосын сайхан жаргалын хаяа дэрлэж
Хохийн хэцүү заяаны
"Зай"-д үйжээ...
Их хайр эрхэмсгийн учир
Ид хавын тэнгэрт мандаж
Царайчилсан хайр хүчгүйн учир
Цагийн хөлд хэлтрэн үлдэж
Зүрхэн дотор нь бүсгүй оршиж
Зүүдэн дотор нь буйлан тонгочиж
Эс бүхний нь дотроос нь шатааж
Эрлэгийн босгон дээр зүлдлэн авчрав
Хожимдсон хайрын дэндүү гаслан
Хохирсон тавилангийн хатуу хяслан
Амьд насных нь гэгээн дурсгал
Ахиад заяахгүй гэнэн үзэсгэлэн.
Аль аль нь зам салгах
Алтан жамын уулзварт ирэв
Амьдаж ядсан хархүү
Азаар бас нэгэнтээ
Араалдаж нүүсэн үүлэн сүүдэрт
Аравдын сарны гэгээн завсар
Алаг нүдий нь ширтэн байж
Арай ядан хэдэн үг сольжээ...
-Чамин хорвоог орхисныхоо дараа
Чамд би хүү болж төрж
Харамласан уруулаар чинь
Гуйлгаж үнсүүлж
Халуун цагаан сүүгээр чинь
Цээжээ дэвтээж өснөө гэжээ
Галзуу хүнтэй ч уулзчихав уу? гэсэн шиг
Гайхсан бүсгүй үгий нь чихээрээ залгиж
-Хачин юм гэж
Гайхаш бөмбөрүүлж ядан
Харих зуураа бодмоглож
Гадаа үүдэндээ гээжээ...
Үнэн хайрын буулганд
Үйлээ эдэлсэн хархүү
Бэлийн замыг элтэл
Биеэ барж тэмтэрсээр
Сэтгэлээсээ эхлэн үхэж
Сэмрэн сэмэрсээр унав
Бүтээгүй хайрын орчлонгийн
Өндөр босгыг гадагш давж
Бүлээн чулуу дэрлэн
Өөд болон талийжээ.

ЭРЛЭГИЙН БАЙЦААЛТ

Эрлэг асууруун:
Өргөөл гэж хэлээгүй байхад
Өөрөө морилж ирсэн чи...
Хархуу хариулруун:
-Үнэн юм шоовдор хорвоод
Үлдье гэхнээ тогтох газаргүй
Үйлийн үргүй сайхан түүнд
Үхсэн хойноо ч би хайртай
Эрлэг асууруун:
-Энэ хайр гэдэг чинь юу юм бэ?
Эрлэг надаас хүчтэй гэж үү
хархүү хариулруун:
-Эрлэг та харахааргүй
Эс бүхэнд минь шингэсэн аз юм
Эргээд миний сүнснээс ч зайлахгүй
Энхрий гашуун ад юм...
Эрлэг асууруун:
Ухаан юм уу?
Уул юм уу?
Ус юм уу?
Цус юм уу?
Хархүү хариулруун:
-Эхэндээ солиорсон ухаан юм
Эр эм хоёр уул юм
Эргэндээ багтаагүй ус юм
Эвлэж бүрэлддэг цу юм
Эрлэг асууруун:
-Тамд тогтохооргүй санагдах уу?
Тасдаад чамайг хаясан ч үлдэх үү?
Хархүү хариулруун:
-Там диваажин хоёрын алинд ч...
Тарж цайсан ясанд минь ч ...
Үйрсэн бие минь буцан цуглаж
Үгүйлэх юм минь ганцхан тэр...
Эрлэг хэлрүүн:
-Өршөөл надад байдаггүй ч
Өрөвдөж байна...
Би чамайг.
Эрлэг намайг өршөөлөө гэж
Энд тэнд ярив
Хэн ч үнэмшихгүй
Тэгвэл чи буц л даа
Тэнгэрийн дор газрын дээр хүн болж төр...

ЭГЭХҮЙ

Тамтаг болсон биенээс нь
Сүүдэр салж
Тасын эрэлхүү сэгсрээнээс
"сүнс" зайлж
Амьддаа хэлсэн үгнийхээ
Арилсан улбааг элдэж
Айл болгоны хатавчаар шурган
Азгүй эрлийн замд хатав
Бүсгүй бүхний хормой доогуур шургавч
Бүрэлдэх заяа улам дайжиж
Амьдаа үзсэнээс илүү зовлонг
Алдуурсан сүнс ахиу эдэлж
Айл хүний бараа дагаж
Албин сүнс оршилгүй тэнэв
Амраг түүнээ олохгүй зовов
Арав хорин жилийн нүүрийг үззв
Сүүдэрт бэргэсэн тоорой гандах намар
Сүнсэнд нэгэнтээ аз тохиож
Амьддаа хайртай явсан бүсгүйтэйгээ
Айлын хаяанд тааралдаж
Зөв энгэр доогуур нь шургатал
Зөн заяаны илд харшиж
Цэвэршсэн умайн амсар дээрээс
Цэцэггүй зөгий шиг үргэн холдов
Холоос түүнийгээ харахнаа
Хосгүй үзэсгэлэн нь гундан буурч
Хоёр шанаанаасаа шууран бууралтаж
Хорвоо нэгэнтээ өгснөө хураачихсан
Үсээ хусуулах нь үлдсэн хөгшин
Үр олохоосоо
Үхэл олох нь ойр болсон байв
Ядсан сүнс
Чадсан хорвоод гомдож
"...Амьдаас илүү санагдах тамд чинь
Амар сайхандаа жаргая...
Эргэж би хүн хэзээ ч болохгүй..." гэж
Эрлэгийн өмнө сөгдөн гуйж
Хосын өлмийг зөөллөн нурах
Хоёрхон атга элс болов оо.

Бавуугийн Лхагвасүрэн : Гашуун Өвс номноос

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу