2013-10-31 08:30

Л.Өлзийтөгс : Үзэхийн хязгаар

  Хамгийн сүүлд би аавыгаа хаана харлаа, хэзээ харлаа? Хаана? Хэзээ? -Авсан дотор байхад нь... Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа биз?

Амьдрал ийм хатуу. Биш ээ биш, амьдрал биш, харин үнэн гэдэг ийм хатуу. Үнэн. Би тэгэхэд долоон настай байлаа. “Аавыгаа хармаар байна” гэж гуйсанд ээж минь намайг өргөсхийв. Би хар зөнгөөрөө бөхийж, ухасхийн хөдлөөд аавынхаа хацар дээр үнслээ. Аав минь! Үгүй дээ, бурхан минь! Бурхан минь би хэчнээн цочсон гээч! Би тэгэхэд хэчнээн цочсоныг мэдэх үү, та Бурхаан? Үгүй л болов уу даа. Та миний зүрхний цочроог, хамаг биеийн минь хаанаас ч юм бэ түрсэн тэр хүйтэн татвасхийлтыг мэдэрч чадаагүй л болов уу? Аавынхаа дээрээс тонгойн...

Тийм хүйтэнд би урьд нь хүрч байсангүй. Хүрэх хүрэхдээ халуухан, нялх уруулаараа шүү! Үхэлтэй анх учирсан минь тэр. Долоохон нас. Хав халуун, дулаан, зөөлөн хөнжилд нам унтаж байснаа гэнэт цочин сэрээд хүв хүйтэн ус руу нүцгэн биеэрээ уначих шиг л болж билээ, тэгэхэд. Тэр өдөр л би насанд хүрч, бодлогоширсон, гуниглуу, зөөлөн дуутай, эмзэг, гүнзгий нэгэн болж хувирсан...

Уг нь миний дотор, тэр долоон настай бяцхан хүний дотор чангаас чанга дуутай, сахилгагүй, дураараа, тогтож ядсан тэмүүлэлтэй, эмэгтэй хүүхдэд ахадсан зоримог зантай, өөдрөг нэгэн бүрэлдэн, нүдээ дөнгөж нээж байсан билээ. Тэр өглөө ээж маань биднийг хар үүрээр сэрээгээд, талийгаачтай салах ёс хийхээр ирэх аймшигтай олон хүнээс (нэг дор тийм олон хүн цугласан байхыг би тэгэхэд анх удаа хараад их эвгүйцсэнсэн) өмнө аав дээр минь биднийг аваачсан юм. Халуун ам бүлээрээ сүүлчийн удаа цугласан нь тэр.

Ээж минь бусдаас их өөр хүн учраас огт уйлж орилж биднийг айлгасангүй. Бүр ганц ч нулимс унагаагүй юм, би сайн санадаг. Аавын дээрээс чив чимээгүй тонгойх залуухан, үзэсгэлэнтэй ээжийн минь тэр хөдөлгөөнгүй, хөшсөн, цав цагаан царайг би одоо ч мартдаггүй. Тэгэхэд хөдөлж, харж, явж буй атлаа ээж минь үхчихсэн юм шиг, хүв хүйтэн болчихсон атлаа хязгааргүй амгалан төрхтэй аав минь л амьд юм шиг байсан даа. Би үхлийг тэгэхэд л таньсан юм. Ээжийн минь тэр дүр төрх л хожим надаар “Үхэж байгаа нь биш, үлдэж байгаа нь л үхлийг мэдэрдэг.

Тийм ээ, үгүй болж байгаа нь биш, хагацан үлдэж байгаа нь л үхдэг” гэж тэмдэглэлийн дэвтрийн хуудаснаа бичүүлсэн байх аа. Төвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд үхлийг “Үзэхийн хязгаар” гэж бичжээ. Гайхалтай хэлсэн байгаа биз? Үзэхийн хязгаар. Хязгааргүй амгалан төрхтэй болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцийд ирээд харсан үзсэнийхээ хязгаарт хүрчихээд бай сан нь тэр аж.

Бас эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсож байжээ. Амьдралыг би тэгэхэд л бүрэн үзчихжээ. Түүнээс хойш үзсэн юм бүхэн зөвхөн тодотгол, тийм ээ, тодотгол. Амьдралын тодотгол, үхлийн тодотгол. Үхэл гэдэг амьдынх нь хувьд нэгэн зүйл атал, үгүй болоочийнх нь хувьд магадгүй огт өөр зүйл билээ. Тэр бол амьдралын “амьдрал биш”-тэй давхцдаг ганцхан цэг. Үзэхийн хязгаар. Үхэл бол амьдрал шиг бас л нэгэн гайхамшиг юм гэж би одоо боддог болоод байгаа.

Гэхдээ энэ л хоёрхон үгээс болоод, “Үзэхийн хязгаар” гэдэг үгээс болоод тэр шүү дээ. Үг ямар гайхамшигтай вэ, ай, үгийг мэдэрч амьдрах гээч хэчнээн гайхалтай ерөөл вэ! Үзэхийн хязгаар. Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран харвахыг үзэх, цас түрэн яргуй дэлбээлэхийг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх... Үзэх, үзэх, үзэх... Үзэх бүхний хязгаар.

Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст үхэж үзэх. Амьдралаас эрт буцсан хүмүүс тэгэхээр тэднээс хэдэн хувь илүү наслагсдаасаа ч илүүг үзсэн байх нь. Би урьд нь ингэж бодож байгаагүй юм. Үзэхийн хязгаар. Энэ хоёрхон үг намайг сэрээх шиг болов. Хязгаар гэдэг бол эцэс. Эцэстээ хүрч байж л юм гэдэг эхэлснийхээ утга учрыг гаргана. Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал.

Амьдрал төгс төгөлдөр. Үүний жинхэнэ баталгаа нь үхэл. Аавыг өнгөрөхөөс яг нэг жилийн өмнө. Ээж, аав хоёр галын өрөөний цонхон доорх цэнхэр ширээни хоёр талд өөд өөдөөсөө харан сууна. Аавын өмнө үзэмтэй хайлмаг. Аавын аяганд ээж цай нэмж хийнэ. Аав өмнөх хайлмагаасаа нэг үзэм гараараа авч, ээжийн аманд хийнэ. Тэр хоёр юунд ч юм бэ гэнэт инээлдлээ.

-Та хоёр яагаад инээгээд байгаа юм бэ?

Ээж аав хоёр ахиад л инээлдэв. Би өөрийн эрхгүй дагаж инээв. Гэнэт хаалга тогшлоо. -22-ын (-р байрны) өнөө ногоон дээлтэй өвгөн өнгөрчихөж ээ... Эмгэнийх нь даралт ихсээд… Ач нар нь чамайг сурж байна... Уг нь ч түргэн дуудсан гэнэ л дээ… гэхдээ эмгэн чамайг л асуугаад байна гэнэ...Ерөөсөө хоёулаа хамт ордог юм уу… Ээжийг шивнэх шахуу ийн ярихад аав: -Алив, миний охин аавынхаа чагнуурыг аваад ир! гээд цайгаа орхин үүдний өрөө рүү ухасхийлээ.

Би чагнуурыг нь зүгээр ч авчраад өгчихсөнгүй, хамт явна гэж зүүгдэж, чаргууцалдаж бөөн юм болов. Миний аав хэзээ ч уурлаж байгаагүй юм. Миний дур самжид лав үргэлжийн дөлгөөхөн, уул мэт намдуу аяар тэр л төрхөөрөө үлдсэн билээ.

-Аав нь хурдхан яваад ирье. Миний охин аавынхаа хайлмагны үзмийг түүж идээд сууж бай.

-Үгүй, би хамт явна.

-Болохгүй, аав нь ганцаараа явах ёстой.

-Би хамт явна аа.

-Болохгүй, Бандрууш аа, болохгүй. Цаана чинь хүн бурхан болчихоод байхад... Нэг эмээгийн бие муу байна… Аав нь яаралгүй болохгүй.

-Ямар бурхан? Юун Бурхан? Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?

-Тэнгэр болохыг хэлдэг юм аа.

-Ямар тэнгэр… ийм үү...? (би цонх руу, гэхдээ дээш заав)

-Тэгэлгүй яахав, яг ийм тэнгэр болдог юм.

-Яаж тэнгэр болдог юм бэ?

-Чи бүүр том болоод мэднэ ээ, Бандрууш аа! Даанч бурхан намайг “том” болохыг хүлээсэнгүй. Аавын бодлоор бол “Бүү-үүр том болоод мэдэх” ёстой байсан асуултынхаа хариуг би тэрхэн дороо авсан юм. Жилийн дараа аав минь тэнгэр болоход би тэр яриаг гэнэт санаж, галын өрөөнийхөө цонхны дөрвөлжин цагаан тавцан дээр гарч суугаад тэнгэр рүү ширтэн, өдөржин сууж билээ. Гэвч юу ч олж үзээгүй. Тэнд үүлсээс өөр юу ч байгаагүй.

Миний аав... миний хайртай аав үзэгдээгүй. Тас хар долгиотсон үстэй, цав цагаан шүдтэй, Адарсүрэнгийн дуунуудад дуртай, өндөр, бор, миний аав. Дандаа л юм бичиж суудаг, ганцхан би л өвөрт нь унтдаг, ганган гаансаар тамхи татах дуртай, гурван хурууных нь хумс тамхины утаанд шарласан нь хачин гоё зохисон, суганд нь шургаад хэвтэхэд л өглөө болчихдог… (Аавыгаа өнгөрснөөс хойш ахиж нэг ч удаа тийн нам унтаагүй мэт санагддаг юм).

Өөрөө тэнгэр болоод, охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн миний аав. Аавынхаа хөлсний үнэрийг харин одоо дүрслэн бичиж чадахгүй нь ээ. Яагаад гэвэл тэр үнэр одоо ч миний зүрхний хавьд үнэртдэг болохоор… тэр л үнэр нь надад аавын минь царай төрх, дуу хоолойноос ч илүүтэй үгүйлэгддэг болохоор… би тэр үнэрийг зангиртлаа санаж, хэн хүнээс хайж явдаг болохоор… Тэгээд хэн ч тийм сайхан үнэргүйг нь мэдсэн болохоор…

-Яаж тэнгэр болдог юм бэ, хүн?

Уг нь би энэ асуултын хариуг мэдэхийг тэгтлээ хүсээгүй юм шүү дээ. “Хүн тэнгэр болоод хувирчихдаг юм аа” гэсэн ч, “Хүн цонх болоод хувирчихдаг юм л даа” гэсэн ч яг таг итгэхээр тийм балчир байлаа. Гэвч, тийм л балчир байхад минь бурхан надтай анх удаа насанд хүрсэн хүний хэмжээнд шууд харьцсан юм даа. Тиймээс би яруу найрагч болсон. Үхэл, тийм ээ, эцгийн минь үхэл намайг яруу найрагч болгосон. Тиймээс би үргэлж “түүнд” талархаж явах болно.

-Бурхан болно гэж яахыг хэлдэг юм бэ?

-Тэнгэр болохыг хэлдэг юм аа. Хожим, халуун ам бүл минь нэгнээрээ дутаж ханхайхын цагт, тэнгэр өөд харах болгондоо би сайхан аавынхаа хойноос санаж шаналах минь бага ч атугай нимгэрэх юм гэж тэр үед яахин мэдэх билээ дээ. Хүн бурхан болоод тэнгэр болчихдог... Чухам энэ үг л намайг эцгээ санаж бэтгэрэхийн зовлонгоос холуур авч гарсан шиг санагддаг Аав минь тэнгэр.

Би хүүхэд байхдаа, гэхдээ мэдээж ааваас хойш тэнгэр рүү харах дуртай болчихсон юм. Оюутан байхдаа гэнэт холын хараа муудаж, нүдний шил зүүх болоход “Би энэ том хотод ирснээсээ хойш тэнгэр рүү харахаа больчихсон юм байна шүү дээ, тэнгэр рүү харалгүй их удсан юм байна” гэж бодсон удаатай. Бас нүдний шил зүүчихээд толинд анх харуутаа, аав минь бичгийн шар ширээнийхээ ард суух үедээ бор хүрээтэй, том шил зүүдэг байсныг нь гэнэт санаж, тэр жаргалтай дурсамжийг авчирсных нь төлөө, хайртай аавынхаа дүр төрхийг өмнөх толин дотроосоо, өөрөөсөө олж харсныхаа төлөө хараа минь муудсанд үнэнээсээ баярлаж билээ.

Аав минь тэнгэр. Тэр миний дээр байж, үргэлж намайг харж, ажиж байгаа. Яг минийх шиг онигор нүдтэй тэнгэр чимээгүйхэн инээмсэглэж, ивээнгүй ширтэж байгаа. Ширтэж байгааг нь би мэддэг юм шүү. Хэрэв аав минь тэгэхэд надад “Хүн бурхан болоод уу…бүүр байхгүй болчихдог юм аа” гээд хариулчихсан бол яана. Ай, тэгсэн л бол би жинхэнэ өнчрөх байсан юм. Харин тэнгэрийн ачаар би өнчрөөгүй.

Үүлстэй ч юм уу, нартай, аль эсвэл ододтой, хаяагүй гүнтэй, хязгааргүйтэй, жинхэнэ орон зайтай ярилцсаар би сэтгэл зүрхээ хагаслалгүй авч гарсан юм. Байгаа гэсэн бодол намайг аварсан. Байхгүй боловч...Аяа... Харин одоо бол би, чагнуураа аваад ухасхийн гарч байсан аавынхаа тэр насанд хүрэх дөхжээ. Одоо би хэнээс ч, юуны ч тухай асуудаггүй. Би танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй юм бүхнийг бусдаас биш, өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд яаж ийгээд өөрөө хариултыг нь олдог.

Танигдахгүй, мэдэгдэхгүй, ойлгогдохгүй бүхнийг нээхэд минь үг надад тусалдаг юм. Гэхдээ мэдээж, миний өөрийн дотроос л оргилон гардаг тэр үгс. Өөрөө ч би заримдаа надаас гарсан гэдэгт нь эргэлздэг үл таних үгс. Бодвол тэнгэрээс шивнэдэг биз ээ. Одоо би үзгээ аваад тайвнаар дэвтэр рүүгээ тонгойн үүнийг бичиж байна. Үгүй болоочид гэдэг тэнгэр. Харин бид газар. Байгаа, байхгүй хоёр нэгдэж нийлээд энэ ертөнц, энэ амьдрал. Тэнгэр үргэлж газрын зүг ширтээстэй. Газар “тэдний” зүг хандаастай.

Мөнхийн шүтэлцээ. Үхэл утга зохиолын хамгийн том сэдэв билээ. Үхлийн өмнө ирсэн хүн гэдэг уран зохиолын хамгийн зөрчилтэй дүр. Үхлийн тухай боддоггүй, бодож үзээгүй хүн байдаггүйчлэн, үхлийн тухай бичээгүй зохиолч цөөн. Өөрийн нь амьдралд үхэл хагацал шууд тохиолдоогүй ч үзсэн юм шиг бичиж чаддаг зохиолч олон байдаг нь үнэндээ тун энгийн зүйл юм. Хүн төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хайж олоод, үмхээд авдаг шиг тийм л совингоор бид үхлийг мэдэрч зөгнөдөг. Тэгэхээр тэр угаасаа бидний нэгэн хэсэг гэсэн үг ээ.

Нууцлаг, тайлагдашгүй гэдэг үг үхлийн нэгэн тодорхойлолт юм. Нууцлаг, тайлагдашгүй учраас үхэл философийн хамгийн том асуудал юм гэнэ билээ. Ерөөсөө үхлийн тухай эргэцүүлэл л хүнийг философи руу түлхдэг гэсэн үг ч байдаг юм билээ л дээ. Гуниг, бясалгал, хатуужил, жинхэнэ тэсвэр тэвчээр, гэгээрэл...Тэгэхээр үхэл гэдэг зөвхөн булаан авагч биш байх нь ээ. Тэр бидэнд ямар нэгэн юмыг өгч байдаг. Бид үхлээс суралцдаг байх нь. Үхнэ гэсэн бодол амьдралд бас нэгэн утга учир нэмж, “үхэхээсээ өмнө” гэдэг бодол хүмүүнээр ихийг бүтээлгэдэг.

Үхлийн тухай бодол бидэнд амьдралыг хайрлахуйд сургаж, цаг хугацааны үнэ цэнэ, түүний аугаа хэмнэлийг олж чагнахад тусладаг. Үхэл та биднийг, хүмүүсийг Эвлэрэхүйд сургадаг. Бид ертөнцөд ирээд жам ёсыг олонтаа зөрчдөг ч зөрчиж чаддаггүй нэг том юм бий. Тэр бол үхэл. Жам ёсны өөр бусад илрэлүүд, өвдөлт, өтлөлтийг хүн бага ч атугай захирч эхлээд байна. Харин үхлийг л захирч чаддаггүй. Тэгэхээр тэр бол жинхэнэ хүч юм. Урлаг утга зохиолын амин сүнс, татах чанар, хязгааргүй шинж нь юундаа байдаг вэ? Хаанаа байдаг вэ? Шинжлэх ухаан бол хийсвэрлэлийг бус, бодитойг хүлээн зөвшөөрдөг. Баримттайг л хүлээн зөвшөөрдөг.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Нийт сэтгэгдэл:

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
Шинэ мэдээ
Ийм нэгэн явдал X-Түц продакшн
11 сарын 3-с ѳдѳр бүр | 9923 5678
Тоглолтын мэдээ
  •  Хөгжмийн зохиолч JACK буюу Э.Батжаргал уран бүтээлийн тоглолтоо хийнэ Хөгжмийн зохиолч JACK буюу Э.Батжаргал уран бүтээлийн тоглолтоо хийнэ Хөгжмийн зохиолч JACK буюу Энхжаргалын Батжаргал уран бүтээлийн "Jack 1" тоглолтоо "UB Palace"-ын концертын танхимд 12 сарын 06-нд хийх гэж байна. Тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, Б.Батчулуун, A-Sound, Fire, Анхаа, Халиун, Үүрээ, Мөнхбат, BX, Гурван бүлүүн, Motive, Sync, Madness нар оролцоно. Тасалбарыг easyticket.mn, 1900-1199, "HIFI records" -ын бүх салбаруудаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88441177 утаснаас лавлаарай.
  • "On’n Off" продакшны 20 жилийн ойн тоглолтонд шижир авьяастнууд чуулна Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үзэгдэл, нэгэн томоохон зүтгэлтэн On’n Off продакшны 20 жилийн ой тохиож байна. Монголын хамгийн анхны клипийг урласан, амьд тоглолтонд Монголын хамтлаг, дуучдыг уриалсан, “Цэнхэр дэлгэц” телевизийн бүрэн хэмжээний кино концертыг бүтээсэн, “Пентатоник” наадмыг санаачилсан гээд хөгжмийн ертөнцийн хамгийн хамгийн гэсэн олон бахархлаараа On’n Off продакшн үргэлж тэргүүн эгнээнд нь явсаар байна.
  •  “Төгсгөлгүй” танго балет тайзнаа анх удаа “Төгсгөлгүй” танго балет тайзнаа анх удааУДБЭТеатр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч, шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барих зорилт дэвшүүлээд байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг 2014 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна.
  • Бүх оддын нэгдсэн тоглолт болноБүх оддын нэгдсэн тоглолт болноЭх орондоо сайхан амьдарцгаая уриан дор хууль дүрмийг чанд сахиж, шударга ёсыг эрхэмлэн, эрх тэгш, эв нэгдэлтэй сайхан амьдрахын төлөө "Хүсэл Зорилгоо Нэгтгэе" Үндэсний хөдөлгөөн, УРЛАГИЙН ОДДЫН сэтгэл зүрхний чин эрмэлзэл дор нэгдсэн "ХҮСЭЛ ЗОРИЛГОО НЭГТГЭЕ" тоглолтыг зохион байгуулж байна.
  • Рэппер Цэцэ хүүхдүүдэд зориулж хандивын тоглолт хийнэРэппер Цэцэ хүүхдүүдэд зориулж хандивын тоглолт хийнэффц Vanquish хамтлагийн 10 жилийн ойд зориулан Рэппер Цэцэ өөрийн 2 дахь тоглолтоо "Ном ба Ирээдүй" нэртэйгээр 11 сарын 27-нд MINT club-д хийх гэж байна. Тоглолтонд урилгаар Vanquish, N.M.N, 3 Охин, Дөлгөөн, BX, Opozit болон Хувьсал Production-ий хамт олон оролцох аж. Энэxүү тоглолтноос олсон орлогыг 100% Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлаx 100м2 тайлбайд 1-6 насны хүүхдүүдэд зориулсан номын сан тохижуулахад зарцуулах юм.