2013-11-19 04:54

ХУВДАЙ ИШИГНИЙ ПАЯН /Симфони үлгэр/

  Улсын Филармоний уран бүтээлчид Хүүхдүүдэд зориулсан симфони үлгэр "Хувдай ишигний паян" -г  шинээр найруулан тавих гэнэ. Уг үлгэрийн хүүрнэл байдлаар бичигдсэнийг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012 утаснаас аваарай.

ХУВДАЙ ИШИГНИЙ ПАЯН  /Симфони үлгэр/

Шүлгийг Ч.Нянгар                                                                  Хөгжмийг Ц.Намсрайжав

Эм: Эх орны минь дөрвөн зүг найман зовхист өглөөний нар энэ дуутай уралдах мэт мандаж байна. Нарны дор зуны цэцгийн мандал шиг алаглан харагдах олон давхар орд харш шинэ хорооллууд нийслэл хотын маань сүр жавхаа болон үзэсгэлэнтэйеэ харагдана.

Эр: Төдөлгүй жаргалант хотын чимэг болсон ажил амьдралын дуун хаа л бол хаанаас сонсогдож ..

Хоёул: Төр улсын маань жавхлан болсон хүүхдүүдийн инээд баясал хамгаас тодорлоо. 

/Хөгжим/

Эм: Хүүхдүүд ээ! Та бүхний сонсож байгаа энэ хөгжмийн эгшигт одоохон бидэнтэй танилцах Сүхээ хүү, хөөрхөн цоохор ишгээ дагуулан алхаж явааг мартаж болохгүй шүү.

Эр: Сүхээ хүү гэрээс дөнгөж гарангаа юуны өмнө нартай мэндэллээ. Нар Сүхээгийн хувьд хамгийн гоё, сайхан санагддаг ажээ.

Эм: Яагаад гэвэл нар айрагны шар хулнаас томгүй хэрнээ ийм илчтэй гэрэлтэй байх нь сонин оо гэж бодогдоно.

Эр:  Дараа нь замын хөдөлгөөний аюул авааргүйг зохицуулсан гурван гэрэлтэй мэндэлжээ. Нийслэл хотыг зүг бүхэнтэй холбосон засмал зам мөнгөн утас шиг зурайж, түүгээр орчин цагийн янз янзын машин сүлжилдэнэ.        /Хөгжим дууссаны дараа/

Эм: Сүхээд юм бүхэн таатай санагдана. Энэ олон хүмүүс, тэр олон машинууд, улаан, шар, ногоон гэрлээр зохицож чадаад байгаа нь бүр ч сайхан аа. Гэхдээ Сүхээд энэ бол нууц зүйл биш байлаа. Яагаад гэвэл Сүхээ замын хөдөлгөөний аюулгүйн дүрмийг  нэг нэгийг нэмээд хоёр гэдэг шиг мэддэг учир энэ бүхэн Сүхээд тийм ч гайхмаар биш байлаа.

Эм:  За ингээд зохиолынхоо баатруудтай танилцацгаая.    /Сүхээгийн дүр хөгжим/

Эм:   Сүхээ баяр хөөр болсоор

Хөгжилтэй сайхан инээсээр

Ийшээ, тийшээ харан

Ишгээ дагуулсаар явж байна.

Эр: Сүхээ найм хүрээгүй жижигхэн ч

Ном уншиж чадна

Хотын дүрмийг мэдэхээрээ

Баргийн жолоочоос дутуугүй

Ийм л сайн хүү дээ./Хүүхдийн дуу/

Эм:    Одоо Сүхээгийн найз

Мөөжиг цагаан ишигтэй танилцаарай /Ишигний хөгжим/

Эр:     Манай Сүхээгийн найз

Мөөжиг цагаан ишиг

Зохиолын баатар болохоороо

Хүний хэлийг мэддэг юм

Дүрсгүй зангаа хөдөлбөл

Дүүлж цойлох дуртай

Ишиг ишигнээс сэргэлэн

Ийм л хөөрхөн амьтан даа

Эм:    Одоо та нарыг

Ишиг Сүхээ хоёрын

Итгэлт гурван найз

Уулзвар зам дээр асдаг

Улаан шар ногоон

Дохионы гурван гэрэлтэй

Дориухан сайн танилцуулъя.

Юуны өмнө улаан гэрэлтэй

Юу ч гэсэн танилц даа/Улаан гэрлийн хөгжим/

Эр:     Улаан гэрэл асахад бүх машин зогсоно. Энэ гэрлийн өөдөөс хэн ч сөрөх эрхгүй.

                                                                              /Шар гэрлийн хөгжим/

Эм: Шар гэрэл асахад бүх машин хүнд анхаар гэж байгаа нь тэр. Одоо ногоон гэрэлтэй танилцацгаая.                                                     /Ногоон гэрлийн хөгжим/

Эр: Ногоон гэрэл асахад хүмүүс чөлөөтэй явна. Энэ гэрлийн өөдөөс машин ч чөлөөтэй давхина.

Эм:  Харин дээрх гэрлэн дохионы дүрмээр явахгүй зөрчвөл аюулд орно гэдгийг бүх хүн анхаарах ёстой мэдэв үү? Хүүхдүүд ээ.                    /Хөгжим дуусна/

Эм:     Андууд минь за ингээд зохиолоо сонсоцгооё    /Эхлэл хөгжим/

Эр:     Сайхан хотын маань

Захын нэгэн дүүрэгт

Сүхээ гэдэг жаал

Амьдран суудаг байжээ.

Манай баатар Сүхээг

Ойр хавийнхан нь андахгүй

Маш сайн хүүхэд гэж

Олон бүгдээрээ хайрлана

Түүний хөөрхөн аашинд

Ишиг хүртэл дасаж

Түмэн жилд мартамгүй

Зохиол болон үлджээ.

Эм:     Уулын цэцэг алагласан

Зуны сайхан өдөрсөн

Уураг сүү дэлгэрсэн

Урин цагийн үед сэн

Улаанбаатар хотоос

Холгүй нэгэн газарт

Ус мод нь жигдэрсэн

Тансаг баян нутагт

Нүүдлийн шувуунаас хоцорсон

Талын ганц тогоруу шиг

Нүдний өмнө торолзох

Тойрмын цаад хөвөөнд

Намрын буурал хярууны

Цайран харагдах өнгө шиг

Намжаа дэлхийг чимэглэн

Хонин сүрэг бэлчиж байна.

Эр:     Ай түмэн сүргийн

Бараа нь үгүй захад

Алдарт малчин Яринпил

Ач хүүгээ дагуулан

Түм буман сүргээ

Хариулж явах зуураа

Түүх намтар домгоос

Сонин болгон ярихад

Сайн хүү Сүхээ

Санаа алдан шимшрээд

Өтгөс буурал өвөөдөө

Өөрийн бодсоноо хэлжээ /Хөгжим/

Эм:    Нарнаас халуун ивээлтэй

Настай буурал өвөө минь

Шувуу цэцэг хоёр

Буцах цаг иржээ

Шуудангаар ирсэн ач чинь

Харих цаг боллоо.

Малын сүүлд яваа

Хумбан цагаан ишгээ та

Явахын цагт өгөөрэй

Ямаа болгоод өгье гэлээ.

Тэгтэл өвөө нь:

Эр:     Галын дөл шиг цовоохон

Ганцхан хайртай ач минь ээ

Хотын хүүхэд билээ чи

Малтай байж болох уу даа

Хэзээ ч юм бэ дээ хожим нь

Эрийн сайн

Эрхий мэргэн баатар шиг

Ихээ том болчихоод

Дараа нэг ирэхээр нь

Хөөрхөн цоохор ишгийг чинь

Хүссэн ёсоор чинь өгье дөө

Далай баян нэгдэлдээ

Мал болгоод авъя гэж ээ

Тэгсэн хүү нь :

Эм:    Ай буурал өвөө минь

Ачдаа битгий гомдоорой

Тоотой хоногийн хугацаанд нь

Томоогүй жаахан ишигтэй чинь

Тоглож наадсаар даслаа би

Одоо ингээд буцахдаа

Орхиод явахад хэцүү еэ

Хэдхэн хоногийн хооронд

Хөөрхөн цагаан ишигтэй чинь

Хөөцөлдөн гүйсээр даслаа би

Харин одоо буцахдаа

Хаяад явах хэцүү байна.

Гэртээ хариад санах байх

Гэмгүй тэр минь ч үгүйлэх байх

Хотдоо очоод санана байх би

Хөөрхөн ишиг минь ч эрнэ байх гэж

Өвөө Сүхээ хоёр

Өнжин хонон ярьсан гэнэ

Сүүлд нь тэгээд шийдэж гэнэ.

Тэрнээс хойш Сүхээ

Ишигтэй болон гялайж

Тэр хоёр хожим нь

Зохиолын баатар болсон юмсанжээ. /Ишигний хөгжим/

Эр:     Тэгсэн чинь нэг өдөр

Тэнэг бяцхан ишиг

Тэнэгэр талаа санагалзан

Тэнэх дур нь хүрч

Эм:    Удам сайтай ямааны

Хумбан цагаан ишиг би

Уураг сүүнээсээ холдож

Хурдан томорч өслөө

Хол ойроор явж

Нүд хараа тавья

Хот хүрээгээр хэсэж

Юм үзэж жаргая гээд

Сүхээ хүүгийн эзгүйгээр

Гэрээ орхин гарч

Сүрхий том ямаа шиг

Маадгар даадгар явахдаа

Хуруу жаахан эврээ

Сэлэм гэж бодсон гэнэ

Хумбан салаа туурайгаа

Сүх гэж санасан гэнэ

Тэгээд ч бүр зогсохгүй

Тэн бух тааралдвал

Тэнхээ мэдэн тулалдахаар

Томхон зантай явж гэнэ ээ/хөгжим/

Эр:     За тэгээд ишиг гуай

Цаашаа гавьтай ч холдсонгүй

Хоёрхон гудамж өнгөрөөд

Төөрөөд өгчээ хөөрхий

Их хотын шуугиан чимээ

Элдэв төрлийн машин хүн

Нүсэр их хөдөлгөөнд

Нүд алдан төөрч орхилоо

Олон машин дор

Орчих шахан сандарч

Онгироо хүүхдийн чулуунд

Оногдох шахам явж

Хамгийн хэцүү бүхнийг

Амсан амсан явлаа гэнэ

Хайртай эзнээ үгүйлэн

Уйлан хайлан явж л гэнэ / Өрөвдөм хөгжим/

Эм:     Энэ хооронд Сүхээ

Ишгээ эрэн сандарч

Газар бүр лүү утасдаж

Гайгүй сайн сурагласаар

Арай гэж нэг олоод

Амар тайван болж

Сүүлд нь тэгээд ишгэндээ

Сүрхий хатуу захисан гэнэ

Эр:     Ямааны бяцхан ишиг минь

Явах хүсэл байлаа ч

Надгүй яаж болохов дээ

Найдаж хэнд итгэв ээ

Хотын дүрмийг мэдэхгүй бол

Хотоор явж болдоггүй юм

Замын дүрмийг сахихгүй бол

Золгүй явдал тохиолдоно шүү

Хүүхэд: Хүүхдүүд ээ! Би ишгэндээ ингэж хэлсэн юм.Зам хөндлөн гарахдаа зүүн гараа хараад гараарай. Замын голд очоод баруун гараа хараад цааш яваарай. Автобуснаас буухдаа заавал араар нь тойрч гараарай. Урдуур нь гарч болохгүй шүү.

Эм:     Манай нийслэл том шүү

Машин тэрэг олонтой

Дэг журмаар явахгүй

Дэндвэл машинд дайруулна

Аюул гэдгийг мэдэх үү чи

Хөлгүй болвол яана ... гээд

Адаг сүүлд нь ишгэндээ

Аюулгүйн дүрмээс заагаад

Аймшигт зүйлийг үйлдэх

Аюулын тухай ярьжээ

Тэгээд бас санаа нь амарсангүй

Тэр шөнөдөө Сүхээ хүү

Тэнэг жаахан ишгэндээ

Санаа зовсоор л унтжээ. /Зүүд/

/Хөгжим эхлэхэд/

Эм:     Ид сайхан нойрон дундаа

Ингэж тэр зүүдэлжээ

Эр:     Ямааны хоёр эвэртэй

Нохойн сэгсгэр толгойтой

Үнсэн саарал өнгөтэй

Үрэвгэр аравгар биетэй

Үс шүд нь арзайсан

Үлгэрт гардаг мангас шиг

Үнэхээр аймшигтай амьтан

Үүлнээс буугаад иржээ.

Эм:     Энэ муухай амьтан

Тэр аймшигт савраараа

Энхрий хөөрхөн ишгийг нь

Элээ шувуу шиг шүүрээд

Эр:     Хув цагаан ишиг та

Хурмастын цагаан цас биз

Хөөрхөн сайхнаараа хосгүй

Хөвөнгийн цэцэг шиг ариухан

Яах гэж Сүхээтэй үерхээ вэ

Яаж та хоёр нийцэх вэ?

Аврах өргөх чадалгүй

Арчаагүй энэ жаахан хүүхдээс

Одоо түргэн холд

Огт саналгүй март

Болор мөнгөн үүлэнд хүргэж

Бороо шорооны хаан болгоё

Оломгүй тэнгэрийн оройд залж

Орчлонгийн догшин хаан болгоё гэж

Оргүй сүрхий амлалтаар

Онгируулж байжээ ишгийг нь

Онгирч ч байжээ ишиг нь

Эм:     Ээ халаг ишиг минь

Ийм юмтай үерхчихлээ гэж

Сэргэлэн цовоо Сүхээ хүүгийн

Сэтгэл зүрх нь шимшрэн

Ишгээ дуудаад ч бүтсэнгүй

Ирэхгүй байжээ тэр нь

Итгэж гуйгаад ч нэмэргүй

Инээж шоолжээ ишиг нь

За тэгээд Сүхээ хүү

Замын гэрлүүддээ хэллээ

Цагдаа ахдаа хэллээ

Энэ үед аюул улам догширч

Эр:     Эрлэгийн эзэн аюул би

Нар сарыг ч захирна

Наад гэрлийг чинь унтраана ха ха ха

Улаан гэрлийн оронд

Ногоон гэрэл асаана

Ногоон гэрлийн оронд

Улаан гэрлийг асаана ха ха ха

Эм:    Гэрлийн оронд цагдаа ах

Гэрэлт модоо өндөрт өргөн

Гэнэтийн аюулыг хөөн зайлуулж

Машиныг нь замаар нь явуулж

Хүнийг жимээр нь алхуулж

Аятай тавтай болгов гэнэ

Аймшигт аюулыг тохижуулав гэнээ /хөгжим/

Хүүхэд: Ялалтын сүрийг бадраасан

Жанжин тугийн өнгөтэй

Улаан гэрэл улаан гэрэл

Яагаад чи асаж унтраад байна вэ/Улаан гэрлийн хөгжим/

Эр: Улаан гэрэл асахад бүх машин хүн зогсоно. Энэ гэрлийг хэн ч сөрөх эрх байхгүй. Байгаа газраа зогс!  

Хүүхэд: Намрын навчны өнгөтэй

Нарны садан гэрлээ

Хоёр гэрлийн хооронд

Асаж унтраад байна уу даа

Шар гэрэл асахад

Бүх машин хүнд анхааруулж байгаа нь тэр

Оюу номин эрдэнийн өнгөтэй

Ногоон гэрэл ногоон гэрэл

Амрах зав ердөө үгүй

Асаж унтраад байна уу даа

Ногоон гэрэл асахад бүх хүн машин чөлөөтэй явна.

Хүүхдүүд ээ явцгаа, зорчицгоо !

Эм: Зохиол маань ингээд дуусч байна

Үүнийг тан нар ойлгов уу

Сүхээ ишиг хоёрын тухай

Сүүлд нь та нар сайн бодоорой

Эр:     Хөөрхөн хүү Сүхээ

Хөгжилтэй ишиг Хувдай хоёр

Сайхан эх орныхоо

Саруул гэрэлт ирээдүйг

Дуу юундаа дуулсаар

Хөөр баяртай

Эм:

  • Хөгжилтэй сайхан амьдарч

Хоёул :

  • Гурван гэрлийнхээ дохиогоор

Гарцтай замаар ёсоор нь

Явсаар зорчсоор байгааг

Ялдам болгон хэлээд

Ярьсан зохиолоо дуусгая

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу