2014-11-19 07:08

Б.Болормаа : Хар өнгөнд би

Хар өнгөнд би

Хайчилах дургүй гэзэг шигээ хайртай
Хацарт зохисон мэнгэ шигээ хайртай
Хархан нүдэт амраг шигээ хайртай
Хаадын атганд намирсан дайны туг шиг хайртай

Хар өнгөнд би

Цаг төөрүүлэн дэгдсэн “бор халзан туулай” шиг хайртай
Цас тамгалан хөлд орсон хүүгийн мөр шиг хайртай
Аавыг минь айсуйг хэлсэн үүрийн шувуу шиг хайртай
Амрагийн харцанд тунарсан дусалхан тунирхал шиг хайртай

Хар өнгөнд би

Лаа унаж унтарсан анхны шөнө шиг хайртай
Лам эрвээхэйн шатсан даль шиг хайртай
Сормуусан дор минь жаргадаг эмээгийн үлгэр шиг хайртай
Согтуу хундагатай хуримласан хөлчүү дарс шиг хайртай...

Хоног хоногийн тал нь хар байдаг
Хүний нүд шиг хоёр өнгөтэй хорвоогийн
Хар өнгөнд нь би үнэн шиг дуртай
Хар өнгөнд нь би үхэл шиг хайртай...

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу