2014-11-21 07:07

Ц.Буянзаяа : Цасан хүний нулимс

  Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд миний нүдэнд уйлж байгаа цасан хүн харагдаад байдаг болчихов. Зүв зүгээр юу ч бодоогүй сууж байхад л өмнөх хананы хээ гурвалжин ч байна уу, дөрвөлжин ч байна уу ер ялгаагүй гэв гэнэт л уйлж байгаа цасан хүн болчихно. Дээшээ хараад тааз ширтээд хэвтэж байхад таазан дээр үүссэн толбо, тортогууд мөнөөх л цасан хүн болчихоод асгартал уйлж гарна. Шалны хулдаасны дүрс ч мөн ялгалгүй цасан хүний дүрд хувилчихаад уйлж эхэлнэ. Нэг ёсондоо эргэн тойронд минь уйлж байгаа цасан хүн нэг л нууцлагаар оршиж, хамаг эд эсийг минь тарчилган зовоож байлаа.

Эхэндээ энэ бүх байдлыг би зүгээр л тохиолдлын зүйл гэж бодлоо. Дараа нь би ерөөсөө мэдрэлийн ядаргаанд орчихсон юм байна даа гэж бодоод сэтгэл мэдрэлийн эмчид очлоо. Манайдаа л гайгүйд тооцогддог өвгөн профессер хамаг эд, эрхтнийг минь нэгжих нь холгүй үзчихээд:

“-За хүү минь чи эв эрүүл байна. Маргааш сансарт нисэхэд ч болохоор байна.” гэлээ. Нэгэнт л эмч эрүүл гэсэн болохоор сэтгэл минь түр ч атугай тайвширлаа. Харамсалтай нь энэ тайвшрал маань тийм ч удаа үргэлжилсэнгүй. Эмчийн өрөөнөөс гарав уу, үгүй юу уйлж байгаа цасан хүн намайг сүүдэртэй минь цуг дагаж эхэллээ. Гэгээн цагаан өдөр гадаа гудамжинд хүмүүсийн дундуур алхаж явахад минь ч гэсэн цасан хүн дуусдаггүй их нулимсаараа оюун бодол, сэтгэл зүрхийг минь өвтгөдөг боллоо. Би дахиад л арга мухардлаа. Тэгж, тэгж сэтгэл судлаачид хандлаа. Дөч гаруй насны, хуруу зузаан линзтэй, намхан шар хүүхэн сэтгэл судлалын ухаан гэгч нь ер бусын шинжлэх ухаан болох талаар надад бүхэл бүтэн хоёр цаг шахам сургаал айлдав. Түүний ярьж байгаагаар миний энэ этгээд, сонин өвчин сэтгэл санааны хямралаас үүдэлтэй юм байх. Тийм учраас аль болохоор тайван байж, эрүүл агаарт зугаалж, гэр бүлийнхэнтэйгээ эелдэг, эвтэй харьцаж, найз нөхөдтэйгөө сэтгэл санаагаа байнга хуваалцдаг байх хэрэгтэй гэнэ. Нэг ёсондоо би амьдралдаа их л гутранги явдаг хүн бололтой юм. Найз нөхдийнхөө өмнө их л битүүлэг, зожиг байдаг гэнэ. Өөрийнхөө тухай өөрөө ч сайн мэдэхгүй зүйлсийг би сэтгэл судлаач хүүхнээс олж авлаа. Харамсалтай нь тэр өөрөө өөрийгөө юу ярьж байгааг сайн ойлгохгүй байх шиг санагдав. Яг үнэндээ сэтгэл судлаач хүүхэн холиодог амьтан юм аа. Би амьдралдаа гутарч байгаа гэнэ. Үүн шиг худлаа юм байхгүй. Би амьдралдаа гутарч яваагүй, гутарч явахыг ч хүсээгүй. Амьдрал минь тэр чигээрээ тэмүүлэл, тэмцэл байсан. Тэмцэж буй, тэмүүлж буй хүнд гутрах сэтгэл ерөөсөө төрдөггүй юм. Харин зүгээр гутрах гэдгийг би сайн мэднэ. Би гутарч байсан, тэгэхдээ амьдралдаа гутарч байгаагүй. Хүмүүсийн өмнөөс л, хүн гэдэг арчаагүй, өөдгүй, хуурамч, хоосон амьтан байдаг юм байна даа гэдгийг мэдрэх болгондоо гутарч байсан. Энэ гутрал минь идэр залуу насны минь алдаа байсан. Учир нь би өөрийнхөө дотоод ертөнцөөс хүмүүст байдаг тэр л адгийн чанарууд надад мөн л ялгаагүй байдаг юм байна гэдгийг мэдэнгүүтээ гутрахаа больчихсон юм. Яагаад гэвэл тэр бүх өөдгүй чанрууд миний төдийгүй бүх хүмүүсийн зүгээр л нэг эрхтэн юм билээ. Нэгэнт л заяасан эрхтнийхээ төлөө би юундаа ч гутрах билээ дээ. Ингэж бодоод би гутрахаа бүрмөсөн больчихсон юм. Харин сэтгэл судлаач хүүхэн өөрөө л байнга гутардаг байх. Хараажаар биологийн дутагдалд орчихсон, наснаасаа эрт өтөл эрдэмтний дүрд хувилчихсан, өөрийгөө ухаантай гэж итгэчихсэн энэ ойлгомжгүй сэтгэл судлаач хүүхнээс гутрал, гуниг бараг л үнэртдэг байх. Тийм болохоор л бусдыг өөр шигээ гутарч, гуниглаж явна гэж төсөөлдөг биз. .. Сэтгэл судлаач хүүхнийг тийнхүү нэг хэмээр зөгий шиг ёнгинож байхад нь хүртэл цасан хүн өрөөнийх нь буланд суучихаад над руу харан уйлсаар л байлаа. Би арга ядаад сэтгэл судлаач хүүхний яриаг тастахын тулд:
“-Ингэхэд, доктороо сэтгэл гэдэг чинь хүний яг хаана нь байдаг вэ?” хэмээн асуулаа. Хүүхэн байран дээрээ галзуу хүнд хоолойгоо боолгочихсон юм шиг л нэг л жигтэй царайлан хөшиж орхив. Тэгснээ дуулдахгүйтэй үгүйтэй:

“- Ммм….мэдэхгүй ээ эээ…” гэдэг байгаа. Би бараг инээд алдлаа. Инээд алдлаа ч гэж дээ бүр инээж орхилоо. Сэтгэл судлаач намайг явуулахын түүс л болж байгаа бололтой:

“-Таны наад өвчин чинь ямар учиртайг би сайн мэдэхгүй байна. Манай сэтгэл судлалын шинжлэх ухаанд ийм зүйл урьд өмнө тохиолдож байгаагүй…” хэмээн яаран өгүүлснээ үүд рүүгээ нэг л их тэвдэн алхлаа. Түрүүхэн л хамаг хүүхэн төрхөө эрдэмтний багаар халхалчихсан байсан хүүхэн айсандаа болоод төрөлх шинжиндээ эргэн оржээ. Яг энэ мөчид миний өмнө сэтгэл судлалын ухаанд мэргэшсэн доктор биш, айж зовсондоо гарц олох гэж, амиа аврах гэж сандарч яваа бүсгүй хүн л явж байна. Энэ нь ч дээр юм. Царай муутай, өөртөө итгэлгүй ч гэсэн тэр одоо яалт ч үгүй бүсгүй хүн болжээ. Угаасаа ч эмэгтэй хүний үнэн төрх нь айсан үед нь, энгэр зөрөх мөчид нь жинхэнээрээ тодордог гэдэг. Арга ч үгүй биз. Сэтгэл судлаачтай уулзаад нэмэргүй болсон болохоор эцсийн эцэст шүтлэггүй би шүтлэгтэн болж ламд очлоо. Улаа бутарсан хацартай наснаасаа залуухан харагдах хижээл лам тагшин дотор гурвалжин шоо хаяж үзсэнээ:
“-Урьд насны чинь үйлийн үр энэ насанд чинь бусдад буян үйлд гэж нэхэж байна” хэмээн өгүүлэв. Би төлөгч ламаас:

“- Ламтаан тэгэхлээр би хэдий хэмжээний буян үйлдэх вэ?” хэмээн мөнгөндөө харамлангуй асуулаа. Лам эрхээ татсанаа:

“-Гурван өдөр хүүхэд хоолло. Тэгээд гайгүй болно” гэж байна. Намайг тийнхүү ламын гэрт төөргөө үзүүлж суутал мөнөөх цасан хүн чинь аанай л ламын гэрийг нэвширтэл норгох нь холгүй уйлсаар л байлаа. Би ламын хэлснээр гурван өдөр асрамжийн газрын хүүхдүүдийг хамаг мөнгөөрөө хооллов. Тэглээ гээд ч нэмэр алга Цасан хүн аанай л намайг даган уйлсаар л байв. Би тэгээд нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон билээ. Тэр нь юу вэ гэхээр надад тохиолдоод байгаа энэ жигтэй хачин цасан хүний учрыг би өөрөө л олохоос биш өөр ямар ч хүн олохгүй гэдгийг ухаарсан явдал юм. Ингээд уйлж байгаа цасан хүнтэй яагаад холбогдчихов оо гэдгээ олохын тулд би өөрт тохиолдсон хамаг явдлаа эргэн санахыг хичээлээ, зүүдэлсэн зүүд бүхнээ, мөрөөдсөн мөрөөдөл болгоноо эргэж дурсахыг хичээлээ. Харамсалтай нь би өнгөрсөн цаг мөчөө, зүүдээ, мөрөөдлөө, хүртэл мартсан байх юм. Тэр бүхнийг бүгдийг нь санан сууна гэдэг өөрийгөө тамд унагаж байгаатай ижил болохыг ойлголоо. Ерөөсөө өнгөрснийг дурсана гэдэг дурсамжаараа амьдрана гэдэг нэг ёсондоо эмгэнэл л юм байна. Тэгээд ч миний энэ жигтэй цасан хүнтэй учирсан явдалд өнгөрсөн цаг минь буруугүй байх гэж бодож байна. Өөртөө тохиолдсон хэцүү бүхнийг өнгөрсөн цаг руугаа чихнэ гэдэг шударга бус явдал биз дээ. Ингэхлээр л надад хувь заяатайгаа эвлэрэн мөнөөх цасан хүнийг уйлуулаад л, дагуулаад л явж байхаас өөр ямар ч арга олдохгүй болжээ. Харин одоо би ганцхан зүйлийг л хүсч байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүс, ерөөсөө энэ орчлонгийн бүх хүмүүс надад харагдаж байгаа тэр цасан хүн шиг л битгий уйлаасай.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу