2014-12-12 08:14

Б.Дорж : Галзуу мэт амьдрахсан гэх

Галзуу мэт амьдрахсан гэж
Гайгүй сайн хүмүүс ярих юм
Улсын жишгээр мөрөөрөө явахыг
Уйтгартай, хэвийн гэх юм

Өглөө босоход
Нойрмог хорвоо жихүүн
Өтгөн утаан дунд
Нар хаанав
Утас дуугарахад
Уцаар хэрүүл угтаж
Ууртай дуу тэртээ холоос
Унатал …Цохих

Хортой нүх шиг компьютерийн дэлгэц
Хорхой идсэн улаан цэцэг
Хагархай шилтэй цонхны цаанаас
Хачин бүдэг гэгээ … Сөлийх

Цаас үзэг, үг үсэгнүүд
Тамын хутга шиг сэрийж
Цагны цохилт хүчил мэт
Амьдрах хормыг … Мэрэх

Урт зүү цогисоор зургааг дохиж
Ура …ажлын өдөр дуусах
Хар утаан дунд гэрийн зүг
Харанхуйд алхан … Бүдчих

Цэнхэр дэлгэц
Чихэлдсэн мэдээ, магтаал, гүтгэлэг

Чи би дээ хүрсэн хэрүүл
Чихээ таглаж, нүдээ … Аних

Хөөрхий муу Саддам Хусайн
Хөгшин хүнийг яахнав
Дүүжлүүрийн гогцоо
Дүүрчээ, нүд нь дэмий …Тэмтчих

Хөнжлөө нөмрөхөд
Харанхуй эрээлжлэн
Хөлдүү гудамжаар цас хяхтнаж
Хүн алхах, ханиах…Хашгирах

Шажигнатал сарих архичин
Пижигнэтэл туулгах цагдаа
Согтуу янхны хараал…зүхэл
Солиорох нь …Алив нойрны эм

Галзуу мэт амьдрахсан гэцгээх юм
Галзуу юм шиг л амьдарцгааж байна шүү дээ   /2006 он/

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу