2014-12-24 03:18

Монгол гэр мину

Хажуу өрөө царайчилж
Хамаг мөнгөө барахгүй
Ханилгаа муутай хүмүүстэй
Хамт байх гэж зовохгүй

Чимээ шуугиантай хөрш
Чих дөжрөөж зовоохгүй
Амар тайван байлгасангүй гэж
Айл хөрштэйгөө муудалцахгүй

Ус цахилгаан тасарлаа гэж
Унд хоол сойгдохгүй
Хог ялгадас бөглөрч
Хааяа хэцүү үнэртэхгүй

Хаяа таарахгүй нэгнээс
Холдоод нүүгээд явчихдаг
Андын журамтай нэгэндээ
Айлсаж буугаад нөхөрлөдөг

Тэнгэрт нисэх шувууд шиг
Тэнгист шумбах загас шиг
Онгон дагшин уулс шиг
Омголон догшин хүлэг шиг

Эрх тааваар амьдруулсан
Эрх чөлөөний эсгий бумба
Эгэлгүй жаргалын алтан өргөө
Эцгийн голомт-Монгол гэр мину

Мандах нарны гэрлийг
Тоонон дээрээ тоглуулж
Мэлтийх сарны туяаг
Тулганы галтайгаа наадуулсан

Хөдөөгийн эрүүл салхи
Хаалга хатавчаар орж
Хорол тооноор нь сэвэлзэж
Хоргодох хийг нь зайлуулсан

Ган тулганд бадамласан
Галын төөнөх илчэнд
Буртаг тотгор арилж
Бие сэтгэл эрүүлжсэн

Агь гангын үнэртэй
Аглаг уудам нутгаа
Аргалын утаагаар ариусгаж
Амьдрал байгалиа ижилсүүлсэн

Уул талынхаа хаана ч
Өргөө гэрээ барихдаа
Ханын шийрээр дугуйлж
Хөрсыг нь зулгалахдаа эмзэглэсэн

Түмэн жилийн түүхэнд
Туурь балгас болоогүй
Зөөж нүүсэн орд
Зөөлөн гишгэсэн алхаа

Мөнх тэнгэрийн энтэй
Монгол ухааны ур
Өрлөг дэлхийд ээлтэй
Өргөө цагаан гэр мину

Хаан хэдий боловч
Харцын гэрт морилохдоо
Тотгонд тэргүүнээ мэхийж
Түвшин ёсыг сахидаг

Эгэл харц боловч
Эсгий гэрийнхээ хойморт
Эзний суудлыг эзлэн
Эрхэм хүндлэл хүлээдэг

Хүндлэх дээдлэх ёсон
Хийц хэлбэрт нь багтсан
Ачлах хайрлах ухаан
Ахуй чанарт нь оршсон

Сувадийн ариун оронд
Сувдан шигтгээ нэмсэн
Уран зургийн дүрслэл
Урлагийн нандин бүтээл шиг

Усан зэрэглээнд умбан
Уулсын хормойд торойх
Монгол нутгаа чимсэн
Мөөгөн цагаан гэр мину

Тунгалаг наран гийсэн
Талын ногоон дэнжид
Торойх бараа нь алсхан
Танан цагаан гэрт

Айлын шинэхэн бэр
Амаржих тэрхэн мөчид
Хэсэгхэн цагаан үүлнээс
Хурын дусал хаялж

Нумалж татсан солонго
Хүрээлж гэрийг бүрххэд
Нутгийн олон залбирч
Хувилгаан төрлөө гэж баярласан

Оюун сэтгэлийн орших орон
Огторгуйн солонго сүлэлдэх хэлхээ
Агуу гайхамшигт хүмүүний бүтээл
Амьдралыг өнөд агуулах хүртээл

Буурал дэлхийд заларсан
Богдос мэргэд баатруудын
Энхжинд төрөлссөн голомт
Эсгий цагаан сүмбэр

Бусдаас гуйх дутуу юмгүй
Бурхнаас хайрласан малчин ахуйн
Дээдийн сайхан зохилдлого оршсон
Дээдсийн өргөө Монгол гэр мину

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу