2014-12-27 05:23

Их зохиолч Нацагдоржийн сүүлчийн хайр гоо үзэсгэлэнт Норжмаа хүүхэн

  Сод билигт яруу найрагч Дашдоржийн Нацагдорж Дамдингийн Пагамдулам болон Нина Николаевна Чистякова нарын монгол бөгөөд орос-герман сайхан эмэгтэйчүүдтэй гэрлэж ханилж байсан тухай бид нар мэдэх билээ.

Авааль гэргий Пагамдулам нь Орос Зөвлөлт болон Герман орнуудад Боржигин Нацагдоржтой хамт суралцаж өндөр боловсрол эзэмшсэн ба 1920-иод болон 1930-аад оны эхээр тэр хоёр ханилж байжээ.

Харин 1932 онд их Нацагдорж хилс гэмт хэргээр яг эдэлж шорон гянданд сууж байхад түүнийг Нина Николаевна Чистякова ганцаараа эргэж, түүний аваачиж өгсөн чихрийн цаасан дээр суут яруу найрагч маань алдарт “Гяндангийн шүлгүүд”-ээ бичиж туурвижээ. Нина Чистякова 19.35 онд өөрийн төрөлх Ленинград хотноо Ананда Шри охинтойгоо буцаж очжээ.

Чингээд эргэж ирээгүй билээ. Харин 1936 онд их Нацагдорж гоо үзэсгэлэнтэйгээрээ алдартай, бүр Зөвлөлтөд манайд зориулан гаргасан байсан “Залуучууд" папирос тамхины хайрцагт хөрөг зураг нь байдаг Норжмаа хэмээдэг хүүхэнтэй янаг амрагийн холбоо сүлбээтэй болжээ.

Энэ тухай манай ахмад нэртэй дипломатч Баярын Жаргалсайхан гуай “Гучаад оныхон” гэдэг онц сонирхолтой номондоо дурсаж бичихдээ: “Нэг удаа би Шинжлэх ухааны хүрээлэнгийн хашаанд суудаг Хөгтэйнд очсон. Нацагдорж тэдний хөрш. Тэр үед Нацагдорж КУТВ-ын Норжмаатай ханилж байсан. Норжмаа залуучуудын идэвхтэн байсан болохоор би түүнийг танина.

Хөгтэй бид хоёр хашаан дотор Нацагдорж, Норжмаа нартай тааралдахад Хөгтэй түүнээс: “Таны нөгөө монгол овогтны тухай бичиж байгаа зохиол дуусаж байгаа юу” гэж асуухад: “Завсарласан, тиймэрхүү юм бичихэд чинь цаг төрийн байдлыг бас бодолцох хэрэгтэй байна шүү дээ” гэж билээ” гэжээ.

Их Нацагдоржийн сүүлчийн хайр болсон Норжмаадаа зориулан бичсэн гурван шүлгийг уншигчдад толилуулъя.

Норжмаа янагаа бодоход
Нойр үл хүрнэ
Саруул янаглалыг санахад
Яруу сэтгэл бөмбөрнө
Зүрхэн минь хөдлөхөд
Зүү хатгах зайгүй юу
Түүний завсраар багтах нь
Зөвхөн миний Норжмаа
Миний хайртай Норжмаа
Мөнхийн амраг болно...
Нэгэн хүүхдийг төрүүлээд
Гурвуулаа сайхан жаргаасай даа
Догдолсон сэтгэлийн үүдээ
Дээрх үгсээс таниулав
Доторх хайрын хүслээ ...нэг бадгаар мэдэгдье.

Их Нацагдорж энэ шүлгээ бичсэн цаасны ар талд бас л хайрт Норжмаадаа зориулсан шүлэг бий.

БИД ХОЁР

Бид хоёр энэ ертөнц дээр хамгийн өчүүхэн амьтад
Бид хоёр орчлонгийн долгионоо учралдаад түүнийг дагалдан хөвнө
Бид хоёр ямар ч догшин ширүүн халивч гар гараа алдахгүй бол манай заяа тэр ээ
Би хаана төрөв? Чи хаана төрөв?
Бид хоёр Монголд оронд төрж түүний усаар угаагдсан
Бид хоёр бие биеэ хэдийнээс таньсангүй боловч эрж олов
Бид хоёрыг хэн     ч уулзуулсангүй
Бие биеэ үзээд харилцан янаглалцаж нийлэлцэв
Би чамд хайртай болов. Чи надад хайртай болов
Бид хоёрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов
Бие биесээ холдвол сэтгэл өлсөнө
Бид хоёрын өчүүхэн зүрхэд
Бид хоёрт юу ч хэрэггүй
Гагцхүү янаглал гэдэг нэгэн үнэтэй юм бий
Би чамайг гэнэ, чи намайг гэнэ
Бид хоёр ертөнц дээр ангир шувууны адил явнам
Бид хоёрын сэтгэл бие биеэ үзвэл даруй цаднам
Бид хоёр орчлонг сонирхохгүй
Гагцхүү ижилдсэн сэтгэлээ хайрлалтайяа
Миний гүехэн сэтгэл өлснөм
Тэгээд бас амтыг сонгон олж ядна
Ай юунаас болов?
Аяа хэрхвэл зохих вэ?
Ямар юм идэхээ хэлж үл өгнө
Гагцхүү амаа ангалзан тэмүүлнэ
Хэмжээ хязгааргүй орчлон биш үү
Түмэн зүйлийн өнгө цацран гялалзана
Үнэнийг үзэх гэрч бас олдохгүй
Үзүүргүй бэлчсэн хүсэл тээгч тэр мөн
Хэчнээн их зовдгийг би бас төсөөлнө
Хөөрхий туйлын тэнэг сэтгэл ээ!
Хүний сэтгэл эрх дураар юм аа!
Түүнийг хөнөөж хэмжээлж огт үл болно
Муу биеийг эзлэн дарангуйлаад
Мөн түүнийг төөрүүлэх ч магадгүй, тэгшлүүлэх ч магадгүй
Хэрэв сэтгэлээ цатгалан байлгая гэвэл
Сайн сайхныг огт үл бодогтун
Орхиж чадахгүй болоод хэтэрхий бодвол
Хоосоор чамайг зовоохоос юуны өөр өө!
36.8.15. Шөнийн 1 цагт бичив

Их Нацагдорж хайрт Норжмаадаа зориулсан дээрх хоёр шүлгийг 1936 оны 8-р сарын 15-ны шөнийн 1 цагт бичив гэдгээс түүний тухай бас нэг бүтээлийг бичсэн бололтой ч түүний дээр “1936 оны наймдугаар сарын 18-наа 10 цагт” гэх шүлгийг дор сийрүүлье.

Олон түмний дундаас
Онц ихээр дассан чинийхээ
Амрыг эрж хэлэх нь
Гэмгүй явсаар агаад
Гэнэт дурласан хүү минь
Гэртээ ямар харьсан бол оо?
Хайртай янаг хүү минь
Харанхуй шөнө харанхуй замаар ороод
Харин гэртээ ямар суугаа бол оо?
Амраг хонгор хүү минь
Арван хоёр цагт айлаас гараад
Алсыг чиглэн явснаас хойш
Ард нь хоцорсон миний бие
Аливаа зовлонгоо бодоход
Атга нойроо алдмуй
Хогийн нохойнуудыг
Хуцахыг хэлэх үү
Хоёр сэтгэлээ зовохыг хэлэх үү
Элдвийн зовлонг бодоход
Ингэж явахыг хэрэггүй шиг
Энэ хоёр сэтгэлээ бодохоор
Эрхгүй явсаар байтал
Амрах замыг алдах биз хэмээгээд
Амрыг эрж...
Ёслогч (эрх чинь)
Ёслуулагч (янаг ч мөн)

Сэтгүүлч Ц.Эрдэнэбилэг

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу