2014-12-29 06:26

Л.Өлзийтөгс: Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Усан борооноор би ганцхан хүнийг боддог 
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан 
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад 
Сүүрс алдсан. 

Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч 
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан 
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,нүүрээ таглаад ч болов 
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй 
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн 
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь 
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч 
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь 
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

Л.Өлзийтөгс : Амьдралд би итгэдэг 
Амьдралд би итгэдэг
Альхан нэгтээ намайг хүлээж буй
Алтан загас, гурван хүсэл
Мөрөөдөлд би итгэдэг.
Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч
Нүдгүй биегүй харанхуйд ч
Үүрийн зүүд, айдас, совинд
Үнэн, ялалт, ид хав...
Ялалтанд би бүүр итгэдэг
Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг
Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг
Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн
Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг
Худал үгэнд ч би итгэдэг
Худлаа юм шиг үе үе санагддаг ч
Хувьхан энэ амьдралд ...

Л.Өлзийтөгс : Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа 
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 
Амсмагцаа 
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг
2008,10,13 Л.Өлзийтөгс.

Л.Өлзийтөгс : Чиний гар дээр би... 
Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор...

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан...

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ...
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу