2012-04-09 13:06

Бадарчны үлгэр

Хурмастын хулагч гүүг барьсан нь

Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ. Бадарчин түүнийг гайхсаар цааш явж байтал нэг жороо морь унасан баян хүн гол уруудан айсуйг хараад нөгөө адууныхаа сүүлийг олсоор оосорлон хонгил модны ёроол доогуур оруулан модны үндэснээс бөхлөж уяад, хагасы нь шороогоор булж янзлан сүүлний үзүүрээс угзран чангаах байдал үзүүлэн оролдож байтал нөгөө жороо морьт баян хүн хүрч ирээд “За бадарчин, чи юу хийж байна?” гэж асуусанд бадарчин “Би сая хурмастын хулагч гүүг энэ модны доор унтаж байхаар нь энэ олсоор бугуйлдаад авсан чинь нүх рүүгээ шургаад орчихдог байна шүү, одоо сүүл нь цухуйж байна. Та туслаарай” гэсэнд нөгөө жороо морьтой баян “За тэгнээ тэр! Бид нар сая овоо тахисан учир хурмаст тэнгэр хишгээ хайрлаж байгаа нь энэ дээ!”гээд сүүлнээс нь чангаалцсанд газар бамбалзаж хөдлөж байхыг ажиглаад шунаг сэтгэл төрөхдөө “Бадарчныг явуулчихаад ганцаараа ухаж авбал сайхан морьтой болдог хэрэг” гэж шийдээд “За чи миний морийг унаад яв! Энэ гүвээний цаана манайх бий! Тэндээс олон хүн дуудан авчир! Би ингээд бариад сууж байя” гэж гэнэ. Бадарчин баяны жороо морийг унаад хэнд ч хэлсэнгүй тэр чигтээ цаашаа явж алга болжээ. Өнөөх шунахай баян хэсэг хүлээгээд газрыг ухаж үзвэл олс, хатсан сүүл хоёроос өөр юу ч гарсангүй гэнэ.

Хөлөө гамнахдаа

Нэг зальтай бадарч явж байтал адуучин эр адуугаа услахаар гол руу багширтал туун явахыг хараад хоёр модон таягаа сугандаа тулан өрөөсөн хөлөө атийлган догонцсоор адууны нь хажуугаар өнгөрөн явахыг тэр адуучин хараад суга таягтай хүнийг өрөвдөн
“Та хаа хүрэх нь вэ?” гэж асуусанд
“Би Баруун зуу орноо” гэж хариулав.
“Та ийнхүү хөл зовуурьтай байж тийм хол газар яаж хүрэх билээ?” гэж адуучин асуусанд бадарчин ...
“Миний хөл эв эрүүл болой. Гагцхүү хол газар явах учир “Хөл юүгээ гамнасугай” хэмээн хоёр хөлөө ээлжлэн ингэж явдаг юм” гэж хэлсэнд тэр адуучин “Ядарсан хүнд тус хүргэе” гэж бодоод
“Би танд буян санаж нэг номхон морь өгье. Та түүнийг унаж хөл амар явагтун!” гэж хэлээд бадарчинд нэг сайн морио барин өгчээ.

Хоолоо хийсэн нь

Нар жаргаж орой болсон хойно бадарчин нэг айлд хоноглохоор очтол тэр айл хоолоо хийгээд идчихсэн болохоор дахин хоол хийхээс төвөгшөөсөн ч юм уу эсвэл хоолоо харамласан ч юм уу:
“Бадарч гуай ч морь муутай явах шив дээ! Манайх аль эрт хоолоо хийгээд идчихсэн. Одоо ч та хоосон л хонох болж дээ!” гэсэнд бадарчин “Танайх хоолоо хийгээд идчихсэн бол манайх хоолоо хийхээс дээ” гээд гаднаас хавчиг үүргээ оруулж шар хомоол авчран гэрийн нь баруун талд гурван чулуу тулаад гал ноцоож эхэлтэл айлын эхнэр сандран тэвдэж:...
“Бадарч гуай, та манай гэрт битгий голомт нээж үзээч дээ! Би хоол хийж өгье!” гэж гуйсанд бадарчин:
“Намайг орж ирэнгүүт л ингэж хэлсэн бол зөв байсан юм л даа” гэжээ.

Хоолон дээрээ хөглөсөн нь

Нэгэн бадарчин орой бүрий болсон хойно нэгэн айлд хоноглохоор очсонд тэр айл зөвхөн хоёр биедээ тааруулан хоолоо хийсэн учир бадарчинг аль болохоор гэрээсээ түргэн явуулаад хоолоо гаргаж идэхийг бодон хоолоо гаргасангүй удтал чанаж гэнэ. Бадарчин тэгэхээс тэгэх гэсэн байдалтай хоолы нь хүлээгээд л суугаад байж гэнэ. Гэрийн эзэн арга ядахдаа “Бадарч гуай, замд чинь айл алга уу?” гээд “Манай хойт айл суугаа байх аа!” гэж авгайгаасаа лавлан асуусанд авгай нь ...
“Нохой хуцах нь дуулдаж байна. Суугаа байх аа” гэж хэлсэнд бадарчин
“Ашгүй дээ маргааш тэр айлд чинь хоног таарах юм байна” гэсэнд гэрийн эзэн “Энэ ер явах царайгүй дэгээ яая даа!” гэж бодохдоо дэмий л “Танай нутаг хаа гээчид байна даа?” гэж асуусанд бадарчин “Намайг байхад Үйхэд байсан. Дараа нь Оргиход буусан. Одоо ч Ширгэхэд өвөлжиж байгаа биз дээ!” гээд тогоо руу нь өнгийсөнд айлын авгай арга ядан ичингүйрч ширгэж байгаа тогоотой хоолоо гаргахад яг хоёр мөч байсан тул арга буюу бадарчингийн өмнө тавьж өгчээ. Бадарчин түүнийг нь аваад
“Дулаахан өвөлжихдөө сайхан даа!” гэж хэлээд цөмийг нь идэж орхиод тавгийг нь буцаасанд айлын эзэн таваг руугаа хараад
“Мөн хөглөвөө!” гэсэнд бадарчин
“Зүгээр, зүгээр!” Энэ дүнгийн юмыг аль тэр гэх вэ? Сайхан нойрсоорой!” гэж хэлээд яваад өгч гэнэ.

Хэрсүү бадарчин

Урьд нэг бадарчин их л өлсөж ядарч явсаар айлд ирж хоолыг нь хүлээж ядан суув гэнэ. Гэтэл ашгүй тэр айл ч хоолоо хийж эхэлж. Гэрийн дотор галаас өөр гэрэл байсангүй, ажиглавал будаатай хоол хийж байгаа бололтой.
Намрын сэрүүн салхи сэвэлзэж мөн айлын авгай хүүхэн хоёр үнээгээ саах гэж гарч орсоор байв. Эх нь орж ирээд нэг атга давс шиг юм хоолондоо хийчихээд гарав.
Удсангүй хүүхэн нь орж ирээд нөгөөдөхөөс нь хоёр гурван атгыг хоолонд хийгээд гарсанд бадарчин урам нь хугарч “За даа энэ хоолыг ч хүн амьтан амсахын аргагүй юм боллоо. Би энэ шөнө лав л хоосон хонох болов” гэж санааширсаар суув. ...
Тэгтэл эх, хүүхэн хоёр үнээгээ сааж гүйцээд орж ирмэгц хоолоо гаргаад “Алив лам гуай аягаа. Хоол хийж өгье” гэж хэлэв.
Бадарчин аягаа дурамжхан өгч “За дундуур хийгээрэй” гэлээ.
“Давсыг яана даа” гэж бодсон бадарчин уг хоолонд хошуугаа хүргэж ядан амстал их чихэр хийсэн тун амттайхан сүүтэй цагаан будаа байв гэнэ.
“Үүнийг би хэрэггүй дундуур гэж хэлэв. Ахиад идэх юмсан”гээд бадарчин дэмий л аягаа долоох дүр үзүүлж байтал ашгүй “Алив лам гуай аягаа” гэж нөгөө авгай хэлэв.
Бадарчин “Дундуур дундуур” гэж бас хэлжээ. Бадарчин ингэж “дундуур дундуур” гэсээр долоон дундуур идсэн гэнэ.

Хэнгэрэг хэн хагалав?

Урьд нэг бадарчин дуганд маани хуралцах болж гэнэ. Бадарчин хэнгэрэгний ёроолд суун хэнгэрэг цохиж их л идэвхтэй оролцож байтал боов, цав, манж зэргийг хуврагийн ёсоор хүртэх болсонд хажууд байсан банди нь бадарчингийн боовыг булаагаад идчихэж гэнэ. Тэгэхлээр нь бадарчин тэр бандийн хэнгэргийг хага цохиж орхив. Банди бадарчингаас “Хэнгэрэг хагалагчийн нэр хэн билээ?” гэсэнд бадарчин “Миний нэрийг Би ноднин” гэж хэлээд хурлаа орхин гараад явж гэнэ. Хэнгэрэг дуугарахаа больсныг гэсгүй лам нь мэдээд өнөөх бандиас
“Хэнгэрэг хэн хагалав?” гэж асуусанд өнөөх банди
“Би ноднин хагалсан юм” гэсэнд “Саяхан дуугарч байсан хэнгэргийг хагалж орхиод бас ноднин хагалсан гэнээ хөө!” гээд гэсгүй лам өнөөх бандийг загнаж гэнэ.

Хөл хориотой

Эрт урьд цагт ингэ ботголуулж байгаа нэг айлынхан бадарчин ирж явахыг хараад “Ингэ ботголж байна. Хөл хориотой” гэж хэлээд ир” гэж хүүхдээ тосон гүйлгэжээ.
Түүнийг нь бадарчин огтхон ч тоосонгүй явсаар ингээ ботголуулж байгаа эхнэрийн нь дэргэд хүрч очоод “Босоорой чи, ботгонд ойртоорой, ирээрэй чи, ингэнд хүрээрэй” гэж загначихаад гэрт нь орох гэтэл гэрийн нь эзэн “Хөл хориотой” гээд гэртээ оруулахгүй байв гэнэ.
Тэгэхээр нь бадарчин “Гайтай хөл нь гадаа, гайгүй цээж нь дотор” гэж хэлчихээд босгон дээгүүр нь ойчоод өгчээ. Ингээд тэр айл арга буюу бадарчинг гэртээ оруулж гэнэ.

Ууц хөндөх арга олсон нь

Нэгэн бадарчин оройхон болсон хойно нэг айлд хүрч ирвэл тэр айл жасаагаа уншуулаад даллага авч их найр хийж байна гэнэ.
Бадарчин түүнийг үзээд “За даа! Хөгжилтэй сайхан найран дээр орж явчихдаг хэрэг” гээд үүргээ гадаа нь тавиад орох гэтэл:
“Замын муу бадарч байтугай залагдсанд нь зай алгаа” гэсэнд бадарчийн урам нь хугаран гэрийн хаяанд сууж “Найранд нь яаж орох вэ?” хэмээн бодож байтал нэг ямаа эврээрээ арагны оосор тээглүүлээд түүнээсээ болж туйлсанд тэр айлын хонь үргэн, зочдын морьд хулжин пижигнэсэнд бадарч сая аргыг нь олж гэрийн гаднаас:...
“Хүүе! Чоно! Чоно!” гэж хашгирсанд гэрийн дотор найрлаж байсан хүмүүс цөм сандран гарч хонь мал морь тэмээнийхээ хойноос гүйлдэж гэнэ.
Бадарч тэр хойгуур нь гэрт нь ороод хоймор нь сууж амжаад ламд тавьсан ууцы нь өмнөө тавиад идэж суутал хүмүүс орж ирээд “Бадарч гуай та хэзээ ирэв ээ? Гэсэнд:
“Чоно чөлөөнөөр, бадарч дүйвээнээр хоолоо олж иддэг хойно доо! Залагдсанд нь олддоггүй ууцыг замын бадарч хөндөж сууна” гэж гэнэ.

Шунаг бадарчин

Урьд нэг бадарчин том үүргэндээ түүртэж ядраад, амарч суутал намрын сайхан үс гүйцсэн хазгар туулай дэргэдүүр нь гарав.
Бадарчин ухасхийн түүнийг хөөж хариу ч үгүй гүйцэн алдаж явлаа. Тийнхүү ухаан жолоогүй туулайг хөөж явсаар, хэд хэдэн гүвээ давж халууцахдаа дээлээ тайлж хаяад хөөсөн чинь туулайн сүүлний үс гарт өртөн алдаж явав гэнэ. ...
Ингэхэд нь бадарчин урамшиж хоёр гутлаа тайлж хаяад хөөсөн чинь бараг сүүлнээс нь шүүрэн алдаж шүүрэн алдаж явахлаар нь бас цамцаа тайлж хаячихаад хөөсөн чинь туулайн сүүлнээс барьж алдаж барьж алдаж явав гэнэ. Гэвч бадарчин маш их ядарсан тул цааш явж чадахаа байжээ. Тэгээд буцаад явах гэтэл хаашаа хэдэн даваа гүвээ өнгөрч аль жалга гуугаар орсноо бадарчин гуай ч санахаа байсан байна гэнэ.
Нэг мэдэхэд аль хэдийн харанхуй болж, баруун хойноос жихүүн салхи сэвэлзэж, бүдүүн ширхэгтэй цас хаялж цасан шамарга оров.
Туулайд шунасан бадарчин гэнэт мэдээ орж дээл гутлын зүг явах гэтэл нүүр нүдгүй шавж байгаа цасан шамарганд төөрч хөөрхий бадарчин хөлдөж үхэв гэнэ. Харин хэдэн хоногийн дараа туулай бадарчингийн өвийг цуглуулж аваад сууж байтал нэг хэрээ ирээд “Туулай хүүгээр сонин юу байна? Чи яасан их юмтай болчихов?” гэв.
Туулай “За яахав дээ! Нэг бадарчингийн өв дээр сууж л байна. Чам шиг амьтан харганан дээр суугаад маани тоолж суухад энэ л дээр байх” гээд бадарчингийн шар модон эрихийг авч өгсөнд хэрээ баярлан хүзүүндээ зүүгээд нисэв. Хэрээний дараа чоно ирж мөн туулайгаас юм гуйлаа. Туулай “Чам шиг амьтанд энэ л дээр байх, үүнийг өмсөөд айлын хотонд ороход ер чимээ анир гаргахгүй сайн юм байх ёстой” гээд оймс гутлыг авч өгсөнд чоно баясан аваад явжээ. Дараа нь нэг бар ирж туулайнаас бас юм гуйсанд туулай “За танд энэ л дээр байх даа. Хүүхдээ төрөхөөр үүгээр саатуулж байгаарай” гэж бадарчингийн хэнгэрэг цанг өгч гэнэ.
Туулайн өгсөн бэлэг нь тэр гурван амьтанд тус бүрд нь гай болж, хэрээ модон дээр сууж байгаад нисэх гээд эрихээр модонд өлгөгдөж үхэв. Чоно гутлыг өмсөж айлын хотонд ороод цохиулчихав гэнэ.
Барын зулзага дөжирч мангууртлаа хэнгэрэг цан цохиж байгаад анчинд мэдэгдэж алуулчихав гэнээ.

 

Харамч айлыг чадсан нь

Хоёр бадарчин явж байтал нэг айл тааралдсанд тэднийд орвол тэр айл саяхан хонь төхөөрсөн бололтой шинэхэн мах өлгөөтэй байсны дээр тогоон дээр өвчүү, гургалдай зэрэг амттай сайхан мах чанаж байжээ. Хоёр бадарчин тэднийхийг хоолоо гаргахыг нь хүлээж хичнээн суувч тэр айл хоолоо гаргасангүй, харин эрэгнэг доогуураа тогоотой нь тавиад хар хүн нь хэвтээд хурхираад өгч гэнэ. Тэгэхлээр нь хоёр бадарчин хоорондоо хэрэлдэж гарчээ.
“Нартай ирсэн нармигар тархи!” гэхэд
“Намайг дагасан нурнигар тархи!”гэвэл
“Хоосон хоносон хожгор золиг!”гэвэл...
“Хоёр тийшээ болсон чигъяа тархи!” гэх зэргээр хэрэлдсэнд айлын авгай “Аятайхан шалтаг гарлаа” гэж баярлаад “Хоёр бадарч минь манайхаас гарч хэрэлдээрэй!” гэж хөөсөнд тэр хоёр нь бүр чи би-дээ тулаад нэг нь “Авгай минь нохойгоо хорьж аль! Би явлаа” гээд гарсанд айлын авгай ч гарч гэнэ. Тэгээд гэрийн хаяанд үүргээ бөхлөх дүр үзүүлэн зогсоод гэрт гадаа хоёроос бас л хэрэлдэж гарч гэнэ. Гэр доторхи нь
“Хаа байгаа нь үл олдох тархи” гэсэнд нөгөө нь
“Хар тогооонд халив болсон чигъяа тархи” гэхэд
“Шизав татав чигъяа тархи” гэхэд гаднах бадарчин
“Хүйтэн усанд булхаж баймаар золиг” гэсэнд
“Энгэр газар хэвтсэн ч эс багтсан чигъяа тархи” гэхэд
“Эвдэн бусган хаямаар чигъяа тархи” гэх зэргээр хэрэлдэх энэ хооронд гэр доторхи бадарчин тогоотой хоолы нь янзлан боож өвөртлөж амжаад гэрээс гарч ирэхдээ
“Тархий чинь хага цохиод тарагны чинь савыг бяц дэлсэх сэн” гэсэнд айлын авгай
“Эрхэм хоёр бадарч минь, иймхэн юмнаас ингэж хэрэлдээд яах вэ? Эртхэн явж янзаа олж үз! Бид ч унтлаа” гэж гуйсанд мань хоёр бадарч хэрэлдсээр хоёр тийшээ явж хамрын цаагуур орсонд айлын авгай нохойгоо үүдэн дээрээ уяад гэртээ орж нөхрөө сэрээгээд
“Хоёр бадарч хойт, урд хамраар далд орлоо хөө, хоёулаа хоолоо идье!” гээд тогоотойгоо гаргатал өвчүүний нь оронд нөхрий нь арьсан өмдний гуя, гургалдайны нь оронд гурван төө дээс байсанд сая учрыг олж
“Ээ! Халаг минь! Хаа гэхээс харамлах уу?” гэж амаа барьж гэнэ. Энэ үед мань хоёр бадарчин хээр суугаад өвчүү, гургалдай хоёрыг нь идэж авчээ.

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу