2017-03-07 01:21

Ү.Оюунзул: Миний ном амьдралын алтан босгоор алхах гэж байгаа охид, залуу эмэгтэйчүүдийн ширээний ном болоосой

   Уншигчдын гарт хүрээд удаагүй ч олонд таашаагдаж буй охид, эмэгтэйчүүдэд зориулсан “Долоон гарагийн тэмдэглэл” номын зохиогч Ү.Оюунзултай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө анхны номоо хэвлүүлэн уншигчиддаа хүргэж буй танд баяр хүргэе. Номоо бичиж эхэлсэн дурсамжаас тань яриагаа эхэлье?  

-Баярлалаа. Хүүхэд байхаасаа мөрөөдөж байсан зүйлээ биелүүлж анхны номоо хэвлүүлэн уншигчиддаа хүргэж байгаадаа маш их баяртай байна. “Долоон гарагийн тэмдэглэл” номоо бичиж эхэлсэн түүхээ сөхвөл 10 гаруй жилийн өмнөх дурсамжуудаасаа эхлэн ярих хэрэгтэй.

Би хүүхэд байхаасаа одоог хүртэл өдрийн тэмдэглэл хөтөлсөөр байгаа. Анзаарсан, мэдэрсэн, бодсон зүйлээ цаасан дээр буулгадаг, энэ бүхнийгээ цэгцлэн хадгалдаг хэвшилтэй юм. Өөрийн биеэр амьдралын, ажлын тодорхой хугацааны туршлага хуримтлуулж, сайн мууг мэдэрснийхээ дараа тэмдэглэлүүд дээрээ тулгуурлан номоо бичнэ дээ гэж боддог байлаа. Ингээд 2016 онд номоо бичиж дуусгалаа.

-Та номоороо дамжуулж охид бүсгүйчүүдэд юу ойлгуулахыг хүсч байна бэ?

-Миний ном амьдралын алтан босгоор алхах гэж байгаа охид, хамгийн чухал сонголтуудаа хийх гэж байгаа залуу эмэгтэйчүүдийн ширээний ном болоосой гэж хүсч байгаа. Тийм ч болохоор аль болох өнгөрсөн хугацаанд амьдралаас ойлгосон зүйл, хуримтлуулсан туршлагаа зөвлөмж болгон энгийнээр илэрхийлэхийг хичээсэн.

Мөрөөдөл, хүсэл тэмүүлэл хийгээд түүнийгээ бодит болгох тухай, сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, чадвар, өөрийгөө тойрон эргэлдэх олон боломжуудаар дамжуулан хэрхэн амжилт гаргах тухай “Долоон гарагийн тэмдэглэл” номдоо өгүүлсэн. Мөн эмэгтэй хүн эрхэмсэг, сайхан байх тухай, бичсэн зүйл биелж, төлөвлөсөн зүйл хэрэгжиж, унших бичихийн хэрээр ухаан суудаг тухай, амьдралынхаа хамгийн чухал сонголтыг хэрхэн хийж, хайр дурлалд ялагдашгүй баатар болох тухай, хамгийн дотно хүмүүсээ эрхэмлэн хайрлах тухай ч хүүрнэх болно.

 Мөн Монголын олны танил, салбартаа манлайлж байгаа үзэсгэлэнт залуу эмэгтэйчүүдийн өгсөн зөвлөгөө, бүх цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн алдартай од эмэгтэйчүүдийн намтар зэрэг олон зүйлсээр номоо баяжуулсан.

Нэг ч гэсэн охинд ирээдүйнхээ сайн сайхны төлөө “Чи л өөрөө хичээх ёстой” гэдгийг ойлгуулж, одоогийн амьдралдаа гутарч сэтгэлээр унасан нэг ч гэлээ эмэгтэйд “Өөрчлөлтийг өөрөө зоригтойгоор хий” гэдэг урам зоригийг өгч чадвал номын маань гол зорилго тэр билээ.

-Зөвхөн охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан ном гэж ойлголоо. Тийм үү?

-Номны маань агуулга, зорилго өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдэд буюу 16-25 насныханд зориулагдан бичигдсэн. Гол уншигчид маань эдгээр насныхан байгаасай гэж хүсч байна. Гэхдээ энэ насыг бүгд л тойроод биш, дайраад өнгөрдөг учир бүх насны эмэгтэйчүүд уншиж болно. Охинтой ээж, аавууд, эмэгтэй дүүтэй ах нар, эгчтэй дүү нар, багш сурган хүмүүжүүлэгчид, энэ насныхантай ажилладаг хүмүүс гээд бүгд л уншиж болно. “Долоон гарагийн тэмдэглэл” номын маань зарим бүлгүүдэд эрэгтэйчүүдэд ч хэрэг болох зүйлс ч орсон.

-Охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан олон ном байдаг. Таны “Долоон гарагийн тэмдэглэл” ном тэдгээр номнуудаас юугаараа давуу талтай вэ?

-Давуу тал гэдэг зүйлийг энд ярих тийм ч тохиромжтой биш гэж бодож байна. Учир нь, ном бичих бол амар ажил биш юм билээ. Хүнээс, оюун ухаанаас асар их зүйлийг шаардаж, тэвчээр шалгадаг юм байна. Би ном бичсэн бүх хүмүүсийг үнэхээр биширдэг болсон шүү. Харин “Долоон гарагийн тэмдэглэл” номын маань онцлогийн хувьд Монгол эмэгтэй хүн Монголынхоо охид, залуу эмэгтэйчүүдэд зориулж, Монгол амьдрал ахуй дээр түшиглэн, Монгол сэтгэлгээгээр бичсэнд л орших болов уу. Товчхоноор хэлбэл би номондоо хөрсөн дээр буусан, буух зүйлийн тухай өгүүлсэн.

-Хоюулаа ном уншихын ач холбогдолын талаар яриагаа үргэжлүүлье?

-Миний хувьд цаасыг мэдэрнэ гэдэг их гоё, сайхан мэдрэмжүүдийн нэг. Дэвтэр дээр бичих, ном унших нь гар утас юмуу компьютер ашиглан бичиж уншихаас хэд дахин илүү үр өгөөжтэй санагддаг. Би жаахан хуучимсаг үзэлтэй байна уу /инээв/.

Бидний аав, ээжүүд ямар их ном уншдаг байсан тухайгаа бидэнд гайхан ярьдаг бол одоо цагт хүүхэд, залуус хэр их ном уншиж байгаа билээ гэдэг тухай бодох цаг болсон санагддаг. Ном бол хүний хүмүүжил, төлөвшлийн хамгийн чухал хэрэгсэл. Тиймээс бид ном уншихыг амьдралынхаа хэвшил заавал болгох ёстой шүү.  

-Залуу хүний хувьд та нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байна вэ?

-Ямар ч байсан зүгээр суулгүй гэр бүл, хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж байна. Бичсэн энэхүү номоороо дамжуулан олон охид, эмэгтэйчүүдэд одоо байгаагаасаа илүү сайхнаар амьдрахад нь урам зориг өгөхөөр хичээж байна даа.

-Та дахиж ном бичих үү?

-Энэ асуултад одоо хариулахад эрт байна. Дөнгөж анхны номоо гаргаад, түүнийгээ олон нийтэд  танилцуулах гээд олон хүний дэмжлэгтэйгээр хичээн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу