2017-04-07 02:01

Г.Эрдэнэбилэг: Дорнод аймгийн театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг амилна

      Улсын драмын эрдмийн театрын хамт олон жил бүр орон нутгийн үзэгчиддээ өөрсдийн урын сан дахь уран бүтээлээрээ бэлэг барьдаг уламжлалтай. Тодруулбал, Монгол Улсын төрөөс соёл урлагийн талаар баримтлаж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид тун удахгүй томоохон аймаг, хотын үзэгчидтэйгээ уулзахаар болсон гэнэ.

     Тодруулбал, УДЭТ-ын уран бүтээлчдийн орон нутаг дахь аялан тоглолт энэ сарын 21-нд эхлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан аялан тоглолтыг ахлах МУСТА, жүжигчин Г.Эрдэнэбилэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Хөдөө, орон нутгийн аялан тоглолт энэ сарын 21-нд эхэлнэ гэсэн. Ямар аймгуудад аялан тоглолт хийх вэ?

-Манай театрын хамт олон жил бүр хөдөө, орон нутгийн үзэгчиддээ уран бүтээлийнхээ дээжийг өргөн барьдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу хаврын аялан тоглолтоо Дорнод аймгаас эхлүүлж байна. Тодруулбал, Чойбалсан хотод энэ сарын 21, 22, 23-нд, Дархан хотод 28, 29, 30-нд, Эрдэнэт хотод тавдугаар сарын 2, 3, 4-нд тус тус аялан тоглолтоор айлчлан очно.

Аялан тоглолтын үеэр Уильям Шекспирийн “Ромео Жульетта”, Ч.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглоно. Энэ удаагийн тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Манай УДЭТ-ын уран бүтээлчид Чойбалсан хотод 2014 онд аялан тоглолтоор очиж, “Бүүвэй”, “Нууц амраг чинь болъё”, “Эхнэрээ зээлээч”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” зэрэг жүжгүүдээ тоглож байсан.

-Яагаад “Ромео Жульетта”, “Царцаа Намжил” жүжгийг сонгон тоглох болсон юм бэ?

-Бид аялан тоглолтын хөтөлбөртөө шинээр тайзны бүтээл болгосон жүжгүүдээсээ дээжлэн орон нутгийн үзэгчиддээ хүргэж байгаа. Уильям Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжгийн эрэлтийн судалгааг томоохон аймаг, хотын үзэгч түмний дунд явуулахад дорнодчууд маань илүү олон санал хүсэлт ирүүлсэн дүн гарсан. Чухам иймийн учир бид бүхэн энэ удаад Чойбалсан хотын нийт иргэддээ тэнгэрлэг үнэнч хайрын тэмдэг болон мөнхөрсөн дурлалын түүх “Ромео Жульетта” жүжгээ толилуулахаар болсон.

Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа анх 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар тавигдаж байсан. Түүнээс хойш 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Харин 2015 онд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавьсан. Энэхүү жүжиг үзэгчдийн зүгээс маш их сайшаалыг хүртсэн.

Харин орон нутгийн хүүхэд багачууддаа бэлэг барих үүднээс энэ оны шинэ уран бүтээл болох “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг сонгосон. Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор БСШУСЯ-ны хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаан зарласан.

Энэхүү уралдаанд Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг шалгарч, манай хамт олон тайзны бүтээл болгосон. “Царцаа Намжил” жүжиг нь “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэсэн санааг үзэгч хүүхдүүдэд ойлгуулах туйлын зорилготой. Тиймээс энэхүү жүжгээс хүүхэд, багачууд олон зүйлийг ойлгоно гэж бодож байна.

-Энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд ямар жүжигчид орсон бэ. Нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна?

-Аялан тоглолтын бүрэлдэхүүнд МУГЖ  Ж.Оюундарь, МУСТА Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ, Ж.Пүрэвдорж, залуу жүжигчин Б.Шинэбаяр, Б.Золжаргал, Э.Тодгэрэл, Г.Алтангэрэл, Н.Баярмаа, Ч.Сэлэнгэ  зэрэг театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид болон арын алба нийлсэн 50 орчим уран бүтээлч орсон.

Би энэ удаагийн аялан тоглолтыг анх удаа ахлан явах гэж байна. Харин аялан тоглолтын уран сайхны удирдагчаар МУСТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллана. Аялан тоглолтод маань жүжигчдээс гадна арын албаны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байна. Тухайлбал, нүүр хувиргалт, хувцас, жижиг хэрэглэлийн алба, бүжигчид гэх мэтчилэн манай хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ явах юм.

-Хөдөө, орон нутгийн үзэгчдэд зориулсан өөр гэнэтийн бэлэг бий юу?

-Бид хөдөө, орон нутгийн үзэгчиддээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглоно. Түүнээс гадна Чойбалсан хотын төв талбай буюу Тусгаар тогтнолын талбайд нээлтийн шоуг зохион байгуулж, уран бүтээлчид болон үзэгчдийн уулзалт ярилцлага хийхээр төлөвлөсөн. Талбайн үйл ажиллагааны үеэр ард иргэд маань уран бүтээлчидтэй хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авч болно. Энэ үеэр “Драмын 4”, “Драм 3” хамтлаг, дуучин жүжигчин Нармандах эгч маань мөн ая дуугаа өргөнө.  

Бидний аялан тоглолтыг олон байгууллага дэмжин ажиллаж байгаа. Энэхүү аялан тоглолтыг Дорнод аймгийн ЗДТГ болон Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, аймгийн Хөгжимт драмын театр, Дорнод медиа групп дэмжин ажиллах болсонд театрынхаа хамт олны өмнөөс талархал дэвшүүлье. Түүнчлэн “Тэс петролиум” компани энэ удаагийн аялан тоглолтын шатахууны зардалд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.  Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд та бүхнийгээ театрын урлагаар амьсгалж, хайртай уран бүтээлчидтэйгээ дэлхийн сонгодог болон үндэсний хүүхдийн бүтээлүүдээр нь танилцах энэхүү сайхан боломжийг алдалгүй оюундаа хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.

-Энэ удаагийн аялан тоглолтыг ахлаж явах маш хариуцлагатай үүрэг оногдсон байна шүү дээ?

-Би Улсын драмын эрдмийн театрт ажилд орсноос хойш анх удаа аялан тоглолтын багийг ахлан явах гэж байна. Өмнө нь театрынхаа хамт олонтой цуг аялан тоглолт хийгээд, жүжигчний хуваарь оролцож байлаа. Энэ удаад аялан тоглолтын менежментийн багийг ахлан явах маш хариуцлагатай ажилд томилогдсон. Менежментийн багт маань МУСТА жүжигчин Б. Нармандах эгч маань, манай театрын ахлах менежер МУСТА Б.Гэрэл, менежер Ш.Чандмань нар орж ажиллаж байгаа.

-Та аялан тоглолтын багийг ахлахаас гадна “Ромео Жульетта” жүжгийн Капулеттийн дүрд тоглоно шүү дээ?

-Тийм ээ. Аялан тоглолтын бригадын ахлагчийн ажлаа хийнэ. Ахлагч гэдэг бол аялан тоглолтын бүхий л ажлыг, бие бүрэлдэхүүнийг бүхэлд нь хариуцаж явах ёстой. Мөн би “Ромео Жульетта” жүжигт давхар тоглоно. Өмнө нь зөвхөн өөрийнхөө тоглох дүрд санаа тавиад явдаг байсан бол энэ удаад аялан тоглолтын зохион байгуулалтын бүхий  л зүйлд анхаарал тавин ажиллах учраас маш хариуцлагатай ажил гэж бодож байна.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээОдод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээУрлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна. Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж. Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.
  • Т.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэТ.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэ“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.
  • “ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болноҮе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.
  • “НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно“НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болноҮндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
  • ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм.