2017-04-13 06:50

Д.Алтанхуяг: Тайзнаас буухад би өөрийгөө бэлтгэх хэрэгтэй

   Дэлхийн балетын урлагийн тайзнаа Монголын нэрийг өндөрт өргөж яваа, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, “Монголын үндэсний балет” сургуулийг үүсгэн байгуулагч Дугараагийн Алтанхуягтай онлайнаар ярилцлаа. Тэрбээр АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд Массачусетс мужийн Лексингтон хотоос бидэнтэй холбогдсон юм.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас хуваалцъя?

-Би Японы “Комаки балет” компанийн урилгаар өнгөрсөн нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд “Хунт нуур” балетын бүжгэн жүжигт тоглоод ирлээ. Мөн АНУ-ын Нью-Йорк хот дахь “Америкийн балет” театртай хамтран ажиллаж байна.

-Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж, бэлтгэж байгаа вэ?

-Долдугаар сард Нью-Йоркт тавих тоглолтынхоо найруулга дээр ажиллаж байна. Энэ сард Монголд болох тоглолтын бэлтгэлд мөн тусалж байгаа.

Өмнөд Солонгосын Олон улсын тэмцээнээс медаль, шагнал хүртсэн бүжигчид Монголын шилдэг залуу уран бүтээлчидтэй хамтран тоглолт тавих юм. Дөрөвдүгээр сарын 19, 20-нд болно. Ерөнхийдөө уран бүтээлийн болон албаны ажил ихтэй л явна.

-Та "SPIRIT of BALLET" гала тоглолтыг хэлж байна уу?

-Тийм, тийм.

-Тэр талаар асууя гэж бодож байлаа. БНСУ-аас хэр олон балетчин ирэх юм бол?

-“KOREA YOUTH BALLET STARS” гэж Өмнөд Солонгосын балетын группэд харьяалагддаг 12-20 насны 10 бүжигчин, гурван багшийн хамт Монголд зочилно.

Мөн тус группийн захирал, БНСУ-ын балетын урлагийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, “Солонгосын үндэсны балет” театрын гоцлооч байсан, хатагтай Мисонг Чой очино. Өмнөд Солонгосын бүжигчид зарим нь хэдийгээр нас бага ч бүгд ур чадвар сайтай. Америк, Швейцарь, ОХУ, Япон, Өмнөд Африк, Итали зэрэг улсад болсон Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаануудад гоцлол болон хослон бүжиглэх хэлбэрээр өндөр амжилт үзүүлж байсан хүүхэд, залуучууд байгаа. Олон улсын уралдааны Гранпри шагналтан ч бий, алт, мөнгө, хүрэл медальтнууд ч бий.

Энэ удаагийн хамтарсан тоглолт нь өнгөрөгч арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан “Монголын үндэсний балет" улсын анхдугаар уралдааны үргэлжлэл гэж хэлж болно. Эх орондоо Азийн орнуудыг хамарсан Олон улсын балетын уралдаан зохион байгуулах зорилгодоо хүрэх гээд л хийж байгаа ажлуудын маань нэг гэж ойлгож болно. Монголын балет дэлхийд гарах цаг нь болсон.

-Ази, Номхон далайн орнуудын балетын уралдааныг Монголд хийх боломжтой талаар та өмнө нь мөн ярьж байсан. Ажил хэр урагштай яваа вэ?

-Манай балетын сургууль нээгдээд удаагүй байгаа ч "Монголын Үндэсний балет" улсын анхдугаар уралдааны 9-11 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн Б.Анхзул маань өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад болсон “The World Ballet Trial /Tokyo Stage - 2/” олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн. Та бүхэн мэдсэн байх. Энэ амжилтууд маань бидэнд боломжийг улам илүү нээж өгч байна.

Олон улсын уралдааныг эх орондоо хийх зорилгоо ирэх жил хэрэгжүүлэхээр хичээж байгаа. Энэ хүсэлтийг маань Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад хэргийн яам, Урлагийн агентлагуудын зүгээс их сайн дэмжиж байгаа.

-Та нэгэн ярилцлагадаа “Одоо миний хувьд их онцлогтой цаг үе ирлээ. Бүжигчний карьер маань төгсгөл үе рүүгээ орж явна. Одоо надад 2-3 жил бүжиглэх хугацаа бий” гэж хэлсэн байсан. Энэ үг таныг тайзан дээрээс буулгах дургүй үзэгчдэд тааламжгүй л байсан байх?

-Би сүүлд өгсөн нэг ярилцлагадаа ингэж хэлсэн нь үнэн. Үүнээс болж нэлээд олон хүнээс шүүмжлэл сонссон. Би тэр хүмүүстэй санал нийлж байгаа л даа. Гэхдээ одоо надад бүжиглэхээс илүү бүжгийн урлагаа хөгжүүлэхэд цаг зав зарцуулж, зорьж хийх чухал ажлууд олон байна. Бүжиглэхээс чухал зорилгууд өмнө минь өрөөстэй байна. Тайзнаас буугаад хийх зүйлсэд би өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Балетын урлагийн сургуультай болсноор балетын урлаг хөгжинө. Хүүхэд бага насандаа маш их зүйлийг сурч, тэр хэмжээгээрээ сэтгэж, хөгжиж байдаг. Манай гэр бүлийнхэн гэхэд намайг “Одоо бүжигтээ анхаарах хэрэгтэй. Хэтэрхий бодлогын чанарт анхаарч байна” гэдэг. Мэдээж би бүжгийн байнгын дасгал, сургуулилтаа алдахгүйг хичээж байгаа. Балет маш хэцүү урлаг. Гэхдээ үр нөлөө, үнэт зүйлсийг нь юутай ч харьцуулашгүй. Ирэх зунаас манай сургууль балетын сургалтынхаа элсэлтийг авна. Бүх зүйлд цаг хугацаа гэж байдгийг бид мартаж болохгүй. Надад жишээ нь, 25 нас хүрснээс хойш тэмцээнд бэлтгэх хугацаа бараг гараагүй. Тэр үеэс бараг тэмцээн, уралдаан гэдэг зүйлийг ч мартсан байх.

-Та нэгэнт балетын сургалт, хөгжилд анхаарал хандуулж байгаагийнх сургалтын тал дээр өөрийн бодол, зөвлөгөөг хуваалцаач?

-Монголд балетын олон сургууль бий болсон нь сайшаалтай. Гэхдээ хүүхдэд юу заах нь маш чухал шүү. Зургаахан настай хүүхэд нэг цаг гаруй хугацаанд дасгал сургуулилт хийх шаардлагагүй. Бүр болохгүй. Хүүхэд балетаар хичээллэж байгаа бол долоо хоногт нэг цаг л хичээллэхэд хангалттай. Надаас эцэг, эхчүүд “Хүүхдээ сургалтад аваачиж өгөөд л шууд балет заах уу” гэж асуудаг. Гэтэл хүүхдийг найман нас хүртэл балет заадаггүй юм. Тэгж болохгүй. Хэрвээ таны хүүхэд долоо хоногт 2-3 цагийн бэлтгэл, дасгал хийж байгаа бол болохгүй. Түүний оронд хүүхдээ тоглуул гэж зөвлөмөөр байна.

-Баярлалаа. Дараагийн асуултаа асууя. “Монголын балетын хөгжил сан”-г та 2010 онд анх байгуулж байжээ. Одоо “Монголын үндэсний балет” сургууль болтлоо өргөжсөн байна. Та сургалт, уралдаан тэмцээн бишгүй зохион байгууллаа. Үүнээс цааш юу хийж, бүтээхийг хүсч байгаа вэ? Таны төлөвлөгөөг сонирхоё.

-Ирэх жилийн сүүлээр “Монголын үндэсний балет" улсын II уралдааныг зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдээ Азийн орнуудын балетын тэмцээнд оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор Япон, Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам, Филиппиний мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоогоод байгаа.

“Монголын үндэсний балет” сургууль өөрийн салбар сургуулиа байгуулахаар ажиллаж байна. Энэ зургадугаар сарын 17, 18-нд Монголын балетын бүжигчид Японд бүрэн хэмжээний тоглолт хийхээр товлосон байгаа. Би өөрөө тэр тоглолтод оролцоно. Өмнө нь Монголын балетчид Японд бүрэн хэмжээний тоглолт хийж байгаагүй юм. Японы ард түмэн монголчуудыг үнэхээр хайрлаж, хүндэлж, авьяас чадварыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс. 50, 60-аад жилийн түүхтэй Монголын балетын урлагийн хөгжлийг япончуудад хүргэх таатай боломж гэж харж байгаа.

-Ингэхэд, Та ямар хөгжим, дуучин, хамтлаг сонсох дуртай вэ. Бас өөрөө ямар дуу дуулах дуртай юм бол?

-Хөгжим үнэхээр агуу ертөнц. Хөгжмөөр хүнийг эмчилж байна шүү дээ. Миний хувьд ихэвчлэн сонгодог хөгжим сонсдог. Дайны үед бичигдсэн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд үнэхээр мундаг. Би нэг сонссон хөгжмөө давтан сонсох дуртай. Учир нь олон дахин сонсох тусам хөгжим, аялгууг үнэн чанараар нь ойлгож, мэдэрдэг.

-Байнга дэглэм барих ёстой гэсэн хатуу ойлголт байхгүй ч тоглолт дөхөөд ирэхээр яах аргагүй хооллолтдоо анхаарах хэрэгтэй болдог байх. Та биеийн жингээ яаж барьдаг вэ?

-Орчин цагт хоол хүнсний “ертөнц” асар их өөрчлөгдөж байна. Хоолоо шингээхэд хөдөлгөөн маш чухал. Хэрэв хүнд хоол идсэн бол шингээж, гаргах хэрэгтэй шүү дээ. Хүн их идсэнээр цаддаггүй. Хоол хүнснийхээ амин дэмийг биедээ шингээх ойлголтуудыг хүүхэд байхаас нь өгөх хэрэгтэй гэж боддог. Зарим хүмүүс туранхай байх нь эрүүлийн шинж гэж ойлгодог. Гэтэл би туранхай байгаа хүмүүст илүү анхаарал тавьдаг.

-Анхны багш нь аав тань байсан гэж дуулсан. Монголдоо төдийгүй дэлхийн сонгодог урлагийн тайзнаа алхахад аав тань ихээр нөлөөлсөн байх?

-Тэгэлгүй яахав.

Хүний ген гэж их чухал зүйл юм. Тэр ч утгаараа аав маань миний анхны багш гэж хэлж болно. Аав маань өөрөө ардын бие биелгээ бүжиглэдэг бүжигчин хүн байсан. Мөн дээрээс нь би бүжиглэх их дуртай хүүхэд байсан учраас аавыгаа үргэлж л дагаж явдаг байлаа. Мэргэжлийн сургууль төгссөнөөс хойш багш нар, найз нөхөд гээд хүн бүрээс маш их зүйлийг л сурсан. Балетмастер Д.Дашлхагва, Н.Энхтуяа, Д.Жамъяндагва болон гадны олон сайхан багш нар гээд би олон багштай хүн шүү дээ.

-Та фэйсбүүктнн аавынхаа дэглэсэн “Зандан товшилт” бүжгийн бичлэгийг тавьсан байсан. Их ховор бичлэг байх?

-Хүний ген гэж их чухал юм. Намайг бүжигчин болоход миний аав хамгийн их нөлөөлсөн, миний анхны багш ч гэж хэлж болно. Аав ардын бүжиг, биелгээ сайхан биелнэ. Сониноос, аавынхаа хийж байсан уран бүтээлийг орчин цагийн хэлбэрт оруулж, хүмүүст илүү хүртээх үүднээс Ховд аймагт ардын бие биелгээний тэмцээн зохион байгуулахаар болсон. Дөрөвдүгээр сарын 25, 26-нд Ховд аймагт болно. Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжимт драмын театр, миний багадаа явдаг байсан цэцэрлэгийнхэн хамтарч зохион байгуулна. Ардын урлагаа бид улам л илүү хөгжүүлэх хэрэгтэй.

-Төрсөн нутагтаа балетын сургууль байгуулъя гэж бодож байсан уу?

-Бодолгүй яахав, бүр ажил хэрэг болгохоор ярилцаж байгаа. Ер нь Ховд гэлтгүй Монголынхоо бүх аймагт балетын сургууль байгуулж, тухайн орон нутагт хүүхдэд зориулсан балетын хөтөлбөр зааж, багшлах боловсон хүчнийг бэлтгэх бодолтой яваа. Хүүхэд бүр заавал мэргэжлийн бүжигчин болох албагүй. Мэргэжлийн бүжигчин болгох ч хэрэггүй. Харин балет гэж юу болох, өөрт нь яагаад хэрэгтэй, биеэ хэрхэн зөв авч явах вэ гэдгийг багаасаа сурах нь маш чухал.

-Төрсөн нутаг гэснээс, та анх бүжигчин болохоор Ховдоос хотыг зорьж байсан үеийн дурсамжаасаа багахан хуваалцахгүй юу?

-Аавтайгаа хамт Ховд гараад, долоо хоногийн дараа хотод очиж байлаа /инээв/. Тэр үед Хөгжим, бүжгийн коллежид бүртгүүлэх гэж “ЗИЛ-130” машины чиргүүл дээр суугаад хотыг зорьж байлаа. Аав бид хоёр ардын бүжгийн ангид бүртгүүлэхээр ирсэн ч анх удаа балетын ангид хүүхдүүд бүртгэж таарсан юм. Монгол бүжгийн ангид аваагүй гэсэн үг. Тэгээд л би ямар ч сонголтгүйгээр балетын ангид орсон. Аав их дуртай байж билээ. Хөгжим, бүжгийн коллежид орсныхоо дараа жил “Цөмөөхэй” балетын Шелкунчикт тоглосон юм. Тэгэхэд өвлийн хүйтнээр аав, ээж хоёр маань хүүгээ үзнэ гээд Ховдоос давхиад ирж билээ. Хүүгээ бүжигчин болгоно гэж хөтөлж авчирсан аав маань тэгэхэд л анхны бас сүүлчийн удаа намайг тайзан дээр балет бүжиглэхийг харсан.

-Та эцэг, эхээс наймуулаа. Танайхан урлагт хэр ойрхон бэ? Ах, дүүс нь

-Манай хамгийн том ах Д.Молор-Эрдэнэ маань Ховд аймгийн театрт бүжигчин байсан. Дараагийн ах Д.Амгаланбаатар маань Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөөр ажилладаг байв. Бас нэг ах минь урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байлаа. Харамсалтай нь гурван ах маань бурхан болсон. Одоо би хоёр эгч, хоёр дүүтэй.

-Бидэнд гэр бүлийнхнийхээ талаар ярьж болох уу. Эхнэр нь ямар ажил эрхэлж байгаа вэ? Таныг хоёр охин балетаар хичээллэдэг үү?

-Эхнэр маань эмч мэргэжилтэй. Одоо Харвардын их сургуулийн лабораторид ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар Хартфорд институтэд сурдаг. Харин хоёр охин хичээлдээ яваад л байж байна. Тэд маань балетаар хичээллэх дуртай. Бага байгаа болохоор цаашид ямар мэргэжил, сонирхолтой хүмүүс болохыг хэлэх арай л эрт байна. Ямар ч байсан бүжигт бол их дуртай.

А.ЦЭЭСҮРЭН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээОдод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээУрлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна. Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж. Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.
  • Т.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэТ.Дэлгэрмөрөн төрсөн өдрөөрөө “Хүмүүн” тоглолт хийнэ“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж.
  • “ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болноҮе үеийн залууст хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ. Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-ний 20:00 цагт фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.
  • “НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болно“НАМРЫН ХИТ 2017” зохиолын дуучдын нэгдсэн тоглолт болноҮндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг НАМРЫН ХИТ 2017 тоглолт 10-р сарын 20-нд 19:00 цагаас тоглогдоно. Тоглолтонд нийтийн дуучдын шилдэг уран бүтээлүүд эгшиглэхээс гадна Шилдгийн шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно.
  • ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна” ДБЭТеатрын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна. Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм.