2017-05-05 11:42

С.Гантогоо: Энэ удаа С.Жавхланг дуурайх ёстой ч яг үнэндээ энэ дүрээ үзүүлэх эсэхээ ч мэдэхгүй байна

 “Яг түүн шиг” шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. Тэрээр энэ долоо хоногт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн дүрд хувирах юм.

-Яг түүн шиг” шоунд оролцож буй сэтгэгдлээ  бидэнтэй хуваалцана уу. “Шоунд оролцооч” гэдэг санал анх ирэхэд хэрхэн хүлээж авав. Өөрийг тань сонгох болсон шалтгаан нь юу байсан бол?

-Саналыг  сонсоод маш гайхсан, анхандаа итгээгүй. Солонгос улсад гаргаж буй өчүүхэн амжилтыг минь үнэлж  шоуны оролцогчдын нэгээр намайг  сонгосон болов уу гэж бодож байна. Саналыг шууд хүлээж авах гэхээсээ илүүтэй  Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах уу  гэдгээ  хамгийн түрүүнд бодсон.   Мэдээж нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш  баяртай байгаа. Эгэл жирийн  Монгол залуу эх орноо сурталчилж, Солонгост урлагийн байгууллагад ажиллаж байна гэдгийг нь тодорхой хүрээллийн хүмүүс мэддэг байсан юм билээ. Ялангуяа Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй, алдартай  нэвтрүүлэгт оролцсон нь хүмүүст их хүрсэн болов уу.

-Шоуны бэлтгэл ажил, дүрээ  бэлдэх гээд  л маш завгүй ажиллаж байна уу?

-Тийм ээ. Солонгост үйлдвэрт ажиллаж байснаас ч илүү ачаалалтай байна. /Инээв/ Аав, ээжийн олон охид, хөвгүүдийн адил гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс Солонгос улсыг анх зорьж байлаа. Зорьсон ажил маань ч талаар болоогүй. Дүү нар маань   ч  одоо ажил төрөлтэй болж амьдрал маань ч сайжирч байна.  Таван жилийн турш Солонгост гэрээгээр ажиллаж дуусаад дүү нартайгаа утсаар ярьж “Ах нь одоо өөрийн замаа хөөлөө, ахын үүргээ гүйцэтгэсэн” гэж хэлээд л урлагийн амьдрал руугаа орсон доо.  Тухайн үед дуучин шалгаруулж авна гэсэн зарыг фэйсбүүкээс хараад бүртгүүлээд улмаар тэнцээд маш их урам зоригийг авсан. Урлаг гэдэг их айлын үүдийг энэ уралдаан нээж өгсөн гэж хэлж болно. Үйлдвэрт таван жил ажиллаж байгаад  мөрөөдлийн ажлаа хийнэ гэдэг юутай  ч зүйрлэшгүй гоё мэдрэмж.  Дуу гэдэг зүйл миний зүрх сэтгэлд багаас маань байсан болохоор урлагийн хүн болно гэсэн нууцхан хүсэл маань үргэлжид байсан. Яах ч аргагүй амьдралын шаардлагаар урлагаа түр орхисон ч гэлээ хожмоо мөрөөдлөө биелүүлж чадсан. Харанхуй үйлдвэрт, аюултай нөхцөлд ажиллаж байсан жирийн монгол залуу Солонгосын хамгийн алдартай шоунд орж,  алдартай хүмүүстэй нэг тайзнаа  гараад өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байсныг нуух юун. Энэ бүхэн маш их хөдөлмөр, хүчин чармайлтын л үр дүн.

 

 

-Дуулахыг нь хараад үйлдвэрийн эзэд нь гайхсан  л байхдаа.

-Гайхахаар барах уу. Хаана ч  очсон, сайн муу хүмүүсийн аль аль нь байдаг хойно үйлдвэрийн эзэд маань “Хурдан ажлаа хий” гэдэг ч юм уу янз бүрийн нөхцөл байдал зөндөө л гардаг байсан. Тэр тусмаа Монголчуудыг дорд үзэж та нар юу чадах юм гэсэн хандлагаар хардаг. Тэр бүрт нь би хэрэлдэж муудалцахгүй ч гэсэн үзэл бодлын зөрчилдөөн их гарна. Би энэ ажлыг насаараа хийхгүй түр зуурын хугацааных гэж өөртөө байнга хэлдэг байсан.  “Оддын хаан” нэвтрүүлэгт орсны дараа үйлдвэрийн захирал над руу залгаад "Манай үйлдвэрт од ажиллаж байсан юм байна штээ, үйлдвэр дээрээ ирээрэй, хоолоор дайлна гэж хэлж байсан" юм.   Монголчууд юу чаддаг юм гэдэг тэр дорд үзлийн хариуг өгсөн дөө. /Инээв/  Тэвч, цаг хугацаа бүгдийг харуулна гэдгийн бодит жишээ юм уу даа.

 

 

 

-Сайн явахад найз олон, саар явахад дайсан олон гэдэг байх аа?

-Тийм шүү. Үйлдвэрийн эзэн яг ийм зан гаргасан  байгаа биз.

-Шантрах үедээ эргээд босох эрч хүчийг юунаас авдаг байв?

-Алдартнуудын хэлсэн онч мэргэн үгс намайг  байнга хөглөдөг байсан. Одоо ч мөн адил.  Ялангуяа  аав, ээжийнхээ захиас сургаалийг дотроо би байнга санаж явдаг. Өглөө босонгуутаа онч мэргэн үг эсвэл амьдралд ойр сургаал үгсийг уншаад дадчихсан. Түүнийгээ ч бусдадаа хуваалцах үүднээс фэйсбүүктээ байнга оруулдаг байсан. Нэг өдөр оруулахаа мартчихсан чинь найзууд маань "Гоё үгээ яагаад оруулахгүй байгаа юм бэ гэж" асууж байсан шүү. Эерэг зүйлийг бусдад түгээж харилцаа үүсгэнэ гэдэг амьдралд хүртэх сайхан мэдрэмжүүдийн нэг юм билээ.

 С.Гантогоогийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Шоу нэвтрүүлэгтээ бэлдээд тун завгүй өдрүүд өнгөрч байна. Хоногийн 24 цаг хүрэлцэхгүй байна гэдэг байх аа. Энэ үг надад яг таарах ч юм уу.  Илүү ажилламаар байна, унтмааргүй байна.  Ядарсан ч гэсэн түүнээсээ аз жаргал, кайфыг мэдэрч байна.  Шоу нэвтрүүлэгт  ялах гэхээсээ илүүтэй өөрөөс гарах бүхий л боломж нөөцөө дайчлан гаргаж, оногдсон дүрээ төгс гаргахын тулд  асар их хичээж байна. Намайг Солонгост уран бүтээлээ гаргадаг гэдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь олон болохоор анх сонжсон байдалтай хүлээж авсан гэх үү дээ. Энэ нь ч надад мэдрэгдэж байсан. Анхны дугаарт үнэгний хувцас өмсөөд дуулахад үзэгчид маань хэрхэн хүлээж авах бол гэх их айж байсан. Санасныг бодоход гайхалтай хүлээж авсан шүү.

 

 

-Өөрт оногдсон ажил ч бай, дүр ч  бай тэр бүхнийг  тултал хийхийг хичээдэг хөдөлмөрч зан нь харагддаг л даа. Энэ байдал чинь бусдад илүүтэй таалагдаж байх шиг? Тэр тусмаа эмэгтэй хүний дүрд хувирна гэдэг маш их хөдөлмөрийг шаардсан болов уу.

-Анхандаа яагаад надад эмэгтэй дүр оногдоод байна аа гээд л  шантармаар үе байсан. Эмэгтэй дүрийг гаргахад  үнэхээр хэцүү. Гэхдээ би бууж өгөөгүй. Өөдрөг үзэл бодол  маань дотроос өдөөж өгсөн. Бусдын хийж чаддаг зүйлийг би яагаад чадахгүй гэж гээд л . Харин ч өөрийгөө өөр өнцгөөс харах боломж олдсон. Өөрөөсөө гарах нөөц бололцоог илүү олж харж чадсан. Би өөрийн нөөц бололцоогоо аль хэдийн ашиглачихсан гэж бодож байсан бол үгүй байсан юм билээ. Өөрийнхөө төсөөлснөөс ч илүүг хүн хийж бүтээж чаддаг юм байна гэдгийг мэдэж авч байна. Магадгүй чи ч гэсэн өөрийнхөө нөөц бололцоог гаргаад дууссан гэж бодож магадгүй. Гэтэл тийм биш шүү. Хичээвэл бидний дотор асар их нөөц бололцоо нуугдаж байдаг юм байна. Энэ шоу магадгүй надад энэ бүхнийг сэрээж өгсөн. Мөн бүжгийн багшдаа баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Мөн нэвтрүүлгийн арын албаныхан, нүүр будагчид, орос мэргэжилтнүүд, хувцасны дизайнерууд, тайзныхан, найруулагчиддаа баярлалаа. Нэг дүрийг гаргахын тулд ард нь 100 гаруй хүний хөдөлмөр шингэдэг. Энэ олон хүний хөдөлмөр зүтгэлийг үгүй хийх эрх надад байхгүй. Нөгөө талаас үзэгчид маань энэ шоунд дуртай учраас  гоё зүйлийг  үзүүлчих юмсан гэдэгт  хичээж байгаа.

 

 

-Шоуны үеэр эмэгтэй хүний ертөнцөөр хэсэгхэн ч гэсэн аяллаа.  Эмэгтэй хүний тухай ямар сэтгэгдэл төрж байв?

-Эмэгтэй хүнийг  өмнөхөөсөө илүүтэй маш ойлгодог болсон гэх үү дээ. Тэмдэглэлт баяр аль эсвэл болзоондоо  сайхан болж очихын тулд эмэгтэй хүнээс  ямар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр гардаг юм гэдгийг ойлгосон. Сайхан харагдана  гэдэг асар их хөдөлмөрийн үр дүн юм байна. Би хоёр охин дүүтэй. Тэднийгээ илүүтэй ойлгодог болсон шүү.

-Солонгос болон Монгол уран бүтээлчдийн хооронд ялгаа их байдаг байх. Та үүнийг харьцуулж харсан болов уу?

-Монголын урлагийн ертөнцтэй мэдээж харьцуулж харалгүй л яахав. 10 жил Солонгост амьдарч байгаад Монголынхоо урлагт  маш богино хугацаанд орж ирлээ. Хүндэлдэг, үлгэр жишээ авдаг хүмүүстэйгээ шоунд хамт оролцож байгаадаа баяртай байна. Намайг  хүндэлж, чадахгүй, мэдэхгүй зүйлсийг тэд маань хэлж үргэлж дэмжиж байдаг. Ялгааны тухайд яривал, Солонгосын урлагт хүндэтгэл маш чухал байдаг. Чамаас өмнө урлагт хөл тавьж олонд танигдсан  л бол тухайн хүнээс чи ах байсан ч гэсэн хүндэтгэлтэй хандана.  Монголд  бол найзын дундаа байдаг талтай юм уу даа.  Энэ нь мэдээж муу зүйл биш л дээ. Харин ч илүүтэй ойлголцол, итгэлийг төрүүлнэ. Хүндлэлийг бусдад өгч байж л өөрөө хүртэнэ гэдэг шүү дээ. Хүний хайрыг, итгэлийг татна  гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг болов уу.

-Шоунд оролцсноор С.Гантогоогийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Од болчих юмсан, нэр хүндтэй болох юмсан гэж би боддоггүй. Зөвхөн хийхийг хүсдэг зүйлийнхээ төлөө л хөдөлмөрлөж байна. Ер нь хүн дуртай зүйлийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж, чадвал амжилтад хүрдэг юм билээ.  Дуу, бүжиг, тайзгүйгээр  би амьдралаа төсөөлж чадахгүй. Дуртай зүйлдээ хүн тууштай хөдөлмөрлөдөг шиг намайг хүндэлдэг хүмүүсийн урмыг хугалахыг би хүсэхгүй. Цаашид маш их хичээх болно. Өчүүхэн авъяасаараа дамжуулж залууст зөв үлгэр дуурайлалыг хүргэх юмсан гэж маш боддог. Миний өнгөрсөн амьдрал тийм ч  дардан  шулуун байгаагүй ээ.  Хэл, ус мэдэхгүй, таних ч хүнгүй  хүний газар шантармаар үе надад бишгүй олон байсан. Гэлээ гээд би амьдралд бууж өгөөгүй, өдөр бүр хөдөлмөрлөсөн. Магадгүй өнөөдөр энэ бүхнийхээ үр дүнг бага ч болтугай хүртэж байгаа болов уу. Миний нүүр номын хуудсанд нэг л сайхан зургууд байж магадгүй. Гэтэл цаанаа бол тийм биш ээ. Аливааг өнгөцхөн харж дүгнэх гэхээсээ илүүтэй бага ч гэсэн дотор тал руу нь  орж харахыг хичээгээрэй залуусаа. Харагдах байдлаар нь яарч бүү дүгнэлт хий гэдгийг л хэлмээр байна.

 

 

нээмсэглэлийн ард уйтгар гуниг нуугдаж буй эсэхийг хэн ч мэдэхгүй. Инээмсэглэл магадгүй энэ бүхний халхавч болох нь олонтаа шүү.

-Тэгэлгүй яахав. Харагдах төдий өнгөн хэсгийн гоё сайханд нүдээ бүү хуураарай. Хэлэх гээд байгаа энэ санаагаа ч гэсэн урлагаараа дамжуулан хүргэхийг зорьж байна. Урлаг гэдэг  яс үндэс, арьс, өнгө, шашин шүтлэг хэл, ярианаас үл хамааран хүн бүрийг холбож чаддаг агуу зүйл. Хөгжим сонсоод бүгд уйлж, инээж, уярч чаддаг шүү дээ.

Хамтлагийнхан нь болоод Солонгос дахь фэнүүд нь  шоуг нь  үзэж байгаа болов уу.

-Тийм ээ. Үзэлгүй яахав. “Монтант”  хамтлагийн залуус маань шоуг  үзээд маш гайхсан байсан. “Ганаа чи бидэнтэй хамт дуулахдаа ийм байгаагүй мөртлөө энэ авьяасаа нуугаад явж байсан юм уу” гэж хошигнож байсан. Нөгөө талаар шоу маань дэлхийн хэмжээнийх учраас олон улсын найзууд маань бүгд үзэж байгаа. Урмын үгс  байнга ирдэг.

-Шоуны оролцогчдоос өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Тэр сайн, муу гэж онцолж хэлмээргүй  байна. Ард түмэн л үүнийг шүүнэ. Оролцогчид өөрт оногдсон дүрээ гаргахын тулд ямар их хүч энерги, хөдөлмөр гаргадаг вэ гэдгийг бид өөрсдөө маш сайн мэднэ. Тэднээсээ суралцахаас  гадна эрч хүчийг авч байдаг.

 -Энэ долоо хоногийн дугаарт УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхланг дуурайх баззер таарсан шүү дээ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

 -УИХ-ын гишүүн, монгол түмний хайртай дуучин С. Жавхланг дуурайна гэж бодохоор  одоогоор л хүнд санагдаж байна. Би уг нь зохиолын дуу сонсдоггүй хүн шүү дээ. Гэтэл  Солонгост 10 жил амьдрах хугацаандаа яагаад ч  юм  С.Жавхлангийн дуулсан  нутаг ус, аав, ээжийн тухай дуу бүрийг нь их сонсдог байсан.  Сэтгэлд маш хүрдэг гэх үү дээ. Гэтэл энэ удаад  түүний дууг дуулахаар   болсонд  битүүхэндээ эмээж байна. Сонгосон дууныхаа нэрийг нууц үлдээе. Энэ дууг бэлдэхэд  сэтгэл санааны асар их тэвчээр надаас гарч байна. Дууны утга нь  өөрийн эрхгүй гансрал, харуусал төрүүлж,  дуугаа бэлдэж чадахгүй уйлсан тохиолдол ч хүртэл  бий.  Яг үнэнийг хэлэхэд энэ дүрээ үзүүлэх эсэхээ ч хэлж мэдэхгүй байна.  

 

 

-Авьяасыг төрүүлж болох болов уу? Та юу гэж бодож байна вэ?

-Хөдөлмөрийн үр шимэнд төрүүлж болно гэж боддог. Ямар ч зүйлд авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь хамаардаг гэдэг шүү дээ. Зорилгынхоо төлөө тууштай байж чадах юм бол  бид юуг ч  хийж бүтээж чадна. Би өөрийгөө азтай гэж боддог. Аз намайг дандаа ивээдэг. Гэхдээ  зүгээр сууж байгаад азыг хүртээгүй. Тууштай хөдөлмөрлөсөн хүнийг бурхан азаар шагнадаг  юм билээ.

-Эх нутаг. ижий, ааваа санагалзан амьдралын шаардлагаар харийн улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуус олон  бий. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

  Мэдээж хүн бүр ямарваа зорилго тээн гадагшаа явсан байгаа. Явсан зорилгодоо эхлээд хүр, дараа нь том зорилго тавьж биелүүл. Биелүүлэх тусам зорилго улам томордог. Зорилгодоо хүрэхгүй байлаа  ч гэсэн  түүндээ хүрэхийн тулд мэдээж хөдөлмөрлөсөн л байж таараа. Энэ бүхэнд шинийг сурч,  чамд сургамж, дадал болж үлдэнэ. Биелэхгүй болов уу гэдгээс бүү санаа зов гэж хэлье даа.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Zindaa.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.