2017-09-11 00:55

М.Мөнхсайхан: “Миний хөгжим бүжиг” тоглолт болно

   Монгол Улсын Консерватори болоод буй Хөгжим бүжгийн коллеж байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд тус сургуулийг төгсөгч рок, попын уран бүтээлчдийн нэгдсэн “Миний хөгжим бүжиг” тоглолт энэ сарын 15-ны 19 цагт UB palace-ийн концертын их танхимд болох юм. Энэ тоглолтыг санаачилж хэрэгжүүлэгч тус сургуулийн үлээвэр хөгжмийн тэнхмийн багш М.Мөнхсайханаас тоглолтын талаар тодруулсан юм.

-Тоглолтын бэлтгэл ажил ид явж байна уу. Бүтэмжтэй юү?

-Сайн байгаа.

-Энэ тоглолтыг та санаачилсан юм билээ. Сургуулийнхаа 80 жилийн ойд барьж байгаа бэлэг үү?

-Тийм ээ. Сургуульдаа дорвитойхон ажлаар тус нэмэр болъё гэж шийдээд зориглосон. Нэгдүгээрт, Хөгжим бүжгийн сургуулиа сүлд дуутай болгож, хоёрдугаарт сургуулиас төрж гарсан рок попын уран бүтээлчдийн үе үеийн төлөөллийг нэгтгэн "Миний хөгжим бүжиг" зохион байгуулж байгаа. Тоглолтын орлогыг 80 жил зохион байгуулах ажилд төвлөрүүлэх юм. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн рок попын уран бүтээлчид болон сургуулийн уран сайхны удирдагч, захиралтай уулзаж ярилцаад UB palace-д өдрөө товлож, баталгаажуулж авсан. Өнгөрсөн сарын 22-нд рок попын нийт уран бүтээлчдээ сургуулийн шинэ удирдлагууд албан ёсоор хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар нэгдсэн тоглолт болон сургуулийн тухай хөгжмийн номер хийхээр болж сургууль талаас миний бие энэ ажилд томилогдсон. Хөгжмийг “Никитон” хамтлаг, төгсөгч Б.Батчулуун, Б.Чинбат хариуцаж байна. Тоглолтын хамтран зохион байгуулагчаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн ажиллахаар болсон юм. “Гурван охин” хамтлагийн ахлагч Б.Солонго мөн идэвхтэй хамтран ажиллаж байна. Тоглолтын зорилго нь хөгжмийн урлагийн ууган сургуулийн түүхт 80 жилийн ойд буюу төрөлх сургуульдаа хүндэтгэл үзүүлэх юм.

Г.Жаргалсайхан: Амьдралтай залгуулсан сургуулиа насан турш хайрлана

Хөгжим бүжгийн дунд сургуулиас төрсөн рок попын уран бүтээлчдийн төлөөлөл болгож “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч Г.Жаргалсайхан гавьяатаас тодруулга авлаа. “Соёл эрдэнэ” хамтлагийнхан “Улаанбаатар палас”-т болох “Миний хөгжим бүжиг” тоглолтод “Хүлээлт”, “Улаанбаатарын үдэш”, “Хотын гэрэлт гудамж” дуугаар оролцох ажээ.

-“Соёл эрдэнэ” хамтлаг урын сандаа олон дуутай. Хөгжим бүжгийн сургууль төгсөгч рок попынхны нэгдсэн тоглолтоор чухам яагаад энэ гурван дууг дуулахаар сонгосон бэ?

-Олны дунд нэлээд түгсэн “Хүлээлт” бол Хөгжим бүжгийн сургуулиас төрсөн дуу. 1975 онд наймдугаар ангид байхдаа яруу найрагч, өнөө Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн шүлэгт би зохиосон юм. Тэр л сургуулийн анги танхимд анх дуулж, найз нөхдөөрөө “Гоё боллоо” гэж хөөрч байсан бүтээл.

-Хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийн Улаанбаатарын үдэш”, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаярын “Хотын гэрэлт гудамж” гэсэн хоёр дууг концертын найруулагчдын хүсэлтээр сонгож байгаа юм. Сонирхуулж хэлэхэд “Хоовон” Энхбаяр бид хоёр нэг ангийнхан шүү дээ.

-Адилхан мэргэжлээр төгссөн юм уу?

-“Хоовон” нарийн бүрээгээр, би фаготоор төгссөн. Гэхдээ би төгсөнгүүтээ “Баян Монгол” чуулгад басс гитарчин болсон юм. Дуртайдаа тэр.

-Танай сургуулийн төгсөгч бүр “Миний хөгжим бүжиг” гэж бардам хэлдэг. Та ч бас энэ сургуулийг төгссөндөө хараа дээгүүр явдаг болов уу.

-Тэгэлгүй яах вэ. Миний амьдралын үндэс, эх булаг болсон хөгжмийн мэргэжлийг тэнд л эзэмшсэн. Ноот зааж, онолд сургаж, амьдралтай залгуулсан сургуулиа маш их хайрлаж явдаг, насан турш хайрлана. Мөн “Гурван охин” хамтлагийн ахлагч Б.Солонгоос түүний амьдралд Хөгжим бүжгийн коллеж ямар нөлөө үзүүлснийг асуухад тэрбээр “Надад бүхэл бүтэн амьдрал өгсөн сургууль. Миний, бидний өнөөгийн амжилт, ажил, амьдралын үндэс суурь нь манай сургууль юм. Тийм болохоор бид сургуульдаа хайртай” гэлээ. “Миний хөгжим бүжиг” тоглолтод ямар номероор үзэгчидтэй уулзахыг нь сонирхоход “Бид хоёр дуу дуулна. Одоогоор хараахан шийдээгүй байна. Сонсогчид манай хамтлагийн түрүү үеийн дуунуудад дуртай байдаг ч бид саяхан хийсэн “Хэмнэл зүрхэнд” тоглолтынхоо хөтөлбөрөөс хоёр дуу сонгосон ч яах вэ гэж ярьцгааж байгаа” хэмээн ярьж байлаа. “Миний хөгжим бүжиг” тоглолтын тасалбар 20, 30, 50 гэсэн үнэтэй. Зохион байгуулагчид Хөгжим бүжгийн сургууль төгсөгчид 80 жилийн ойдоо хүндэтгэл үзүүлж, ойн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажилд тус нэмэр болох үүднээс 50 мянган төгрөгөөр тасалбар авч рок, попынхны тоглолт үзнэ хэмээн ийм үнэ тогтоосон байна.

Р.Оюунжаргал

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Өмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоноӨмнөд Солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглоно “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглолтоо толилуулах гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Өмнөд Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулна.
  •  "Эмоци"-ийн тоглолт үзээд, амьдралыг илүү гоёор харлаа“Эмоци”-ийн тоглолтыг өчигдөр үзлээ. Амьдрал илүү гоё өнгөтэй, сайхан юм шиг санагдаад байдаг болчихов. Хүүхэд, залуусын хичээл сургууль орсон, намрын их ажлын энэ үед нэгэн үдшийг хөөр баяртай өнгөрүүлж, аз жаргалын инээд цацарсан өргөөнөөс эрч хүч аваад гарах нэгэн боломж гэж бодлоо.
  • “Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Харанга”, “Нисванис”-ыг сонсох боломж тун удахгүй“Sunrise 2017 Mongolia” хөгжмийн наадам ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 4-ний өдрийн 20.00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох аж. Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлагууд оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
  • “Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаана“Чингис хаан” дууриар 54 дэх улирлын тоглолтыг хаанаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын хаалтын дуурь “Чингис хаан”. Төрийн шагналт Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд /2017.07.22, 23/ эгшиглүүлэх нь ээ. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт уг дуурь нь анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болж байжээ.
  •  Испани Улсын Испани Улсын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг тоглоноИспани Улсын L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголд долоодугаар сарын 18, 19-нд Корпорейт Конвейнш Центрт тоглоно.