2017-09-29 02:13

Урлаг доторхи цаг хугацаагаар аялахад

   Дэлхийн дүрслэх урлагийн салбарт зэрэглэлээр тэргүүлдэг Венецийн 57 дахь удаагийн биеннальд Монгол улс 2 дахь удаагаа оролцож, уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнг толилуулж буй. Урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг энэ жилийн нээлтэд очсон ба олон орны үзэсгэлэнг үзэж судлан, цуврал нийтлэл толилуулж байгаа юм. Энэ удаад Тайванийн уран бүтээлч Тэшин Шэйгийн бүтээлийн талаар бичсэн нийтлэлийг толилуулъя. Венецийн биенналь арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжилнэ.


   Энэ жилийн Венецийн 57-р беннальд орон орны орчин цагийн урлагийн нүүр царай болсон олон сонирхолтой үзэсгэлэн дэлгэдсэнээс Тайвань улсаа төлөөлөн оролцож буй Тайпэй хотын дүрслэх урлагийн музей, Английн зохиолч, куратор Адриан Хэтфилд (Adrian Heathfeld) нарын хамтран зохион байгуулсан уран бүтээлч Тэшин Шэй (Tehching Hsieh)-ийн “Doing time” буюу цаг хугацааг бий болгох нь  гэсэн утгатай үзэсгэлэн төслийг онцлохыг хүслээ. Учир нь зөвхөн өрнө дахинд үүсэж хөгжсөн мэт олон хүн төсөөлдөг энэ цагийн (контэмпорэри) урлагт азийн уран бүтээлчид ч өөрийн давтагдашгүй зам мөрийг үлдээсний анхдагчдын нэг нь энэхүү сонирхолтой замналтай (түүний эцэг таван эхнэр, 15 хүүхэдтэй байсан, 24 настайдаа америкт цагаачилж очихдоо усан онгоцноос үсэрч эрэг рүү сэлж гарсан, 1988 онд албан ёсны амьдрах эрхээ автлаа 14 жилийн турш хууль бусаар амьдарсан) уран бүтээлч юм. Уг үзэсгэлэнд түүний 1980-1982 онд хийсэн “Нэг жилийн перформанс” гэсэн хоёр алдартай бүтээл, төсөл дээр нь төвлөрч ерөнхий консептио босгосон байх бөгөөд сүүлд хийсэн зарим нэг үзүүлбэрүүдийг ч мөн видео хэлбэрээр байршуулжээ. Энэ үзэсгэлэнг 1980-аад оноос өнөөг хүртэл Нью Иоркын Гугэнхайм, Мома, Лондоны Тэйт зэрэг алдартай музейдэд Кванжугийн, Сао Паологийн, Ливерпүүлийн зэрэг томоохон бенналиудад нийтдээ 10 гаруй удаа олны хүртээл болгон толилуулжээ.

Энэ зууны тавь жараад оны үеийн дэлхий ертөнцийн байдал, хүйтэн дайн, үндэстэн дамнасан корпорациудын ноёрхол, арьсны үзэл, хүний эрх, энх тайвны төлөө тэмцэгсдийн олон янзын дуу хоолой, урлаг, философи дахь эрс радикал хөдөлгөөнүүд,  үзэл санаа, хиппичүүд, консептуалистууд, феминистүүдээс перформанс урлагийг салгаж ойлгох ямар ч бололцоогүй. Алдарт Иосиф Бойз үхсэн туулайд урлагийн тухай хэдэн цагийн турш тайлбарлах эсвэл цөөвөр чонотой нэг торонд хэдэн өдрийн турш амьдрахыг,  Ёоко Оногийн өмссөн хар даашинзыг үзэгчдээс хэн дуртай нь ирж хэсэг хэсгээр нь хайчилж авсаар нүцгэрч үлдэхийг, хятадын цагаан хэрэмний нэг захаас нь Марина Абрамович нөгөө захаас нь Улай алхаад голд нь уулзаад хоёр тийш салан өөр өөрийн мөрөө хөөн одох ч урлаг байх боломжтой хэмээн тэд хүн төрөлхтөнд итгүүлж чаджээ. Перформанс урлагаар дамжуулан Марина Абрамович олон зууны турш уран бүтээлч заавал уран бүтээл гэсэн обьектоор л дамжуулж үзэгчтэй харьцдаг байсан ерөнхий тогтсон хэв маягийг үгүйсгэн өөрөө обьект болон хувирах оролдлого хийснээр урлаг бол “амьд харилцаа” юм гэсэн санааг тунхаглав. Хэдэн жилийн өмнө түүний Нью-Иоркийн МОМА-д гурван сарын турш өмнө нь суусан хүн бүрийн нүд рүү харан юу ч ярихгүйгээр суусан үзүүлбэр нь ч энэ гайхамшигт “үгүйсгэл”-үүдийнх нь нэг хэсэг юм. Өрнийн уран бүтээлчид энэ маягаар ажиллаж байхад америкийн цагаач, ази залуу Тэшин Шэй перформанс урлагт арай өөрөөр, илүү дорно дахины өнгө аястайгаар өөрийгөө тунхаглажээ. Тэрээр яг л Марсэл Дюшан шиг бүтээлүүдийнхээ амьдрах, хүлээн зөвшөөрөгдөх хугацааг маш ерөнхий харж чадсан мэт. Анхныхаа үзэсгэлэнгээс хойш зураг зурахаа больж перформанс буюу үйл хөдлөлийн урлагт эргэлт буцалтгүй орж, 5 удаагийн “Нэг жилийн перформанс” (эднийгээ бүгдийг нь америкт амьдрах эрх авахаасаа өмнө хийсэн), 13 жилийнхээ төлөвлөгөөг боловсруулжээ. Түүний тэр үеийн ажлуудыг гаднаас нь өнгөц харвал ямар ч зорилгогүй. Ямар ч зорилгогүй мэт үйлдлүүдийн цаана агуу том зорилгоо нуух чадвараараа дорнын хүмүүс өрнийнхнөөс илүү.  Түүний 1980-1981 онд хийсэн “Нэг жилийн перформанс” (One year performance, Time Clock Piece) бүтээлд нь ажилчдын цаг бүртгэлийн төхөөрөмжид өөрийнхөө нэртэй хуудсаа өдөр бүр хийж цаг тутамд тэмдэглүүлэн өөрийн гэрэл зургаа дарсан гэрэл зургууд, түүгээрээ хийсэн сонирхолтой видео хэлбэрийн хамт үзүүлэхийн сацуу цаг тооцуулсан хуудсуудаа нэг бүрчлэн он сарын дэс дарааллаар нь хананд байрлуулжээ. Мөн 1981-1982 онд хийсэн “Нэг жилийн перформанс” (One year performance, Outdoor space) хэмээх үзүүлбэртээ өөрөө бүтэн жилийн турш Нью-Иорк хотоор орон гэргүй хүн мэт тэнэсэн. Ингэхдээ нэг удаа цагдаад баригдсаныг эс тооцвол байшин, майхан мэтийн хорогдох газар огт ороогүй. Тэр орчмынхоо газрын зураг дээр явсан маршрутаа нэг бүрчлэн, өдөр өдрөөр нь тэмдэглэн үлдээсэн байх аж. Үзэсгэлэнгийн танхимд тэр үедээ өмсөж явсан даг дайр болчихсон хувцсыг шилэн хоргонд, гэрэл зургууд, хөтөлж байсан тэмдэглэл, явсан маршрутаа өдөр өдрөөр нь нямбай гэгч нь тэмдэглэсэн газрын зургуудыг хананд нь дэс дараалуулан байрлуулсан байв.

Түүний тэвчээр шалгасан гэмээр бүтээлүүд өнөөгийн уран бүтээлчдийн санаагаа шууд илэрхийлж болох хамгийн хүчтэй хэллэг болох перформанс (үйлдлийн) урлагт гарч ирсэн нэгэн шинэ хандлага байв. Маш урт удаан хүлээлт, тэвчээр, бясалгал мэт үйлдлүүдийг ердийн, хэрэглээний логикоор бодвол утга учиртай үйлдэл огтхон ч биш. Харийн нутагт хууль бусаар амьдарч, ажиллан олсон маш бага цалингаа хэзээ ч хэн ч ойлгохгүй өнгөрч болох ийм зүйлд зарцуулна гэдэг эрсдэлтэйгээр ч үл барам зүгээр л тэнэг хэрэг байх. Гэхдээ энэ бүхнээ буюу “Цаг хугацааг бүтээх нь” (Doing time) хэмээх нэрэн дор нэг төсөл, үзэсгэлэн болгон зангидсан нь эцсийн эцэст урлаг бол цаг хугацааны бүтээл л байдаг ойлголтыг эсрэгээр нь урлаг дотор цаг хугацааг бий болгохыг өөрөөр хэлбэл урлагаар дамжуулан цаг хугацааг бүтээхийг зорьсон санаа нь утопи, мөрөөдөмтгий мэт боловч цаанаа ухаалаг алхам байжээ гэж бодогдохоор. Магадгүй тэр цаг хугацаатай яг л шатарчин шиг хэдэн нүүдлийн цаадхыг харж (Марсэл Дюшаны бүтээлүүд бас иймэрхүү мэдрэмж төрүүлдэг) тоглож. Магадгүй энэ нь бид бүгдийн төсөөлдөг шиг нэг нь хожиж, нөгөөх нь хожигддог тийм түвшний тоглоом биш байх. Энэ нь зөвхөн обект болон хувирах, обектыг үгүй хийхийг зорьж байсан тэр үеийн аваргуудаас нилээд өөр зүгт шан татсан алхам байв. Надад бол перформанс урлагт ерөөс орчин цагийн урлагт өрнийн сэтгэлгээтэй хамт төлөвшин улмаар ерөнхий хандлага мэт төлөвшчихсөн байсан импровизаци (improvisation), экшн (action) маягийн агшин зуурын сэтгэгдлүүд, тоглолтыг чухалчилсан экспрессионизм давамгайлсан ертөнцөд дорнын аядуу зөөлөн, гэсэн хэдий ч хэзээ ч зогсолтгүй зугуухнаар санасандаа хүрч болох аргаар бүтээсэн нь шинэлэг байлаа. Одоо бол тэр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн анхдагчдын нэг гэдгийн баталгаа нь алдарт Марина Абрамович түүнийг “мастер” хэмээн нэрлэсэн нь товчхон бөгөөд ончтой дүгнэлт байв.  Энэ бүхнийг тэрээр дорнын хүмүүст л голдуу төрөлхөөсөө заяагдсан тэвчээр, алсын хараа, зөн совингоороо зөв мэдэрсэн нь бахархмаар.  

Урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • 160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно “Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.
  • Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
  • Шинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДШинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДУлиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна.
  • “Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллоо“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллооОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
  • Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааХурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.