2017-10-09 01:38

Д.Ангараг: “Чингисийн хүүхдүүд” энэ цаг үед Монголыг дэлхийд сурталчилж байгаа цорын ганц кино

Монголын уран бүтээлчдээс, тэр дундаа кино урлагийн салбараас АНУ-ын кино зах зээлд байр сууриа олж, Холливудын алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж яваа чадварлаг уран бүтээлч бол кино зураглаач, продюсер Даваасүрэнгийн Ангараг.

Нас залуу ч өөрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ дүнд олон улсад танигдаж, байр сууриа бэхжүүлж яваа тэрбээр АНУ-ын Кино зураглаачдын холбоо, АНУ-ын  Продюсеруудын холбоо, Австралийн Кино зураглаачдын холбоонд харьяалагдаж байна. Монголын кино урлаг Оскарт өрсөлдөх үүд хаалгыг нээж, өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас кино санал болгох Салбар хорооныi гишүүн болсон нь хэн хүний бахархлыг төрүүлж байсныг уншигч та санаж буй бизээ.

Үүнээс гадна Д.Ангараг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, АНУ-ын кино театруудад G буюу “Бүх насныханд” ангиллаар гаргах эрхийг авч чадсан Монголын анхны кино болох “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны продюсер, зургийн найруулагчаар ажиллаж, өдий зэрэгт хүргэхэд нөр хөдөлмөрөө зориулсан хүмүүсийн нэг юм. Монгол Улсыг дэлхийд сурталчлах бүтээл болсон “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх 10 дугаар сарын 10-нд албан ёсны нээлтээ Монголд хийж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Мөн 10 дугаар сарын 5-нд “Чингисийн хүүхдүүд” кинонд зориулж бүтээсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын уран бүтээлээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтыг Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга толилуулах гэж байгаа юм.

Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн зах зээлд Монгол киночид өрсөлдөхөд бэлэн болсныг илтгэн, кино бизнесийн, контентын зах зээлийг хөгжүүлэх, амжилтад хүргэхээр тэмүүлж цаг наргүй хөдөлмөрлөж яваа Д.Ангарагийг МОНЦАМЭ агентлаг “Монгол брэнд” буландаа урьж, уран бүтээлийнх нь талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.


-Та Холливудэд гарсан Монголын анхны зураглаач, продюсер. Тэр хүрэх зам амаргүй байсан байх. Анх хөл тавиад төрсөн сэтгэгдэл тань юу байв?

-Хамгийн анх 2013 онд АНУ-ын Кино зураглаачдын холбооны шугамаар хөл тавьж байлаа. Ирэн очин ажиллаж байгаад Америкт ажиллаж, амьдардаг Нямжаргал дүүтэйгээ хамтарч “Mongus Pictures” компани байгуулаад л энд ажиллах ёстой юм байна гэж бодсон л доо. АНУ, дан ялангуяа баруун эрэг орчим нь энтертайнмент суурилсан зах зээл нь түлхүү хөгжсөн улс шүү дээ. Хамгийн чөлөөт зах зээл тэнд л байна. Тэрнээс БНХАУ руу гэхэд манай уран бүтээлчид бид хэзээ ч гарч чадахгүй. Кино зах зээл нь чөлөөт биш, маш хаалттай, олон хяналт шалгалтаар ордог, улсынх нь уран бүтээлчид ч гарахад бэрх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажиллаж, бага гэлтгүй туршлага хуримтлуулж чадсаны дүнд өнөөдөр АНУ-ын Кино зураглаачдын холбоо, Продюсеруудын холбоо, Австралийн Кино зураглаачдын холбоонд харьяалагдаж байна.

-Гэхдээ хэдий чөлөөт зах зээлтэй ч Холливудад нэгдэхэд өндөр шалгууртай байдаг байх?

-Холливуд бол алсын, холын “мөрөөдөл” биш шүү дээ. Хамгийн гол нь зөв системтэй ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлж чадвал боломж бий. Энэ цагийн нийгэм тэр чигээрээ харилцаа холбоонд суурилж байгаа шүү дээ. Түүнээс “Би ийм сайн кино хийсэн. Би ийм чадвартай, мундаг” гээд хол явж чадахгүй. Харин мэргэжлийн холбоод нь тодорхойлж өгөх нь их чухалд тооцогддог.



-PGA /Producers Guild of America/ буюу Америкийн кино продюсеруудын холбооны гишүүн болсноор ямар давуу тал үүсч байна вэ?

-Зөв ашиглаж чадвал давуу тал мэдээж маш их. Энэ холбооны гишүүний хувьд, олон чадалтай, туршлагатай продюсеруудтай мөр зэрэгцэн ажиллаж байна. Харилцаа холбоо, танилын хүрээлэл маань ч нэг түвшин ахисан гэж болно. Дэлхий дээр сая сая продюсерууд бий. Гэхдээ холбооны гишүүний хувьд санал ирэх, харилцаа холбоо тогтооход илүү боломжтой гэсэн үг. Продюсероор ажиллах 4-5 санал надад өдөрт ирдэг болсон. Энэ холбоонд элсэнэ гэдэг миний хувьд маш том шалгуур байсан. Түүнээс Монголоос зүгээр л нэг урт үстэй, сахалтай залуу танай холбоонд оръё гэхэд “Өө тэг тэг” гээд хүлээж авахгүй шүү дээ. Холбоонд тоогдох гээд явж байхдаа “Чингисийн хүүхдүүд”  киногоо урдаа барьж явсан даа. Үнэхээр ч сайн кино болсон, дээрээс нь бусад олон өндөр шалгууруудыг давсан учраас л элсэж чадсан.

-Үүгээр зогсохгүй Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас кино санал болгох салбар хорооны гишүүнээр батламжлуулсан нь олон хүний сонорыг мялаасан үйл явдал болсон?

-Оскарт кино нэр дэвшүүлэх ажлыг урьд нь Академи хийдэг байсан. Гэтэл тэр Академи нь Монголд байхгүй болчихсон. Өнгөрсөн 15 жилд Монголоос нэг ч кино Оскарын Гадаад хэл дээрх кино номинацад дэвшээгүй. “Ингэн нулимс” кино Германы нэрийн өмнөөс дэвшиж байсан юм. Одоогийн байдлаар гурван хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарт кино дэвшүүлэх эрхтэй Салбар хорооны гишүүн болсон. АНУ-ын Кино Академиас салбар хорооны гишүүний тоог тав болгох шаардлага тавьсны улмаас шинэчилсэн бүрэлдэхүүн одоо бүрдэж байна. Бидний хувьд Оскарын номинацын шалгуурт хүрэхүйц киног сонгож, нэр дэвшүүлэхээр санал болгох эрхтэй юм. Академи бидний санал болгосон киног дахин шалгаж, номинацад нэр дэвшүүлэх эсэхээ шийднэ гэсэн үг.

-Гэхдээ дэвшүүлэхэд санал болгох эрхтэй болсон нь бидний хувьд амжилт гэж харж байгаа. Энэ жил “Атганд үлдсэн эрдэнэ” киног санал болгож байсныг санаж байна. Ирэх жил ямар кино төлөвлөж байна вэ?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киног АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацад санал болгоод гурав дахь шат хүртлээ явсан. Яг үнэндээ Монголоос анх удаа Оскарт санал болгосон кино л доо. Маш их шалгуур тавьдаг ч нэр дэвшээгүй учир олонд зарлагдаагүй юм. Энэ жил “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киногоо санал болгохоор яг одоо ажиллаж байна. Дэвшээд гараад ирвэл үнэхээр сайхан байна.


 


“ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД” ДЭЛХИЙД МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН

НҮҮР ЦАРАЙГ ИЛТГЭЖ БАЙНА


-Таны продюсероор нь ажилласан “Чингисийн хүүхдүүд” кино олон улсын босгыг алхаж, цахиур хагалж явна. Монголын кино урлагт шинэ үе авчирсан энэ киног эхлүүлж байхад таны төсөөлөл ямар байсан бол?

-Б.Золбаяр найруулагчийн “Чингисийн хүүхдүүд” киноны төсөл өнөөдрийн байдлаар нэг жил, 6 сар үргэлжлээд байна. Энэ кино Монголыг төлөөлөөд, Монголын кино урлагийн нүүр царай, Монгол Улсын нүүр царай болон гарч ирсэн анхны кино болж байна. Монгол дахь Элчин, Гадаад харилцааны яам, Монголыг киногоор сурталчлах зорилгоор “Чингисийн хүүхдүүд” киног сонгож байгаа. Олон улс дахь Соёлын өдрүүд, Кино өдрүүдэд, Кино наадамд ч явуулсан “Чингисийн хүүхдүүд” өндөр чанартайгаар Монголыг сурталчилж чадахаар байгаа. Нийт 1 тэрбум 200 сая төгрөгийн төсвөөр бүтсэн энэ киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг /постпродакшн/ АНУ-д гүйцэтгэсэн. Дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM (efilm.com) компани 4 сарын турш хийж хамтран ажилласан гээд маш олон зүйлээрээ онцгой болсон бүтээл.

-Их олон зүйлээрээ онцгой бүтээл болсонтой санал нэг байна. Таны хамгийн сэтгэл хангалуун байдаг зүйл нь юу вэ?

-Энэ кино маань нэгдүгээрт энэ цаг үедээ Монгол Улсыг дэлхийд сурталчилж байгаа том бүтээл болсон. Хоёрдугаарт энэ кино гарснаар эрх баригчид, төр засаг ч киног ингэж хийх ёстой юм байна, киногоо дэмжээд явж чадвал иймэрхүү хэмжээний бүтээл гарч ирж болдог юм байна гэдэг том модель болсон. Бизнес, эдийн засаг, сурталчилгаа, соёлынхоо хувьд гээд бүх талаараа цогц модель болсон. Уран бүтээлч талаасаа Монголоо дэлхийд сурталчилж чадах бүтээл болсонд үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

-Энэ киног үзэхэд үнэхээр “мэргэжлийн”, “чанартай” гэдэг нь илт мэдэгдэж байсан. Монголын байгалийн үзэсгэлэнг дэлгэцэд тэгж сайхан гаргасан нь техник байв уу, ур чадвар байв уу?

-Өргөн дэлгэцийн дэлхийн том форматуудын нэг 4К форматаар бүтсэн. Гэхдээ бидний ашигласан камер хамгийн сүүлийн үеийнх биш шүү дээ. Дундаж л камер. Харин технологийнх нь хувьд зөв ашиглаж чадсан учраас дэлхийн аль ч кино театрт гаргасан дуу, дүрсний хувьд гологдохгүй болж чадсан. Камер бол номер нэг асуудал биш. Хамгийн гол нь судалгаа, төлөвлөгөө, стратеги. Үүнийг та бидний ярьдаг Холливуд 100 жилийн өмнө хийгээд сурчихсан байсан. Тэнд очоод би үүнийг л хамгийн түрүүнд мэдэрч, суралцсан.

-Холливудын алдарт “Варнер брос” кино компанийн анхаарлыг татсан нарийн учиг нь юу байв?

-Энэ киноны сэдэв нь өөрөө их сонирхолтой учраас өөрөө өөрийгөө авч яваа. Олон хүний хичээл зүтгэл шингэж, загвар, бүтцийн хувьд маш сайн бүтсэн, хийц, ажилласан баг, утга санаа, зохиолын хувьд нэлээд дээгүүр орох сайн бүтээл болсон. Нуулгүй хэлэхэд анх киноны санааг сонсоод надад таалагдаагүй. Харин цааш буюу хамран ажилладаг дистрибютор компанидаа танилцуулахад гурван киноноос “Чингисийн хүүхдүүд” киног сонгосон. Хүүхэдтэй, байгальтай, ямар нэг муу муухай зүйлгүй, сөрөг дүр ч үгүй кино учраас дистрибютер компани маань онцгойлж сонгосон байх. Маш энгийн ойлгомжтой байдлаар Монголын ахуй соёл, амьдрал, байгалийн сайхныг харуулж чадсан. Жижиг гэлтгүй бүх зүйлийг анхаарч, нарийн төлөвлөж ажилласан л даа. Жишээ нь, киноны гол дүрд тоглосон гурван хүүхэд гэхэд төрсөн ах дүүс. Тийм учраас хүнд илүү ойр хүрч байгаа байх. Warner Bros компани дээр хамтын ажиллагааны хүрээнд бид анхны үзлэгээ хийсэн. Маш олон зочид, салбарын төлөөлөгчид, “Чингисийн хүүхдүүд” кинонд Америкийн талаас оролцсон спонсор компаниуд, АНУ-ын кино академийн хүндэт гишүүн хүрэлцэн ирж үзсэн. Бүгд сэтгэл хангалуун байсан.

-АНУ-ын кино дэлгэцүүдээр гаргах G /General Audience/ буюу “Бүх насныханд” ангилал олгосон нь энэ кинонд тавьсан дүн болсон гэж боддог. Энэ ангиллыг авсан Монголын анхны кино болсон шүү дээ?

-Тэр л энэ киноны хувь заяаг шийдчихсэн юм болов уу даа гэж би хардаг. Анх киног бүтээхээр эхлэхдээ л бид G ангилал авахыг зорьж, төлөвлөж ажилласан. Мэдээж маш зөв систем, стратегитай явсны хүчинд авч чадсан. АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана киночдод маш чухал. "G" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгагддаг. Ихэнх гэр бүлийн, хүүхдийн, хүүхэлдэйн кинонууд ч энэ ангилалд багтаж чаддаггүй байдаг. “Moana”, “Sing”, “Zootopia” зэрэг алдартай хүүхэлдэйн кинонууд хүртэл "PG" буюу "Эцэг Эхийн Зөвшөөрөлтэйгээр" гэсэн ангилалд багтсан байдаг. 1991 онд бүтээгдсэн “Beauty and the Beast”, 1994 оны “The Lion King”, 2001 оны “Monsters, Inc”, 2003 оны “Finding Nemo” зэрэг цөөн хэдэн кино"G" ангилалд багтаж ашиг орлогоороо тэргүүлж, төсвөө хэдэн зуу дахин өсгөж олсон байдаг.

“Чингисийн хүүхдүүд” кино маань энэ хүнд давааг давж Монголын анхны "G" ангилалiin лиценз авсан кино болж чадсан. Энэ ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй болж байгаа юм. Киноны насны ангилал гэдэг бол киноны зах зээл. Тиймээс үүнийг дагаад зах зээл ч нээгдэж байгаа. “G” ангиллыг авсны дараа АНУ-ын Кино ассоциацын ажилчид ч бидэнд баяр хүргэж, гайхширч байсан.

“Атганд үлдсэн эрдэнэ” кино “R” буюу “16 наснаас дээш” ангилал авсан шүү дээ. Уг нь “PG13” авна гэж стратегиа төлөвлөж байсан ч чадаагүй. Бас нэгэн л туршлага, сургалт болсон. Ер нь бидний амжилт бид мундагтаа биш ихээхэн туршлага хуримтлуулж, алдаж онож, суралцсаны л үр дүн гэж боддог.

-“Чингисийн хүүхдүүд” кино АНУ-ын кино дэлгэцүүдээр хэдийнээс гарч эхлэх вэ?

-Бид эхлээд Монголдоо нээлтээ хийж, монголчууддаа хүргэснийхээ дараа дистрибютор компанидаа хүлээлгэж өгнө. Тэд хэзээ яаж, хаагуур гаргахаа шийднэ. Монголчууд бид чинь цайныхаа дээжийг аавдаа барьдаг шүү дээ. Түүн шиг бүтээлийнхээ дээжийг Монголынхоо ард түмэнд өргөн барихыг хүссэн.



-Уг нь зургадугаар сарын 30-нд “Чингисийн хүүхдүүд” киноны нээлт товлогдсон байсан ч хойшлуулсан. Шалтгаан нь юу байсан бэ?

-Тэр үед сонгууль ид өрнөөд улс төр, нийгмийн байдал тогтворгүй байсан л даа. Тиймээс бид хойшлуулсан. Ингэсэн нь ч оносон гэж бодож байгаа. Учир нь одоо “Улаанбаатар” олон улсын кино наадмыг  “Чингисийн хүүхдүүд” киногоор нээх болсон. Энэ фестивальд Канн, Пусаны кино наадам, ОХУ, Швейцараас гээд томоохон төлөөлөгчид ирж оролцохоор болж байна. Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа. Энэ жилийн “Улаанбаатар” Олон улсын кино наадам урьд урьдны жилийнхээс нэлээн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа.

Бас энэ хугацаанд “Чингисийн хүүхдүүд” кино олон улсын кино наадамд нэлээд оролцож байна. “Culture distributer” компани нэлээд өндөр түвшинд зохион байгуулж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын Олон улсын кино наадамд оролцох урилга аваад байна. Тэр хяналт шалгалтыг даван туулж, БНХАУ-ын Кино наадамд оролцох болсон Монголын анхны кино болсон. Энэ наадамд миний бие болон жүжигчин Р.Анхням хоёр албан ёсоор уригдсан байгаа. Энэ наадамд орсноор Монгол кино БНХАУ-д гарах бас нэгэн үүд хаалга нээгдэж байгаа гэж ойлгож болно. Ер нь нээлтээ хийхээсээ өмнө ийм олон кино наадамд оролцсон бас л анхдагч кино болж байна.

-"Чингисийн хүүхдүүд" киноны хөгжмийн бүрэн хэмжээний тоглолт болох гэж байна. Магадгүй анхны киноны хөгжмийн тоглолт болох нь энэ санааг хэрхэн олов?

-“Чингисийн хүүхдүүд” кинонд зориулж хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр 10 бүтээл зохиосон. Үүнийг 10 дугаар сарын 5-нд олон нийтэд зориулж бүрэн хэмжээний тоглолт болгон Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулган хамтран тавих гэж байгаа нь яалт ч үгүй Монголд анхдагч. Тэгэхээр 10 дугаар сарын 5, 10 гэх хоёр өдөр “Чингисийн хүүхдүүд” кино олон нийтэд шалгалтаа өгөх гэж байна. Гадны үзэгчдээс бол дандаа өндөр үнэлгээ авдаг, харин Монголын олон үзэгчдээс өндөр үнэлгээ авч олон үзэгчдэд хүрээсэй гэж бид хүсч байгаа.

-Монголоо дэлхийд сурталчлах кино амжилттай бүтээж чадлаа. Одоо ямар бүтээл хийж, үзэгчдийг байлдан дагуулах гэж байна?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн кинонд продюсерээр ажиллаж байна. АНУ-д хоёр, Монголд хоёр кино байна. АНУ-д “Араатны хаан арслан” /Lion king/ хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний уран сайхны кинонд продюссерийн багт ажиллахаар ярилцаад одоо гэрээnii түвшинд явж байна. 2019 онд дэлгэцнээ гарах бүтээл юм. Монголдоо Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар бэлэн болсон нь найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүлэг”, Г.Аюурзанын “Бөөгийн домог”, найруугалч В.Агарын “Flakka” гэдэг аймшгийн кинонууд байгаа юм. Энэ кинонуудын продюсерийн багт орж ажиллана. Өнгөрсөн жил “Чингисийн хүүхдүүд” киноны хоёр жилийн төлөвлөгөөг гаргаж байсан бол энэ кинонуудын гурван жилийн стратеги төлөвлөгөөг гаргачихсан ажиллаж байна. Тэрнээс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төсөвлөгдөх энэ кинонуудыг өнөөдөр яриад л, маргааш хийгээд, нөгөөдөр дэлгэцэнд гаргана гэж хэзээ ч ажиллахгүй. Мөн л цахиур хагалсан, дэлхийд гарсан бүтээлүүд болно гэж харж байгаа.

-Д.Ангарагийн хэтийн зорилго, тэмүүлэл, амбиц юу вэ? Үүнийг л хийчихсэн юмсан гэж цээжин дотор тань буцалж явдаг хүсэл юу бол?

-Насаараа л энэ салбарт ажиллахаас хойш зөндөө зүйл бодож төлөвлөж явдаг. Гэхдээ мөрөөдөл гэвэл маш гоё сайн үлгэрийн кино хийхсэн гэж хүсч явдаг. Би үлгэрийн кино, номонд маш дуртай. Одоо ч 7, 8 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном аваад уншчихдаг. Хүүхдүүдэд их хайртай болохоор ч тэр юм уу хүүхдийн, үлгэрийн кинонд их дуртай. Одоохондоо ч боломж таараагүй л байна. Гэхдээ төлөвлөгөөндөө оруулчихсан байгаа учир мундаг уран бүтээлчидтэй хамтраад хэзээ нэгэн цагт хийж л таарна.



КИНО БОЛ МАШ САЙН ПРОДЮСЕРУУДЫН НУРУУН ДЭЭР БОСДОГ


-Ингэхэд зураглаач мэргэжилтэй хүн яагаад продюсерийн эгнээнд нэгдэх болов гэдгийг асуумаар байна?

-Энэ салбарт ажиллаад 16 жил болж байна. Тиймдээ ч болж бүтэж байгаа болон дутагдаж буй зүйлсийг нь өөрийн хэмжээнд мэддэг болсон. Тийм учраас кино урлагийн салбарыг бизнесийн хэмжээнд хөгжүүлэх, кино бизнесийг идэвхжүүлэх нь зөв юм байна гэдгийг олж харж, үүний үндсэн дээр яалт ч үгүй продюсеруудын эгнээнд элсчихээд байна. Контентын бизнесийн салбарыг олон жил судалж, суралцаж яваад энэ хэмжээнд хүрч байна л даа. Кино бол маш сайн продюсеруудын нуруун дээр босдог. Үүнээс өмнө зураглаач, зургийн найруулагч ажиллаж байлаа. Азаар миний ажилласан кинонууд амжилттай явж ирсэн. Багаа маш сайн бүрдүүлсэнтэй холбоотой л доо.

-“Бодлын хулгайч” киноны салбарыг нэгэн шинэ түвшнийг гаргаж ирсэн нь энгийн үзэгч надад ч ил байсан. Ямар учраас энэ кино амжилтад хүрэв?

-Жүжигчин Амараа надад санал тавьж байлаа. Энэ кино амжилттай явсан нь мөн л зөв баг бүрдэж, багийн тоглолт сайн байж чадсантай холбоотой гэж би боддог юм. Дээрээс нь Ж.Сэнгэдорж найруулагч өвөрмөц найруулга гаргаж чадсан, сэдэв нь олны дунд ам дамжин яригддаг бодит үйл явдалтай холбоотой гээд л юм юм нь төгс таарч, тухайн цаг үедээ бас нэгэн тэсрэлт болж байлаа. Амраа ч бас сайн ажилласан.

-Үүний дараа “Ану хатан” мөн тэсрэлт хийснийг санаж байна. Сүүлийн олон жилд бүтээгдээгүй дайн тулаантай киног бүтээлцэх хэр хүнд байв? Усан доор ч зураг авсан байсан шүү дээ.

-“Бодлын хулгайч” маш их сэтгэл шингэсэн кино байсан бол “Ану хатан” маш их хөдөлмөр шингэсэн бүтээл байлаа. Энэ киног бүтээх үнэхээр амар байгаагүй. Б.Болдхуяг продюсер үнэхээр мундаг тулдаа л нуруун дээрээ авч гарсан. Өөр хүн байсан бол амжилтад хүргэж чадахгүй байсан учраас хувьдаа маш их баярлаж явдаг. Түүхэн сэдвийг үзэгчдэд сонирхолтой хүргэх үүднээс жижиг чимэг, нюанс оруулж өгсөн. Тухайн үедээ судлаач, түүхчдэд шүүмжлүүлж л байлаа. Гэхдээ түүхэн кино бол түүхийн хичээл биш шүү дээ.  

-Асуулгүй орхиж чадахгүй нь. Монголын уран бүтээлчдэд дутагддаг зүйлийг та юу гэж хардаг вэ?

-Уран чадвар, арга барилыг бол харьцуулж, ярих, заах шаардлага байхгүй. Ерөөсөө л уран бүтээлч хүний ёсзүй гэдэг хамгийн чухал юм билээ. Үүнийг л Монголын уран бүтээлчид гол зарчмаа болгож, туйлбартай, үнэнч, чин сэтгэлээсээ уран бүтээлдээ хандаасай гэж боддог. Мэдэхгүй, чадахгүй зүйл байж болно. Хэн ч гэсэн төгс төрдөггүй. Тиймээс үнэхээр мэдэхгүй, чадахгүй зүйлээ чин үнэнээр хэлчихвэл зохицуулаад ажиллаж болдог, тусалж дэмжээд, ажиллахад илүү амар байдаг. Хамгийн чухал зүйл бол ёсзүй, үнэнч байдал, чин сэтгэл гэсэн гурван зүйл. Зарим хүмүүс зураг авалтын талбайд халамцуу ирнэ, архи ууна, мөнгө нэхнэ гээд их ёсзүйгүй зан гаргадаг. Үүнд их эмзэглэдэг дээ.  

-Тэгвэл уран бүтээлчийн нүдээр харахад Монголын киночдод Холливудэд өрсөлдөх орон зай, боломж хэр байна вэ? Монголчууд өв соёл, түүхээрээ ялгарна гэдэг шиг ямар сэдвээр бүтээл хийвэл танигдах, зөвшөөрөгдөх боломжтой бол?

-Үлгэрээ хэр сайн зохиож чадна, түүнээс л амжилт шалтгаална. Тэрнээс нүүдэлчин соёл хол явна, хотын соёл явахгүй гэсэн ном байхгүй. Бодит байдлаас харвал АНУ-д хийж байгаа шиг аймшгийн, инээдмийн эсвэл мафитай киног тэр хэмжээнд л хийж чадахгүй бол хэцүү. Хамгийн гол нь киноны салбар анхнаасаа зөв явж, төлөвлөгөөгөө сайн хийж чадвал амжилтад хүрдэг. Анх кино бүтээхээр төлөвлөж эхлэхдээ л дистрибютер компаниа олчихсон, яаж явах төлөвлөгөөгөө гаргачихсан, аль зах зээлд гаргах гээд бүгдийг нарийн тооцоолсон байх ёстой. Кино хийнэ гэдэг амархан, бүтээнэ гэдэг маш хэцүү. Хоосон чанартай зүйлийг хүнд хүргэх бүтээхийн тулд анхнаас нь зөв төлөвлөх ёстой.

Би бол өөрөө арилжааны кино бүтээгч. Хүмүүс намайг “Чи киногоор бизнес хийлээ, кино бол урлаг” гэж шүүмжилдэг. Гэхдээ дэлхий ертөнцийн контентын урсгал хаашаа явж байна гэдгийг мэдэрч, бизнес, зах зээлийг судлах, суралцах зайлшгүй шаардлагатай. Монголд олон продюсерийн компаниуд гарч ирж байгаа ч хэтэрхий дотоод зах зээлдээ анхаарал хандуулаад байна. Кино бизнестээ суралцахгүйгээр энэ том урсгал, зах зээлд гарч чадахгүй. Монголын продюсерийн компаниудаас “Оранж” энтертайнмэнт, “Hulegu” Pictures нар хамгийн сайн явж байна гэж би хардаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй сэтгэж, алсыг харж чадаж байна.



-Тэгвэл Монголд кино бизнес хөгжих боломж хэр байна вэ?

-Боломж байна. Манай киночид сайхан кино бүтээх маш их хүсэл тэмүүлэлтэй байдаг. Үнэхээр ч бүтээж, сайн кино хийж байна. Харин дээр хэлсэнчлэн киногоо бэлэн болсны дараа яах вэ, яаж илүү өргөн цар хүрээнд хүргэх вэ, хэрхэн олон жил амжилттай байлгах вэ гэдэгт мэдлэг дутаад байх шиг санагддаг. Ихэнх нь урлагийн маш өндөр мэдрэмжтэй хүмүүс бий. Урлаг тал руугаа хандсан, найруулга, жүжиглэл зэрэгт маш өндөр түвшинд ханддаг, үүгээрээ хаана ч газардахааргүй мундаг. Харин киног бизнесийн хувьд ойлголтоо тэлэх, суралцах зайлшгүй шаардлагатай байна. Гэхдээ заавал ингэ, тэг гэсэн жор байхгүй шүү дээ. Мэдрэмж, сэтгэхүй, туршлага л хамгийн чухал.

-Сайн кино бүтээх нь нөгөө талаар хөрөнгө мөнгөтэй салшгүй холбоотой байх. Гэтэл их хэмжээний мөнгө зарцуулаад кино хийх боломж нь хэр байдаг юм бол? Төр засаг нь кино урлагийн салбараа дэмждэггүй гэж киночид шүүмжилдэг л дээ.

-Мэдээж хөрөнгө мөнгө бол маш чухал. Ямар ч уран бүтээлч муу кино хийхийг боддоггүй. Дотроо харж, төсөөлж байсан нь их гоё ч яг хийж бүтээгээд ирэхээр бүтэлгүйтчихдэг. Энэ нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Кинотой холбоотой хэн ч бүтээл нь бүтэлгүйтчихээсэй гэж хүсэхгүй нь тодорхой. Монгол шиг киноны салбараа онцгойлж үздэггүй, дэмждэггүй оронд киночид маань бор зүрхээрээ л явж байгаа. Гэхдээ нөгөө талаар зарим киночид их хямд зардлаар кино хийгээд маш их ашиг олно гэдэг буруу бодолтой байдаг. Монголд бол бага зардлаар хийгээд дотоод зах зээлдээ гарч болно. Харин олон улсын том зах зээлд гарах боломжгүй. Олон улсад 200 сая ам.доллараар кино бүтээгээд 2 тэрбум ам.долларын ашиг олж байна. Түүнээс 20 сая төгрөгөөр кино хийгээд 2 тэрбум ам.доллар олно гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ мөнгөгүй гээд уран бүтээлээ зогсоох бус, харин зах зээлийн, эдийн засгийн судалгаагаа сайтар хийгээд, киногоо хэрхэн олонд таниулахаа тооцоолж, төлөвлөж чадвал хөрөнгө оруулагч татаж, амжилтад хүрч болно гэж боддог юм.

Өнөөдрийн хурдтай хөгжиж буй энэ дэлхий ертөнцөд би оюун ухаанаа л уралдуулж амьдарна. Уул уурхай эдийн засагт чухал ч цаглашгүй зүйл биш, хэзээ нэгэн цагт дуусна. Оюуны “уул уурхай” бол барагдашгүй үнэт зүйл. Үүнийг л зөв удирдаж, хөгжүүлж чадвал тухайн улсын хөгжилд чухал хувь нэмэр болно шүү дээ. Жишээ нь “Чингисийн хүүхдүүд” киног үзсэн хүмүүс манай улсад ирэх, тэр кинонд гарсан байгалийг үзэх, соёл ахуйг таних, морь унах хүсэл төрнө.

-Өргөн цар хүрээгээр нь харвал соёл урлагийн салбар, кино урлагт ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж болохоор санагдаж байна?

-Тийм шүү дээ. Контентын салбарт хэдэн зуун саяар нь хөрөнгө оруулдаг гадны асар олон компани бий. Тэдэнд уул уурхай санал болгоод хэзээ ч хөрөнгө оруулахгүй, Монголд ирэхгүй. Харин контентын салбараа танилцуулж, сурталчилж чадвал хөрөнгө оруулна. Өнөөдөр телевизүүд бүгд мөнгөө гадагш нь өгч, гадаадын контентуудыг худалдан авч гаргаж байгаа. Тэгэхэд Монголд сэтгэлгээний хувьд боловсорчихсон, сонирхолтой гоё контент хийж чадах залуус маш олон бий болсон. Тэд өөрсдөө боловсруулаад контент үйлдвэрлэж байна. Гэтэл телевиз нь худалдаж авахгүй, улс нь дэмжихгүй болохоор төсөөлөлдөө зурчихсан төсөлтэйгөө бааранд үйлчлэгч хийгээд л байж байна. Энэ залуусаа хөгжүүлж, дэмжиж чадвал мөнгийг гадагш нь урсгахгүй байж болно. “Чингисийн хүүхдүүд” кино Монголдоо мөнгө татаж, Монголын баялаг болж байна. Үүнийг л бид ойлгох хэрэгтэй. Контентод зориулж гадагш мөнгө гаргах бус, контент үйлдвэрлэж гадаадаас хөрөнгө оруулалт татах ёстой юм. Гэхдээ үүнийг хувь Д.Ангараг ярьснаас улс нь яривал өөр шүү дээ. Үүнийг олж харж эхэлж байгаа нь Нийслэлийн Соёл урлагийн газрын залуус гэж харагдаж байгаа. Энэ талаар мэдлэгтэй хүмүүс хандах хандлага нь ч өөр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Н.Гантуяа

montsame.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • 160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно160 уран бүтээлч ойн тоглолтдоо оролцоно “Монгол Улсын филармони-45” баярын концерт энэ сарын 15-нд болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчид ойн баярын тоглолтдоо оролцох ажээ.
  • Бяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт боллооБяцхан хүү Тэмүүлэнд тусалцгаая хандивын тоглолт өчигдөр буюу 12- дугаар сарын 08 ны өдөр бөхийн өргөөнөө халуун сэтгэлийн аянд дуу хоолойгоороо нэгтсэн бүх оддын тоглолт 4 цаг гаруй үргэлжлэлээ. Урлаг гэдэг ертөнц хүмүүний сэтгэлийг хөглөж хорвоог зөөллөж тэр дундаа танхим дүүрэн үзэгчдийн сэтгэлийн гүндэх утсыг Тэмүүлэн хүүгийн хүнд өвчин таствуу гэлтэй үзэгчид номер дараалан гарах дуучдын дууг даган дуулж нэгэн үдшийг алга ташилтаар дүүрэн өнгөрөөлөө.
  • Шинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДШинэ жилд зориулсан ҮЗВЭРҮҮДУлиран одож буй хуучин оноо хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг хоног тоолон хүлээсээр... Хотын гудамжнаа сүлд модод сүндэрлэж, хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өмнө та гэр бүлдээ цаг гаргаж, ямар нэгэн тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай. Зул сар, шинэ жилд зориулсан үзвэрийн мэдээллийг цогцоор нь хүргэж байна.
  • “Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллоо“Любэ” хамтлагийн тоглолтын тасалбарыг хүргүүлж авах боломжтой боллооОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ эрхэм хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн. Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8,9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна.
  • Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааХурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалааРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фэнүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.