2018-01-09 04:06

"Монголын сайхан бичигтэн"-үүд тодорлоо

   Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 21 дэх жилдээ шилдгүүдээ тодрууллаа.

   Их эзэн Чингис хааны үеэс улбаатай Монгол бичгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлж, шилдгүүдээ тодруулсан нь өмнөх онуудаас оролцогчдын тоо өссөн үзүүлэлт гэдгийг “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа онцлов. Тэрбээр, “Улсын уралдаан жил ирэх тусам өргөжин тэлж байна. Тухайлбал, уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй анги оролцлоо. Энэ нь тухайн ангийн бүх хүүхэд Монгол бичгээр зөв, цэвэр бичих дадалд суралцсан гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын боловсролын системийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан алхам боллоо. Сүүлийн жилүүдэд иргэд бийрийн бичлэгээр ихээхэн хичээллэх болсныг Уран бичлэгийн ангилалд оролцогчдын тоо нэмэгдсэнээс харж болно. Мөн манай уралдаанд бүх Монгол үндэстэн нээлттэй оролцдог. Тухайлбал, энэ жилийн уралдаанд ӨМӨЗО-ны иргэн, Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын магистрын нэгдүгээр дамжааны оюутан Э.Цолмон Уран бичлэгийн ангилалд тусгай байрын шагнал хүртсэн” хэмээв.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан Сайхан бичигтэн анги, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид болон Уран бичлэг, Насанд хүрэгчид гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

Багш, сурагчдын хамтын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх зорилгоор гурван жилийн өмнөөс тодруулж эхэлсэн “Сайхан бичигтэн анги” ангилалд энэ жил 100 гаруй анги оролцсоноос О.Болормаа багштай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундраа” ахлах сургуулийн 12 “б” анги тэргүүлж, Ба.Отгонсүрэн багштай Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9 “а” анги дэд байрт шалгарлаа. Ингэснээр дээрх хоёр ангийн багш нар гадаадад аялах эрхээр шагнуулсан юм.

“12 дугаар ангийн сурагчид” ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн 12 “б” ангийн сурагч Э.Чойжи-Одсэр, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 “б” ангийн сурагч Д.Содномдаш, 12 “а” ангийн сурагч Х.Түвшинтүлхүүр болон Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Тунгалагтамир нар тэргүүллээ. Ингэснээр уралдааны хамгийн том, нэр хүндтэй шагнал буюу МУИС, МУБИС-д Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тэтгэлгээр дөрвөн жил суралцах эрхийн эзэн болсон юм.

Монгол бичиг бол эвхэж, хээлж, зурж, таталгаж болдгоороо бусад бичгээс онцлог, давуу талтай. Энэхүү онцлогийг харуулах, оролцогчдын уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилго бүхий “Бичлэгийн бус бүтээл”-ийн ангилалд Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Гэрэлмаа “Монгол гэр” бүтээлээрээ тэргүүн байранд шалгарлаа. Энэхүү Монгол бичгийн хана, өрх, хаалганаас эхлээд авдар, ор зэрэгт 70 гаруй Монгол ерөөлийн үгсийг дөрвөлжин бичиг, угалзан бичгээр буулгажээ. Мөн энэ ангилалд Баянзүрх дүүргийн Монгол бичгийн сургалтын төвийн багш Д.Нямдоржийн Монгол малгайн залаан дээр “Хүмүүн бичиг” хэмээн хатгамалласан бүтээл тусгай байрт шалгарсан нь олны сонирхлыг татаж байлаа.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус үндэсний бичгээ заан сургаж буй багш нарыг урамшуулах зорилго бүхий “Мэргэжлийн багш нар” ангиллыг одоогоос дөрвөн жилийн өмнө улсын уралдаанд шинээр оруулсан. Уг ангилалд тэргүүлсэн багшийг гадаадад аялах эрхээр шагнадаг билээ. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн багш О.Оюунтунгалаг ур чадвараараа бусдыгаа манлайллаа.

“Монголын сайхан бичигтэн” уралдааны хамгийн залуу оролцогчид бүхий ангилал нь “1-11 дүгээр ангийн сурагчид”. Энэ жилийн хувьд хамгийн залуу оролцогч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ерөнхий боловсролын сургуулийн 3 “д” ангийн сурагч Э.Энхгэрэл, А.Эмүжин, Г.Янжиндулам нар байлаа. Энэ нь хүүхэд залуучуудын үндэсний бичиг соёлоо судлан суралцах хүсэл сонирхол нэмэгдэж буйг илэрхийлж байгааг зохион байгуулагчид онцолж байв. “1-11 дүгээр ангийн сурагчид” ангилалд Монгол Улсын консерваторын 8 дугаар ангийн сурагч А.Сарнай өөрийн бичгийн хэв, зөв бичих чадвараараа бусад оролцогчдоо тэргүүлэв.

Бийрийн ураас гадна оролцогчдын сэтгэл хөдлөл, сэтгэлгээ болон давтагдашгүй байдлыг илтгэх ангилал бол “Уран бичлэг”. Өнөө жил энэхүү ангилалд эрдэмтэн судлаачдын хэлсэн онч мэргэн үгсээс сонгон бичих даалгавартай байсан бөгөөд Их зохиолч В.Инжинашийн “Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч Хөх үүлэн салхинаа хөрвөх мэт
Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас Хөнгөн бийрийг хөшиж юу хиймой” хэмээх шадыг оролцогчид хамгийн их бичжээ. Энэ ангилалд Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн багш П.Батболор тэргүүлэв.

Насны ялгаа ихтэй, бүх төрлийн мэргэжлийн хүмүүс оролцдогоороо тиг зурлага, хэв маягаараа бусдаасаа эрс ялгардаг “Насанд хүрэгчид” ангилалд Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Н.Балжинням нэгдүгээр байрт шалгарлаа. Мөн энэ төрөлд Хан-Уул дүүргийн өндөр настан С.Цэнд-Аюуш, Д.Батбаяр нар тусгай байрын шагнал хүртсэн юм. Тэдний хувьд 2014 оноос эхлэн бие даан Монгол бичгийн эрдэмд суралцаж эхэлсэн бөгөөд энэ жил анх удаа оролцож буй юм.

Мөн энэ жилийн Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналын эзнээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 11 “б” ангийн сурагч Л.Номин, МУИС-ийн Хэл шинжлэлийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ө.Дорж нар, Ахмад дипломатч Ч.Намчингийн нэрэмжит шагналаар “Мэдлэг боловсролын парк” дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Мишээл, “Үй Цай” дунд сургуулийн багш Ө.Дэлгэрмаа нар тодорлоо. Мөн “Лувсанвандан” сангийн нэрэмжит шагналын эзнээр Нийслэлийн 23 дугаар сургууль, СТА Р.Анхнямын нэрэмжит шагналаар Нэгдүгээр сургуулийн 7 “а” ангийн сурагч Э.Номин, “Шинэ Монгол” ахлах сургуулийн багш Б.Алтанзул нар шагнуулав.

Энэ үеэр уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчидтой уулзаж, сэтгэгдлийг нь сонсов.

'12-р ангийн сурагчдын' ангиллын тэргүүн байрын шагналт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 'б' ангийн сурагч Д.Содномдаш: Би Монголын сайхан бичигтэн шалгаруулах улсын уралдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Эхний жил анги хамт олноороо оролцож тэргүүн байр эзэлж байсан бөгөөд үүндээ урамшин дараа жил нь бие даан оролцоод гутгаар байр эзэлж байсан. Харин энэ жил амжилтаа ахиулан тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээнд Ч.Лодойдамбын 'Солонго' өгүүллэгийн хэл найруулгын онцлогийн талаар бичсэн. Өгүүллэгийн маань нэр Солонго учир уялдуулан гадуур нь өнгийн гэрлээр хүрээлүүлж техникийн шийдэлтэй хослуулж өгсөн. Үүгээрээ арай өвөрмөц болсон гэж бодож байна'

'Сурагчдын ангилалд' тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын 8-р ангийн сурагч А.Сарнай: Багш нарынхаа Монгол бичгээр бичсэн бүтээлийг хараад ийм сайхан бичдэг болох юмсан гэж хүсдэг байсан. Тиймээс ч бийрээр бичиж эхэлсэн. Өнөөдөр миний энэ хичээл зүтгэлийг үнэлж тэргүүн байрын шагнал гардуулсанд баяртай байна. Үндэсний бичиг гэдэг бол улс орны оршин тогтнолын баталгаа байдаг. Тийм учраас бичиг соёлоо дээдлэхийг залуустаа уриалмаар байна.

'Насанд хүрэгчдийн ангилал'-д тэргүүн байр эзэлсэн Н.Балжинням: Би өдөрт дор хаяж гурван цаг бийрээр бичдэг. 7-8 цаг бичээд суух үе ч бий. Монгол бичиг, бийрэн бичлэг өөрөө насан туршдаа суралцдаг урлаг. Бүтээл бүр давтагдашгүй байдаг бөгөөд яг адилхан бичигдэнэ гэж хэзээ ч байдаггүй. Нэг бүтээлийн цаана асар их ноорог хаягддаг. Бичиг хийтэй, агаартай, зохих газраа оршихын тулд тухайн үеийн амьсгаа, бийрийн гүйдэл, таталт, бийрийн ширхэг үс болгон нарийн байх учиртай. Бийрэн бичлэг хүнийг тэвчээртэй болгодог. Олон цаг сууна, бодно, тайвширна, нэгэн төрлийн бясалгал мөн. Залуустаа хандаж хэлэхэд бид оюуны шүүлтүүртэй байх хэрэгтэй. Бидэнд алдаж болохгүй үнэт баялаг гэж байдаг. Монгол бичиг бол бидний алдаж болохгүй баялаг юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.
  • Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэЛ.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хоёрдахь бие даасан тоглолтоо хийнэМонголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
  • ”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болно”Хурд” хамтлагийн ”Нар” тоглолт өнөөдөр, маргааш болноТэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.
  • Тансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээТансаг үдшийг мэдрүүлэх “New season”-ы бэлтгэл хангагджээУлсын филармони намар цагийн үзвэрийн нээлтээ “New season” тоглолтоор эхлүүлдэг уламжлалтай. Энэ удаад Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Тоглолтынх нь талаар Улсын филармонийн маркетингийн алба хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан Г.Банзрагчаас тодруулахад “Энэ жил 47 дахь удаагийн нээлтийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Улсын филармонийн уран бүтээлчид Морин хуурын чуулга шинэ бүтээлүүдээрээ үзэгчдээ баярлуулна” гэв.
  • “Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээ“Миний дуунууд” тоглолт 20 дахь жилдээМонгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжав үзэгч түмэндээ зориулан шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байгаа билээ. Тэгвэл энэ жил "Миний дуунууд" тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд – 2018" концерт 2018 оны аравдугаар сарын 26,27 ны өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдах гэж байна.