2018-01-23 01:57

Ш.Лхамноржмаа: Эх орон, хайр хоёрыг мөнхлөхийг хичээдэг

   Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Шагдарын Лхамноржмаатай ярилцлаа.
 
-“Зууны мэдээ” сонины хамт олон одоо ч “Манай Лхамаа” хэмээн элэгсэж дотносон ярьж, бахархаж байдаг. Таны сэтгэл ч гэсэн тийм байдаг байх. Энэ редакцид ажиллаж байсан дурсамжаас чинь ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
 
–Баярлалаа. Би Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн I курсын оюутан анх Ш.Дулмаа багшдаа хөтлүүлэн “Зууны мэдээ” сонины босгоор алхаж Б.Ганболд эрхлэгчтэй уулзаж байлаа.
 
Дадлага хийхээр очсон нь тэр л дээ. Албаны дарга Н.Наранбилэг эгч намайг дааж авч байсан юм. Сонины редакцид ихэнх нь залуус, С.Сосор, Ц.Цолмон, Ц.Галбадрах, Г.Түмэнжаргал, Д.Отгонбаяр, Г.Отгонбаяр, Н.Сарангэрэл, Б.Нямдорж. Б.Баттүшиг, Б.Цогнэмэх , Н.Тунгалаг нартайгаа хамт ажиллаж, “Алмас” Батбаяр ах, Х.Ариунбаатар, Тамгын газрын дарга Б.Ерэнтэй, гэрэл зургийн албанд Д.Цэрэннадмид, В.Баттулга гээд олон хүнээс үг сонсч явсан. Энэ дотроо Д.Отгонбаяр, Н.Сарангэрэл, Ц.Галбадрах гуравтайгаа илүү дотно. Сургуулиа төгсөөд сэтгүүлчээр ажиллахаар ирэхэд хамт олон маань сайхан тосч авсан. “Зууны мэдээ”-д ажиллаж байхдаа хүүгээ төрүүлж, хамт олон минь эргэж ирж байсныг мартдаггүй. Амаржаад нэг их удалгүй хамт олноо санаад гээд ажилдаа орчихож билээ. Тэр үед манайхан “Үнэн үү”, “Эчнээ ярилцлага”, “Зууны манлай” гээд шинэ булан санаачилж, тал тал тийшээ гүйгээд мэдээ, мэдээллээ хурдан шуурхай цуглуулдаг гал цогтой, бие биеэ гэсэн халуун сэтгэлтэй сайхан хамт олон байсан. Сэтгүүлчдийн олонх нь шүлэг, зохиол сонирхдог, “Тужийн нарсыг аваръя” сэдэвт олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж, хамт олноороо очиж шүлгийн уралдаан зохион байгуулж байлаа. Тэр гоё сэтгэлтэй, түшигтэй сайхан хамт олноос зарим нь өөр ажил алба хашиж байгаа бол одоо Д.Отгонбаяр маань сониндоо ерөнхий эрхлэгчээр, Д.Цэрэннадмид ах гэрэл зургийн, Б.Нямдорж гадаад мэдээний албанд ажиллаж байна.
 
–Уулзалгүй уджээ, өөрийг чинь хүлээж суух зуур нүүр номоор чинь аялахад шүлгүүд нь нэг л өөр болсон шиг?
 
–Өнөө өглөөхөн нүүр номдоо
 
“Нам суунам
 
Намба хүлхэж насаа элээнэм
 
Торгоор урласан даашинзныхаа
 
Товгор хээг сэмэртэл
 
Санаагаа үрнэм
 
Сэм хулжнам
 
Цайзандаа бүгж
 
Цайгаа богшоох шиг сэтгэлээ ширгээнэм
 
Ирэх цаг, явах өдрүүдийн төлөө биш
 
Исгэлүүн явсан дарвуулт өдрийнхөө төлөөсөнд
 
Ижийн алдрыг эрхэмлэн суунам
 
Ийм нам жим байх, эргэж ирэх сайхан байна” гэсэн хэдэн мөр оруулсан байгаа. Ер нь хэлмээр байгаагаа хэлж, бичмээр байгаа зүйлээ бичиж байж л яруу найрагчид санаа нь амардаг байх. Шүлэг гэдэг хүний сэтгэлээс гардаг болохоор уран бүтээлд нь түүний үзэл бодол нэвт шингэсэн байдаг болов уу. Амьдрал туулаад ирэхээр энэ бүхэн шүлэгт нь нөлөөлдөг байж мэднэ. Оюутан цаг, залуу байхад сүрхий дэврүүн шүлэг бичдэг байж дээ.
 
–Тэгэхээр ертөнцийг үзэх үзэл чинь өөрчлөгдсөн гэсэн үг үү?
 
–Магадгүй. Би амьдралдаа ”Өөртөө байхгүй сэтгэлээ хүнээс битгий горьдоорой” гэсэн зарчим баримталдаг. Өөрөө өөртөө бас уран бүтээлдээ эрэл хийж, сэрэл мэдрэмж, сэтгэл зүрхээ гээчихгүй явахыг хичээдэг. Үзэл бодолд, яруу найрагтаа үнэнч явахыг хүсдэг. Хүн тайван, амгалан амьдрах хэрэгтэй юм билээ. Ууртай хүний царайнаас гоо сайхан үзэгдэхгүй шүү дээ. Амгалан тайван хүн бүтээлч бас аз жаргалтай байж чаддаг. Аз жаргал гэдэг хүний сайхан амьдрах, сайн явах орчин юм уу даа. Б.Галсансүхийн нэг шүлэгт “Сэтгэл гэдэг эрхтэн” гэж байдаг. Сэтгэл гэдэг эрхтэн юм бол их сунамтгай эрхтэн байх. Хорвоо дэлхий тэр чигээрээ багтдаг. Бас энэ эрхтэн агшихаараа зүү орох ч зайгүй агшчихдаг юм шиг ээ.
 
–Таны саяын хэлж байгаагаас одоо хийх уран бүтээлийн цэнгүүнээ “Даяарын амгалан” гэж нэрлэсний учрыг олчих шиг боллоо. Харин шинэ номоо “Гэрлээр зурсан зөн” гэж нэрлэсэн гэл үү?
 
–Хүн сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан гэж саяхан “Өдрийн сонинд” ярилцлага өгөхдөө ч бас хэлсэн байгаа. “Даяарын амгалан” гэж нэрлэсний учир тэр. Даяарын амгалан гэхээр яагаад ч юм бэ, мөнх цаст дүнжгэр их уулс, саруул уудам тал нутаг миний нүдэнд харагддаг юм. Нутаг амьтай, уул ус үг сонсдог, хүнээ санадаг гэдэгт би итгэдэг. Бид ядарч зүдрэхээрээ уул усандаа ханддаг хэрнээ эргүүлээд юу ч өгч чаддаггүй. Сайхан дуу дуулахад уул ус баярлаж, сайхан магтаал сонсоод уул овоо инээдэг гэдэг юм билээ. “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн маань хоёрдугаар сарын 3-ны 15:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Уран бүтээлийн цэнгүүн гэхээс илүү номоо л гаргая гэж бодож байсан юм. Нэлээд бодсоны эцэст номоо ч хэвлүүлье, цэнгүүн ч хийе гэсэн шийдэлд хүрсэн. Өмнө нь би “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван цомгоо хэвлүүлж байсан. 2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байсан.
 
–Цэнгүүнд хэн хэн оролцох вэ. Таны хань, Монголын шинэ цагийн хөгжмийн нэрт зохиолчдын нэг Цэн.Эрдэнэбатын аялгууг нь зохиосон олон дуу дуулагдах уу?
 
–Бид хоёрын хамтран зохио­сон олон дуу бий. Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал” дууг минь дуулна. Гавьяат жүжигчин Л.Болдбаатар “Санахын гэгээ”, “Шуранхайт нутаг” дуунуудыг дуулах юм. Бас бид хоёрын “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг” дууг Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон дуулдаг даа. Тэд ч ирнэ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатарын “Цаг мөнхийн хайр” байна. Дуучин Э.Оюумаагийн дуулсан “Өнө мөнхийн хайлан”, “Ертөнцийн наран ээж”, дуучин Э.Болормаагийн дуулсан “Уйдашгүй эх орон”, Ш.Лхагвасүрэнгийн “Хайрын тавилан” гээд олон дуу бий бид хоёрт. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу, миний шүлэг “Сүүн замтай Монгол”-ыг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулж байгаа.
 
–Ингэхэд та өөрөө хэр дуучин бэ. Зохиосон дуугаа дуулна биз?
 
–Дуулдаггүй, уйлдаггүй хүн гэж хаа байх вэ. Дуулна аа. Ардын дуугаа дуулах дуртай. Ардын дууны ая нь аргадаж үг нь зэмлэдэг гэдэг дээ. Ер нь бол ардын дууны үг аяыг сайн мэднэ шүү. Ялангуяа, үгийг нь. Хааяа найзуудтайгаа зөв, буруу хоолойгоор ардын дуу аялах сайхан байдаг юм. Харин цэнгүүнд бол дандаа мэргэжлийн дуучид дуулна.
 
–Цэнгүүнд дан дуу гэхгүй шүлэг найргаар үзэгчдээ хөглөж хөгжөөх юм байгаа биз дээ?
 
–Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Равдан, хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар миний шүлгүүдээс уншина. Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ–Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо нар маань оролцож уран бүтээлийн дээжээ өргөнө. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, продюссерээр Улсын драмын эрдмийн театрын ахлах менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл ажиллаж байгаа. Сэтгэл зүрхээрээ уран бүтээлийг минь дэмжиж байгаа байгууллага, хувь хүмүүс олон байгаад би баяртай байна. Улаанбаатар хот дахь Архангай аймгийн Чулуут сумын нутгийн зөв­лө­лийнхөндөө, “Хүчит Чулуут” компанийн захирал Л.Бат–Эрдэнэ, УИХ–ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Мөнх­цэцэг, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархаж байна даа.
 
–Ингэхэд өөрийг чинь яруу найрагт хэн ингэтлээ дурлуулж орхисон юм бэ?
 
–Дарамын Батбаяр гуай “Яруу найраг гэдэг бол найрал хөгжим биш, нулимс урсах чимээ” гэж хэлсэн байдаг даа. Аав минь эрт өнгөрсөн. Жаахан долгионтой сэтгэл дээр тэр хагацал намайг шүлэг рүү түлхэж, 10 жилийн сурагч байхдаа ээжийнхээ тухай “Ханхай” гэдэг шүлэг бичээд өөрөө уншиж байлаа. Яруу найргийн сайхны тухай мэдрүүлж, ойлгуулсан хүн бол МУИС–ийн багш Г.Буянтогтох. Манай Архангайн Чулуутын хүн л дээ. Хотод ирээд Ш.Дулмаа багштайгаа уулзсан. Бүтээлээс нь гадна өөрсдөөс нь үлгэр авахуйц олон сайхан хүнтэй уулзуулсан “ертөнц” бол яруу найраг.
 
–Яруу найраг гэдэг нэр төр, карьераас огт ондоо гэж та хэлж байх шиг. Тэгвэл хүн байхын мөн чанар юунд оршдог юм бол?
 
–Хийсэн сайн үйлдлээ өөрөө зарлаад явбал нүгэл болдог гэдэг дээ. Сайн хүн мэт харагдах гэж хичээхдээ бус, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, нигүүлсэнгүй байна гэдэг өөрөө хүн байхын мөн чанар.
 
–Гэхдээ яруу найрагч бүсгүйчүүд омголон бас бардам санагддаг?
 
–Манайхан хэлэх гэснээ хэнээс ч айлгүй зоримог хэлчихдэг шүү. Тэр бол хүнд байх хамгийн сайхан чанар. Би найз нөхөд цөөхөнтэй. Яруу найргийн гал тогоонд чанагдаж яваа хэд маань л байна даа. Хүний нөхөр­лөл гэдэг тэгээд ч нас зүс ялгадаггүй шүү дээ. Насны зөрүүтэй найз нө­хөд зөндөө. Тэр хэддээ сайн найз нь байж чаддаг. Амьд­ралын жамаар хүний найз нөхөд тунаж үлддэг дээ.
 
-“Эх орондоо харьж урсдаг
 
Халхын гол сэтгэл минь билээ
 
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ…”, “Сэтгэл цагаан эх орон чинь сүй тавьсан амраг чинь билээ”, “Үр эх орон” гээд та эх орноо байнга магтан дуулдгаас үндсэрхэг, өмчирхөг үзэл харагдаад байдаг?
 
– Эх орноо бас элгэн түмнээ өмчирхөхгүй гээд яалтай. Би монгол хүн. Монгол эх орон минь амгалан жаргалантай, монгол гэрийн хоймор бүтэн, монгол эмэгтэйн сэтгэл дүүрэн байгаасай гэж хүсдэг. “Сэтгэл цагаан эх орон чинь
 
Сүй тавьсан амраг чинь билээ” гэдэг бол 2006 оны “Болор цом” наадамд уншиж байсан шүлгийн минь мөрүүд. Хүүхнүүд маань амьдралыг нуруун дээрээ үүрээд л. Уул шиг нөмөртэй эрчүүд маань хаачив гэж халагламаар, харуусмаар санагддаг. Тэр санаагаа л шүлэгт буулгасан нь тэр. Одоо нийгмийг анзаарч харж байхад хүүхнүүд маань зовлонгоо дотроо нууж, жаргалаа ил гаргахыг оролддог болсон юм шиг ээ.
 
–Тийм шүү, тэгэхээр хүний харилцааны тухай нарийн ширийнийг тунгаахаар хайрын тухай ярих болдог. Хайрын үнэ цэнэ, хайрлахуйн тухай та юу хэлэх бол?
 
–Хайрыг цаг хуга­цаагаар хэмжих аргагүй л дээ. Хамгийн гол нь хайрласан хүнээ, хайр гэж мэдэрч байгаа зүйлдээ хайртай байх ёстой. Хувь хүний сэтгэлгээний багтаамж, бас жаахан хувь заяаны асуудал байх. Хайрын урт наслалтад хоёр хүний хариуцлага чухал. Ингэхээр хайр нэг талаасаа хариуцлага ч юм шиг. Зарим тохиолдолд хайртынхаа найз нь, эхнэр нь, ээж нь гээд юм юм л болдог доо. Бас уучлалт, тэвчээр гэж хоёр том асуудал байна. Амьдралынхаа ханийг, хайрлаж байгаа хүнээ өмгөөлөх, өмөөрөх, уучлах нь урт настай хайрын нэг гол үндэс нь байх.
 
–Хайрын тухай хамгийн оновчтойгоор хэлсэн ямар яруу найрагч байна вэ?
 
–Хайрын тухай дуулаагүй, бичээгүй яруу найрагч бараг л байхгүй дээ, мөнхийн сэдэв учраас. Хамгийн ойр нь Ш.Дулмаа багшийн дөрвөн мөрт санаанд ойрхон байдаг. “Чамаасаа илүү сайхныг Баян хорвоогоос эрэхгүй Чамин тансаг өнгөөр Зүрхээ би хуурахгүй ээ” гэсэн мөрүүд энгийн мөртлөө зүрхэнд их ойрхон санагддаг юм.
 
-“Даяарын амгалан” цэнгүүн, амар амгалангийн талаар хоёулаа түлхүү ярилаа. Түүний нөгөө тал нь болох уучлал, энэрлийн тухай үгээр ярилцлагаа жаргаах уу?
 
-Хүнийг уучилна гэдэг том соёл. Нэг ёсондоо сэтгэлийн боловсрол юм. Ууч сэтгэлийг хүн багаасаа олж авах ёстой гэж боддог. Цагаа болохоор хүн бусдыг байтугай үхлийг хүртэл уучилдаг гэж үг бий. Уучлахын хэрээр хүн өөрөө амар амгалан амьдарна. Уучилж сурсан хайрлаж чаддаг хүний олонх нь хүн байж чаддаг.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ч.ҮЛ-ОЛДОХ
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.
  • Come Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооCome Fly With Me тоглолт маш өвөрмөц боллооӨнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
  •  Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэ Жүжигчин Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан шинэ бүтээлээ удахгүй нээнэХошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлдээ түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа дахин нэг өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.
  •  Дуучин Наагий Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ Дуучин Наагий "жазз" үдшээ уянгалуулахад бэлэн болжээ