2018-01-26 06:10

Д.Нямдаш: Бид 20-р зууны хөгжмийн зохиолыг ТОГЛОХ цаг нь болсон

    Монгол Улсын Филармони анх удаа 20-р зууны "Also sprach Zarathustra" симфони найраглалыг тайзнаа амилуулах гэж байна. Энэ тухай мэдээлэл авахаар Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн Удирдаач Д.Нямдаштай ярилцлаа.

Тоглолтын талаарх  мэдээллийг өгнө үү?

- Манай байгууллагын хувьд Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын "Also sprach Zarathustra" зохиолыг анх удаа Монгол Улсын Филармонийн тайзнаа амилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү зохиол нь Заратустр хэмээх Иран зөнч хүний тухай болон түүний ертөнцийг үзэх үзлийн тухай өгүүлдэг философийн зохиол юм. 

Тодруулбал?

- Тухайн зохиолын утга агуулга нь: Гол баатар нь 10 жил ууланд даяанчилж байгаад бууж ирээд хүмүүст хий хоосон зүйл шүтэхээ болихыг санал болгож, байхгүй зүйлд итгэл найдвараа өгч бусдыг хуурдаг зангаа хаях хэрэгтэй хэмээн уриалдаг. Жишээ нь, Би бусдын төлөө гэсэн хэрнээ яг үнэндээ хүн өөрийнхөө л төлөө амьдарч байдаг. Зарим нэгэн хүн амьдрахыг маш их хүсдэг хэрнээ үхэхийг бас хүсдэг. Дандаа хүмүүсийн дотоод философийг хөндсөн зохиол байдаг. Зохиолын гол баатар Зратустра уулнаас бууж ирээд нэгэн даяанчтай тааралдаад анхны хэлсэн үг нь "Бурхан нас барсан" гэдэг. Энэ нь шашны нэг үзэл баримтлал гэж хэлж болно. Нэг ёсондоо Заратустра бол АнтиХристич хүн байсан юм. Христийг хэн үгүй болгосон бэ? Түүнийг шүтэгчид үгүй болгосон гэх мэт. Цовдолсон гэдэг утгаар биш христийн сургаалийг хэн үгүй хийж , бузартуулж байгаа тухай ярихад яг жинхэнэ христийг баримтлагчид худлаа байдаг учраас хүмүүс үүнд итгэхээ больж байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ гол утга санааг гаргасан зохиолоор дэлхийн алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Рихард Штраус  симфони найраглал бичсэн. Үүнийг нь Монголд анх удаа тоглох гэж байна.

Яагаад Монголд анх удаагаа гэж хэлж байна вэ? Саяхан ДБЭТ Рихард Штраусын бүтээлийг тоглосон шүү дээ.

- Рихард Штраусын яг энэ зохиол анх удаагаа тоглогдож байгаа юм. Бид социализмын 70 жилд үзэл суртлын баригдмал байдалд "Төгс ялалтын төлөө" гэсэн уриатай байсан шүү дээ. Харин одоо цаг үе өөрчлөгдөж орчин үеийн зохиолуудыг амилуулах боломжтой болсон гэсэн үг. Тус зохиолыг тоглохын тулд 100 орчим хөгжимчдийн бүрэлдэхүүн хэрэгтэй. Зохиолчийн бичсэн хөгжимд шаардагдах зүйл маш их байдаг. Жишээ нь хөгжимчид болгон хоолой салгаад явахад маш олон хоолой салах шаардлага гардаг. Бид 70 гаруй хөгжимчидтэй. Гаднаас 20 гаруй хөгжимчдийг авч найрал болгон энэхүү уран бүтээлийг тайзнаа амилуулах гэж байна. 
Энэ зохиолыг тоглоход Монгол Улсын Филармонийн хөгжимчид хүрэлцэхгүй байна гэж үү?
- Тийм ээ. Бид Дуурь бүжгийн эрдмийн театр болон Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, оюутан нараас хүн хүчээ авч бүрэлдэж байна. 
Хөгжимчдөд ямар шалгуур тавьж авч байгаа вэ?
- Мэргэжлийн оркестрант буюу найрал хөгжимчинг авсан. Гоцлол хөгжимчин бол өөр шүү дээ. Багийн тоглолтод бүгд төвийн тоглогч байдаггүйтэй адилхан гэсэн үг. Хүн бүр өөрийн үүргээ маш сайн биелүүлж байж амжилтанд хүрдэг. Олон жил оркестрт сууж туршлага суусан, муухайгаар хэлбэл "Би" гэдэг үзлээсээ салж "Бид" гэж хэлж сурсан хүмүүс л ажиллаж байгаа.
Рихард Штраусын энэ том найраглал зохиолыг Монголчууд хүлээж авахад бэлэн үү? Та энэ тал дээр юу гэж бодож байна?
- Хүн сонсголын бэрхшээлтэй биш л бол энэхүү тоглолтыг үзээд ямар нэгэн мэдрэмж авах л ёстой. Монгол, гадаад, орчин үеийн хөгжмүүдэд их сүртэй ялгаа байхгүй. Тэртээ тэргүй авиа бол юунд ч баригдахгүй.
Ямар ч хэл шаардахгүйгээр бие биетэйгээ ойлголцох ганц зэмсэг бол хөгжим.
 
Удирдаач хүний хувьд энэхүү уран бүтээлээс үзэгчид юуг илүү ойлгож аваасай гэж бодож байна?
Манай Улсад 20-р зууны хөгжим нэг их тоглогдохгүй байгаа. Ганц хоёр тавигддаг ч тэр нь социалист үеийн зохиолчдын бүтээлийг тоглодог. Яг барууны зохиол бол тоглогдоогүй. Оргил үедээ 80 гаруй хүнтэй байсан филармони нийгмийн өөрчлөлтөөр ганзагын наймаачид болсон түүх бий. Гэхдээ одоо буцаад сэргэж л явна. 
Филармони гэдэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй, хүн сонссон байвал зохих  хөгжмүүдийг тоглодог.
 
Тэр нь сонгодог болон гадаадын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг нийтэд сурталчилж байх ёстой. Энэ жишгээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажил бага багаар шинэчлэлт хийгдэж байгааг ойлгон урлагийн шинэ тоглолтуудыг бодитоор мэдэрч ойлголт аваасай гэж л хүсч байна даа. 
 
Тоглолт хэд хоног үргэлжлэх вэ?
- Тоглолт 01-р сарын 26-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Ердөө ганц удаа л тоглогдоно. Учир нь төсөвтэй холбоотой. Бид чинь 20 гаруй хүн нэмэлтээр авч цалинжуулж байгаа. Төсвийн байгууллага олсон мөнгөө улсад л тушаадаг, ашгийн биш шүү дээ. Олон тоглогдох боломж хомс байна. Гэхдээ аливаа нэг бүтээл тухайн оронд анх удаагаа тоглогдох, шинэ бүтээл төрөх, туурвих гэдэг нийгмийн гоц үзэгдэл.
Дан хөгжмийн бүтээлийн хамгийн том хэлбэр нь симфони. Энэ том бүтээлийг тоглоно гэдэг бол нөр их хөдөлмөрөөс гадна тухайн нийгмийн нүүр царайг илэрхийлж байдаг.
 
Та энэхүү зохиолд удирдаач хүний хувьд зарим хэсэгт өөрчлөлт оруулсан уу?

- Үгүй. Зохиолчийн бичсэнээр хийдэг. Сонгодог зарчим гэдэг энэ.

Хөгжмийн хамгийн төгс чанар нь тоотой адилхан байдаг.

Нэг тэгшитгэлийг хэдэн ч янзаар бодож болно. Гэхдээ тэгшитгэл өөрөө уншигдаж байгаа нь ганц л бичлэгээр бичигдэнэ. Бодолт өөр байж болно. Үүнтэй адилаар бидэнд өгсөн нот бол НОТ. Түүнийг би өөрчлөх эрхгүй. Зохиогч ямар санаа хэлсэн байна түүнийг л гаргана. Түүнээс илүү орчин үеийнх болгох, ямар нэгэн байдлаар маазрах асуудал байж болдоггүй. Энэ бол бичигдээгүй хууль.

Та энэ том зохиолыг удирдаж байхад өвөрмөц мэдрэмж авч байгаа юу?
- Үүнийг ярихад маш олон мэргэжлийн үг хэллэг орох болно. Жишээ нь сонгодог зургууд голдуу хар фонтой байж, гэрэл ташуу талаасаа орсон байдаг. Орчин үеийн зураг илүү өөр арга барилтай болж ирсэн байдаг. Хөгжимчин хүний хувьд шал өөр шинэ мэдрэмж гэж байхгүй. Гэхдээ хэдий үед яаж бичигдэж байсан, нийгэм ямар байсан гэдэг нөлөөлдөг. 18-р зуунд вагон, машин байгаагүй. 20-р зуунд галт тэрэг, машин, зэр зэвсэг, дайн болсон. Хүмүүсийн сэтгэхүй үүнийгээ дагаад өөрчлөгдсөн. Тэр талаасаа бичлэгийн хэв маяг өөр. Хөгжим гэдэг утгаараа сайн хөгжим. Би энгийн үгээр ингэж л тайлбарлах байна. 
Аливаа шинэ уран бүтээлийг судлаачид хоёр чиглэлээр авч үздэг. Түүхэн ач холбогдол, уран сайхны ач холбогдол. Тэгвэл энэхүү уран бүтээлийн тухайд яривал?
- Түүхэн гэвэл анх удаа тоглогдож байна. Уран сайхны ач холбогдол нь нийтэд 20-р зууны хөгжмийг танилцуулж эхлэж байна. Бидний хувьд үзэгчдэд сурталчлах үүргээ гүйцэтгэж байна. Нэг ч гэсэн хүн хөгжмийн талаарх буруу ойлголтоо зөв болгож аваасай гэсэн зүтгэлтэй явж байна.
Хүмүүс хөгжмийн талаар буруу ойлгодог гэлээ. Энэ талаар тодруулбал?

- Хөгжим бол гайхамшигтай, хоёрхон чавхдасаар хорвоог уяраана гэх мэт яруу найрагчид их ярьдаг. Яг бодит амьдрал дээр тийм биш шүү дээ. Дутмаг чанарууд байна, үг хэл байхгүй.

Энэтхэгийн философич "Үгээр илэрхийлшгүй зүйлийг үгээр илэрхийлэх шиг тэнэг зүйл байдаггүй" гэсэн байдаг. Хөгжимд энэ л мэдрэмж байдаг.

Яг тэр мэдрэмжийг хэчнээн мундаг яруу найрагч, хөгжим судлаач, онолч байсан ч гэсэн илэрхийлж чадахгүй. Сонсож байж л мэдэрдэг. 
 
Цаашдаа ямар зорилготой байгаа вэ?
- Орчин үеийн хөгжмийг илүү их тоглох зорилготой байна. Энэ нь Монгол Улсын Филармони сайжраад байна л гэсэн үг. Хөгжимчдийн ур чадварын хувьд ч, үзэгчдийн хувьд ч тэр.
 
Ярилцсанд баярлалаа. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
Монгол Улсын Филармонийн албан ёсны вэб сайт болон цахим хуудаснаас авах боломжтой. ЭНД /www.mglphilharmonic.mn/дарж үзнэ үү...

Билетийг: Филармонийн касс, Тicket.mn-ээс онлайнаар захиалж болно.  

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99196623, 70118012-с лавлана уу.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.