2018-02-07 08:34

Оросууд тэрс үзэлтнээ хүндэтгэсээр л байна

   Умард хөршийнхөн урлаг, соёлынхондоо их элэгтэй гэдэг. Түүний нэг жишээ бол В.Высоцкийнхоо 80 насны ойг өргөн тэмдэглэж байна. Бүтэн сарын ажил өрнүүлж байгаа аж. Ерөнхийлөгч В.Путин нь Таганка театр дээр нь очиж их авьяастныг дурсан  хүндэтгэл үзүүлж байх жишээтэй.

   Оросын тэрс үзэлтэн дуучин, яруу найрагч, зохиолч, жүжигчин Владимир Семенович Высоцкий 1938 оны 1-р сарын 25-нд Москвад төрсөн.  1980 оны 7-р сарын 28-нд зуурдаар нас барсан. Барилгын инженерийн дээд сургуульд сурч байгаад нэгдүгээр курсээс нь орхин гарч 1960 онд Москвагийн Уран сайхны академик театрын студи сургуулийг төгсгөсөн. Эхэн үедээ Москвагийн Пушкины нэрэмжит болон  Миниатюрийн театр /Бичил тоглолтын театр/, 1964 оноос 1980 он хүртэл Таганкагийн театрт ажилласан. Түүнээс гадна тайз дэлгэцийн олон арван онцгой дүр бүтээсэн. 1982 онд дууны шүлгийн түүвэр нь “Нерв” нэрээр анх хэвлэгдсэн.  

Владимир Высоцкийн бүтээлүүд олон кино, театрын жүжгүүдэд ашиглагдаж, пянзанд бичигдэж радио, телевизээр олны хүртээл болжээ.Түүнчлэн “Яруу найргийн өдрүүд”, “Утга зохиол”, Зөвлөлт Орос” зэрэг сонин, сэтгүүлүүдэд хэвлэгдэж байжээ.

2006 онд Ж.Нэргүйн орчуулгаар хэвлэгдсэн дууны шүлгийн “БУХИМДАЛ” түүврээс авч байна:

/Баяжуулсан, засварласан орчуулгын түүвэр нь “Бачуурал” нэрээр гарах гэж байгаа./

АЙ ДУРГҮЙ

Ёс юм шиг эцэслэлд би дургүй
Ёрын амьдралаас хэзээ ч би залхахгүй
Дуу шуугаан дуулахгүй л байвал
Дөрвөн улирлын алинд нь ч би дургүй

Увайгүй аашинд угаасаа би дургүй
Улайран шүтүүлэх бүр ч дургүй
Мөрөн дээгүүр минь өнгийж байгаад
Миний захиаг уншихад бас дургүй

Хагас хугас юманд би дургүй
Хайран яриаг минь таслахад дургүй
Ар нуруунаас минь буудахад дургүй
Адилхан бас дургүй ээ, урдаас тулгаж буудахад

Таамаг болгож хов жив ярихыг үзэн яддаг
Тээнэгэлзэл хийгээд хоёр үзүүртэй зүүг ч мөн адил
Үс сөргүүлэн илэхэд би дургүй
Үзүүртэй төмрөөр шил чахруулахад дургүй

Цатгалан бардамналд би дургүй
Цагаасаа өмнө татаж авах нь дээр
“Нэр сүр”-ээ мартах нь гомдолтой
Нэр хүндээрээ нүд хуурах нь ч гомдолтой

Хугарсан жигүүр харах ч би дургүй
Худлаагаасаа өрөвдөхгүй, тэгж л байг, хамаагүй
Хүчирхийлэл хийгээд албадлагад бүр дургүй
Харин цовдлогдсон  Христийг л дэндүү өрөвдмөөр өө

Өөрийгөө хулчгар зан гаргахад би дургүй
Өрөөлийг буруугүй байхад зодохыг тэсэж чадахгүй
Сэтгэл рүү минь өнгийхөд бүр дургүй
Сэтгэл рүү минь нулимахад хамгийн их дургүй

Дэвжээ хийгээд тайзанд би дургүй
Тэнд чинь сая саяыг ганцхан рублиэр өгчихдөг юм
Урд минь элдэв өөрчлөлт хүлээж л байг, хамаагүй
Угаасаа тиймэрхүү юманд огтоос би дургүй

* “Современник” театрын “Өөрийн арал” жүжгийн дуу.

 

АНДЫН ТУХАЙ ДУУ

Нөхөр чинь хэрвээ гэнэт
Нөхөр, дайсан нь мэдэгдэхээ больчихвол,
Сайн, муугийн аль нь ч бүү мэд,
Саарал дүртэй болчихвол,
Тэглээ гээд ганцааранг нь бүү орхи,
Түүнийгээ чи уул руу аваад гар
Нэгэн олсоор холбогдсон хойноо
Найз чинь тэнд хэн бэ гэдгээ харуулна

Хэрвээ тэр чинь ууланд хүрээд үлбийчихвэл,
Хэлтгий гишгээд, унаж тусаад сулбайчихвал,
Уйлан гонгиноод мөсөн гол руу хальтирчихвал,
Ухарч алхаад, өвдөг нь чичрээд сөхөрчихвөл
Тэр чинь харин чиний анд биш.
Түүнийг загнаснаас хөөгөөд явуулах нь дээр
Оргил тийш тийм хүнийг дагуулдаггүй юм
Оргил дээр тэдний тухай дуулдаггүй юм

Хэрвээ тэр чинь гаслахгүй бол, гонгинохгүй бол,
Хэрвээ тэр чинь хөмхийгөө зуугаад зүтгээд байвал,
Хэрвээ чамайг хадан хавцлаас хальтиран зүүгдэхэд
Хэдийгээр сандран ориловч, угзраад гаргаад ирвэл,
Тулаанд орох мэт чамтай хамт мөр зэрэгцвэл,
Туйлын өндөр оргил дээр хамтдаа гараад зогсвол
Түүндээ чи өөр шигээ итгээрэй.
Тийм хүнд л өөрөөсөө илүү найдаарай

* “Босоо шугам” киноны дуу.

 

АНД МИНЬ ТУЛААНААС ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ

Нэг л биш дээ, гэхдээ бас хуучнаараа ч юм шиг,
нөгөө л тэнгэр цэнхэр хэвээрээ.
Нөгөө л ой, нөгөө л агаар, нөгөө л гол ус,
нөхөр минь харин тулаанаас эргэж ирсэнгүй

Нойр, хоолоо мартсан уртын урт маргаанд
найз  бид хоёрын сэтгэл нийлж  байгаагүй.
Андаа харин тулаанаас ирээгүй энэ өдөр
аягүй ихээр үгүйлэн сууна даа, би чинь

Дууны ая хадууран, гөлрөөд суучихдаг,
дандаа зөрүүдлэн, өөр юм үглэчихдэг,
үргэлж л нойр бусниулж, үүр шөнөөр босон харайдаг
Өчигдөр тэр минь тулаанаас эргэж ирсэнгүй

Түүний  суудал хоосон, энэ тухай яриад ч яахав
Түүнтэйгээ хамт сайхан байснаа мэдлээ
Сайн нөхөр минь тулаанаас эргэж ирээгүй нь
салхи хөдлөөд, түүдэг унтрахтай ижил ээ

Жавар цаашилж, хавар ирэхтэй яг адил
журам санаж, гэм зэмгүй дуудлаа:
“Тамхинаас чинь сорно шүү” гэтэл чив чимээгүй
Тулаанаас нээрээ тэр минь эргэж ирээгүй ш дээ

Үхсэн нөхөд минь зовлон дунд орхихгүй
Үхсэн нөхөд минь хүндэт харуул адил аа
Ойн тэнгэр усан дотор тунараад
орчны модод цэв цэнхэр ээ

Газар гэрийнхээ умгар зайг хоёул эзэгнэж
ганц хоёрхон цагт ч адилхан ноёрхож явлаа
Одоо гэтэл ганцаараа, -өчигдрийн тулаанаас
анд минь биш, би л өөрөө ирээгүй юм биш үү?

“Хүүхдүүд тулаанд орж  байна” киноны дуу. “Мерседес” мөрдөлтөөс зугтаж байна” кинонд бас ашигласан.

 

МИКРОФОНЫ  ӨМНӨХ  ДУУЧИН

Бүх талаас минь гэрэл, бүхний нүдэн дээр ил.
Байнгын дадсан ажилдаа бас л дахиад гарлаа
Бурхны урд  очих мэт микрофоны өмнө зогслоо.
Бурхны дүр биш, бууны ам шиг санагдлаа

Микрофоны сэтгэлд би нэг л хүрэхгүй байх шиг
Миний хоолой захын хүний залхууг хүргэж үү?
Эндүүрч би ганцхан өнгө л алдах юм бол
Энэ муу микрофон дуугаа улам чангалахад бэлээн

Үзэгчдийн зүгээс хавирга руу минь
Үлээх адил туяагаар буудаад
Хажуугийн гэрэл  нүд сохлох гээд
Халуун гэдэг нь,.. шатаагаад байна аа

Энэ муу микрофон, чөтгөр чинь, хутганаас хурц
Имээ чимээний эндүү зөрүүг өчүүхэн ч андахгүй
Өнөөдөр миний нэг л тиймхэнийг нулмихад бэлэн
Өөрөө л би зөв өнгөөр эхлэхгүй бол горьгүй ээ

Өнөөдөр миний хоолой нэг л паржигнаад байх чинь
Өөр өнгө рүү орж би азаан туршихгүй ээ
Зүрх алдахыг минь мэдэх л юм бол энэ муу чөтгөр
Зүйтэй зангаар намайг өрөвдөөд засаад өгөхгүй ээ

Уян налархай хүзүүн дээрээ энэ микрофон
Уртын урт хорт могой шиг толгойгоо савчуулж
Хэрвээ намайг дуугаа тасалбал хатгахад бэлэн
Хэрхрэн ойчлоо ч, мууран уналаа ч дуулах л ёстой

Бүү хөдлө, бүү гулжигана, бүү зүрхэл
Би чиний хэлийг харлаа, чи бол могой
Өнөөдөр ингээд могой сургагч болж хувирлаа
Үзэгчдийн өмнө дуулаагүй ээ би, могой л тоглуулж байна

Өлсгөлөн гээчийн энэ могой, хүүхэн могой,
Өнөөдөр миний амнаас гарах авиаг сороод
Хариуд нь дух руу минь есөн грамм тугалга цацах юм
Харин би гитарандаа хүлээстэй, гараа ч өргөх эрхгүй

Ахиад л эхэллээ, тарчлаан гэдэгт төгсгөл алга
Алив хэлээч, микрофон гэдэг юу юм бэ?
Одоо бол тэр нүүрний минь дэргэд зул адил
Уг нь би шүтээн биш, тэр ч өөрөө гэрэл биш

Аялгуу дуу минь аяз бүхнээрээ дэндүү энгийн ч
Алдаж хадуураад өнгөө соливол өршөөл алга
Энэ микрофоны хар сүүдэр хөдлөхгүй атлаа
Эрүү хацрыг минь дэндүү чангаар алгадаад авах юм

Бүх талаас минь гэрэл, бүхний нүдэн дээр ил
Бороо шиг нижигнээ, аниргүйн харанхуй- алиныг нь би хүртэх бол оо?
Бурханы өмнө очих мэт микрофоны өмнө зогслоо
Бурхан биш ээ, энэ чинь, бууны ам л байна шүү дээ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээ“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концерт нээлтээ хийлээСэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
  • Рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаРок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл дуучид, жазз оркестртой хамтарнаГэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан "I love you" тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
  • Валентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээВалентиний баярт зориулсан “I LOVE YOU” тоглолт 6 дахь жилдээУлсын Филармониос жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг I love you тоглолтоо 2018 оны 02-р сарын 14-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид, удирдаач С.Саруул-Од, дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нар оролцож хайр дурлалын сэдэвт дуу, хөгжмийг үзэгч сонсогчдын хүртээл болгоно.
  •  Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
  • “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнаа“НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концерт тун удахгүй тайзнааҮУИТ-ын хамт олон “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” бүрэн хэмжээний концертыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээж байна. Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээлийг толилуулах гэж байна.