2018-02-12 01:14

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийлээ

   Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дагуу үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнд монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дэлгэлээ.

 

Тус үзэсгэлэнг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар нээсэн юм.

 

   Үзэсгэлэн 2018 оны 02 сарын 08-аас эхлэн 3-р сарын 14-ний өдрийг хүртэл дэлгэгдэх болно. Тухайн ард түмний оюун ухаанаар бүтэж хэдэн мянган жилийг дамнан  хойч үедээ уламжлуулан ирсэн эдийн болон оюуны соёлын өвийн нэг салшгүй хэсэг бол уламжлалт сав суулга юм. Монголын Үндэсний Музей сан хөмрөгт нэн эртний чулуун зэвсгийн үеийн чулуу, шавар савнаас эхлээд орчин үеийн шаазан, ваар, хөргөгч хүртэлх олон зууны түүхтэй сав суулганы арвин цуглуулга буй.

 

   Сав суулга хүн төрөлхтөний туулсан хөгжил дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний хүмүүс хоол хүнсээ хадгалах, боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулга хийж байсан бол хожим шаварыг шатаан ваар сав хийх болжээ. Энеолитийн үе буюу зэс чулууны үед зэсийг хар, цагаан тугалга сэлттэй хольж хүрэл хайлах болсноор хүн төрөлхтөн Хүрэл зэвсгийн үед (НТӨ 3000) шилжин оржээ. Хүрлийн түрүү үеийн булшнаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай  ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй, чихэвчтэй зэрэг боржин, асмалжин, занарлаг чулуугаар үйлдсэн чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс олдсон байна.

   Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн  ард түмэн тул уламжлалт сав суулгаа нүүдлийн аян даах, бат бөх, авсаархан, хөнгөн чанартай  үйлдэж иржээ. Уламжлалт сав суулгыг ашиглах байдлаар нь өдөр тутмын, тусгай зориулалтын, ёслол хүндэтгэлийн хэмээн ангилахаас гадна хийсэн материалаас нь шалтгаалан чулуу, шавар, мод, металл, арьс ширэн хэмээн ангилж байна.

   Монгол дархчууд гэрийн тавилга, авдар, шүүгээ, хувин, савхан, торхон, таваг, даллагын модон сав, тэвш зэрэг олон төрлийн сав суулгыг ихэвчлэн хус, нарс, хуш, улиас, сухай, агар, зандан зэрэг модоор урлаж байв. Сав суулга хийх модыг байгалийн аргаар сүүдэрт хатаахаас гадна урсгал усанд хийх, тосонд чанах зэрэг уламжлалт аргыг хэрэглэнэ. Модон эдлэлийг үзэмжтэй, гоо сайхан харагдуулахын тулд утга төгөлдөр хээ, дүрсийн бэлэгдлийг шимийн будгаар өнгө ялган будах, сийлбэрлэх, зүмбэрлэх аргаар чимэглэж байв.  Мөн мал, ан амьтны арьс, ширийг боловсруулан нүүдлийн ахуй амьдралд зохицсон эдэлгээ сайтай, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ашиглаж иржээ.

   Сав суулгыг өвөрмөц гоёмсог, хүмүүсийн гоо сайхны үнэлэмж, таашаалд хүргэдэг салшгүй нэгэн хэсэг бол чимэглэх урлаг юм. Монголчууд эртнээс өнгө, дүрс, зүг чиг, хээ чимэглэлийн бэлэгдэл зүйг эрхэмлэсээр ирсэн тул сав суулга дээрх хээ чимэглэл ч гэсэн олон утга бэлэгдлийг агуулдаг билээ. Иймд дархчууд ахуйн хэрэглээний сав суулга, хувин, савхан, данх, гүц, саахуу зэргийг хийхдээ өөрсдийн өвөрмөц арга барилыг илтгэсэн олон янзын хээ угалзаар чимэглэж байв.

   1921 оноос эхтэй Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл, аж үйлдвэрийн салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн үр дүнд анхны сайн дурын гар үйлдвэрийн “Артель, хоршоо” байгуулагдсанаар 1940 он гэхэд 150 артель, хоршоололд 7000 гаруй урчууд ажиллаж олон тооны бүтээгдэхүүн, урлагийн бүтээл хийсэн байдаг. Улмаар аж үйлдвэрийн салбар шинээр үүсэн хөгжсөн нь сав суулгын үйлдвэрлэл шинэ шатанд гарсан юм. Тухайлбал, 1955 онд манай анхны “Шаазан ваарны үйлдвэр” байгуулагдаж, иргэдийн хэрэгцээт хоол цайны аяга, сав зэргийг 3 сая орчим ширхэг үйлдвэрлэн нийлүүлжээ.

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байна“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг нийслэлийн дүүргүүдэд тоглож байнаНийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн билээ. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
  • "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ хийнэ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчиддээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.
  • Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Чөлөөт сэтгэлгээ, дотоод мэдрэмжийг хөглөх “Сity swing”Улсын филармонийн “Баян Монгол” биг бэнд хамтлаг арваннэгдүгээр сарын 23-нд Улсын филармонийн концертын танхимд “City Swing” классик жазз тоглолтоо хийнэ. Тав дахь удаагаа зохион байгуулж буй тус тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.
  • Гамлет “моно драм” дахин тайзнаа амилнаГамлет “моно драм” дахин тайзнаа амилнаУ.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг энэ сарын 30-ны 20.00 цагт УДБЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болов. Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил болох дээрх жүжгийг нэг хүний тоглолт буюу “Моно драм” болгон "Black box" театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир тайзнаа амилуулах юм. Тэрбээр хэлэхдээ,“Зохиолыг би 6 жилийн өмнөөс сонирхож уншиж эхэлсэн.30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүний жүжиг болох хүртэл тархиа багагүй чилээсэн. Дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан ч 5-аас дээш дүрд хувирч байсан Моно жүжигчин өмнө байгаагүй. Харин Монголд би анх удаа тавих гэж байна.
  • Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноБуриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоноМонгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор болжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн байна.