2018-02-22 02:22

А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй

МСНЭ-ийн удирдлагууд 21 аймагт хүрч ажиллахаар болжээ. Энэ талаар МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяртай ярилцлаа.

-Та МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцаж амжив уу?

-Юуны өмнө үзэг нэгт нийт нөхдөдөө сар шинийн мэнд хүргэе. Нохой жил маань хийморьлог сайхан эхэлж байна. Миний бие гал тахиа жилийн төгсгөлд орон нутгийн сэтгүүлч нөхдийнхөө  итгэл, дэмжлэгээр МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон.  Орон нутагт ажилладаг хүнийхээ хувьд орон нутгийн сэтгүүлчдийнхээ ажил, амьдралыг сайн мэднэ. Нохой жил шинэ ажил гэхээсээ илүү “шинэ санаа”-гаар дүүрэн өдрүүдээр эхэлж байна. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийнхөө хамт гурав, дөрөвдүгээр сардаа багтан 21 аймгаа тойрохоор бэлтгэл ажилдаа ороод байна.

-Орон нутгийн сэтгүүлчдэд мэдлэг мэдээллээс гадна тэдний өмнө тулгамдсан  гол асуудал юу байна вэ?

-Орон нутгийн сэтгүүлчид мэдлэг, мэдээллээр  дутмаг байгаа нь үнэн. Бидний гол зорилго бол орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчдээ мэдээлэлд илүү ойр байлгах, тэднийг мэргэшүүлэх, дадлагажуулахад чиглэгдэнэ. Юуны түрүүнд редакторуудын уулзалтыг зохион байгуулж, сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдааг засаж залруулахын тулд хамтын нэгдмэл бодлого шаардлагатай байна. Сэтгүүлчийн бичвэрээс уншигчид мэдээлэл авахын зэрэгцээ үг, өгүүлбэр бүрээс нь  суралцаж байдаг. Тиймээс орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх асуудал нэн түрүүнд тавигдана.  Үүнээс гадна орон нутгийн сэтгүүлчдийн цалин маш бага. 250-300 мянган төгрөгийн цалинтай сэтгүүлч, зураглаачид ч цөөнгүй. Тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэснээр ажилдаа сэтгэл хангалуун, ар гэртээ санаа зовохгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана. Тэр утгаараа сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах талаар МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сэтгүүлч мэргэжлийн нэг онцлог нь цаг наргүй ажиллаж байдаг.  Цагдаа, онцгойгийнхноос ялгаагүй өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо, баяр ёслол ямар ч үед ажил үүргээ гүйцэтгэж байдаг хүмүүс бол сэтгүүлчид. Бид 21 аймгаар уулзалт зохион байгуулж, сэтгүүлчдийнхээ дуу хоолойг сонсож тэднээс гарах санал, санаачлага бүрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллахаар зорьж байна.

-21 аймаг тойрох уулзалт хэзээ эхлэх вэ?

-Уулзалт энэ сарын 26-нд Их эзэн Чингис хааны Өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлнэ. Эхний ээлжинд хоёрдугаар сардаа багтан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах төлөвлөгөөтэй байна. Дараагийн маршрутыг МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн гадаад, дотоод ажилтай уялдуулан гаргана. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар гуравдугаар сард есөн аймаг, дөрөвдүгээр сард үлдсэн есөн аймгаар ажиллах хуваарьтай байгаа.

-Уулзалтын үр дүнгээс та бүгдийн цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл илүү тодорхой болох байх?

-Тэгэлгүй яахав. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгогдоод хамгийн эхний уулзалтаа орон нутгийн сэтгүүлчидтэй хийсэн. Тэгээд “Орон нутгийн салбар зөвлөлүүдээ чадавхижуулахаас ажлаа эхэлнэ. Өөрийн биеэр бүх аймагт хүрч нөхцөл байдалтай газар дээр нь танилцана” гэсэн зорилт дэвшүүлсэн. Хотоос ажил төлөвлөөд суух биш халуунд халж, хүйтэнд хөрж байдаг сэтгүүлчдийнхээ санал бодлыг газар дээр нь очиж сонсож, бодит байдалтай танилцсаны дагуу ажлаа төлөвлөх нь илүү үр дүнтэй гэж үзсэн. Орон нутаг бүрт тулгамдсан асуудал  нь харилцан адилгүй. Жишээ нь, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийн гэсэн орон байргүй үйл ажиллагаа явуулж байна. Аль нэг албан байгууллагын хаяа дэрлэсэн байхад шударга сэтгүүлзүйн зарчим ярих нь хангалтгүй. Тиймээс эхний ээлжинд салбар зөвлөлүүдээ өөрийн гэсэн албан ёсны оффисын байртай болгож  ширээ, сандал, компъютер, принтерээр хангах асуудлыг МСНЭ-ийн удирдлагууд шийдвэрлэж байна.

-Сонгууль дөхөхтэй зэрэгцэн  борооны дараах мөөг шиг  хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр байгуулагдах нь энгийн үзэгдэл болж. Орон нутаг ч мөн ялгаагүй. Гэвч төд удалгүй хаалгаа барьдаг. Энэ нь улмаар чанаргүй, улс төрийн хамааралтай хэвлэл мэдээллийн байгууллага болох нөхцөл нь бүрддэг.  МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчийн хувьд дээрх асуудалд хэрхэн хандах бол?

-МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Улс төрчид сэтгүүлчдийг ашиглах биш, сэтгүүлчид улс төрчдийг ашиглах хэрэгтэй байна” гэдэгтэй би санал нийлнэ. Гэхдээ улс төрчдийн халаас руу орох биш, үүнийг бид гэгээлгээр бодох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад юу давамгайлж байна вэ, мал аж ахуй, аж үйлдвэр нь давамгайлаад байна уу гэвэл аль аль нь үгүй. Эсрэгээрээ улс төр нь давамгай болчихсон. Бид үүнийг зөвөөр ашиглах нь чухал. Тухайлбал, нэг аймагт нэг телевиз, сонинтой гэж үзвэл түүнийг байгуулаад ажиллуулж  байгаа эзэн нь мэргэжлийн бус  хүмүүс байдаг. Тэднийг яаж тогтвортой ажиллуулах уу гэдгийг  бид орон нутагт нь очиж ярилцана. МСНЭ аливаа асуудлыг албан тасалгааны цонхоор харах бус бодит байдалтай нь очиж танилцаж шийдэл, гарцыг олох нь бидний гол зорилго. Үүний  нэг нь 21 аймгаа тойрох уулзалт.

-Та бол Монгол улсын сэтгүүлзүйн салбарт орон нутаг хариуцсан хариуцлагатай албан тушаалтан. Хариуцаж байгаа салбарынхаа ирэх дөрвөн жилийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Орон нутгийн сэтгүүлчдийн тухайд нэгдмэл, нэг зүгт харсан хөгжлийн үндэс суурийг тавихын төлөө хичээж ажиллана. Төв, орон нутгийн гэсэн өнөөдрийн зааг ялгааг арилгахыг зорино. Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй. Цалин хангамж, нийгмийн асуудал, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хэм хэмжээ, гадаад томилолт гээд бүх зүйл дээр бид сэтгүүлчдээ хот, хөдөөгөөр нь ялгаж ярьдаг, бичдэг үзлээс салах ёстой. Энэ тал дээр МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгч маань маш тууштай бодлого баримталж ажиллаж байгаа нь орон нутгийн сэтгүүлчид, уран бүтээлчдэд урам зориг өгч байна. Хоёрдугаарт, орон нутгийнхаа сэтгүүлчдийг чадваржуулж сургалт, судалгаанд хамруулах ажилд түлхүү анхаарна. Сурагч солилцоо гэдэг шиг сэтгүүлч солилцоог яагаад хийж болохгүй гэж. Дорнодын сэтгүүлч Эрдэнэтэд очиж ажилладаг тэр нөхцөл боломжийг нь МСНЭ-ийн орон нутаг хариуцсан удирдлагууд нь хангахын төлөө ажиллана. Орчноо сольж,  харилцан туршлага судалснаар  хүний аливааг харах хандлага өөр болдог шүү дээ.

-Та бүгдийн зорьсон ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Гарч буй нохой жилдээ үзэг нэгт нөхөд маань  уран бүтээлийн олз омог ихтэй байхыг хүсэн ерөөе. Сэтгүүлч  бүр  сэтгэлтэй , зүтгэлтэй байгаарай.  Хамтдаа ихийг хийж бүтээе гэж хэлмээр байна.

Ш.АДЪЯАМАА

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу