Одоогоос арван дөрвөн жилийн тэртээ 2004 онд Өвөрхангай аймгаас дуучин болхоор Улаанбаатар хотноо ирж, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан болсноор уран бүтээлчийн замналаа эхлэж, 2008 онд буюу 10-н жилийн тэртээ “Ижий энтэй эгч” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА П.Идэржавхлан, “Х Түц” продакшны жүжигчин Ононтой хамтран дуулах болсон тухай шар хэвлэлүүдээр бичигдэж эхэлжээ.

   Хэвлэлийнхний болон түүний үнэнч сонсогчдын сонирхлыг татсан тус мэдээлэл нь дуучин П.Идэржавхланг “Х Түц” продакшны захирал МУГЖ Н.Ононтой хамтран дуулах нь хэмээн андуурчээ. Тэгвэл дуучин П.Идэржавхлан “Х Түц” продакшны жүжигчин З.Онон буюу хоёр хөөрхөн гүнжийх нь ээж, хайрт ханьтайгаа хамтран дуулж эхэлжээ.

    Дуучин П.Идэржавхлан, З.Онон нарын хувьд ханилан суугаад арав гаруй жил болж байгаа бөгөөд хоёр хөөрхөн охинтой, хайр, жаргал дүүрэн гэр бүл гэдгээрээ олон мянган залуу гэр бүлийн үлгэр дууриалал болон ажиллаж, амьдарч байгаа урлагийн гэр бүл юм. Тиймдээ ч П.Идэржавхлан хайрт ханьдаа зориулж хэдхэн хоногийн өмнө “Энэ насны хайр” дуугаа клипжүүлэн бэлэг барьсан бөгөөд ханийн жаргалыг өгүүлж, үртэй, ханьтай хүн бүр сонсмоор, аялмаар сайхан дууг зориулсан байдаг. Ингээд уран бүтээлч гэр бүлийнхээ хамтарсан уран бүтээлд нь амжилт хүсч, амьдралд нь сайхан бүхнийг ерөөе.