2018-06-18 00:30

"Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналын үзэсгэлэн нээгдлээ

   XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд боллоо. 

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран ард түмэнд “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг энэ сарын 15-27-нд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

   Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримтыг дэлгэн тавьсан байлаа. Тэдгээрийн дотор 1913 оны нэгдүгээр сард  Оросын эзэн хаанаас шагнасан “Гэгээн Станиславын одон”, Хятадын Засгийн газраас шагнасан “Үнэн гэрэлтийн одон”-гийн үнэмлэх, Монгол Улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд зөвлөлт Орос улсаас бэлэглэсэн бичгийн хэрэгсэл, цайны хэрэгсэл болон өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, бичгийн хэрэгслийг дэлгэжээ. Мөн Б.Цэрэндоржийн ганц хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн олны хүртээл болгосон байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийхэн” болон “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болсон юм.  

 

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцож, үг хэллээ. Тэрбээр “2018  онд  бид Монгол төрийн нэрт зүтгэлтэн,  олноо  “Хичээнгүй сайд”  хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэж байна . Тэрээр бага наснаас бичиг эрдэмд шамдан монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн байлаа. Тэрээр идэр залуугаас төрийн алба хашсан нэгэн төдийгүй ХХ зууны эхний мөчлөгт Монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан билэээ. Үндэсний сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оноос хойш насан элэх хүртлээ Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулахдаа Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цаазыг боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдаж байсан юм. Монгол оронд  Бүгд найрамдах засаглал тогтоох  бэлтгэл ажлыг хангаж, анхдугаар  “Үндсэн хууль”-ийг батлах үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож, шинэ Монгол Улсын  эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд  онцгой  хувь нэмэр оруулсан хүн билээ. Б.Цэрэндорж гуай  эрдэм билэг төгөлдөр нэгэн байж, идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар  орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн  Хүндэт гишүүнээр сонгогдож, ном бүтээл туурвин тусгай  шагнал хүртэж, Монгол Улсын бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртсэнийг бахархан тэмдэглэж байна.  Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, нүүдэлч малчдын орноос орчин үеийн улс болох  суурийг тавилцсан гавьяатан болохыг онцлон хэлмээр байна” гэв.

 

 

 

2018 оны турш үргэлжлэх ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас Монгол шуудан ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэрт марк хэвлүүлж, худалдаанд гарах, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр төлөвлөсөн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Ерөнхий сайдын Улаанбаатар хотод байх хөшөөнд улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусна. 

 

 

 

 

ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭНДИПЛОМАТЧМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Б.ЦЭРЭНДОРЖИЙН ТУХАЙ ТОВЧ НАМТАР

 

 

1868 оны 5 дугаар сарын 25-нд одоогийн Хэнтий аймгийн нутаг Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн.  Бага наснаас бичиг эрдэмд шамдсан Цэрэндорж монгол, манж, хятад хэл бичгийг сайн сурч, цаг үеийнхээ бичгийн  боловсролтой  нэгэн болсноор 1885-1890 онд Хүрээн дэх Манж журганы яаманд дагалдан,туслах, жинхэнэ бичээч, 1890-1904 Хүрээн дэх хаант Оросын консулын орчуулагчийн сургуульд багш, 1904-1911 онд Хүрээний манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 6 дугаар зэргийн түшмэлийн алба хашиж байжээ.

 Монголчууд тусгаар тогтнолоо байлдан олж, үндэсний засаг төрөө сэргээн байгуулсан 1911 оноос Монгол улсын Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд түшмэл, 1913-1915 онд дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайдын албыг хашиж байв. 1913 онд хааант Орос улсад айлчилсан  Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Петербургт очихдоо Оросын засгийн газраас  Станиславын  хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан. 

1915 оны  Орос, Хятад, Монгол гурван улсын  Хиагтын бага хуралд оролцсон. Мөн оны 12-р сард  Гадаад яамны сайд байхдаа  ДИУ-ын  тэргүүн зэргийн одон шагнуулсан.

Эрхэлсэн албан тушаалын улмаас 1919 онд "Гадаад Монголын автономит засгийг сайн дураар гуйн устгах бичиг"-т  бусад сайд нарын  хамтаар гарын  үсэг зурсан. 

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар  Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын Гадаад яам, Засгийн газарт  эрхэлсэн  түшмэл, Гадаад яамны тэргүүн  сайд, Засгийн газрын жинхэнэ орлогч, 1923-1928 оны эх хүртэл  БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан.

Б.Цэрэндорж  Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэхийн төлөө баттай зогсож,  улс орны хөгжлийн замын тухайд үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагчдын нэг байв. 

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд  төрийн гадаад, дотоод бодлогын  чиг шугамыг  тодорхойлон БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах хоёр дахь комиссын даргаар ажиллаж, Улсын анхдугаар хуралд Ардын Засгийн газрын гурван жилийн үйл ажиллагааны тайланг тавьж байв.

1924-1928 онд Улсын Бага хурлын гишүүн, Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан. 1922 онд МАХН-д гишүүнээр элссэн,1928 он хүртэл  МАН/МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн байв. Б.Цэрэндоржийн гавьяа зүтгэлийг үнэлж, 1926 онд  Монгол Улсын бичгийн гавьяаны одон шагнаж, 1928 онд насан өөд болоход “...хэзээд монгол үндэстний газар ус, ард түмэн, улсын эрх мэдэл, эдгээрийг алдахгүйг цаг ямагт бодолхийлэн оролдож явсан” хэмээн гашуудан тэмдэглэж байжээ. 

 

 

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайБ.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой”-д саатаарайХөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолт есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д болно. Энэ удаагийн тоглолтод түүний үүсгэн байгуулсан "Kиви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, тоглолтод оролцох юм байна. Мөн Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг, дуучид оролцох юм байна.
  • Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаШ.Гүрбазарын “Жаргаагүй нар” тайзнаа амилнаУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” жүжгээ үзэгчдэд энэ сарын 27, 29-нд толилуулах болжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс нь сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.
  • Б.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноБ.Лхагвасүрэнгийн “Би цаг тооны үргэлжлэл” их цэнгүүн болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн "БИ ЦАГ ТООНЫ ҮРГЭЛЖЛЭЛ" уран бүтээлийн их цэнгүүнд та бүхнийг урьж байна. Тус цэнгүүнийг "Монгол Суутнууд" төслийн хүрээнд "Монгол Медиа Ивэнт Групп" ХХК-аас зохион байгуулж байгаа юм.
  • “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно“Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болноЭнэ сарын 7-ноос -23 ныг дуустал "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна.
  • Б.Чинбат Б.Чинбат "Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо толилуулнаХөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Тэрээр 2011 онд анхны бие даасан тоглолтоо "Давтагдашгүй" нэртэйгээр эгшиглүүлэн 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм.