2018-08-06 06:01

“Зиндаа” сэтгүүл БНСУ-ын “Asia Today” сонинтой санамж бичиг байгууллаа

   БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ "Эрхэт Монгол" группын урилгаар 8 сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Уг айлчлалын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал, хатагтай С.Мөнхзул, БНСУ-ын “Asia Today” сонины Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд сэтгүүл зүйн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоход харилцан дэмжлэг үзүүлэх, сэтгүүлч болон контент солилцох зэрэг олон асуудлууд тусгагдсан юм.

   "Asia Today" сонины Ерөнхийлөгч Ү Жон Сүн  Монгол Улсад хийж буй ажил хэргийн айлчлал, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан уулзалтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “1990 онд Солонгос, Монгол хоёр улс нь дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гэх мэт бүх салбарт найрамдалт харилцаа өргөжин хөгжиж байгаа. Өнөөдөр Азийн энхтайван ба хөгжил цэцэглэлтийн төлөө бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө зорьж ажилладаг "Asia Today" сонины хувьд "Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүл, Zindaa.mn сайттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь олон улсад хүрээгээ тэлж байгаа онцлох үйл явдал болж буй тул маш их баяртай байна. Цаашид хоёр байгууллага нь харилцан хүндэтгэл, итгэлцэл дээр тулгуурлан олон чухал үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн төлөө нарийн нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэллээ.

   “Asia Today” сонин нь XXI зуунд Ази тив дэлхийд тэргүүлэх түүхийг нээх, Ази тивийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг Азийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох зорилт тавин ажиллаж байна. Энэтхэгийн Дели, Хятадын Бээжин хотод салбартай. “Asia Today” сонин нь БНСУ-ын хэмжээнд мобайл уншигчийн тоогоор тэргүүлдэг хэвлэлүүдийн нэг бөгөөд онлайн телевиз, мэдээллийн сайт, сэтгүүлээс бүрдсэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага ажээ.

   2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй “Asia Today” нь анх онлайн хувилбараар гарч, 2007 оноос эхлэн өдөр тутмын “Asia Today” сонин болон хэвлэгдэж эхэлжээ. Тус сонин 2008 онд хамгийн олон уншигчтай 10 сонины нэг болж, хамгийн их хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн хэрэгслээр шалгарсан төдийгүй 2012 онд англи, хятад хэлээр нийтлэгддэг “AsiaToday” вэб сайтаа нээж байв. 2015 онд “Asia Today” сонин Хамгийн олон уншигч, дэмжигчтэй No.1 өдөр тутмын сонин болж, өдөр тутмын сонинуудын дундаас хамгийн шилдэг онлайн мэдээллийн хэрэгслийн нэг болж, 2017 онд “AsiaToday” хамгийн олон хүн зочилдог сонины сайт болжээ. Түүнчлэн AsiaToday нь Хятадын томоохон портал Baidu-д мэдээгээ нийтэлдэг Солонгосын цор ганц сонин гэдгээрээ онцлог юм.

   “AsiaToday” сонин нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, хавдартай хүүхдүүдэд туслах марафон, Сөүл хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн, “AsiaToday Green Construction Awards-2013”, БНСУ-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн баярын тоглолт, Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн тэмцээн зэрэг олон том арга хэмжээг зохион байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

   “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүл нь 22 жилийн түүхэн замналтай хэвлэл бөгөөд 1996 онд байгуулагдсан “Зиндаа” сонины 20 жил, 2011 онд байгуулагдсан “Zindaa.mn” сайтын 5 жилийн ойгоор анхны дугаараа эрхлэн гаргаж байв. “Зиндаа” сэтгүүл нь 240-280 нүүрээр 2 сар тутамд хэвлэгддэг нийгэм, соён гэгээрлийн сэтгүүл бөгөөд 2017 онд МСНЭ-ийн шалгаруулалтаар “Монгол Улсын шилдэг сэтгүүл” өргөмжлөл хүртжээ. “Zindaa.mn” сайт нь өргөн мэдээллийн сайт бөгөөд одоогоор мэдээллийн сайтуудын эхний 10-т зүй ёсоор багтаж байгаа болно. “Зиндаа” сонины 22 жилийн ой, “Zindaa.mn” сайтын 7 жилийн ойн дээр ийнхүү Азийн улс орнуудтай хамтран ажиллах санамж бичгийн анхны гараагаа амжилттай эхэллээ.

   Монгол Улсын хөгжлийн түүхийг Монгол хүний амжилтын дээдийг урлан бичиж уламжлуулан хадгалуулна гэсэн уриатай тус сэтгүүл Монголын хэвлэл мэдээллийн салбарт хурдацтай хөгжиж яваа чөлөөт хэвлэлийн нэг бөгөөд “Эрхэт Монгол” медиа группийн үйл ажиллагаанд чухал байр суурийг эзэлдэг. Тус хамт олон монголчуудынхаа амжилтын түүхийг дэлхий дахинаа таниулах анхны алхмаа хийж “Asia Today” сонинтой хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүллээ.

Ц.Оюунчимэг

WWW.ZINDAA.MN

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэДуучин С.Наран, Б.Баярцэцэг нар хамтарсан тоглолтоо хийнэӨнгөрсөн зургаадугаар сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн White Rock Center-т нэгэн томоохон тоглолт толилуулахад бэлэн болжээ. Танхимын онцлог болсон тайз, хөгжим, 360’ Projection Mapping Show-ны гайхамшгийг шингээсэн уг тоглолтын гол эзэд нь эрч хүчтэй Поп дива С.Наран, уянгалаг зөөлөн Б.Баярцэцэг нар юм.
  • “Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно“Балар эртний цадиг” үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, дээд хэнгэргийг дэлгэжээ.
  • “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
  • “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болно“Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 4,5-д болноНийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг болоод жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж буй “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд, 05-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд хоёр өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
  • Playing Love Best тоглогдоноPlaying Love Best тоглогдоноХөгжмийн зохиолчдын авьяас билгээ сорих, ур чадвараа харуулах нэг шалгуур нь киноны хөгжим байдаг гэлцдэг. Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжсөн хөгжмийн энэхүү томоохон урсгалын энэ үеийн гол төлөөлөгчдийн нэг нь Эннио Морриконе билээ. Түүний "1900-гийн домог" (Legend of 1900) кинонд зориулан бичсэн "Playing love" зохиолоор нэрлэгдсэн тоглолтоо Морин хуурын чуулга найм дахь жилдээ үзэгч, сонсогч олондоо өргөн барих гэж байна. Энэхүү тоглолт нь Монголын төдийгүй дэлхийн алдарт киноны сэтгэлд хоногшсон сонгомол хөгжим аялгууг үндэсний хөгжмийн хөг эгшгээр амилуулан хөгжимдөж, Морин хуур хэмээх гайхамшигт хөгжмийн зэмсгийн чадал, ур хийцийн гайхамшгийг тод томруун харуулдаг тул үзэгчид жил жилийн тоглолтыг тэсэн ядан хүлээдэг биз ээ.