2018-09-07 04:52

Г.Алтаншагай: Үзэгчид эргээд хошин урлагаа муулж байгаад их харамсаж байна

   Мөрөөдлийн театрын хамт олон цоо шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болсон байна. Хошин урлагийн нэгэн өнөр өтгөн ам бүлд мэндэлснээсээ хойш өдгөө долоон нас хүрсэн “хамтдаа лаг” уран бүтээлчдийн гол төлөөлөгч болох Г.Алтаншагайтай та бүхнийг уулзуулж байна.

-Өдрийн мэнд. Мөрөөдлийн театр байгуулагдаад долоон жил болжээ. Одоо ам бүл хэдүүлээ болсон бэ. Энэ хугацаанд хэчнээн бүтээл өргөн бариад байна вэ?

-Уншигч, үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлагт 20 гаруй уран бүтээлчид нэгдсэн байна. Өнөөдөр нээлтээ хийж үзэгчдэд өргөн барих гэж байгаа тоглолтын хувьд гэвэл бүжигчид, арын албаныхан, тайз, гэрэл, шум гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөрөөдлийн театр анх байгуулагдсан цагаасаа “шоу драм” гэх шинэ төрөл жанраар тоглож ирсэн. Энэ жанр нь манай хамтлагийн нэрийн хуудас болсон байна. Шоу драм гэдэг нь драмын урлагийг хошин шоутай хослуулж байгаа хэлбэр. Анх “Миний нууц хүү” хэмээх шоу драмын нээлтээ бид 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хийж байлаа. Энэ хугацаанд 20 гаруй уран бүтээл хийсэн байна.

-Урлаг бол тухайн нийгмийн толь гэдэг. Гэхдээ уналтанд орсон нийгэмд хошин урлаг илүү хөгждөг гэж хэлдэг хүмүүс бий. Тэгэхээр энэ үг хэр үнэний ортой вэ?

-Амьдрал өрнөж байгаа л бол тэнд инээдмийн фактууд дандаа л үүсч байдаг. Түүнийг инээдмийн урлагаар дамжуулж хүнд хүргэж байгаа хэлбэрийг хошин урлаг гэж байгаа юм. Өнөөдөр бүх улсад энэ урлаг хөгжсөн байгаа. Жишээ нь Англи, Орос, Солонгос, Японд инээдмийн урлаг гайхалтай өндөр хэмжээнд хөгжсөн байна. Тэгэхээр энэ үг сэтгэхүйн ядууралд орсон хүмүүсийн бодож хэлсэн үг гэж л хэлэх байна. Хошин урлаг хөгжих тусам хүмүүс тэндээс амьдралын сайхныг мэдрэнэ. Нийгэм хөгжих тусам хүмүүс жаргалтай болдог учраас хошин урлаг нь хөгждөг. Манайд бол зөвхөн инээдмийн жанр л тоглогдож байгаа болохоос биш ганцаараа цойлоод хөгжсөн юм бол биш.

-Хошин урлагийнхныг сүүлийн үед нэлээд шүүмжлэх болсон. Тайзан дээр хэдэн салбадай марзаганаад, үүнийгээ урлаг гэлээ гэж. Яагаад хүмүүс ийм байдлаар хүлээн авч байна гэж бодож байна. Үүнд ямар хариулт хэлэх вэ?

-Сүүлийн үед тиймэрхүү хандлага гарч байгаа. Үүнд би үзэгчдийнхээ өмнөөс харамсаж байна. 1990 онд ардчилал гарснаас хойш лангуу хоосорсон тэр үеэс хошин урлаг өдийг хүртэл монголын үзэгчдийг баясгаж, нийгмийн хүнд хэцүү цагт хань болж байсан ганц зүйл бол хошин урлаг юм. Бага тайзаас эхлээд өнөөдрийг хүртэл Монголын хошин урлаг, энэ салбарын ах эгч нар маань хүмүүсийг стресстүүлэхгүйн төлөө 20 гаруй жил тасралтгүй, уйгагүй ажиллаж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр сошиал орчин хөгжөөд ирэхээр “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр үзэгчид эргээд үзэж байгаагүй юм шиг хошин урлагаа элдвээр муулж эхэлж байгаад энэ жанрт тоглож байгаа хүний хувьд маш их харамсалтай санагдаж байна. Ер нь амьдрал зогсдоггүй л юм бол инээдтэй явдал гарч таарна. Тэгэхээр энэ урлаг бол мөнхийн төрөл.

-Миний хувьд бол “Бага тайз”-ыг маш сайн мэднэ. Харин түүнээс өмнө хошин урлаг ямар хэлбэрээр хүмүүст хүрч байсныг сайн мэдэхгүй юм. Энэ талаар сонирхуулаач.

-Батзаяа, Жагдаг, Чаминчулуун, Туяа, Сосорбарам гээд гавъяатууд маань хошин урлагийн шинэ цагийн түвшний анхдагчид юм. Өмнөх үе нь гэхээр Цэвээнжав, Содном, Латиф, циркийн уран бүтээлчдийг дурьдаж болно. Түүнээс өмнө шог гараа гэж байсан. Жишээ нь, Хүргэн хүү кинонд тариа хадланд гарах залхуурдаг хэсэг бол шог гараа юм. Анх 1960-аад оноос инээдмийн төрөл жанр нь шог гараа гэдэг хэлбэрээр хөгжиж байсан байгаа юм. Түүнээс улбаалаад “Зэрэг нэмэхийн өмнө”, “Ховдгийн гай” гэх мэт инээдмийн кино хэлбэрээр гарах болсон. Тайзан дээр бол шог гараа гэж тоглодог байсан. Шог гараа нь хошин шог болоод одоо хошин урлаг болтлоо хөгжиж байна.

Тоглолтон дээр ёс бус үг хэллэгүүд, янз бүрийн сцена тавилтууд гарна

-Мөрөөдлийн театрын гэрийн эзэн хэн бэ?

-Хамтлагийн ахлагчаар Батаа ажиллаж байгаа. Одоо 2000 гэдэг кинонд ажиллаж байгаа болохоор түр чөлөө авсан байгаа. Мөрөөдлийн театрын энэ удаагийн уран бүтээлд оролцоогүй байгаа.

-“Дундын бүсгүй” шоу драмд тоглож байгаа жүжигчин Туяа, Алдармаа нар танай хамтлагт орсон юм уу, эсвэл урилгаар тоглож байгаа юу?

-Манай баг бүрэлдэхүүн дээр жүжигчин Туяа, Алдармаа хоёр урилгаар оролцон тоглож байгаа.

-Яагаад энэ хоёр эмэгтэй жүжигчдийг сонгосон бэ?

-Энэ цаг үеийн, хошин урлагийн салбарын үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл юм. Тайз, урлаг гэдэг бол гоо зүй. Дээр нь оролцож байгаа хоёр уран бүтээлч маань хоёулаа дүрдээ тохирч байгаа. Бас бид нэг үеийн уран бүтээлчид, өмнө нь огт хамтарч үзээгүй. Тиймээс шинэ зүйл хийж үзье гэж бодоод хамтран ажиллаж байна.

-Нэгэнт шинэ уран бүтээл рүү орсон юм чинь Дундын бүсгүй шой драмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид тайзан дээр хоёр шоу драм тоглоно. Хошин шоу болохоор зургаан номер тоглодогтой л адил гэсэн үг. Жүжиг бол нэг жүжгээ л тоглодог. Харин бид бол хоёр цагт хоёр шоу драм тоглох юм. Эхний жүжиг нь 1963 онд зохиогдсон “Хүн алж тоглосон залуус” тууж. Үүнийг кино найруулагч, урлаг судлаач Р.Батсайхан ах маань жүжгийн хэлбэрт оруулж бичсэн. Хоёр дахь нь Сергей Биловын 2017 онд оросын театруудад тавигдаж байгаа “Ичгүүргүй хосууд” гэж шинэ жүжиг байгаа. Найруулагчаар Төрийн соёрхолт Наранбаатар, бүжиг дэглээчээр СТА, Драмын театрын найруулагч Ган-Очир ажиллаж байна.

-Яагаад +18 жанрыг сонгож тоглох болсон нь сонирхолтой санагдаж байна. Ялангуяа сошиалаар цацагдсан “хэн нь бавуулчихсан юм бэ” гэдэг бичлэг нэлээд шуугиуллаа. Энэ талаар?

-Энэ их учиртай. Манайхныг хийх сэдэвгүй болохоороо өөр салбаргүй орлоо гэх байх. +18 жанрын бүтээл хийгээд, сая сошиалаар тавигдсан бичлэг зэргийг үзээд хүмүүс олон зүйл ярьж байна. Тэр бичлэгийн тухайд үзэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчье. Тоглолтын сургуулилтын үеэр нэг найз маань хийсэн бичлэгээ алдсанаас болж ийм зүйл болсон. Ер нь яагаад +18 гэсэн бэ гэхээр өнөөдрийн авлига, хүчирхийлэл, хар тамхины хэрэглээ хэмжээгээ алдлаа. Үүнийг бид шүүмжилж тайзан дээрээс үзүүлэх гэж байна. Ард түмнийхээ өмнөөс дуу хоолой болох гэсэн энэ санааг зүгээр л хөгжөөх гэж байна гэж ойлгоод байдаг. Бид харин ч ийм байж болохгүй гэдгийг үзүүлж, урлаг бол нийгмийн толь, хүмүүст хүргэх том зэвсэг гэдэг утгаараа асуудлыг хөндөж, шүүмжилж тоглох гэж байгаа юм. Хүүхдүүдэд үүнийг үзүүлж болохгүй. Яагаад гэвэл бид эхлээд өөрсдөө үүнийг ойлгож, ийм байж болохгүй юм байна гэдгийг мэдэрсний дараа хүүхдүүдэд нөлөөлөх ёстой. Тоглолтон дээр ёс бус үг хэллэгүүд, янз бүрийн сцена тавилтууд гарна. Төгсгөлдөө бид хэлэх санаагаа хэлнэ. Гэхдээ энэ жүжгийг үзэх эсэх нь үзэгчдийн өөрсдийнх нь сонголт.

-Мөрөөдлийн театрын зэвсэг чиглэсэн байндаа хүрч чадаж байна уу?

-Хүргэхийн төлөө ажиллаж байна. Хүргэж байгаагаа ч мэдэрч байна. Тиймээс бид 7-8 жил ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр Мөрөөдлийн театр дан ганц хошин шоу тоглоод байдаг хамтлаг биш. Бид жилдээ нэг жүжиг заавал гаргадаг. Миний нууц хүүн, Цаг өөр болж, Тэр чинь би, Хайртай бол эргэж хараарай, Хайрыг гэрчил гэх мэтээр нийт уран бүтээлийн тал хувь нь жүжиг байна. Жүжиг гэдэг бол хэлэх санаатай байдаг. Энэ удаад бид зоригтой дуугарч байна. Улс төр, улсын хөгжил, хүмүүсийн сэтгэлгээ хаашаа зүглэж байна, бие биенээ муулахаас өөр хийх юмгүй болтлоо доройтолд орсон байдлыг үзүүлж байна.

Хүүхдүүд том болохоороо ямар чиглэлийг сонирхож байна, түүнийг нь дэмжинэ

-Г.Алтаншагайгийн гэр бүлээр сонин сайхан юутай байна даа. Ам бүл хэдүүлээ билээ?

-Бүгд сайн. Ам бүл дөрвүүлээ байна. Том хүүхэд маань сургуульд орлоо, бага нь цэцэрлэгт явж байна. Манай хүн ТВ6 телевизэд сэтгүүлчийн ажлаа хийгээд хамт олноо ахлаад ажиллаж байгаа.

-Г.Алтаншагай, С.Насанжаргал хоёрын гэрлэлт бас л тэр үедээ шуугиулж байсан даа. Гэхдээ Шагай бол шар мэдээнд тэр болгон өртөөд байдаггүй байх аа. 

-Манайхан олны танил хүмүүс хоорондоо суухаар дуулиан, шуугиангүй өнгөрөөж сурахгүй ард түмэн шүү дээ. Хийх ажилгүй бол утсаа маажиж стрессээ тайлдаг болсон. Нэг юм хийхээр муулна, хийхгүй бол муулна, болохгүй бол зохиож муулна. Одоо ч гэсэн энэ уран бүтээлийг хийгээд явж байхад хүмүүс муулж л байна. Миний хувьд шар хэвлэлийн асуудалд харьцангуй гайгүй байх өө.

-Шагай яагаад хошин урлагийг сонгосон бэ?

-Би өөрөө инээдмийн жанрт их сонирхолтой. Оюутан байхаасаа л энэ төрөлд тоглох дуртай байсан. Хүнд бас өөрт нь нэг өгөгдөл байдаг даа. Миний хувьд хүмүүсийг инээлгэх нь хамгийн том кайф. Өөдөөс харсан тэр олон хүмүүсээс ирж байгаа нүргэлсэн инээдээс маш их кайфыг авдаг. Ер нь манай багшийн шавь нар ихэвчлэн инээдмийн урлагт ажиллацгаадаг. Манай багш бол Урлаг судлалын ухааны доктор, УГЗ Н.Ганхуяг. Манай хамтлагийнхан гэхэд бүгд нэг багшийн шавь нар.

-Гэхдээ бас өөр жанрын уран бүтээлд тоглосон байдаг. Инээдмээс гадна ямар төрлийн дүр бүтээгээд байгаа билээ?

-Би зөвхөн хошин урлаг гэлтгүй бүх л жанрт тоглохыг боддог. Драмын театрт би таван жил ажиллалаа. Драмын жүжигт тоглож байна. Ганцаарчилсан өгүүллэгийн төрлөөр өөрийнхөө уран бүтээлийг хүргэсэн. Түүхэн кинонууд гээд ер нь жүжигчин хүн бол бүх талын хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Бас хөтлөгчийн чиглэлээр ажилладаг.

-Жүжигчид хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэх тийм ч сонирхолтой байдаггүй юм шиг. Шагайгийн хүүхдүүд жүжигчин болно гэвэл аав нь дэмжих үү?

-Манай хоёр хүү рекламд тоглодог, бас аавынхаа тоглосон кинонуудад хамт тоглодог. “Single Ladies”, “Одод болохын хүслэн”д тоглосон. Урлагийнхан хүүхдүүдээ урлагийн хүн болгохгүй гэж ярьцгааж байдаг юм. Би бол тэгдэггүй. Манай хүүхдүүд том болохоороо ямар чиглэлийг сонирхож байна, түүнийг нь дэмжинэ.

“Хүн судлаач хүнийг жүжигчин гэнэ”

-Хошин урлагийн зарим жүжигчдийг бусад жанрын кинонд харна гэхээр бас төсөөлөх аргагүй байх тохиолдол бий. Харин Шагайгийн хувьд хэдийнэ түүхэн дүр хүртэл бүтээгээд амжсан байгаа. Түүхэн мөртлөө дээр нь сэтгэцийн өвчтэй болж жүжиглэдэг дүр Мойлхон кинонд гардаг шүү дээ. Энэ дүрд нэлээд ажиллагаа шаардсан байх. Дүр дээр хэрхэн ажилладаг вэ? 

-“Монгол Улсын төлөө зүтгэе”, “Мойлхон”, “Аравт” гэх мэт кинонуудад тоглосон байгаа. Тоглох гэж байгаа дүр нь хаана байна, тэнд очиж судална. “Хүн судлаач хүнийг жүжигчин гэнэ” гээд жүжигчний схемийг хийсэн Константин Сергеевич Станиславский тодорхойлсон байдаг.

-Жүжигчин Г.Алтаншагай яг одоогийн байдлаар хүнийг хэдэн хувьтай судалсан гэж бодож байна?

-Дөнгөж эхэлж үзүүрээс нь атгаад л ажиллаж байна. Урлаг бол байнгын суралцахыг шаардаж, бүхий л зүйл дандаа шинэлэг байдаг. Жүжигчин хүний хамгийн сайхан нь амьдралыг олон талын өнцгөөс, өөр өөр өнгөөр харж чаддаг чадвартай байдаг. Тухайн дүрээр дамжуулж нийгмийг хардаг онцлогтой гэсэн үг.

Эх сурвалж: Undesten.mn
Ярилцсан: Я.Хулан

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу