2012-04-11 06:36

Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна

 

 
 
Б.Галаарид
 
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ. 
 
-Авирмэд гуайн үр удам авьяасыг нь өвлөөд явж байгаа юм байна. Анх хэдэн настайгаасаа хөөмийлж эхэлсэн бэ?
-Анх 12-13 настайгаасаа аавыгаа айлд хонон өнжин байж тууль хайлахад дэргэд нь байж цайг нь дөхүүлж өгдөг байлаа. 18 хүрч байж бие даасан туульч болсон доо.
-Тууль хайлж сурна гэж яг юуг нь хэлдэг юм бэ. Дэг жаягийг нь сурах ёстой юу, үг үсгийг нь тогтоох ёстой юу, эсвэл үйл явдлыг нь тогтоодог юм уу?
-Туульд тогтоосон дэг жаяг гэж байхгүй. Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлээд явчихдаг. 
-Тууль хайлж эхлэхдээ Алтайн магтаалыг заавал хайлах ёстой юу?
-Туульчид эхлээд Алтайн магтаалаа заавал хайлж Алтайнхаа савдаг шивдгийг дууддаг. Тэгж байж туулиа эхэлдэг. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэдэг үгтэй.
-Алтайн магтаалыг хайлаад эхлэхээр биед янз бүрийн өөрчлөлт ордог уу? Бөөгийн онгод ордогтой адилаар...
-Орно. Алтайн магтаалаа аялгуулан хайлж, уул усны эздээ дуудаж даатгаад явж байхад бие эвгүйрхэх, хачин оргих зэрэг янз бүрийн байдал мэдэгдэнэ.
-Тууль хайлах, бөө буух хоёрт адил төстэй юм олон байх шиг санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай туг төстэй шүү. 
-Заяачийн бууж ирж байгаа нь харагдах, мэдрэгдэх, өөрийн чинь мэдрэмж хурцдах гэх мэт тодорхой өөрчлөлт мэдрэгдэх үү?
-Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг.
-Өөрөө хэдэн тууль хайлдаг вэ?
-Би 6-7 тууль хайлдаг. Аав маань 12-13 тууль хайлдаг байлаа. Манайхан удам дамжсан туульчид. Дээд өвөгт минь Жилхэр гэж алдарт туульч байсан. Лавтай арван үеийн туульчидтай удам. 
-Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Өөрөө ямар ямар туулийг ямар засалд зориулж хайлдаг вэ? 
-”Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин тууль байна. Энэ гурван догшин туулиар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг. “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиуд бол дандаа хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дууддаг туулиуд юм. 
-Галын засал хийдэг тууль гэж байх уу?
-Долоон догшид туулиар айл өрхийн юу бүхнийг тэр чигт нь засдаг. 
-Туулийг асар удаан хугацаагаар хайлдаг гэдэг. Дээд тал нь хэд хоногоор тууль хайлдаг вэ?
-“Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулиудыг бол өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө явж дуусгадаг юм. Тасралтгүй явбал бараг 24 цаг хайлна гэсэн үг. Гэхдээ туульч маань биеэ засах, хоолой амаа зайлах, цай уух зэрэг завсарлага дунд нь авдаг.
-Одоо манайд жинхэнэ туульчид хэд байна?
-Би тэрийг ёстой хэлж чадахгүй. Яг жинхэнэ туульч гэж алга. Бүтэн тууль хайлж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө урианхай тууль устаж байгаа гэж хэлэхэд болно. 
-Та өөрөө бол бүтэн хайлна биз дээ?
-Тэгнэ ээ.
-Та урианхай туулийг уламжлуулж үлдээх, сургах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Урианхай хэл өөрийн гэсэн хэлзүйн онцлог, өөр аялгуу аялгатай байдаг. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Компьютер, зурагт шохоорхоно уу гэхээс товшуур барьчихаад тууль хайлж, үлгэр сонсоё гэх хүүхэд байхгүй шүү дээ. 
-Туулийн хэл урианхай ярианы хэлээс өөр үү?
-Өөр. Тууль хайлахад хамаагүй өөр аялгатай. Хүн амар ойлгоод байхгүй. Урианхай хөгшчүүл ойлгоно. Залуу хүмүүс нэг их ойлгохгүй.
-Та тууль хайж байхдаа орчноос тасардаг уу?
-Би унтчихдаг юм. Хүн татаад “Одоо жаахан зогсож амрах уу?” гэхээр сэрдэг юм. Өөрөө унтчихсан юм шиг юу ч мэдэхгүй хэр нь туулиа аялгуулан хэлсээр л байдаг гэсэн үг.
-Тууль хайлж байхад туулийн үйл явдал кино шиг харагдах уу?
-Кино шиг харагдахгүй ч үе үе орж гараад л байдаг юм. Туульд гарч буй гол баатраа ямар нэг хэмжээгээр харж байдаг юм. Би тэр кинон дотор өөрөө биеэрээ ороод явчихдаг.
-Арвангурван Алтай гэлцдэг. Тэр олон Алтай маань тууль хайлж байхад дүрээрээ харагдах уу?
-Харагдана аа. Алтай нутгийн тэр их өндөр уул сарьдгууд чинь Алтайгаа магтаад явчихаар харагдана. Алтай чингэл гэж манай Монголын нутаг хэр нь Хятадынх болчихсон газар бий. Тууль хайлахад дүр нь ороод ирдэг. Тэгээд л ах дүү оргилууд бүгд орж ирдэг юм. 
-Жилхэр өвгийн чинь хайлж байсан, өөрөө огт мэдэхгүй туулийг хайлъя гэвэл болох болов уу? Бөө бол урьд нь оруулж байгаагүй онгодыг дуудаад оруулчихдаг шүү дээ. 
-Зориод суувал орж ирэх биз. Тухайн туулийн үйл явдлыг л мэдэх нь чухал. Зөвхөн ташуураа унагаад буугаад ташуураа аваад буцаад мордох тэрхэн хэсгийг орхиод хайллаа гэхэд л болохоо байчихдаг. Дутуу хайлвал насанд цөвтэй, маш муу гэдэг. 
-“Талын хар бодон” туулийг шашны нөлөө нэлээд орсон, энд тэнд нь маань мэгзэмтэй хувилбараар нь харж байсан удаатай. Тийм маань мэгзэмгүй цэврээр нь хэлж болохгүй юу?
-Миний хайлж буй “Талын хар бодон”-д маань мэгзэм байдаггүй шүү дээ. Манай аавын хэлж байснаар бол маань мэгзэм туульд ордоггүй гэдэг. Номон дээр янз янзаар л бичсэн байдаг. “Аргил цагаан өвгөн” нэртэй туулийг шал өөр утгаар бичсэн байна лээ.
-Сарын өмнө хайлсан туулиа өнөөдөр дахиад хайлбал мөр, бадаг, үг, үйл явдал зөрөх үү?
-Мөр, бадаг, шүлэг зөрж болох ч үйл явдал зөрөхгүй. Тухайн үедээ шүлэглэж байгаа учраас мөр бадаг бол өөр байж болно.
-Туулийг жилд хайлах тоо гэж бас байдаг бололтой юм билээ...
-Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Илүү хайлвал цөвтэй, болдоггүй гэдэг. 
-Хайлж тэмдэглүүлсэн тууль өөрт чинь олон бий юу?
-Би Монголдоо тууль бүрэн хайлаад бичүүлсэн удаагүй. Харин солонгосууд хоёр тууль бүрэн хайлуулж бичиж авсан. “Наранхүү хан”, “Зул алдар хан” хоёроор кино хийгээд аваад явсан.
-Танай нутагт одоо өөр алдартай туульчид байна уу?
-Одоо алга даа. Аавын төрсөн ах Уртнасан гуай гэж мундаг туульч байгаад нас барсан. Уртнасан авгын хүүхдүүдээс авьяасыг нь өвлөсөн хүн байхгүй. Манайхаас бол би л байна.
-Удам тасраад дахин сэргэх боломж бий юу?
-Мэдэхгүй. Манайхан л лав тасралтгүй арван үе болж байна.
-Тууль хайлахад яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тууль хэлж байгаа үед мэдрэмж өндөртэй болчихдог. Тууль хайлж байгаа айл нь гай барцад багатай бол янз бүрийн асуудал гардаггүй. Гэхдээ аав маань тааруухан айлд тууль хайлж байгаад татаж унаж байсан гэдэг. 
 
Судлаачийн тэмдэглэл: Монгол аманзохиол судлалын нэлээд судлагдсан төрөл зүйлийн нэг нь тууль юм. Гэхдээ туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалж байсан болохоос бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй. Миний бие гоц үзэгдлийг сонирхон судлах явцдаа бөөгийн онго орох, туульчдын тууль хайлах хоёрт адил төстэй, бүр амин шүтэлцээтэй ч гэж болох зүйл байгааг олж анзаарснаа бататгахаар Баруун Монголын алдарт туульч Жилкэр, Авирмэд нарын залгамж А.Балдандоржтой хөөрөлдсөнөө уншигч танаа толилууллаа. 
Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна. 
Хоёр дахь төстэй тал нь бөөгийн онгод орсноор тухайн бөө өөрийгөө мэдрэхээ байж, улаачийн биед орсон онгод л ярьж эхэлдэг. Энэ бол бүрэн тасардаг бөөгийн онцлог. Зарим бөө өөрийн үйлдлээ ч санаад, онгодын үг яриаг ч мэдээд байдаг. Ийм бөөг онгодоо барьж чаддаг бөө гэж нэрлэдэг. А.Балдандорж туульчийн оюун санаа зарим үед бүрэн тасарч (үүнийгээ тэрээр унтах гэж нэрлэж байна), заримдаа үйлдлээ мэдэрч хянадаг нь түүний ярианаас тодорхой байна. 
Гуравдахь төстэй тал нь арга засал хийдэгт байна. Бөө нар ийм тийм засал хийхэд тийм ийм онгод дуудна гэж ярьдаг бол туульчид ямар үйлд зориулан тууль хайлах гэж буйгаасаа хамааран өөр өөр тууль хэлдэг нь тодорхой байна. 
Тува, саха, баяд, торгууд тэргүүтнүүдэд ч тууль хайлах заншил бий бөгөөд тэр бүрт мөн л бөөтэй адил төстэй зүйл ажиглагддагийг эрхэм мэргэд анхааран судлаасай хэмээн хүснэ.
2010.01.19
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж