2012-04-11 07:04

Жангар хийгээд жангарчид...

 

     РЕД: Саяхан бидний хэдэн гадаадынхны дунд дэлхийн урлагийн алтан санд орсон алдарт бүтээлийн тухай яриа өрнөж билээ. Тэд Оросын Игорын хорооны тууж, Энэтхэгийн Рамаяна, Английн Роланд баатрын тууль, Грекийн Илиада, Одиссей гээд алдарт туульсийн бүтээлийн тухай, түүнийг бүтээсэн ард түмний тухай шагшин магтаж билээ. Би ч тэсгэл алдан "Манай баруун Монголын баатарлаг тууль бол эдгээр алдарт бүтээлтэй эн зэрэгцэх төдийгүй хэлбэр, зохиомж, ур хийцийнхээ хувьд заримаас нь бүр илүү гарна" гэлээ. Тэд итгэж ядан над руу харав. "Монголчууд хэзээнээсээ оюунлаг ард түмэн байжээ гэдгийг туулийн бүтээлээс нь мэдэж болно. Монгол туулийг дунджаар 100 мянган шад шүлгээс бүтдэг гэдэг. Монгол туулийн нэг оргил болох Жангар туулийн бүх бүлгийг нэгтгэвэл 3000 мянга шахам шад шүлэг болно. Бас тэгээд ийм том хэмжээний бүтээлийг юу ч үзэж харалгүйгээр цээжээр хэлж, хайлна гэдэг асар том билэг авьяас. Эрт цагт туульч, ерөөлч, магтаалч, үлгэрчид хүмүүсийн унших ном, сонсох хөгжим, үзэх жүжиг нь болж байжээ. Ер нь монголчууд бид үгийн урлагийн сонгодог жишээ болсон туулийг бүрэн бүтнээр нь уламжлан өнөө үе хүртэл алдаршуулан авчирч, хүн төрөлхтний утга соёлд том хувь нэмэр оруулсан цөөхөн ард түмний нэг юм шүү. Монгол туургатанд 500 орчим тууль бий гэж судлаачид үздэг юм. Зарим нь 200 ч гэдэг. Эдгээрээс судлаачдын анхаарал татаж ирсэн нь 70-80 тууль байдаг" гэж сонсож дуулснаа эвлүүлэн байж ярилаа. Тэд ч "гайхалтай, ёстой гайхалтай" гэж хүлээн зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч миний зүгээс тэдэнд сонсгож, үзүүлэх юм байгаагүй дээ их гонсгор байж билээ. Ер нь хэн ч гэсэн хүний газар гүний нутагт явж байхдаа улс үндэстнийхээ бахархал болсон зүйлийг авч явж баймаар юм билээ шүү. 

  РЕД: Ингээд би үсэрсэн цус, тасарсан мах минь энэ газар байдаг хойно тууль олж л таараа гээд туульчийн эрэлд мордсон юм. Би алдсангүй. Тэр дундаа түмэн хөлийн Бээжин хотоос жангарчдын үр хойч залуу жангарчинг олж, түүнтэй уулзахаар болов. Жангарчин Пүрэвжав хамт сурдаг найз халимаг хүү Цэцэнтэйгээ иржээ. Зочид маань студид орж ирүүтээ тоглолтын хувцсаа өмсөж, малгай юугаа тавиад суулаа. Энэ... мөн том хүндэтгэл ээ. 

 Пүрэв: Жангарын тууль нь Ойрод монголчуудын дунд илүү тархан дэлгэрчээ. Хятад, Халимаг, Монгол улсын баруун аймаг зэрэг Ойродууд тархан суусан газар оронд өнөө ч Жангарын тууль хайлагдаж явна. Дээр зуунд их олон урлагчид, жангарчид байсан байна. Харин сүүл үеэр Жангар хайлдаг туульчид их цөөрч, над шиг бага жангарчдыг хүмүүжүүлж бэлтгэсэн гэж болно.

 

Сурв: Анх Жангар заалгаж, сурч байсан тэр үеэ дурсана уу?

     Пүрэв: Жангарын үг хэллэг харьцангуй их хатуу байдаг. Тиймээс анх цээжилж байх үед үг, өгүүлбэр бүрийг бүрэн бүтэн ойлгож, бас хэлний ээдрээгээ заавал гаргах чухалтай байдаг. Би Жангарыг анх цээжилж байх үед их цаг хугацаа зарсан. Зөвхөн нэг бүлгийг цээжлэхэд бараг жил болсон. Ингээд нэг бүлэг цээжилж ур дамыг нь мэдээд ирэхээр дараа дараачийн бүлгүүдийг цээжлэхэд дөхөм болж ирсэн. Дээр зууны сүүлчээр Жангар хайлах уралдаан гэж болж байсан. Тэнд газар газраас ирсэн настай жангарч, бага залуу жангарчид энэ уралдаанд оролцоно. Энэ нь миний анхны жангарын цуглаан найр гэж хэлж болно. Дараа жил нь манай Шалваа гэгээнээс бидэнд "Жангарч" гэсэн цол хайрлав. Надад "Гэгээний жангарч" цол, миний найз хүү Тайванд "Ноёны жангарч" цол хайрласан юм. Тэр цагаас хойш бид тасралтгүй Жангарын туулиа хайлж явна. 

 

     Миний хамаг анх цээжилсэн нь "Хаан Сийр бодонгийн бүлэг" юм. Гол агуулга нь гэвэл, Хаан Сийр бодон гэх баатар бага хөвүүн байхад нь аав ээж нь ингэж хэлнэ: Чамд алдар их, хамгийн ноён Жангар, Арслангын араг улаан Хонгор гэх нагац нар чинь буй билээ. Бидэн хоёрын амьд сэрүүн дээр тийш одож, харгалдах учиртай байсан билээ. Гэвч одоо бидний үхсэний хойно хурдан одоод харгалд гээд, аав ээж нь нас баржээ. Хаан Сийр хөвүүн хамаг бэлтгэлээ хийгээд хаан ноён Жангар нагацаа хайхаар мордоно.   

 

  Зам зуураа Жиринтэйн Улаадай гэх баатартай тааралдж түүнд хорлогдчихдог байна. Өнөө Улаадай нь Хаан Сийрийн хувцас хунарыг өмсөөд Мөндөл гоо гэх Хаан Сийрийн өндгөн сүйт бүсгүйтэй хуримлахаар явна. Яг энэ үед нь Жангарын нутгийн Алтан цээж Баавай гэх баатар болсон бүх явдлыг мэдээд, Жангарын зээ хөвгүүн зам зуураа хүнд хорлогдсон байна гээд Араг улаан Хонгор баатрыг араас нь мөрдүүлнэ. Хонгор баатар арван жил болсон арваалжны мөр мөрдөөд, хорин жил болсон хорхойн мөр мөрдөөд, Хаан Сийр бодон дээр хүрч, үдэд хүрдэггүй үен цагаан эмээ өгч, хоногт хүрдэггүй хонин цагаан эмээ түрхээд амьдруулж аваад, Улаадайн ардаас нэхэж дайснаа дарж, заяаны сүйт Мөндөл гоотойгоо нийлж, Жангарын нутагт ирж найр наадмаа хийгээд нутаг усандаа эргэж харьдаг байна. Жангарын туулийн хамаг ид шидтэй, сонирхол татдаг зүйл нь бол хэл хэллэг, шүлэг холболт дээр байдаг. Ганц нэгхэн үйл явдлыг олон мөрөөр шүлэглэсэн байдаг. Жишээлбэл:

Газар дээр ганцаараа хоцорсон 
Орчлон дээр өнчин үлдсэн 
Хар арслан хааны хөвүүн 
Ханцан болсон бууралтай 
Хаан Сийр хөвгүүн 
Хаан Жангар нагац нартаа од суу 
Мөнгөн хааны нутагт хүрч 
Мөндөл гоотой өргөөлсүй гээд 
Зуун жил өмсөвч 
Зуузайгаараа элдэггүй 
Түмэн жил өмсөвч 
Түрийгээрээ элдэггүй 
Тангад улаан госоо 
Татан түлхэн өмсөөд 
Хээ гоод өмсдөг 
Хэдэн давхар ловцоо 
Дотор талдаа өмсөөд 
Хариу жилд нь хатаагаад 
Ирүү жилд нь ирлэсэн 
Алмас болд илдээ 
Баруун ташаа дээрээ 
Батлас хийгээд төдгөлөв 
Зуун тэхийн эврээр 
Залгаж зүүгээд хийсэн 
Ерэн тэхийн эврээр 
Ирлэж сийлээд хийсэн 
Идэр шар саадгаа 
Дал дээрээ агсав. 
Хашилгатын эхэнд явсан 
Ханцун болсон буурал хүлгийг авчраад 
Хөдөөгөөр хэмжээд хийсэн 
Хөвгөр цагаан тохмыг 
Хорин дөрвөн нуруунд нь 
Хотойтол тохоод 
Уулаар үлгэрлээд хийсэн 
Ур шар эмээлийг 
Уужим сайхан нуруунд нь 
Үмхүүлэн тохоод 
Наян царын арьсаар 
Найг нь олж гөрсөн 
Хавтгай хар хударгыг 
Хоор татаж ирээд 
Хоёр овоо ясыг 
Даруулан хударгалаад 
Далан царын арьсаар 
Далан цохиод гөрсөн 
Дөрвөн их олонг 
Найман хавсны заагийг олж татаад 
Яргай модон иштэй 
Яшил торгон сагалдрагатай 
Айрстын хар товорцгоо 
Баруун чигчээхэйдээ өлгөөд 
Мордоод гүйлгээд явав гэнээ... Энэ мэтээр зөвхөн зэр зэмсгээ агсаад, морь унаагаа эмээллэж тохоод аян замд гарах үйл явдлыг ингэж нарийн дүрсэлж шүлэглэсэн байдаг.

     Жангарыг цээжилснээр миний хэл хэллэг сайжирч, үгсийн сан маш баялаг болж ирсэн. 

 

 Сурв: За тэгвэл Халимаг хүү Цэцэн юу хэлмээр байна даа?

     Цэцэн: Би Жангарч биш л дээ. Гэхдээ манай Халимагт халимаг хэлний гимнази байдаг. Тэнд "Аман үгийн зоорь" хичээл ордог юм. Тэр аман үгийн зоорь хичээл дээр Халимагийн тууль, аман зохиол, үлгэр, цэцэн үг, түүх, ёс заншил заадаг. Түүний нэг нь Жангарын тууль юм. Ингээд би Жангарын туулийн Бумбын орны магтаал хэсгээс нэг тасархайг хэлж сонирхуулсу.

 

Үхэл үгүй мөнхийн орон 
Үргэлжийн хорин таван насны дүрээр 
Өвөл үгүй хаврын хэвээр 
Зун үгүй намрын хэвээр 
Даарах хүйтэн үгүй 
Халах халуун үгүй 
Сэр сэр салхитай 
Бур бур бороотой 
Бумбын орон

     РЕД: Монгол газраа тууль нь Ойрод буюу Баруун Монголд илүү дэлгэрчээ. Тиймээс ч Баруун Монголчууд тууль хайлах талаараа алдартай. Тэд жирийн байдлаар аялгуулан дуулах, шүлэглэн хэлэхээс хайлах нь илүү элбэг. Хайлах гэдэг нь дуулахаас эрс ялгаатай, нэг үгээр хөөмийлөхтэй утга дүйж очно гэсэн үг. Тууль хайлахад аргил хоолой шаарддаг байсан шиг. Судалгаанаас үзвэл Баруун Монголын алдарт туульчид аргил хоолойтой байжээ.

     Баруун Монголын баатарлаг туулиас Жангарын тууль нь Халимаг болоод Хятадын баруун хэсэгт илүү их түгэн дэлгэрчээ. Энэ нутагт аялгуулан хайлахаас гадна шүлэглэн хэлэх хэлбэр нь элбэг юм. 80-аад оны эхээр Шинжааны зохиолч, тууль судлаач Хоо Бадай гэдэг хүн хэсэг эрдэмтэн судлаачдын хамт Шинжаан нутгаар явж 100 гаруй Жангарчидтай уулзаж, тэдний амнаас Жангарын туулийн хэдэн арван бүлгийг буулгаж авчээ. Хэдэн жилийн дараа энэхүү судалгааны ажил дээр үндэслэн тод үсгээр З боть ном хэвлэн гаргасан нь Жангар судлалд маш том өв соёл болон үлджээ. Мөн Жангарын туулийг уйгаржин монгол бичгээр 2 боть ном хэвлэн гаргасан байна. Хэлбэр хийцийн хувьд нэн сонирхолтой юм. 

 Пүрэв: Хайлсан бүлгийн тоогоор авч хэлбэл, Жуунай настан 25-30-аад бүлэг хэлж тэмдэглэсэн байна. Манай Дундад улсын хэмжээнд, дэлхийн Жангарчдын дотор ч гээд хамгийн их бүлэг мэддэг Жангарч бол энэ Жуунай гуай юм. Одоо насан сүүдэр 85 зооглож яваа байх. 

 

  

     Сурв: Тэгвэл чиний хувьд хэдэн бүлгийг...?

     Пүрэв: Миний хувьд, бага байхдаа 5 бүлэг хүргэж цээжилсэн байсан. Хойно нь хайлах завшаан бага, олон хайлагдахгүй зэрэг шалтгаанаас болж зарим хэсэг бүлэг нь мартагдаж байна. Одоо хоёр л бүлэг бүрэн хайлж чадна.

     Сурв: Энэ сайхан хайран юмаа алдаж, мартаж болохгүй дээ, тиймээ? Уртаа, танай аав бас тууль хэлдэг гэж байгаа биз?

     Уртаа: Тиймээ, манай аав тууль хэлдэг юм. Манайд их олон хүүхэд цугларна. Тэгээд аавын хэлсэн Хонгор баатар, Салхин таван баатрын тууль сонсдог байсан. Миний бага нас их сонин ертөнц байж дээ. Тэр үед ямар телевиз, элдэв төрлийн тоглоом наадам гэж байсан биш. Хөдөөгийн хүүхдүүд бид үлгэр домог, тууль сонсож, түүгээрээ энэ дэлхий ертөнцийг төсөөлдөг байж. Ер нь бид Жангараар л амьсгалж, Жангараар амьдардаг байж дээ. Хожим тод үсэг үсэг сураад Жангарын туулийн нэлээд хэсгийг уншиж танилцсан боловч цээжилж ирсэнгүй. Үүндээ би харамсдаг юм. 

РЕД: Та бүхэнд "Жангар хийгээд жангарчид" сурвалжилсан тэмдэглэлээ хүргэлээ. Баяртай.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.