2019-05-09 11:00

С.Өлзийхүү: Би залуудаа хүнтэй суусан болохоор хүмүүс эргүүлж, гоё сайхан гэж хэлж байсангүй

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.

-Танд юуны өмнө баяр хүргэе. Ингэхэд анх тайзан дээр хөл тавьснаас хойш хэчнээн жилийн хөдөлмөр, бүтээлийн дараа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэв?

-Би 1992 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн юм. Манай анги тэр жилийнхээ зургаадугаар сард төгсөлтөө хийх байсан боловч багш маань гэнэт л гуравдугаар сарын эхээр төгсгөх болж, манай ангийнхан Хүүхэд, залуучуудын театр, Улсын дармын эрдмийн театруудад хуваагдаж очих боллоо. Хүүхэд, залуучуудын театрт манай Хүрлээ, Ганхуяг, Мягмаржав, Сарантуяа нар маань, Драмын театрт Дэмидбаатар, Оюундарь бид гурав, Бямбацогт маань өөрийнхөө хүсэлтээр Багануурын театрт хуваарилагдлаа. Манай ангийнханд бүгдэд маань азаар театрт ажиллах завшаан олдсон хэрэг. Анх тэгж л Драмын эрдмийн театрын босгыг даван орж, жүжигчин гэдэг замаар эргэлт буцалтгүй замнасан даа.

-Драмын театрт ороод анх ямар дүр бүтээж байв?

-Театрт жүжигчид найруулагч хэзээ надад дүр өгөх бол гээд тэсэн ядан хүлээнэ шүү дээ. Санчигдан гэж их мундаг найруулагч байсан юм. Надад анх “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн гол дүр Лораг өгсөн. Тэр дүрийнхээ учрыг олоод байж байтал Г.Доржсамбуу найруулагчийн урилгаар И.Нямгаваа найруулагч Драмын театрт ирж “Ноён Амилкар” жүжгийг тавих боллоо. Нямгаваа найруулагч надад өөрийнхөө жүжгийн гол дүр Виржиниагийн дүрийг өгсөн. Нямгаваа найруулагч их гоё найруулагч байсан шүү. Бэлтгэлийн үеэр гол юмаа гаргаж чадвал зрителиэс “Зөв шүү, миний хүү. Саяынх яг зөв” гээд л хашгирна. Хүнийг тэгж хөглөдөг их гоё найруулагч байсан.

Тэр жүжигт Виржиниагийн дүрийг гаргаснаасаа хойш л би жүжигчний хувьд задарсан даа. Тэр жилийн зун буюу 1992 онд Нямгаваа найруулагч зууны шилдэг туужаар хийсэн “Цахилж яваа гөрөөс” киноныхоо гол дүрийг надад өгсөн юм. Сайн найруулагчтай ажиллана гэдэг жүжигчний хувьд маш том бэлэг гэсэн үг. Нэгд жүжигчний хувьд задарна, хоёрт маш том сургууль, туршлага болно. Тэгээд түүнээс хойш Драмын театрын олон сайхан жүжигт тоглосон. “Ромео Жульетта” жүжигт Жульеттагийн ээж, Капулето хатан, Мөнхдорж найруулагчийн “Хаан түүх” жүжигт хатны дүр, дэлхийн сонгодог жүжиг “Хүслийн трамвай” жүжгийн Бланш Дюбуа гээд маш гоё дүрд тоглосон. Түүний дараа “Буудлын авхай” жүжгийн буудлын Авхай гэх мэт маш олон дүрд тоглосон. Тэр бүхэн туршлага болно. Мөн тэр олон мундаг найруулагч, жүжигчидтэй ажиллана гэдэг хүнийг жинхэнэ боловсруулж байгаа юм л даа.

-Арван жил ажиллаад Драмын театраас гарах сонголт хийхэд хэцүү байсан уу. Тоглож амжаагүй жүжиг, бүтээж амжаагүй дүр гээд дутуу орхисон зүйлдээ сэтгэл хоргодох, харамсах мэдрэмж төрсөн байсан болов уу... Эсвэл ханасан байсан уу?

-Үгүй ээ, харамсах мөч байсан. Хүсэлээтэй ярьж байгаад л театраасаа гарсан боловч дараа нь Драмын театраа санаад болохгүй үе бишгүй байсан. Тэр улаан байшин, тайзаа санана. Дараа нь шинэ жүжиг тоглох бүрт би энэ дүрд тоглох байсан болов уу ч гэж бодно. Тэр бол жүжигчин хүний байх ёстой газар. Тэндхийн том дэг жаяг, сургууль тэндээс дамжиж гарсан манай Дэмидээ, Онон, Доёо, Аглуу, Бооёо, Одончимэг гээд хошин шогийн олон жүжигчдээс маань харагдаж байдаг. Тэнд тавьж байгаа шинэ жүжиг бүрийг одоо ч үздэг. Гэхдээ төд удалгүй “Өнгөт инээд” маань ар, араас нь шинэ жүжиг, тоглолт тавиад огт завгүй болоод ирсэн л дээ. Хошин урлаг гэдэг энэ их эрч хүчтэй, завгүй урлаг ч ид хүчээ авсан. Хүний суурь зөв тавигдсан үед цаашаа хаашаа л бол хаашаа зөв явчихдаг.

-Хүсэлээ ах энэ хувийн бизнесээ авч яваад Та драмын театртаа үлдэх сонголт бас байсан байх. Чухам хошин урлагт татагдсан шалтгаан нь юу юм бол?

-Хүн хажуудах ханиа сонсох ёстой шүү дээ. Хоёулаа нэг сонирхолтой учраас нэг нэгнээ дэмжих ёстой. Нөхөр маань баруун тийшээ, би зүүн тийшээ яваад байвал амьдрал маань юу болох билээ. Урлагийн хүмүүс хамтдаа нэг гэр бүл болсон тохиолдолд нэг зүг рүү л харж явбал амжилтад хүрдгийг амьдрал дээр харуулсан гэр бүлүүд цөөнгүй шүү дээ. Цэрэндагва ах, Мэндбаяр эгч хоёр байна, Сарантуяа эгч, Бат-Өлзий ах, Урнаа, Жагаа хоёр гээд манай урлагийн олон сайхан гэр бүл байна. Гэр бүлийн хоёр үзэл санаа нэгтэй, сонирхол нэгтэй байж амьдрал, уран бүтээл хоёроо зэрэг авч явч болохыг харуулдаг.

-Хошин урлаг драмын төрөлд гэлтгүй урлагийн бусад бүх төрлүүдээс сүүлийн хорь гаруй жил хамгийн амжилттай яваа нь. Энэ хугацааны хөгжлийг хэдэн үе шатад хувааж болох бол. Энэ түүхийг судлаачид, үгүй бол та нар өөрсдөө бичих л ёстой байх?

-Бид шинэ шатанд аваачсан гэдэг ангилалд орох байх. Өмнө нь Данзан, Содном гуай гээд л, араас нь манай Цэрэнпагма эгч, Дорлигжав ах, Жанчив, Дашхүү гээд олон мундаг жүжигчид гэрэлтэж байсан төрөл шүү дээ. Тэдний араас Батзаяа ах, Чамиа эгч, Туяа эгч гээд тэдний үеийнхэн бичигдэж таарна. Түүний дараа өнөөгийн хошин урлагийнхан бичигдэх байх. Манай Лхагваа ах, бидний үе. Гадны хошин урлагийг харж байхад нийгэмд яг л байх ёстой төрөл зүйл. Бас өөрийн үзэгчидтэй. Орос, Америкт хошин урлагийн стэнд апп комеди төрөл хүчтэй. Ганц хүний яриан энэ төрөл өмнө нь хөгжиж байсан ч бид хамтрах болсноороо нэлээн орхигдуулчихсан юм билээ. Гэхдээ одоо хөгжиж эхэлж байна. Тайзны хамтарсан төрөлдөө Батзаяа ахын театр анх байгуулагдаад дараа нь манайх байгуулагдсан. Үүний дараа “Х ТҮЦ”, “Шинэ үе”, дараа нь “Маск” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” гээд олон театрууд төрж гарсан даа.

-Хошин урлагт хамгийн хэцүү нь юу байсан бэ. Маш олон хүчтэй продакшн, жүжигчид өрсөлдөж явж ирлээ шүү дээ?

-Хошин урлаг маш гоё төрөл мөртлөө голдуу эрчүүд дээр голлож ажиллладаг төрөл. Эмэгтэй жүжигчид харьцангуй цөөн байдаг. Инээдийг мэдрэх... Эмэгтэйчүүдэд энэ төрөл их хүнд. Дан эрэгтэй жүжигчидтэй хавсарч тоглоно. Зохиолын 70-80 хувь нь эрчүүдэд зориулагдаж бичигддэг. Тэдэнтэй эн зэрэгцэж алхах гэдэг бидний хувьд хүнд сорилт. Эрчүүд яриан төрөл, сэтгэн бодох чадвар гээд олон талаар биднээс илүү шүү дээ. Тэгээд энэ төрөлд тэдэнтэй эн зэрэгцэж, нэг талынх нь багана болж тоглоно овоо хөөрхөн хурд, хүч, ухаан маш олон зүйл шаардагдана шүү дээ. Тэр тал нь тийм байсан. Зохиол ороод ирнэ. Дан эрчүүд дээр түшиглээд бичигдчихсэн байдаг. Кино, жүжиг ч гэсэн ялгаагүй дээ. Тэгээд л энэ дунд ажиллаад л ирсэн дээ... Өөрийгөө дайчлах хэрэг их гардаг.

-Драмын жүжигт тоглож байснаас өөр олон шинэ талыг тань нээсэн байх?

-Тэгэлгүй яахав. Хошин урлагийнхны гол зүйл болох маш олон талын мэдрэмжтэй, хурдтай, өөрсдөдөө маш их итгэлтэй байх гээд олон талаар би задарсан. Драмын театрын суурин дээр бидэнд энэ бүхэн нэмэгдээд ирэхээр маш давуу тал болдог. Бас дээр нь маш өндөр мэдрэмж шаардана. Амьдрал дээр анзаарахад ч гэсэн мэдрэмжгүй алиалдаг, хүмүүст хүрдэггүй үе байдаг даа. Тайзан дээр бас адилхан. Маш их мэдрэмж шаарддаг мэргэжил. Зохиол бэлэн ороод ирдэг ч үүн дээр үзэгчдийг мэдэрч, цагаа олж юмаа хийх гэж чухал зүйл байдаг л даа. Энэ талаар маш их задалж өгсөн. Манай драмын театр хошин төрөлд маш олон сайн жүжигчний суурийг бэлтгэж өгсөн. Манай Одончимэг байна. Мөнхсайхан, Эрдэнэзаан, Доёо, Бооёо, Аглуу, Золбоот, Бат-Өлзий гээд бүгд мэдэгддэг.

-Хошин төрөлд зохидоггүй жүжигчин гэж байх уу?

-Зохиол орж ирлээ. Зохиол дахь дүрээ л сайн гаргавал тэгээд зохидоггүй жүжигчин гэхээс илүү дутуу ажилласан жүжигчин л гэж байдаг. Дүрийнхээ гүнд нь орж ажиллахгүй, илээд өнгөрдөг, зүрх сэтгэлээ зориулаагүй хүн л гэж байна байх. Түүнээс биш зохидоггүй жүжигчин гэж байхгүй. Тэр хүн дутуу л ажилласан учраас зохисгүй харагддаг байж болно.

-Хошин урлагт орж ирээд гарсан жүжигчид байгаа шүү дээ, амжилт ололгүй...

-Тэр бол тууштай биш чанар. Юм болгон үргэлж амжилттай байна гэж үгүй. Магадгүй таван удаагийн оролдлогын дараа зургаа дахь дээрээ овоо туршлагажаад амжилт олох гэж байтал гараад явчихсан хүмүүс байдаг. Манай дээр гэхэд л дайрч өнгөрсөн залуусыг харахад яг задрах гээд байна даа, задарлаа даа гэж байтал л өөрсдөө шантраад яваад өгөх нь бий. Урлагт тууштай чанар маш чухал. Дахин дахин эхлээд байх юм бол хэзээ ч туршлага суухгүй шүү дээ. Мэргэжилдээ сайн байгаа хүмүүсийн нууц юу вэ гэхээр нэгд, мэргэжилдээ дуртай, хоёрт, тууштай чанар гэж би боддог. Хэн мэргэжилдээ үнэнч, тууштай байна түүнд амжилт ирдэг. Аливааг болохгүй байна гэж хаяад байвал замын дундаас ухраад дахин дахин өөр замаар явахтай л адилхан.

-Ажлын гараагаа та нар дээрээс эхэлсэн хэд, хэдэн үе төрөн гарлаа шүү дээ. Та нар өөрсдөө драмын театраас суурьтай бол та нараас эхтэй шинэ үе хошин урлагт төрж байна.

-Бид театраас сурч байсан зүйлээ хэлж өгдөг. Ялангуяа бидний үеийнхэн хүнд юм хэлж өгөх их дуртай. Тэр тусмаа манай Хүсэлээ хүнд хэлэх их дуртай. Хүн өөрийнхөө сурсныг бусдад харамгүй хэлж өгдөг байх сайхан. Манайхаас олон сайхан жүжигчид төрсөн. Хүн болохгүй байхад түүнийг нь хэлж өгөх хэрэгтэй.

-Жүжигчин хүнд бусдыг инээлгэх амархан уу, уйлуулах амархан уу?

-Аль аль нь амар биш. Гэхдээ инээлгэх тийм ч амар бол биш. Хүнд очих ёстой цэг дээр нь очиж байж л инээлгэх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд үзэгчид өөрч­лөгдсөн үү. Хэн хэзээ юун дээр инээх нь хүн хүнд өөр байдаг шиг. Нийгэм хөгжих хэрээр үзэгчид өөрчлөгдөж байдаг байх?

-Нийгэм өөрчлөгдөхөөр хүмүүс дагаж өөрчлөг­дөнө. Багш маань хэлдэг байсан. Жүжигчин хүн нийгмээсээ нэг шат өмнө нь явах ёстой гэж. Тэр хүмүүсийг мэдэрч байх ёстой. Үзэгчид хөгжиж байгаа. Тэдний өмнө хөгжлийг дагасан олон сонголт бий болсон. Юу хүссэнээ олж үзэх боломжтой болсон. Хэдий тийм ч хошин урлагийн үзэгчид байсаар л байгаа. Тэгэхдээ тэдний мэдрэмж өөрчлөгдөн хөгжиж байгаа.

-Энэ жижиг зах зээл дээр хошин урлагийн продакшнууд ийм олон жил амжилттай оршин тогтноно гэдэг үнэхээр том сорилт. Тэрийг ч хошин урлагийнхан давж гарч чадсан. Манай хошин урлагийнхны маркетинг улс төрийнхнээс хавьгүй мундаг гэж боддог.

-Манай зах зээл үнэхээр жижиг боловч маш олон авьяастантай. Маш олон сэргэлэн хүмүүс амьдардаг. Төрөөс жаахан дэмжлэгтэй бол илүү олон гоё зүйл хийж чадна даа гэж боддог.

-Маркетингийг маш сайн хийдэг менежер гэвэл хэнийг хэлэх вэ?

-Манайхан чинь бүгдээрээ л энэ тал дээр маш мэдрэмжтэй, мундаг. Өөрсдөө хоорондоо нягтарч, хамтарч ажилладаг. Манай Онон, Бооёо, Аглуу бүгд маш мундаг. “Маск”-ийн Баярмагнай, Мөнхсайхан гээд хэнийг нь ч мундаг менежер гэж нэрлэж болно. Манай монголчууд бүгд толгой сийрэг. Тэр дундаа хошин урлагийнхан бүр сэргэлэн, сийрэг, хурдтай хүмүүс гэж би боддог.

-Та түрүүн хэлсэн. Дүрүүд дээр ажиллах тусмаа туршлагаждаг гэж. Нэг талаар улам туршлагаждаг боловч нөгөө талаас тэр хэрээр өөрөө өөрийгөө давтах гэж хэцүү зүйлтэй тулгардаг биш үү. Үүнийг тойрч, эсвэл давж гарч байж шинэ дүр бүрийн ард туршлага бий болно байх. Сэтгүүлчдэд ч бас ийм зүйл тулгардаг. Өөрийгөө шинээр нээх хэцүү, давтах хэцүү үе таардаг л даа...

-Тийм зүйлтэй тулгаралгүй яахав. Аль болох өөрийгөө давтахгүй байхыг хүсдэг. Анзаараад байхад дээр үеийн кино, драмын мундаг мундаг жүжигчид хүртэл сайн бүтээсэн цөөхөн хэдэн дүрүүдтэй, зарим дүрүүд нь давталттай байдаг л даа. Хошин урлагт ч бас давтах үе бий, бий. Гэхдээ аль болох давтахгүйг хичээж, эрэл хайгуул хийж, өөрөө өөртэйгээ ажиллах хэрэгтэй болдог.

-Тийм үед яаж өөрийгөө өөрчилдөг вэ. Заримдаа ажлаа хаяад амармаар, өөр ажил хийж байгаад буцаж ирмээр үе байдаг?

-Нэг хэсэг өөр уран бүтээлд ажиллаж байгаад буцаж ирэх, эсвэл өөр хамт олны дунд явж байгаад эргэж ирэх үед бас сайн амралт болдог. Өөр газар оронд аялах, өөрийнхөө дуртай зүйлээ хийх, хоббигоо хөөцөлдөх, бас гол нь амрах чухал. Компьютерт хүртэл update хийх хэрэгтэй болдогтой адил.

-Танд хамгийн сайн амралт, сэргэлт болдог нь аль нь вэ?

-Амарч байх үедээ манай нөхөр бид хоёрын дуртай зүйл ном унших. Манайх нүүдэл хийсэн чинь ердөө хоёр зүйл л байна гэсэн. Нэг нь олон шуудай ном, нөгөө нь олон хайрцаг заан байна. Энэ хоёрыг л зөөсөөр байгаад таарлаа гэж яриа гарсан. Манайх ном ихтэй айл л даа. Өнөөгийнхөөс өөр орчинд өссөн хүмүүс шүү дээ. Тэр дундаа манай 24 дүгээр сургуулийн уран зохиолын багш нар их сайн багш нар байсан нь ч нөлөөлсөн байх. Олон гайхамшигтай зохиол уншиж өссөн. Уншсан зохиолоо сэтгэн бодож дүрсэлнэ, өөрсдөө тэр дунд найруулга хийнэ, өөрсдөө дүрд орно гээд. Монте Кристо гүн романыг маш олон уншсан даа. Дараа нь олон ч киног нь үзсэн. Америкуудын хийснийг, оросуудын хийснийг гээд л... Тэр бүхнийг өөрийнхөө төсөөлөлтэй харьцуулна. Зарим дүр нь төсөөллөөс давна, зарим нь төсөөллөөс дутна. Бид чөлөөт цагаараа ном уншиж л амардаг даа. Олон гоё хэллэг, эшлэл таарна. Би энд тэнд тоглолтоор явж байхдаа орон нутгийн номын сангаас ном их авч уншдаг. Нөхөр маань зохиол бичдэг болохоор их сайн уншигч шүү дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг л...

-Та хоёр уран бүтээл ярьж маргалдах уу?

-Би бол зохиол чиглэлд туслах талдаа. Уран бүтээл ярьбал бас маргана, ярилцана. Гэхдээ уран бүтээлийн шийдэл тал дээр би голдуу ялагдана л даа. Ер нь муйхраар зүтгэж болохгүй, бусдыг сонсох ёстой. Хамгийн гол зүйл нөхрийн маань дэмжлэг байдаг. Би өөрөө мэргэжилдээ үнэхээр дуртай. Үүндээ өөрийгөө зориулахад тэр дэмжлэг л чухал. Хоёулаа зав зайгүй ажиллаж ирсэн ч хүүхдүүддээ зөв өсгөх ёстой. Хүүхдүүддээ боловсролын чухлыг мэдрүүлж өсгөсөн гэж боддог. Охин маань АНУ-д урлагийн чиглэлээр магистр хамгаалж байгаа. Хүү маань анагаахын хоёрдугаар курсэд сурч байна.

-Хүү нь урлаг сонирхоогүй юм уу?

-Өөрөө эмч болно гэсэн. Мөн спорт сонирхдог, урлагаас илүү.

-Монголчууд нийтээрээ их хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс шүү дээ. Ямар ч хамт олон, найзууд дунд инээд наргиа тасардаггүй. Дунд нь заавал нэг хошигнодог хүн байдаг.

-Яг үнэн. Би бас нэг юм боддог. Энэ нь манай хошин урлагийнхны хорин жилийн нөлөө байж магадгүй. Зурагт, телевизээр биднийг хаа сайгүй үзэж байдаг. Бидний наргиа, хэллэгийг бүр илүү хөгжүүлчихсэн байж байдаг. Хошин шогийн мэдрэмж өндөр дээрээ хэнийг ч хошигнож шүүмжлэхээсээ эмээхгүй шоолдог, шоглодог. Энэ бол толгой сийрэг хүмүүсийн л шинж шүү дээ. Монголчуудын зохиосон бадарчингийн үлгэрүүд гэж хошин төрөл байдаг. Хэзээнээсээ тийм шогч, наргианч хүмүүс. Үг нь бэлэн цэцэн. Байгууллага, хамт олон дунд заавал тийм наргианч хэдэн хүн байдаг. Нэг нэгнээ авч давхиад гүйцэгдэхгүй.

-Та амьдрал дээрээ дуу цөөтэй бололтой. Хариултууд их товчхон яваад байна л даа...

-Тийм байх аа. Ажил дээрээ их ярьдаг болохоор орой харьж очоод бага ярьдаг. Зарим нэг ярих ёстой, дамжуулах ёстой зүйлсийг ч мартчихдаг. Ер нь ярихаасаа илүү бусдыг сонсох дуртай. Бусдыг сонсох нь их сайхан амралт болдог.

-Гавьяат цол хүртсэний дараах сэтгэгдэл?

-Хамгийн гоё нь таних, танихгүй олон хүн надаас илүү баярласан нь хамгийн сайхан байсан. Хөдөө, гадаадад байгаа маш олон хүмүүс надаас хөгшин, залуу гэхгүй, хаа явсан газар хүргэж байсан. “Коктейл”-ийн Цоомоог Солонгост явж байхад Түндэмүн дээр монгол залуус баяр хүргээд Өлзийхүү эгчийн гавьяатын баярыг тэмдэглээд явж байна гээд тааралдсан гэсэн. Надад биш манайханд ч баяр хүргэж байсан их сайхан байсан даа.

-Тайлан тоглолтоо хийх гээд завгүй ажиллаж байна аа даа?

-Манайхан санааг нь гаргаж дэмжсэн юм. Салбарынхан маань доргиогоод л, нөхөр маань зоригжуулаад л байна шүү дээ. Драмын зарим жүжгүүдээсээ оруулж байгаа. Бас бус сюрпризүүд бий.

-Таны бүтээж байсан дүрүүдээс Өлзийхүүтэй хамгийн адилхан дүр гэвэл та ямар дүрээ нэрлэх вэ?

-Би өөрийгөө ч анзаардаг юм. Хүн болгонд маш олон дүр байдаг. Цэцэгээ гэхэд л уурлахаараа нэг өөр, инээхээрээ нэг өөр дүртэй. Өрөөндөө ганцаараа байхдаа нэг өөр дүртэй. Гаднаас эрчүүд ороод ирвэл бас өөр дүртэй болно. Хүн болгон тийм олон дүртэй. Гэртээ нэг дүртэй, хүүхдүүдтэйгээ байхдаа бас өөр дүртэй. Миний тэр олон дүрийн аль нэг нь бүтээсэн дүрүүд дээр явж л байдаг даа...

-Амьдрал дээр та өөрийнхөө тэр олон дүрүүдээ мэдэрдэг үү?

-Мэднэ. Гэхдээ мэргэжил маань олон дүрд хувирдаг онцлогтой болохоор өөрийнхөө тэр олон дүрүүдийн утга учрыг олж, нэг хэвийн байлгах дуртай. Амьдрал дээр тэр олон дүрээ хүмүүс анзаарахгүй байх нь ч бий. Хүмүүс арван жилийн ангийнхантайгаа уулзахдаа яг анхныхаа дүрээр байдаг. Нийгмийн харилцаанд орохдоо өөрчлөгдөөд л байдаг. Тэр нь сайн, муу гэдэг утгаар хэлж байгаа юм биш л дээ.

-Та амьдрал дээр нэг дүрээрээ байхыг хүсдэг гэлээ. Тэр нь ямар дүр вэ?

-Тайван, жирийн, хүмүүст тусалдаг Өлзийхүү байхыг хүсдэг. Өнөөдөр ууртай дүрд орьё, эсвэл сайхан зантай дүртэй байя гэж боддоггүй, нэг янзаар л байхыг хүсдэг.

-Та гадна төрхөө ч төдийлөн өөрчил­дөггүй шүү дээ. Миний харж байгаагаар арван жилийн өмнө, хорин жилийн өмнө яг л ийм төрхтэй байсан. Нэг үгээр бол сайхан хэвээрээ л байна... Та онцгой гоё охин байсан байх аа?

-Мэдэхгүй ээ. Миний залуу байхад хүмүүс нэг нэгнийхээ сайхныг магтдаггүй байсан юм болов уу. Хүн өөрийнхөө гоёыг мэддэггүй үе байдаг. Би ч өөрийнхөө гоёыг мэдээгүй. Хүн хэлэхгүй бол өөрийгөө мэддэггүй юм билээ. Хөөрхөн ч яваад байгаа юм уу, муухай ч яваад байгаа юм уу. Би сүүлд зургаа харж байгаад нөхөртөө хэлсэн. Чи намайг ийм хөөрхөн гэж тэр үед хэлэхгүй яасан юм бэ гэж... Тэгэхээр Хүсэлээ “хэллээ гээд юу өөрчлөгдөх юм бэ” гэж асуусан.

-Өөрийнхөө сайхныг сүүлд мэдсэн хэрэг үү?

-Тийм. Тоглож байсан киногоо хараад гайхдаг. “Бүтэлгүй новш” кинонд найруулагч дотуур хувцастай зураг авна гэхээр нь “Хөөх, ийм муухай биетэй байж яаж болох юм бэ” гээд бөөн юм болж байсан. Одоо харахад хачин гоё биетэй байжээ. Би залуудаа хүнтэй суучихсан болохоор хүмүүс эргүүлж, тойруулж гоё сайхан гэж хэлж байсангүй. Тэгээд л өөрийнхөө сайхан явсныг сүүлд мэдлээ дээ.

-Одоо охиныхоо сайхныг өөрт нь хэлдэг биз дээ?

-Охиндоо, хамт ажиллаж байгаа залуустаа ийм байгаа чинь л гоё гэж хэлдэг.

-За баярлалаа. Таны тоглолтод амжилт хүсье.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж