2019-12-23 13:47

А.Баярцэцэг: Флоренцын кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртэхдээ өөртөө итгэж чадаагүй

  • Олон улсын уран бүтээл дээр хэлний мэдлэггүй хүн ажиллах боломж бараг л байхгүй
  • Флоренцын кино наадамд маш чанартай сайхан бүтээлүүд оролцсоноос гадна ихэнх кино нь Каннын кино наадам, Бусаны кино наадам гэхчлэн томоохон фестивалиудад амжилттай оролцсон байсан
  • Хэчнээн нүүр хувиргалт хийсэн ч гэсэн 60 настай, 90 настай Бадамцэцэгт өөрөө тоглох шаардлагатай болсон
  • Манай сургууль Англидаа нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Game of Thrones-ийн Jon Show-ын дүрд тоглосон Kit Harington, Judi Dench гэх зэрэг маш олон алдартай жүжигчид энэ сургуулийг төгссөн. Америкт байсан үетэйгээ харьцуулаад харахад хэрвээ тухайн хүн авъяастай л бол заавал жүжигчнээр суралцаагүй байсан ч кинонд тоглох боломжтой байдаг. Харин Англид жүжигчин гэх мэргэжил маш нэр хүндтэй учраас заавал мэргэжлийн сургуульд суралцаж, төгсөж, байж жүжигчин гэж үнэлэгддэг 
  • Англид Ази жүжигчдийн casting-д орлоо гэхэд 70-80 хувь нь хятадууд байх жишээний. Өвөрмөц төрхтэй, өвөрмөц түүх соёлтой, ард түмэн учраас хаана ч очсон Монгол гэдэг нэр маань брэнд, бидний онцлог болж өгдөг. Тэгэхээр энэ бүхнийг яаж давуу тал болгож, хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй

Бид түүнийг мисс, загвар өмсөгч, жүжигчин гэж мэднэ. Харин энэ удаа Английн Эзэн хааны драмын академийн кино жүжигчний ангийн оюутан А.Баярцэцэгтэй ярилцлаа. Дэлхийн миссийн шилдэг 11 гоо бүсгүйн нэгээр шалгарч, Холливудын шилдгүүдийг Монголд авчирч, дэлхийд долоодугаарт эрэмбэлэгддэг сургуульд тэтгэлгээр сурч буй түүнийг “Залуус” буландаа урьсан юм

-Юуны өмнө 41 дэх удаагийн” Флоренцын эмэгтэй кино уран бүтээлчдийн фестиваль”-с "Шилдэг жүжигчин" шагналыг хүртсэнд баяр хүргэе. Та жүжигчнийхээ карьераар авсан анхны шагнал байх аа. Шагналаа авах мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ? 
-Баярлалаа. Жүжигчнээр ажиллаж эхэлснээс хойш авсан анхны минь шагнал. Олон улсын наадмын тайзан дээр “Шилдэг жүжигчин” гэж дуудуулна гэдэг манай кино багийн хамт олон болоод улсын минь хувьд бахархам үйл явдал байсан болов уу. Яг тухайн үед итгэж чадаагүй.

Уран бүтээл гэдэг өөрөө багийн асар том ажил. Дэлгэцээр зөвхөн жүжигчид харагдаж байгаа боловч цаана нь найруулагч, зураглаач, зохиолч гээд маш олон хүн чанартай уран бүтээл хийхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байдаг. Тиймээс зөвхөн миний бус баг хамт олны минь хөдөлмөрийг үнэлсэн шагнал байлаа.

Манай кино Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Ээж хайрхан ууланд зураг авалтаа хийсэн. Энэ хайрхан бол монголчуудын шүтэж, дээдэлдэг ариун дагшин газрын нэг. Тэнгэр бурхан харна гэдэг шиг уул ус маань биднийг ивээсний илрэл Флоренцын болов уу гэж бодож байна. 

-Кино наадмын онцлог нь юу вэ. Зөвхөн эмэгтэй уран бүтээлчид оролцдог юм билээ? 
-Манай улсын ихэнх найруулагчид эрчүүд шүү дээ. “Хөх тавилан” киноны ерөнхий найруулагч болон продюсероор эмэгтэйчүүд ажилласан. Ерөнхийдөө арын албанд ажилласан багт маань бүсгүйчүүд давамгайлсан, эмэгтэй энергитэй кино гэх үү.

Флоренцын кино наадам 41 жилийн турш тасралтгүй зохиогдож байна. Зөвхөн эмэгтэй хүний нүд мэдрэмжээр бүтээсэн уран бүтээлүүд өрсөлддөг нь бусад кино наадмаас ялгарах нэг онцлог байдаг.

Маш чанартай сайхан бүтээлүүд байснаас гадна ихэнх кино нь Каннын кино наадам, Бусаны кино наадам гэхчлэн томоохон фестивалиуд ад өрсөлдөн, амжилттай оролцсон бүтээлүүд. Флоренцын наадам манай киноны анхны олон улсын арга хэмжээ. Цаашдаа ч бас олон улсын чанартай, томоохон наадмуудад оролцох төлөвлөгөөтэй байна. 

-Кино зураг авалт аав, ээжийн тань нутагт болсон юм билээ. Зурагт авалт хэдий хэр хугацаанд үргэлжлэв? 
-Зураг авалт нэг сарын турш үргэлжилсэн. Хамгийн сонирхолтой нь бид дөрвөн улирлын зургаа нэг газарт авсан. Аравдугаар сард Ээж хайрханд очиход зун, намрын өнгө хосолж угтсан. Ганцхан даваа даваад л цасанд дарагдсан өвлийн зургаа авах жишээний. Цаг агаарын нөхцөл, байгалийн тогтоц уран бүтээлд маань том дэм болсон. 

-Таны хувьд Холливудын жүжигчин болох гараагаа эхлүүлсэн гэж хэлж болно. Манай жүжигчдэд олон улсын хэмжээнд гарах боломж байна уу? 
-Манай жүжигчдэд тийм боломж маш их бий. Хэлний чадвар болоод харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. Олон улсын уран бүтээл дээр хэлний мэдлэггүй хүн ажиллах боломж бараг л байхгүй. Манай сургууль дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг драмын төв сургууль.

Суралцаж байх хугацаандаа анзаарч байхад манай жүжигчдээс ур чадварын хувьд онцгой илүү гэсэн зүйл байгаагүй.

Харин ажиллах арга барил болон хандлагын хувьд ялгаатай санагдсан. Англид ази жүжигчдийн саsting-д орлоо гэхэд 70-80 хувь нь хятадууд байх жишээний.

Өвөрмөц төрхтэй, өвөрмөц түүх соёлтой, ард түмэн учраас хаана ч очсон Монгол гэдэг нэр маань брэнд, бидний онцлог болж өгдөг. Тэгэхээр энэ бүхнийг яаж давуу тал болгож, хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

-Сүүлийн хэдэн жил Монголын уран бүтээлчид гадны зах зээлд уран бүтээлээ толилуулж, олон улсын кино наадмуудаас шагнал хүртэх болжээ. Энэ амжилтад ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ? 
-Кино олон улсад амжилттай үнэлэгдэхэд хамгийн чухал нь зохиол. Дээр үеийн хар цагаан кинонуудыг бид одоог хүртэл дахин дахин үздэг. Гэтэл орчин үед сайн техникээр хийсэн, сайн жүжигчид тоглосон хэрнээ муу зохиолтой киног ганц үзээд л мартчихдаг.

Independent буюу хувь уран бүтээлчдийн киногоор бид илүү их амжилт гаргах боломжтой гэж харж байна. Сүүлийн жилүүдэд монголын уран бүтээлчид олон улсад амжилт гаргаж байгаад баяртай байна.

Зөвхөн кино урлагийн салбарт ч бус өөрийн ажиллаж буй мэргэжлээрээ эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэг бахархал хийгээд Монгол хүн болж төрсний үүрэг хариуцлага гэж боддог. 

-Сургуулийнх нь талаар яриагаа үргэлжлүүлье. Суралцаж байх хугацаандаа уран бүтээлд тоглох эрх нээлттэй байдаг уу. Одоо ажиллаж буй уран бүтээл бий юу? 
-Хичээлтэй давхцахгүй л бол уран бүтээлд тоглох эрх нээлттэй. Гэхдээ үнэнийг хэлэхэд тийм цаг зав олддоггүй. Долоо хоногийн ажлын таван өдөр 09:00-18.00 цагийн хооронд хичээлдээ сууна.

Даалгавраа хийнэ, арга хэмжээ, уулзалтад оролцоно, багшаас өгсөн чиглэлийн дагуу жүжиг үзнэ, судалгаа хийнэ гэхчлэн ямар ч өөр ажилд зарцуулах цаг гардаггүй. Гэхдээ дүрийн шалгаруулалтад аль болох оролцохыг хичээдэг. Амжихгүй ч гэсэн гаднын оронд casting ямар байдлаар болдог вэ гэдгийг харах нь оюутан хүний хувьд сонирхолтой шүү дээ. 

-Таны суралцаж буй Эзэн хааны драмын академи нэлээн өндөр босготой сургууль. Хичээл заах, эзэмшүүлэх арга барилын хувьд ямар онцлогтой вэ? 
-Манай сургууль Их Британид нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Game of Thrones-н Jon Snow-ийн дүрд тоглосон Kit Harington, Judi Dench гэх зэрэг маш олон алдартай жүжигчид энэ сургуулийг төгссөн.

Би өөрийнхөө Америкт байсан үетэйгээ харьцуулахад хэрвээ тухайн хүн авьяастай л бол заавал жүжигчнээр суралцаагүй байсан ч кинонд тоглох боломжтой байдаг. Түр хугацааны хичээлүүд аваад, casting-д орох боломж ч нээлттэй.

Харин Англид жүжигчин гэх мэргэжил маш их нэр хүндтэй учраас заавал мэргэжлийн сургуульд суралцаж, төгсөж байж жүжигчин гэж үнэлэгддэг, классик сургалттай газар. Сургалтын арга барилын хувьд ч тэр тун өвөрмөц. Мөн маш үр дүнтэй. 

Жишээлбэл, багш маань бидэнд дүр хуваарилж, тэр дүрээрээ амьдрах даалгавар өгсөн. Хоёр сарын өмнө дүрээ авч байхад багш "Дүрийнхээ тухай хэнтэй ч ярьж болохгүй, гэрийнхэндээ ч хэлж болохгүй, маш нууц" гэж хэлсэн.

Бүтээж буй дүрээ бие болоод дуу хоолой, сэтгэлгээний хувьд өөртөө бүрэн эзэмшүүлэх зорилгоор долоо хоногийн гурван өдөр дүрдээ орж, яг тэр дүрээрээ амьдардаг байлаа. 

Илүү сорилт болгох үүднээс хүн бүрд өөрөөс нь тэс ондоо, магадгүй кинонд шалгууллаа гэхэд хэзээ ч тэнцэхгүй байж мэдэхүйц дүрүүд оноосон. 

Манай ангийнхан зарим нь метроны буудал дээр гуйлга гуйн зогсож, эсвэл Сирийн дүрвэгч болж орогнох байруудаар явж, бүр баарны бүжигчин болж, бартендэр хийх даалгавар авч байсан. 

Надад оноогдсон дүр шувуу судлаач, яруу найрагч, номын санч Китти гэдэг нэртэй эмэгтэйн дүр. Ингээд дүрдээ ороод багшийн хий гэсэн бүхнийг хийж Лондон хотоор явж өгсөн дөө.

Музей орж шувуу судалж, илтгэл тавьж, банкинд байрны зээл авах гэж байгаа мэтээр хуурамч данс хүртэл нээлгэн, байр хайж, бааранд танихгүй хүмүүстэй Китти нэрээрээ танилцаж, өөрийнхөө тухай бусадтай ярихдаа өөрийн зохиосон түүхээ ярьж, дэлгүүр хэсч, номын санд сайн дурын ажил хийж, яруу найраг сонирхогчдын клубт элсэн орж, бүр яруу найргийн тэмцээнд ч орсон.

Эхний хоёр долоо хоног Kиттигийн дүрээр амьдрахаас ичиж байсан ч сүүлдээ дасаад сарын дараа гэхэд яг л би юм шиг санагдах болсон. 

-Жүжигчин хүний хувьд ямар ч дүр дээр ажиллах чадвар суулгахаас гадна амьдралыг өөр талаас нь харах боломж юм шиг санагдлаа. Танд энэ дүр дээр ажиллахад ямар мэдрэмж төрсөн бэ. Бас шалгалтаа хэрхэн өгсөн нь сонирхолтой санагдаж байна? 
-Даалгавраас сар хагасын дараа багш миний бүтээсэн буй дүрийн нөхөртэй маань танилцуулсан. /инээв/ Орос архитектурч залуугийн дүрийг бүтээж буй найз маань миний нөхөр болж, даалгавраа хамт хийх болсон нь улам хөгжилтэй, дүр дээрээ ажиллахад ч урамтай болж эхэлсэн.

 

Багш нөхөр бид хоёрт хоорондоо юу ярилцаж болох, бас амьдрал дээр хүн бүхэнд нууц байдаг учир бие биенээсээ юуг нуух ёстойг ч тусгайлан хэлсэн. Ингээд хоёр сарын дараа шалгалт болж, зураг авалт хийхдээ урьдчилан өгсөн зохиолгүйгээр өгөгдсөн нөхцөлд өөрсдийн үнэн бодит илэрхийллээр дүрээ гаргах болсон.

Миний дүрийн хувьд нууц хэзээ ч нөхөртөө хайртай байгаагүй бол нөхрийн маань нууц нь эрэгтэй хүн сонирхдог болж таарсан. Зураг авалт ид дундаа явж байхад энэ бүхнийг мэдэж, шууд дүрээ гаргах хэрэгтэй.

Хамгийн сонирхолтой нь Англид өөрийн жүжигчидтэйгээ яг энэ арга барилаар ажиллаж киногоо хийдэг алдарт найруулагч Mike Leigh гэгч хүн байдаг. Кино зураг авалт эхлэхээс хагас жилийн өмнө жүжигчидтэйгээ яг ийм арга барилаар ажиллаж эхэлдэг юм билээ. 

-Сургуульд элсэх үйл явц, элсэгчдэдээ тавьдаг шаардлагын хувьд ямар байдаг вэ? Та энэ сургуулийн анхны Монгол оюутан. 
-Монгол оюутнууд энэ сургуульд суралцахыг хүсэх л юм бол бүрэн боломжтой гэж хэлмээр байна. Хэлний шалгалтаас гадна биечлэн өгөх ур чадварын шалгалт хамгийн чухал.

Дэлхийгээр тойрч, шалгаруулалт явуулдаг учраас миний хувьд Сан францискод шалгалтаа өгч байсан. Дуу бүжиг, биеийн хөдөлгөөн, хоолойны өнгө, монолог гэхчлэн маш олон төрлийн ур чадварыг шалгуулдаг.

Жилийн эцэст дараа жилийн ангид ямар хүмүүс авах вэ гэдгээ шийддэг юм билээ. Манай анги 20 оюутантай. Дэлхийн 14 орноос ирсэн оюутнууд суралцдаг. Би тэтгэлгээр суралцаж байгаа.

Тэтгэлэгт тэнцэх, сургуульд тэнцэх хоёр тусдаа ойлголт. Тэтгэлэгт тэнцсэн бол тухайн хүсэлт илгээсэн сургуульдаа заавал тэнцсэн байх ёстой. Английн Засгийн газрын тэтгэлэгт материалаа илгээгээд, бэлдээрэй гэж зөвлөе. 

-“Interstellar” шиг кинонд тоглохыг мөрөөддөг гэж ярьж байсан. Жүжигчнээр суралцсанаас хойш энэ мөрөөдөл нь өөрчлөгдсөн үү? 
-Энэ мөрөөдөл маань өөрчлөгдөөгүй. /Инээв/ Одоо ч гэсэн чөлөөт цаг гарах юм бол хар нүх, галактикийн тухай баримтат кино үзэх дуртай. 

Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу