2020-01-02 06:48

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд нийслэлийн иргэд олноор оролцлоо

   Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан он солигдох мөчид нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүдээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар бид улсынхаа нийслэлийн төв талбайд хуран цуглаад байна. Улиран одож байгаа 2019 он нийслэлийн иргэд та бидний хувьд ажил, амьдрал урагшилсан, амжилт бүтээлээр дүүрэн, бүтээн байгуулалт ундарсан, Улсын нийслэлийн түүхт 380 жилийн ой тохиосон өрнүүн сайхан жил байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч чадлаа. Олон жил хүлээгдсэн Налайх-Чойрын 20.9 км замыг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Мөн Улаанбаатар хотын бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлуудыг хангасан ажил хэрэгч, бүтээлч, оюунлаг жил байлаа гэж дүгнэж байна. Айлчлан ирж байгаа 2020 оноо та бүхэнтэйгээ угтаж байгаадаа нийслэлийн удирдлагууд бид баяртай байна. Ирж байгаа ондоо та бид хамтын хүчээр олон ажлуудыг амжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо эрүүл энх, энх тунх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг төв талбайдаа өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэв.

Дараа нь мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөн тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилууллаа. Түүнчлэн арга хэмжээ нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро лазер шоу үзүүлбэрээр үргэлжилж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд, зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, дуу хуураар дүүрэн шинэ оноо баярлан угтсан юм.

Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ жилийн баярын цэнгүүнийг үзэж, сонирхон төв талбайдаа 2020 оноо угтахаар иргэд, олон нийт урд өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү олноор цугласан байсан нь өнөөдрийн цэнгүүний нэг гол онцлог байв.

Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж, Нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу