2020-06-08 00:57

Утга зохиол бидэнд УС АГААР шиг хэрэгтэйг энэ жилийн номын баяр илүү тод харуулав

   Жил бүр болдог Үндэсний номын баяр энэ жил 27 удаагаа өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн номын баяр нь цар тахлын улмаас цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой. Урьд урьдын жилүүдэд Сүхбаатарын талбайд болдог байсан бол энэ жил мөн шалтгаанаар “Мишээл экспо” төвд энэ сарын 5,6,7-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. “Номын ертөнц” төрийн бус байгууллагаас уламжлал болгон явуулдаг эл баярыг зохиолч, уншигчидгүй хүсэн хүлээдэг болсоор удаж байгаа билээ. Цар тахлын үеэр хөл хорионд удаан байсан ард түмэн урлаг соёл, оюуны бүтээлээр ангаж цангаж, амьд харилцаа, уулзалт учралыг үгүйлэн санасан нь харагдаж байлаа.

ГАЗРЫН ХОЛ ГЭЛГҮЙ ЗОРИН ИРСЭН УНШИГЧ ДҮҮРЭН НОМЫН БАЯР

   “Улаанбаатар номын баяр-2020” нь  Бурхан багшийн их дүйчин өдөр нээлтээ хийж Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ “Уяхан замбуутивийн наран” уртын дуугаар өндөр үүдийг нь сөхсөн юм. "Номын ертөнц" цахим хаягаар номын баярын нээлтийн ажиллагааг шууд дамжуулан хүргэсэн нь олны талархлыг хүлээж байлаа. Ардын уран зохиолч П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун тэргүүтэй утга уран зохиолын түүчээ болсон алдартнуудаар үзэмж нэмсэн номын баярт “Зохист дорно”, “Дашбалбар сан”, “Тагтаа паблишн” зэрэг Монголын болон гадаадын уран зохиолын сор болсон бүтээлүүдийг хэвлэн нийтэлдэг хэвлэлийн газрууд өнгө нэмсэн байлаа. Номын баярт 50 гаруй хэвлэлийн газрууд 100 гаруй зохиолчид оролцов. Мөн хуучин номын худалдаачид багагүй хувийг эзэлж байлаа. Ардын уран зохиолч П.Бадарч абугай “Анхны шүлэг минь хэвлэгдсэнээс хойш 60 жил болж байна. Номтой хүн баян, морьтой хүн бардам байдаг. Залуус хүүхдүүд маань ном их уншаарай” гэж захив. Түүний “Юм юмнаасаа”, “Пунцагийн Бадарч” зэрэг бүтээлүүдийг уншигчид худалдан авахын сацуу цал буурал зохиолчтой гэрэл зургаа татуулаад тэрбээр тун завгүй суув.  Номын баярыг дотор танхимд хийсэн нь даарч хөрөхгүй, салхи шуургагүй тав тухтай байгаа талаар зохиолчид дуу нэгтэй хэлж байлаа. Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн өргөөнд “Бурхан мэт насанд нь”, “Монголоо нэхэж буй Монгол”, “Шинж”, "Аугаа эрин” зэрэг бүтээлүүд нь данайгаад сүрдмээр. Түүний өргөөнөө удахгүй болох сонгуульд нь амжилт хүсэж, уран бүтээлийн баяр хүргэсэн  хүмүүсийн хөл гурван өдөр тасраагүй.”Сорхугтани”, “Самар хатан”, “Сэтгэл залгигч хот” бүтээлүүдээрээ уншигч олноо хэдийн танил болсон зохиолч Б.Сарантуяа нь “Тогосын цөс” шинэхэн романаараа уншигчдадаа бэлэг барив. Түүнтэй таширлан зохиолч Б.Шүүдэрцэцэг, Б.Эрхэмбаяр зэрэг дайчин бүсгүйчүүд өөр өөрийн орон зайг эзэлж, өөр өөрийн уншигчдаа хүлээн авч, хүндэтгэн үдсээр. Ихэнх номууд 10-50 хувь хямдарсан эл завшааныг алдахгүй гэсэндээ халаасаа шавхсан хэдий ч тор дүүрэн номоо аз жаргалтайгаар тэврэн яваа хүмүүсийн харц гэрэлтэй. Зохиолч Б.Сарантуяа “Номын баярт миний бие 10 шахам жил тасралтгүй оролцож  байна. Өдий зэрэгтэй олон уншигчтай болгохын тулд зохиолчдын оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Жил бүрийн хавар, намрын номын баяраа тэсэн ядан хүлээдэг. Газрын хол гэхгүйгээр зорин ирж буй уншигчдадаа талархаж байна. Дотор танхимд хийж байгаа нь салхи бороо, халуун хүйтнээс халирахгүй тав тухтай сайхан байна. Бидний үеийнхэн ном уншиж өсөж хүмүүжсэн. Өнөөгийн залууст цахим ертөнц гээд сатаарах, сонирхох зүйл олон болж. Хэрэв ном унших цаг зав байхгүй бол цахим хэлбэрээр ч унших боломж бүрджээ. Цахим номд оюуны бүтээлийн асуудал хөндөгддөг ч уламжлалт болон цахим аль аль хэлбэрээр хөгжиж байгаа нь сайшаалтай” гэлээ.  Энэ жилийн номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулсан. Гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжаагүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон гарын үсэгтэй, хямдралтай номоо “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч боломжтой байлаа. Мөн номын баярын хүрээнд зохиолч, ном бүтээгчдийг өөрийн хил хязгааргүй цахим орон зайг бий болгож, уншигчидтайгаа илүү ойртох боломжийг “М+” апп хамтран ажилласан юм. Зохиолчид номоо цахим болгосноор хэвлэлтийн нэмэлт зардалгүй хямд үнээр олон хүнд хүргэх, тэр дундаа гадаадад буй уншигчдадаа илүү ойртож, цаг хугацаа, хил хязгааргүйгээр ном бүтээлээ борлуулж болох олон давуу талтай ажээ. 

ЭНЭ ЖИЛИЙН ЛАНГУУНЫ ТҮРЭЭС ХӨНГӨЛӨЛТТЭЙ БАЙГААД ЗОХИОЛЧИД СЭТГЭЛ ӨНДӨР БАЙВ

Баярт оролцсон зохиолч, уншигчид амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахисан харагдав. Мөн 12-оос доош насны хүүхдүүдийг баярт оруулах боломжгүй байсан нь аав, ээжээ даган ирсэн хүүхдүүдийг жаахан гонсойлгов. Гэвч дүрэм журмаа баримтлах нь юу юунаас чухал гэдгийг хүүхдүүд маань ойлгосон биз ээ. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан “Боорцог ба сарнай”, “Автобус ба амьдрал”, “Найман километр 400 метр” номоо цэвэр кофегоор даруулан уншигчдаа дайлан суув. “ Номын баяр гэдэг худалдан борлуулах гэдгээсээ илүү зохиолч, уншигчид уулздагаараа агуулга нь өргөн. Номын баярт долоо дахь жилдээ оролцож байна. “Найман километр 400 метр” номоороо тэгш бус боломжийн талаар гэрэл зургаар бодит амьдралыг сурвалжлан нийгмийн хоёр туйлыг харуулахыг зорьсон. Найман километр 400 метр энүүхэн богино зайд баян, ядуугийн туйл харагдаж байна. Төрийн томчууд гэр хороололд хөл тавьж бодит амьдралыг харах хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа агсны “Тэнгэрийн хаяа”, С.Пүрэвийн “Дарьгангын гудамж”, О.Дашбалбарын  “Бурханы мэлмий”, “Гол ус намуухан урсана” зэрэг бүтээлүүдээр чимсэн “Зохист дорно” хэвлэлийн газар мөн л хөл хөдөлгөөн ихтэй байв. Үүсгэн байгуулагч Б.Төгсжаргал “Зохист дорно” хэвлэлийн газар байгуулагдаад гурван жил болохдоо 30 гаруй ном хэвлэсэн. Монголын болон гадаадын уран зохиолыг хэвлүүлэн хүргэж ирсэн. Жил бүр болдог номын баяр улам өргөжин тэлж байгаад баяртай байна” гэлээ.  Тус номын баяраар Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч А.Сүглэгмаагийн “Хураангуй” яруу найргийн ном, яруу найрагч Д.Цогбадрахын “Яруу найргийн төгсгөлд” номын нээлт болов. Нээлтэд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл, Б.Болорцэрэн, Б.Урангоо, Л.Туяа нар найраг шүлгээ өргөж баяр дээр уянга хөг нэмсэн юм. Номын баярт өөрийн уран бүтээлийн дуун цомог, ном бүтээлээрээ оролцож буй гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ “Цар тахлын улмаас албан байгууллага, хувь хүнд сэтгэл санаа болоод эдийн засгийн хувьд нөлөөлж байгаа энэ үед номын баяр тун нүдээ олсон арга хэмжээ боллоо.  Хүмүүс урлаг соёл, оюунаар маш их цангасан  байна. Хүн ядрахаараа нутгаа, тураг ядрахаараа уулаа гэдэг шиг цар тахал хүмүүст хүн чанар, мөн чанар, эх орон хамгаас үнэ цэнтэй гэдгийг хүн төрөлхтөнд ойлгууллаа. Урлаг соёл, утга зохиол гэдэг бидэнд ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг улам их мэдрүүллээ” гэсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун “Удаан уулзаагүй зохиолчид бие бие биеэ хараад сэтгэлийн хужирхай тэнийв. Номын баяр бидэнд онгод хийморь, урам зориг хайрладаг сайхан баяр. Уншигчдынхаа гарт бид муу бүтээл тавих эрхгүй” гэлээ. Номын лангууны түрээс  гурван өдрийн 200-300 мянган төгрөг гэж байсан бөгөөд нэг лангууг 2-оос дээш зохиолчид түрээслэн хувааж төлж байгаа нь эдийн засгийн хувьд маш хөнгөлөлттэй байгаа талаар зохиолчид сэтгэл өндөр байв. Тэвэр дүүрэн номтой нэгэн уншигчийн сэтгэгдлийг сонсоход “Энэ жил номын баяр болохгүй нь гэж сэтгэл дундуур байсан. Номын баяр болно гэдгийг дуулаад маш их баярласан. Гурван өдөр болж байгаад баяртай байна. Эрээд олддоггүй эрдэнээ эндээс л олж авлаа. Хуучны номууд жаахан үнэтэй байна. Шинэ номууд ч их нэмэгджээ. Шавайгаа ханатал олон ном авлаа. Одоо уншаад байдаг хэрэг ээ” хэмээн сэтгэл догдлон өгүүлээд яаран одлоо. Магадгүй номын баярыг долоон өдөр болгосон ч хүмүүс ирсээр байх юм байна гэдэг сэтгэгдэл сүүлийн  өдөр илүү тод харуулж байлаа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
  • МУГЖ Г.Ариунбаатар МУГЖ Г.Ариунбаатар "Би Монгол" тоглолтоо хийнэДэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монголын баритон” нэрээр алдаршсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, "Чингис хаан" одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар эх орондоо зохион байгуулах "Би Монгол" тоглолтынхоо товыг зарлалаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу