2020-08-31 09:59

Соёлын сайд С.Чулуун Орхоны хөндийн дурсгалт газрууд болон музейнүүдэд ажиллалаа

Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн бямба, ням гарагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын  дурсгалт газрууд болон музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэлээ. Түүхч, эрдэмтэн салбараа мэддэг сайдын хувьд орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцана гэхээс илүү аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулж, орон нутгийн соёлын байгууллагуудыг Засгийн газрын бодлогын хүрээнд салбарын яамнаас дэмжиж ажиллахаа онцлов. 

С.Чулуун сайд орон нутгийн томилолтоо Өвөрхангай аймгаас эхэлж буй бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, шашин, соёлын томоохон төв, иргэдийн эргэл мөргөлийн голомт болсон “Эрдэнэ Зуу” музейд эхлээд саатлаа. Сүүлийн жилүүдэд музей үзэх гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд цар тахлын улмаас гадаадын жуулчид байхгүй ч урин дулаан, амралт зугаалгын улиралд зорин ирэх дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн хэмээн музейн хамт олон урам зоригтой байна.

Н.ТӨМӨРБААТАР: ИРГЭД ТҮҮХ, СОЁЛОО ХҮНДЭТГЭЖ, ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАСТАЙГАА ИРЖ МУЗЕЙ ҮЗЭХ БОЛСОН

“Эрдэнэ Зуу” музейг он гарсаар 100 мянган хүн үзэж сонирхсоноос 30 мянга гаруй иргэн тасалбар авч, музей үзсэн. Тасалбарын үнэ 3000 төгрөг бөгөөд хүүхэд, хөгшдөд үнэ төлбөргүй. Өдгөөгөөс 400 гаруй жилийн тэртээ 1586 онд Абатай сайн ханы үүсгэн байгуулсан шашин, соёлын төв болох “Эрдэнэ зуу” хийдэд Абатай сайн хаан, түүний хүү Түшээт хан Гомбодорж нарын бунхан, Монголын эзэнт гүрний үеийн бичигт хөшөөнүүд, гол шүтээн болсон бурхад, шашны соёлын ховор нандин эд зүйлүүд хадгалагдаж байна. Тиймээс иргэд түүх, соёлдоо хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцсаа өмсөж ирэх нь болсон хэмээн музейн захирал Н.Төмөрбаатар сонирхуулав.

Тус музейн барилга байгууламж олон жилийн насжилтын улмаас хуучирч муудаж байгаа ч сэргээн засварлалтын ажлыг жил бүр тогтмол явуулсаар иржээ. Энэ жилийн тухайд 1740-өөд онд баригдсан түвд хийцийн хавтгай оройтой гурван давхар барилгыг сэргээн засварлах ажил явагдаж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед эвдэн сүйтгэгдсэн хийдийн барилга байгууламжийг 1944 онд төрийн хамгаалалтад авснаас хойш 1970 оны хүртэл сэргээн засварлалтын ажлыг үед шаттайгаар гурвантаа хийж, хуучин төрхөөр нь хадгалж ирсэн цогчин дуган аж. 50 жилийн дараа хийж буй их засвар, сэргээн засварлалтыг улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Зэндмэнэ суварга” компани гүйцэтгэж байна.

Уг цогчин дуганы гуравдугаар давхарт Махгалын орон хэмээх 75 махгал бурхдын баримал, дахин давтагдашгүй, маш ховор нандин хийцтэй шүтээнийг байршуулж байсан. Хоёр, гуравдугаар давхартаа музейн үзмэрүүдтэй, нэгдүгээр давхарт Эрдэнэ зуу хийдийн лам нар хурал номоо хурдаг барилга байсан. Дуганд засвар эхэлсэн учир хажууд нь гэр барьж, лам нар хурлаа хурж, шашны үйл  ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Тус музей ховор нандин үзмэр олонтой ч сан хөмрөгийн зориулалтын байргүй. Иймд музейн сан хөмрөг хадгалж буй байр болон түр үзэсгэлэнгийн танхимын барилгыг хуучин төрх загвараар нь хойш нь өргөтгөн, зай багтаамжийг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа музейн захирал Н.Төмөрбаатар сайддаа танилцуулав.

Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун “Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын гол төвүүдийг цогцоор нь хөгжүүлэх бодлого барьж байна. Орхоны хөндийн аялал жуулчлалын сав нутгийн түүх, шашин соёлын дурсгалт газрыг хөгжүүлэх нь тэр зорилтуудын нэг юм. Тийм ч учраас Соёлын яамыг шинээр байгуулж, яаманд соёлын өв хариуцсан долоон мэргэжилтний орон тоотой бие даасан газар байгуулсан. Өмнө нь яаманд соёлын өв хариуцсан нэг мэргэжилтэн ажиллаж байсан бол одоо долоон мэргэжилтэн ажиллана. Монгол Улсын соёлын бодлогыг хэрэгжүүлж, соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээх засварлах, сурталчлан таниулах зэргээр олон талаас нь дэмжиж ажиллана” гээд, музейн барилгыг өргөтгөх санал хүсэлт, зураг төслөө салбарын яаманд өгөхийг сануулаад, санхүүжилтийг ирэх оны Улсын төсөвт үе шаттайгаар суулгаж, өгөх боломжтой гэлээ. 

Соёлын сайд С.Чулуун 2019 оны сүүлчээр ашиглалтад орсон Хархорин сумын Соёлын төвийн барилгатай танилцав. 12 мянга гаруй хүн амтай тус суманд 3000 ам.метр талбайтай урлаг соёлын үйл ажиллагаа явуулах зориулалтын танхимтай, хоёрдугаар давхартаа сумын иргэдийн зориулсан нийтийн номын сантай. Соёлын төвийн зориулалтын тоног төхөөрөмж хангалтгүй бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөгөөр хөгжим худалдаж авчээ. Үүн дээр концертын танхимын сандал, зарим хэрэгсэл дутагдалтай байгааг танилцуулж, санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг сайдаасаа хүслээ.

Иргэд номын санд суух, гэрээрээ ном авч унших сонирхолтой. Ялангуяа сүүлийн үед хэвлэгдсэн уран зохиолын ном их асуудаг. Гэвч номын фондын баяжуулалт хийхэд жилд улсаас 200 мянган төгрөг буюу ганц, хоёрхон сайн чанарын ном авах хэмжээний мөнгө төсөвлөдөг ажээ. С.Чулуун сайд номын фондыг баяжуулахад дэмжлэг үзүүлж, шинээр хэвлэгдсэн номнуудыг илгээнэ гэдгээ амлаж, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг яамныхаа мэргэжилтэнд үүрэгдэв. Сайд орон нутгийн соёлын байгууллагуудын нөхцөл байдлыг танилцуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд анхаарч, энэ талын мэдээлэл өгөх зорилгоор орон нутгийн томилолтын багтаа Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбатыг багтаасан юм.

Соёлын сайд С.Чулуун “Эрдэнэ зуу” музей, Хархорин сумын Соёлын төвөөс гадна Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, “Хархорум” музей, 745-840 онд төр улсаа байгуулан оршин тогтнож байсан Уйгурын анхны нийслэл Хар балгасын туурь, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдам хэмээх газарт 2010 онд байгуулсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдвор бүхий “Хөшөө цайдам” музейд ажиллав. Түүх соёлын жимээр явсан тухай сурвалжилгыг удахгүй хүргэх болно. 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу