2021-11-10 00:32

Зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа

   “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм.

   Зураачид зургийн судалгааны ажилд 10 орчим жил зарцуулж, мөн 10 гаруй жилийн турш зурж дуусгасан бөгөөд зурагт дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн тогтоц, улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, улс орныг нь тодотгодог бүтээн байгуулалт зэргийг онцлон 193 улсыг нэг хавтгайд багтаан зурсан юм. Зурагт нийт 5000 гаруй дүр дүрслэл багтсан нь монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурагдсан, “монгол зураг” гэх өвөрмөц хэв шинжийг бүхэлдээ агуулжээ.

   Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Монгол NFT” компани дижитал хэлбэрт оруулсан юм. Улмаар өчигдөр монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа. Тухайлбал, зураг 193 улсаас бүрдэж буйгаас өчигдөр Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн 5 хэсгийн дижитал зургийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан юм.

   “Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давдагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байгаа юм.

   Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

   “Бидний амьдралын хэв маяг маш хурдтай өөрчлөгдөж байна. Фэйсбүүк гэхэд олон хэмжээст ертөнц рүү хурдацтай шилжиж байгаа гэдгээ дэлхий дахинаа зарлалаа. Энэ өөрчлөлтийг дагаад соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжууд бий болж байгаа юм. 2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болсон байна.

   Бид өнөөдөр энэ виртуал эдийн засгийн харилцаанд орж, байгалийн баялгаа экспортлохоос илүүтэй шавхагдашгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортолж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой гэдгийг нотлон харууллаа. Та бүхэн сүүлийн үед NFT буюу цор ганц, давтагдашгүй зүйлийн дижитал хувилбар гэдгийг олон сонссон байх. Харин өнөөдөр бид Монголын уран зургийн сор болсон бүтээлүүдийн нэгийг амжилттай дижитал хувилбарт шилжүүлж, зах зээлийн үнээс өндөрөөр борлуулж, энэ чиглэлээр уран бүтээлчдээ дэмжих бүрэн боломж байгаа гэдгийг харлаа. Дашрамд дурдахад эх бүтээл нь эх орондоо, уран бүтээлчдээ өөрт нь үлдэж байгааг дуулгах байна.

   Цаашид Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, таниулах шинэ алхам нээгдлээ. Энэхүү виртуал гүүр тавигдсанаар Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт оруулах өгөөж хэд дахин өсөх боломжтой” хэмээн хэллээ.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэУран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
 Сүүлд нэмэгдсэн дуу