2021-11-23 01:41

Мариинский театрт анх удаа морин хуур эгшиглэлээ

   Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо алдарт "Мариинский" болон "Эрмитаж"-ийн концертын танхимд урилгаар тоглоод ирсэн. Тэд цар тахлын хүнд цаг үед амаргүй замыг туулж очсон ч дэлхийн сонгодог хөгжмийг хоёрхон чавхдасаар уянгалуулж, үзэгч олныг бишрүүлсэн сурагтай. Дэлхийд ганц гэгддэг Монголын морин хуурын чуулга ирэх онд ч гадаадад тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа талаар ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан дуулгасан юм. Ингээд түүнтэй тоглолтын тухай яриа өрнүүлсэнээ хүргэе.


-Тантай холбогдоход “Дөнгөж Оросын хилээр гарч байна” гэсэн. Та бүхэн сайн явж ирэв үү?

-Бид сайн явж ирлээ. Цар тахлын улмаас олон улсын нислэг байхгүй нэлээд хол зам тууллаа. Эндээсээ Алтанбулаг хүрч, хоёр километр явганаар алхан хил гарсан. Тэгээд автобусанд сууж, Улаан-Үдэд хонон, маргааш нь Новосибирск хүрсэн. Тэндээсээ цаашаа Санкт-Петербургт очсон. Буцахдаа яг тэр маршрутаараа явлаа.

Хоёр жил хөл хорионд байсан бидний хувьд хил гарч буй анхны тоглолт байлаа. Нөгөө талаараа ОХУ-ын сонгодог урлагийн их тайз гэдэг утгаараа их хүндэтгэлтэй, сэтгэл тавьж очих ёстой. Тийм учраас энэ бүхэн бэрхшээл байсангүй. Эргээд бодоход дурсамжтай сайхан тоглолт боллоо.

-Тоглолтын талаарх сонин сайхнаас ярихгүй юу?

-ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиож буй. Түүхэн ойн хүрээнд Н.К.Рерихийн гэр музейн захирал Б.Янжмаа ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгад тавьсан. Ийм хүнд цаг үед 50-иад хүний бүрэлдэхүүнтэй чуулга тоглуулна гэдэг амаргүй. Зөвхөн хоёр орны харилцаа гэхээс илүү Монголын хөгжмийн урлаг, театрын урлаг энэ 100 жилийн хугацаанд хэрхэн хөгжиж, ямар ололт амжилтад хүрснийг бүрэн харуулах гол зорилго байлаа. Орос ахан дүүс маань Монголд сонгодог урлагийн анхны суурийг тавьсан шүү дээ.

Тэр утгаараа концертын программын сонголт дээр сайн ярилцаж, тоглох уран бүтээлүүдээ сонгосон. Тодруулбал, том хэлбэрийн бүтээл, уламжлалт бүтээл, оросын алдартай цаг үеийн дуунууд, бүрэлдэхүүний хувьд дан ганц чуулгаараа бус ятгын дөрвөл, морин хуурчид, утсан хөгжмийн дөрвөн гэсэн задаргаатай академик түвшний уран бүтээлүүдийг сонгосон.

-Заримаас нь нэр дурдвал?

-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуурын тавдугаар концерт” гэж баруун монгол аялгатай сүүлд зохиосон сайхан бүтээл бий. Тэр концертыг үзэгчид маш сайхан хүлээж авсан. Дуурь, бүжгийн эрдмийн театрын Б.Энхнаран, Б.Монголхүү гээд хоёр дуучин маань хамт явсан. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны ардын дууны хоёр найруулга, болон Х.Алтангэрэлийн Морин хуурын чуулгад зориулсан том хэлбэрийн оркестрын концертыг анх удаа тоглолоо. Тэгээд уртын дуу, морин хуурын дөрвөл гэх мэт…

-Үзэгчид хэрхэн хүлээж авав?

-Нэг сонин юм ярихад Мариинский театрт зөвхөн сонгодог хөгжим эгшиглэдэг. Тус театрын удирдаач театрын тайзнаа ямар бүтээл тоглуулахыг шийддэг. Энэ шийдвэрийг гаргахдаа өөрсдөө ч гэсэн маш их болгоомжилж байсан. Театрын тайзнаа уламжлалт ардын хөгжмийг тоглуулах нь зөв үү, буруу юу гэж. Сая тоглолтын дараагаар Монгол дахь Н.К.Рерихийн гэр музейд албан бичгээр талархал ирүүлсэн гэсэн. Уг талархалд “Бид маш их айж, эмээж байсан. Гэхдээ маш зөв шийдвэр гаргасан гэдгийг талархалтайгаар илэрхийлье” гэсэн.

Улсын филармонид 1983-1985 онд удирдаачаар ажиллаж байсан ОХУ-ын уран бүтээлч бидний тоглолтыг сонирхож ирсэн. Тэр хүн тоглолтын дараа тайзан дээр гарч ирж, бүгдэд нь баяр хүргэсэн. Тэрбээр “Би ийм тоглолт үзнэ гэж төсөөлөөгүй. Нэг сонсохоор симфони оркестр дугарч байгаа юм шиг санагдлаа. Миний хайртай Монголын хээр талыг бүрэн мэдрүүлж чадлаа. Уламжлал шинэчлэлийг хослуулсан хөгжмийн чуулга юм байна” гэж хэлсэн. Тоглолтыг үзэхээр хөгжмийн судлаачид, монгол судлаачид хүрэлцэн ирсэн байсан. Зарим нь бидэнтэй ирж уулзаж, цахим хуудаснаа том нийтлэлүүд бичсэн байна лээ.

-Цар тахлын улмаас соёл урлагийн байгууллагууд нам жим байлаа. Морин хуурын чуулгын уран бүтээлчид их залуужсан харагдаж байна?

-Бид нэлээд өргөжлөө. Хөгжмийн нарийн дугаралтаасаа шалтгаалаад орон тоогоо нэмэх шаардлагатай байгаа. Орчин цагийн хөгжмийн бүтээлүүд их хүч, басс шаарддаг болсон. Дугаралтын хувьд илүү нарийн зохицол хэрэгтэй. Чуулгын хувьд залуусаар цус сэлбэсэн. Гэхдээ сүүлийн хоёр жил ямар ч хөдөлгөөн ороогүй. Одоо үүсгэн байгуулагчдаас долоо, найман хүн л үлдэж. Цаашид төлөвлөж буй гадаадын том тоглолтууд бий.

Одоо төлөвлөгөөгөө задлахад арай эрт байна. Мэдээж ард түмнээ баярлуулах болно. Ирэх жил Японы “NHK” танхимд урилгатай байгаагаас гадна тэнд 15 театрт тоглолттой. Одоо хоёр орны дипломат харилцааны 50 жилийн тохиож байгаа ч тоглолт нь ирэх жил хүртэл хойшлосон. Ирэх жил чуулгын 30 жилийн ой тохионо. Ойгоороо маш чанартай тоглолтуудыг хийх төлөвлөгөөтэй байна.

-Морин хуурын чуулга дэлхийн хэдэн оронд тоглолт хийгээд байна вэ?

-Японд 40 гаруй удаа тоглолт хийсэн. Ойролцоогоор давхардсан тоогоор дэлхийн 20 гаруй оронд тоглолт хийжээ.

Эх сурвалж: NEWS.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Сүнс урлал" хамтарсан үзэсгэлэн дэлгэгдэнэУран бүтээлчдэд заяагдсан далд ухамсрын урсгал чимээг утга уянгын ухаарал бодрохуйн цогц нэгдэл болгон харуулах дотоод ертөнц, оюун санааны илэрхийлэл болсон үзэсгэлэнд уран зураг, яруу найраг сонирхогч эрхэм та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • Хоёр дахь дугаарын ялагчаар Хоёр дахь дугаарын ялагчаар "Их хувьсгал" баг тодорлооАрдын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
  • “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ“Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэҮндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
  • УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛААУлсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа.
  • ФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээФАУСТ | Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээМонголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн ФАУСТ жүжиг Монголын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төслөөлөшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан.
 Сүүлд нэмэгдсэн дуу