2012-04-11 08:30

Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг

Монголчуудын хүндэтгэн дээдлэж гэрийнхээ хойморт залж ирсэн түүх домогтой эрхэм хөгжим билээ. Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг, том дугуй модон цараар нь нэрлэсэн хуур байжээ. 

Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөн. Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.

Морин хуур нь ишнийхээ үзүүрт морины толгойн дүрстэй, цар гонзгой дөрвөлжин ба ямааны юмуу ботгоны арьсаар бүрж ногоон будгаар будсан байна. Сүүлийн үед царыг арьсаар бүрэхийн оронд модон материалаар сийлбэртэй хийж чавхдасыг мөн морины сүүлээс өөр зүйлээр орлуулах зэрэг янз бүрээр хийх болжээ.  

Морин хуурын чавхдасыг номхон хашин боловч, эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар сунган боловсруулж хийх, цары нь бүрэх ширийг мөн чийг татахааргүй болтол тусгай аргаар боловсруулах, ширийг будах ногоон будгийг гаргаж авах гээд уламжлалт нарийн арга ухаан, ёс жаягтай.

Баруун монголд "Ихэл" хэмээх нэгэн зүйлийн морин хуур байдаг. Ихэл нь морин толгойгүй, гэлбэр буюу чандмань толгойтой.

Морин хуурын дээд доод тэвх, дээд тэвхийн зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж хөгийг солино.

Морин хуурыг гоцлон уламжлалт сайхан аялгуунуудыг тоглохоос гадна уртын дууны хамсрал, монгол ардын уламжлалт бичил чуулга, мөн найрал хөгжимд чухал үүрэгтэй хэрэглэдэг.

Уламжлагдаж ирсэн хөг аялгуу:
"Жонон харын явдал" , "Могой хээр", "Доголон цагаан", "Хонь хурга нийлүүлэх", "Үхэр тугал мөөрүүлэх", "Хөх нуурын тогоруу", "балчин хээрийн явдал", "Бугын урам", "Уйлган шар атны явдал", "Дөрвөн ойрдын уриа", "Ээвийн голын урсгал", "Харцага зээрд", "Жороо морь" 
Биелгээний татлага:
"Цацал", "Мөргөл", "Елхэндэг", "Саальчин", "Цайгийн дундуур", "Гэр бүл" 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу