2012-04-11 10:36

Дэлхийд хосгүй уртын дуу, дуучин хоёр

 

2011.04.01
Хүн төрөлхтнийг дуу, хөгжим хэмээх гайхамшигт урлагаас нь ангид салгах аргагүй мөнхийн холбоотой гэдгийг монголчууд дэндүү сайн мэддэг, мэдэрдэг билээ. Улс, үндэстэн бүрийн дуу хуур нь өөр өөрийн өнгө, хөг аялгуу, тухайн ард түмний оршин байгаа газар нутаг, байгаль дэлхий, түүх соёл, ёс, зан заншлын илэрхийлэл нь болж байдаг. Хүмүүн төрөлхтөн, өөр үндэстэн, ястнууд дуу, хуур, хөгжмийн хөг аялгууны ид шидээр ямар ч хэл ярианы тусламжгүйгээр бие биенийхээ зүрх сэтгэлийг ойлгож мэдэрдэг нь үнэхээр гайхалтай.
Олон үндэсний бүтээсэн дуун гайхамшгуудаас Мон­гол ардын уртын дуу нь өөрийн өнгө, цар хүрээгээрээ онцгой гэдгийг дэл­хий дахинаараа хүлээн зөвшөөрч, улмаар дэлхийн биет бус соёлын өвд оруулж, түүнийг хамгаалан, судалж, түгээн дэлгэрүүлэхээр хүн төрөлхтөн сонирхон судлах болсон нь нэн таатай.
Уртын дууны доод өнгөнөөс яруухан дээш өгссөөр хамгийн дээд өнгө хүрэх явцдаа цохилго, чичиргээ, нарийн уран нугалаанууд эгшиглүүлэн шуранхайлах төв халх боржигин дэг нь нэн гайхамшигтай. Энэ дэгээр дуулахад асар их хүч, тамиртай хоолойн чадвар, хоолойн цараа шаарддаг. Өдгөө энэ цар хэмжээнд хүрч дуулах дуучин бараг л байхгүй болов уу.
ХХ зууны манлай уртын дууч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Намжилын Норовбанзад Монгол уртын дууны жинхэнэ мастер, байгалиас заяасан их авьяас билэгт дуучин гэдгийг уртын дууч монголчууд төдийгүй дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр «Монголын» хэмээх гайхамшигт уртын дууг хүний хоолойн боломжит хамгийн доод, дээд өнгө болон уран нугалаа, шуранхайгаар дуулж чаддаг хосгүй уртын дууч билээ. Норовбанзад уртын дууны гайхамшгийг хүрч болох хэмжээнд нь хүртэл шуранхайлах атлаа цаашаа улам бүр алсуурлан өгссөөр хүний хоолойн байж боломгүй өндөрт хүргэж тэнгэрийн уудамд уусган замхраах мэт болсноо эргэн хамгийн доод өнгөөр уянгалуулан дуулж чаддаг юм. Энэ их авьяас, хоолойн цар хүчийг тэр өөрийн өсч төрсөн нутаг Боржигины бор талын хараа үл гүйцэм алсын алсад тэмүүлэх салхи цуцаан аялгуулан дуулж ирсэн өвөг дээдсээсээ өвлөж авсан нь лавтай.
ХХ зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг «Сүүдэртийн улаан овоо» хэмээх газар 1931 онд төрсөн билээ. Монгол уртын дууг дэлхийн сонорт хүргэж, Монгол уртын дууг хүн төрөлхтний биет бус өвд оруулахад онцгой гавьяаг бүтээж чадсан хүн бол Н.Норовбанзад хэмээх хосгүй их дуучин гэдэгтээ хэн ч маргахгүй билээ.
Хосгүй их авьяаст уртын дуучин Н.Норовбанзад гуай ХБНГУ, Польш, Унгар, Чех, Словак, Болгар, хуучин ОХУ, Югослав улс, баруун Европын Итали, Франц, Дани, Голланд, Норвеги түүнчлэн Ази тивийн Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Хятад, Япон, Афганистан, АНУ зэрэг дэлхийн олон улс оронд монгол уртын дууны гайхамшгийг мэдрүүлж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж явсан түүхтэй.

Н.Норовбанзад 1993 онд Япон улсын Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртэж, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авсан юм. Дэлхийд хосгүй уртын дуучин түүнд дотоодын төдийгүй гадаадын олон арван шавь бий. Түүний шавь нарын нэг уртын дуучин, докторант Т.Нарантуяа багшийнхаа хосгүй их авьяас билэг, хөдөлмөр зүтгэл уран бүтээлийн талаар цуглуулсан судалгааны дээжээс нь сонирхож ярилцлаа.

-Та багшийнхаа амьдрал, уран бүтээлийн талаар судалж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?
-Дөнгөж эхэлж л байна. Энэ дуучны дуулсан дууг сонссон хэн боловч монголчууд хүн төрөлх­төнд ямар том урлагийн бүтээл туурвилыг бүтээж, уламжилж өгөө вэ? Монголчууд ямар агуу авьяаст­ныг төрүүлээ вэ? хэмээн шагшин биширдэг. Уртын дууны агуу их мастер Н.Норовбанзад багш сүүлийн 40 гаруй жил нэг газар, нэг улс орон, хотод тогтож суугаагүй юм. Монгол уртын дуу энэ их хосгүй дуучнаар жигүүрлэж, Норовбанзад дуучин монголчуудын сонгодог урлаг хэмээгдсэн уртын дууг биедээ шингээж нүүдлийн шувуу мэт дэлхийгээр аялан тоглож уртын дууг дэлхий дахинд таниулсан хүн. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нэгэнтээ «Уртын дуу Норовоог дэлхийн дэвжээнд гаргав, Норовоо уртын дуугаа дэлхийн дэвжээнд гаргалаа» гэж хэлсэн байдаг. Үнэхээр энэ бол Норовоо багшийн агуу их гавьяа мөн.
-Түүний тухай дэлхий нийтээрээ шагшин, үнэлсэн олон баримт байгаа байх шүү?
-Норовоо багш дэлхийн олон оронд очиж уртын дуугаа дуулж, бишрүүлж явсныг нь тухайн орны хэвлэл мэдээллийн агентлагууд үнэлэн бичжээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн тэрхүү үнэлгээнд хоёр зүйлийг л онцолсон байдаг. Үүнд: нэгд, Норовоо багшийн хоолойн давтагдашгүй цараа хүрээ, хоёрт, урдын дууны гайхамшигт урлагийг бахархан үнэлжээ. Эндээс товчхон дүгнэлт хийхэд, уртын дууг дэлхийд таниулж түүний гайхамшгийг ойлгуулсан хүн бол Н.Норовбанзад багш гэдэг нь тодорхой юм. Тиймээс уртын дуу, багшийн хосгүй сайхан хоолой хоёрын нэгийг нь нөгөөгөөс нь салгаж огтхон ч болохгүй. Чухам үүнийг улс орон бүхний судлаач, үзэгчид хэрхэн үнэлэлт дүгнэлт өгсөн болохыг тодруулж үзлээ.
ОХУ-ын урлаг судлаач В.Кондако «Советская Россия» сонины 1986 оны 172 дугаарт «Гайхамшигтай, түүний дуу хүний боломжоос хэтэрчээ. Тайзан дээр нэг биш хэд хэдэн хүн дуулах мэт сэтгэгдэл төрнө» гэсэн бол Японы 11 сая уншигчтай «Асахи» сонины 1993 оны нэгэн дугаарт, «Бурхнаас заяасан хоолойтой дуучин» гэж үнэлсэн байдаг. «Ленинградская правда» сонины 1976 оны 21 дугаарт «Өргөн дэлгэр аялгуу аажимхан дуурсана. Энэ аялгуунд уужим тавиун тал, уулын тунгалаг горхины мөнгөн хонх шиг чимээ, морины яарамгүй хатирааг агуулжээ. Тайзан дээр монголын уртын дууны мастер ардын жүжигчин Н.Норовбанзад дуулж байна. Түүний аугаа их ур чадварт нь Прага, Софи, Бухарест, Варшав, Берлин, Парисын үзэгчид алга нижигнүүлэн ташиж байлаа» хэмээн үнэлсэн байна. Тэгвэл «Мэйничи Дейли ньюс» сонины 1992 оны есдүгээр сарын 11-ний дугаарт «Түүний цээл хоолой намуухнаар эхлэн төдөлгүй өгсөн тэнгэр өөд цойлж уран гоё нугалаа, жиргээ, цохилтоор чимэгдэн хөвөлзөнө. Хоолойн цараа нь өөрсдийнхөө хоолойг күбүши шинжтэй гэж үздэг Японы «Мин ёо» дуучдыг санагдуулах боловч Норовбанздын хоолойн хүч чадал, цар хүрээ нь зүйрлэшгүй агуу авай. Хязгаар­гүй хэмжээлшгүй гайхамшигт хоо­лойгоор дуулагдаж байгаа дуу... нь болор хундага хагаран жингэнэх байдлаар төсөөлөгдөн чихэнд хан­гинана. Хэрэв тэр ВОМАД /дуу хөгжмийн дэлхийн аваргын тэмцээн/ фестивалд оролцох болол­цоо тохиосон бол Нустар, Али хан, Салир Кета нарыг түвэггүй ардаа орхих дуучин мөн» гэж бичсэн нь бий.
-Түүний хоолойн хосгүй их авьяасыг болон Монгол урдын дууны гайхамшгийг дэлхий дахин 1990-ээд оноос хойш илүү их таньж, мэдсэн төдийгүй Монгол улс ч уртын дуу, энэ дуучин хоёроор дэлхийд танигдаж эхэлсэн гэдэг?
-Тийм шүү. Америкийн «New York Times» сонинд Норовбан­задын дуулж буйг «...нугалаа цохилттой, аялгуу нь жаахан гунигтай, удаан хэлэгддэг үг шүлгийн эрх чөлөөт байдлаараа шоовдорлогдон байгаа уртын дуу төрсөн домогт нутагтаа эргэн тогтох нь лавтай биз дээ» гэж бичсэн байдаг. Тэгвэл, Японы «Мэйничи Дейли Ньюс» сонины 1992 оны есдүгээр сарын 11-ний дугаарт «Монголын онцгой дуучны хоолойн цараа хүрээ нь тэнгэрээр хэмжигдэх ажээ» гэж гарчиглажээ.
Норовоо багш дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд өгсөн хариулт бүхэн нэг л утганд зангилагдсан байдаг нь гайхалтай.Үүнийг хоёр­хон хариултаар төлөөлүүлэн ойл­гуулж болно.1990 онд Ардын эрх сонины сурвалжлагчтай ярилцсан ярилцлагадаа « Дээдлэх ганцхан шүтээн дэлхийд хосгүй уртын дуу минь «. Мөн Ардын эрх сонины 1994 оны дугаар 45-д «Монгол гэрт айраг сөгнөөд найран дээр дуулах шиг сайхан юм хаана байх вэ? манай уртын дуунд байшин багадана. Ноотлох аргагүй гээд л бод доо. Манай ард түмэн энэ уужим тал нутаг минь гайхамшигтай эрдэнийг төрүүлсэн юм шүү» гэж бахархан өгүүлсэн байдаг. Энэ бүхнээс үзвэл Норовоо багш уртын дуугаа Монгол түмэн, Монгол газар нутгаас төрсөн гайхамшигтай эрдэнэ хэмээн ихэд бахархан үнэлж байсан нь тов тодорхой байгаа юм. Иймээс ч энэ хосгүй урлагийн эрдэнийг хүндэтгэн дээдэлж, түүнийг түгээхэд өөрийн амьдралаа зориулсан хүн бол Норовоо багш яахын аргагүй мөн.
-Түүний 70 насны ойд зориулсан тоглолтыг өнөөдөр олон хүн дурсан ярьдаг?
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, ХХ зууны манлай уртын дуучин Н.Норов­банзадын 70 насны ой, түү­ний уран бүтээлийн 50 жилийн ойд зориулж 2000 оны 12 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо урлагийн томоохон тоглолтыг зохион байгуулсан. Энэхүү нэр хүндтэй тоглолтонд оролцсон урлаг судлаачид, уран бүтээлчид, алдартай дуучид Норовбанзад хэмээх хосгүй авьяаст уртын дуучны талаар өөрсдийн чин сэтгэлээсээ үнэлсэн үнэлэмжийг эргэн дурсая. «Зууны мэдээ» сонины 2000 оны 12 дугаар сарын 27-ны дугаарт «Норовбанзад гуайн тоглолт, урлагийн түүхэнд зуун байтугай мянган жилээр ч ярилцах үйл явдал боллоо» гэсэн нэг нүүр дүүрэн Монголын алдартнуудын хэлсэн үгийг зурагтай нь нийтэлсэн байдаг. Энэ нийтлэлээс заримыг нь дурдвал, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров «Тоглолтонд ямар жүжигчин сонгож оруулах вэ? Яаж түүнтэй зиндаа тааруулах вэ? гэдэг асуудал маш хэцүү байсан. Норовбанзад гуайг «Урьхан хонгор салхи»-ийг дуулсны дараа ямар ч дуучин залгаж дуулсан ч босч ирэхгүй» гэсэн байдаг.
Монгол Улсын анхны Ерөн­хий­лөгч П.Очирбат «Норовбанзад гуайн концерт энэ зууны хамгийн тансаг урлагийн наадам боллоо гэж бодож байна. Би ч яахав «тансаг» гэдэг үг хэлэх дуртай хойно. Гэхдээ л энэ тоглолт тансаг гэхэд илүү тансаг боллоо. Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгийг Норовбанзад гуай хүнийхээ хувьд дэлхийд харуулж байгаа. Монгол ардын урлаг ямар гайхамшигтай буй гэдгийг урлагийнхны талаас уртын дуу, морин хуур үзүүлж байна» хэмээн онцлон хэлсэн юм.
Харин УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж «Норовбанзад гуайг агуу хүн гэдгийг тэртээ тэргүй надаар хэлүүлэлтгүй дэлхий мэддэг. Үүнийг л энэ тоглолтоороо дахин харууллаа «Уяхан замбуу тивийн наран» дууг дуулсан 70 настай хүн энэ дууг ингэж дуулна гэж байх уу, Гиннесийн номд бичдэг бол энэ хүнийг л бичмээр санагдлаа. Яг л залуу байхдаа яаж дуулсан тэгж л дууллаа. Энэ бол үнэхээр гайхамшиг» гэж хэлж байлаа.
Монгол Улсын ардын жүжигчин Х.Уртнасан «Би Норовоо эгчийн энэ тоглолтыг «Зууны урлагийн эхлэл» гэж хэлнэ. Урьд хожид үзээгүй ийм сайхан тоглолт боллоо. Тоглолт үнэхээр дээд зиндааны цараа хүрээтэй болж чадсан. «Уяхан замбуу тивийн наран» гэдэг дуу үнэхээр гайхамшигтай. Тоглолт шинэ мянганы баяр болсон. Норовоо эгч энэ зууны манлай дуучин гэдгээ батлав. Дараагийн зууны ч манлай дуучин гэдгийг хэлмээр байна» гэж үнэлж биширч байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа «Монголын нэрийг дуурсгаж яваа энэ хүнд бид их өртэй» гэсэн юм. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав «Ах нь Норовбанзадтай нэг нутгийнх, хүний хоолой элэгддэг, хорогддог зүйл гэхэд түүний хоолойг бурхан өөрт нь мөнхийн болгож заяажээ. Үнэндээ өөр магтах үг олдохгүй байна» хэмээн үнэлсэн байдаг. Энэ бүхнээс харж, сонсож байхад Н.Норовбанзад багш маань уртын дууг алдаршуулж, өөрөө мөнхөд алдаршиж, дэлхийд «Монгол» хэмээх уртын дууны гэрэлт хөшөөг босгож чадсан монголчууд бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн агуу их дууч билээ.
Тиймээ, хоёр зууныг дам­насан түүний нэгэн насны амьдрал, уран бүтээл, хосгүй авьяас­лаг дуу хоолойгоороо уяхан замбуу тивийн наран дор мөнхөд оршиж чадсан Монголын төдийгүй дэлхийн их дуучин гэхээс аргагүй дахин давтагдашгүй, хосгүй их авьяастан бол Н.Норовбанзад юм.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
 Сүүлд нэмэгдсэн дуу