2012-07-20 14:10

“Playtime 2012”-т Японы хамтлаг тоглоно

Задгай агаарт задгай дуугаралт сонсохыг хүссэн хүмүүсийн цуваа наймдугаар сарын 4,5-нд Гачууртын “Монгол шилтгээн” тийш чиглэх нь. Энэ зуны хамгийн нүргээнт наадам болох “Playtime 2012” –ыг зохион байгуулагчид “амьд” хөгжим сонирхогчдын цусыг хөөргөхөөр бэлтгэл ажлуудаа хийсээр байна.

Наадмаар жил бүр гадаадын нэг хамтлагийг урьж авчирдаг билээ. Энэ жилийн хувьд, “Shoegazing” урсгалаар тоглодог Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон талаарх шинэхэн мэдээллийг дуулгая. Энэ хамтлаг нь сүүлийн үед “эрч”-ээ авч байгаа чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн гэнэ. Харин наадамд оролцох Монголын хамтлаг дуучдын бүртгэлийг долдугаар сарын 25-ныг хүртэл сунгахаар болжээ. Одоогийн байдлаар 50-аад хамтлаг наадамд оролцож, өөрсдийн тоглолтоо сонирхуулахаар бүртгүүлсэн байна.

Наадамд оролцогсдын хэдийнэ мэддэг болсон “Playtime” захыг уламжлал ёсоор ажиллуулна. Үүгээр “амьд” хөгжим сонирхогч залуусын зүрхэн лугшилтыг түргэтгэдэг шивээс хийх,ховор цомог, хувцас, хэрэглэлийг худалддаг юм.  Энэ жил “Playtime” захад наадмын лого ашиглан өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой хүмүүсийг “Hi-Fi records”-т бүртгэж байна. 

Наадмын тасалбарын тухайд, ирэх долоо хоногоос “Hi-Fi Records”-ын салбаруудаар худалдаанд гарах гэнэ. Тасалбарын дизайн бэлэн болсон бөгөөд энэ жил онцгой багцын хөнгөлөлтийг олгож байгаа. Хоёр дахь өдрийн дан тоглолт 15 мянга, хоёр өдрийн тоглолт 20 мянган төгрөг, тавуулаа хоёр өдрийн турш 80 мянга, 10-уулаа хоёр өдрөөр тоглолтоо үзэх бол 150 мянган төгрөгөөр худалдаж авч болох юм.

Зүрхнээс булгилах эрх чөлөөгөө мэдэрцгээе залуус аа.

У.БОЛОР

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу