2012-04-13 10:39

Нүүдэлчдийн бүжгийг дэлхийн урлагт мөнхөлсөн дэглээч

Цалгисан авьяастай, хүн төрөлхтний урлагийн түүхэнд содон хуудас нэмж чадсан хүмүүсийн намтар нэг л “амттай” байдаг. Тэд бусдаас өөр сэтгэдэг. Бусдын хийж чадахгүйг, цагийн буулганд сөхрөөд бодож ч зүрхлэхгүй үнэнийг урлагийн хэлнээ буулгаж сэтгэл хөглөсөн мөнхийн бүтээл туурвидаг. Тэд бусдын алхсан мөрөөр явдаггүй. Шаналал, гуниг, догдлол нь ч нэг л өөр. Орчлонгоос одох агшин нь ч эгэл бус  санагддаг. 

Хүн баруун тийшээ гэвэл Сэвжид зүүн тийшээ явах хүн гэж урлагийнхан өөр хоорондоо ярилцдаг байж. Ихэнхдээ дуугаа хураан, доошоо харж явах бодлогошронгуй дүр.  Гөжүүд авир, үгэндээ харам ихэмсэг төрх. Таньдаг, мэддэг, ойр дотно хүмүүсийнх нь дурсамжаас хөргийнхөө баатрыг гаднаас нь ингээд зурчихмаар…

Ардын жүжигчин, төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийг бүжигчид багшаа гэж  хүндэтгэдэг. Сэвжид гэдэг хүнийг огт хараагүй залуу бүжигчдийн хувьд ч тэр багш нь. Монголын үндэсний бүжигт шинэчлэл хийсэн энэ эрхмийн өмнө бүжигт хайртай, бүжгээр амьсгалж, амьдардаг хүн бүр гүн хүндэтгэлтэйгээр мэхийх учиртай. Гавьяат жүжигчин, бүжиг судлаач Д.Нанжид “Сэвжидийн “Адуучин”, “Саальчин”, “Жалам хар” гараад ирэхээр монгол үндэсний бүжиг гэж ямар гайхамшигтай, халх намба гэж ямар донжтойг мэдэрдэг. Сэвжид л халх бүжгийг их гайхамшигтайгаар гаргаж ирсэн.  Монгол үндэсний бүжигт шинэчлэл хийсэн хүн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Монголын шинэ үеийн, мэргэжлийн үндэсний бүжгийг Сэвжидгүйгээр төсөөлшгүй гэж тодотгомоор ийм агуулгатай үгийг олон судлаач хэлдэг.

Би “Жалам хар”, “Саальчин”-г үзэхээрээ  энэ агуу хөдөлгөөнийг бүжгийн урлагт амилуулахад хөг нэмсэн нүүдэлчин монголчуудын үргэлжлэл гэсэн бардам ч гэмээр бодолд сэтгэлээ эзлүүлчихдэг жирийн л нэг үзэгч. Дэлхийн залуучууд оюутны их наадмын тайзнаа амилж алтан медаль хүртсэн энэ бүжгүүдийг тухайн үеийн бүжгийн хүрээнийхэн өндрөөр үнэлж байв. Олон орны судлаачид “Дэлхийд малаа адгуулж, саалиа саадаг олон улс бий. Гэхдээ тэд ийм бүжиг дэглэж чадаагүй. Ц.Сэвжидийн дэглэсэн бүжиг үнэхээр сод бүтээл” хэмээн шагширч байж.

Монгол бүжгийн гайхамшиг нэг л нууцтай. Дэлхийд өнөөдөр хаана ч байхгүй нүүдэлчдийн соёлын өлгий нутгийн хөрснөөс ургасан гэдэг утгаараа үнэтэй цэнтэй байдаг. Тэр таван хошуу малаа байгалийнхаа аясыг даган хариулж, нүүдэллэж амьдардаг монголчуудын мөнхийн хөдөлгөөнийг бүжгийн урлагт мөнхөлсөн. Нүүдэлчдийн ахуйн дахин давтагдашгүй энэ чанар, бүжгийнхээ хөдөлгөөн бүрийг бүх л эд эсээрээ мэдэрч амилуулсан бүжиг дэглээчийн онгод, авьяас нэгдэн нэгэн цогц болж чадсан нь олон улсад үнэлэгдэх гол шалтгаан болсон юм. Мэдээж бүжгийн гайхамшгийг хөгжимгүйгээр төсөөлшгүй. Тэр тухайн үеийнхээ алдартай хөгжмийн зохиолчид болох Э.Чойдог, н. н.Цэрэндорж, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж нартай хамтарч уран бүтээлээ туурвидаг байжээ.

Түүний уран бүтээлийн оргил үе 1960-аад оноос эхтэй. Энэ үеэс түүний монгол үндэсний бүжгийг дэлхийн тавцанд гаргах түүх эхэлсэн. Дэглэсэн бүжгүүд нь Дэлхийн урлагийн их наадмуудаас байнга л алт, мөнгөн медаль авчирч, Монгол гэдэг нэр олон улсын  урлагийн тайзнаа байсхийгээд дуудагдаж байлаа. Олон улсын хэмжээний үйл явдлын индрээс “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын” гэж дуудуулах нь Монголын хувьд хэрэгтэй, хэрэгцээтэй тийм л цаг үед Ц.Сэвжид алдартай бүжгүүдээ дэглэж байв. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнолыг мэддэг, хүлээн зөвшөөрдөг улс цөөхөн байсан юм. Энэ ч утгаараа тэр монголынхоо тусгаар тогтнолыг дэлхийд зарлахад өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадсан хүн.

Тэр зүгээр л нэг мэдрэмжээрээ “зодож” бүтээл төрүүлдэг уран бүтээлчдээс тэс ондоо. Заавал нарийн судалгаа хийж, их мэдлэгээр хачирлаж байж Сэвжидийн гэх овогтой алдартай бүжгүүдээ дэглэсэн байдаг. Аймгуудад театр, чуулга шинээр байгуулагдах бүрд хөдөөг зорьж, хөл дээрээ босох хүртэл нь ажиллаж байж. Ингэж явахдаа уран бүтээлийнхээ судалгааг хийж байсан гэж бүжиг судлаачид онцолдог. Баруун аймгуудаар явж судалгаа хийж бүтээсэн “Баруун Монгол” бүжиг нь дэлхийн залуучууд оюутны IX их наадмаас алтан медаль хүртэж байсан нь 31 жилийн тэртээх агшин.  Манжийн ноёрхлын үед монголчуудыг бүжиглэхийг хорьж байсан гашуун үнэн монгол бүжгийн түүхэнд бий. Тэр үед монгол бүжиг бараг л мөхөж байж. Энэ цагаас хойш монголчууд гэртээ биелдэг болжээ. Түүн дотроос монгол биелгээг  авч үлдэж чадсан нь баруун монголчууд. Гурван хүний биелгээ гэж алдаршсан энэ бүжиг ийм сэжимээс төрсөн түүхтэй. Цагийн уртад мартагдаж мэдэх байсан монгол биелгээ бүжиг дэглээч Сэвжидийн ачаар хойч үеийн бүжгийн дэг сургуульд ийнхүү үлдэж чаджээ. Монголчуудын бүжиг бол хөлтэй, гартай, цээжтэйгээ ахуй нөхцлөөсөө бий болсон гэдгийг баталсан бүжгийн нэг нь түүний дэглэсэн “Адуучин залуус”.

Уран бүтээлчид хаад, хатдын намба, ордны дэг жаяг гэж ярихаас ч цэрвэж байсан хэцүү үед Сэвжид “Ноёд”, “Хатад” бүжгээ дэглэн “зөрүүдэлж” байлаа. Хүннүгээс Тэмүжин, Чингисээс Лигдэн хүртэл он цагийг эзэгнэсэн их хаадтай, төрт ёсны зузаан түүхтэй улсад ноёд, хатдын намба, ордны дэг жаяг  ямар төвшинд байсан бол. Түүхийн шарласан хуудсыг эргүүлж тэр эрхэм дэгийг тайзнаа мөнхөлсөн их авьяастны эрэл хэр удаан үргэлжилсэн бол…

Багт бүжгийн төрөлд багтах цамын бүжгийг тэр тайзнаа дэглэн амилуулж чадаагүй. Шашин гэж сулхан дуугарч ч болохгүй байсан үед цамын бүжгийг тайзнаа дэглэнэ гэдэг давахгүй даваа байв. Гэхдээ “ардын бүжгийн хаан” гэсэн алдрыг үзэгчдээсээ хүртсэн энэ эрхэм хүн  болохгүй гээд дардан замаар алхахыг хүссэнгүй.  Заавал дэглэж тавина гэж цаг үетэйгээ сөргөлдөхийг урьдал болгосонгүй. Ж.Бунтарын найруулсан “Төгсгөл” кинонд цамын бүжгийг дэглэлцэж театрын тайзнаа мөнхлөөгүй дэгээ баримтат кинонд үлдээж чаджээ. Чойжин ламын сүмээс 1921 оноос хойш гаргаагүй багт бүжгийн цамын хувцсыг зөвшөөрөл авч гаргуулна гэдэг кино найруулагч Бунтар, бүжиг дэглээч Сэвжид нарын их ухаан байсан гэж судлаачид өнөөдрийг хүртэл ам дамжин ярьдаг.

Тэр багт бүжгүүдийн төрөл, бөөгийн хөдөлгөөнийг урлаг болгосон. Бөөлөх гэж буй бөө хэцээ барьж оргойгоо өмсчихөөд дэлхийн хаа нэгтээ байгаа далд онгодоо дуудаж ярилцдаг. Өмсгөл, багийнх нь цаана бидний мэдэрч чадахгүй орчилтой харилцаж буй ойлгож үл гүйцэх том ертөнц нуугддаг.  Далд ертөнцтэй харилцдаг бөө, гүн ухааны, сэтгэхүйн энэ онгодыг  хөдөлгөөнд оруулж тайзнаа амилуулна гэдэг хэрийн уран бүтээлчийн бүтээчих мэдрэмж, чадал биш. Бөө, бурханы шашны талаархи түүхэн домгийн сан дэндүү арвин. Тэрээр энэ талаарх ном судрыг гүнзгий судалжээ. Шууд дэглэн тавьж болохгүй үе байсан ч шантралгүйгээр шинэ дэглэсэн бүжгийнхээ нэгэнд  хөдөлгөөнүүдийг нь заавал шигтгэдэг байж. Түүний  олон бүжгээс  багт бүжгийн болон, цамын, бөөгийн уламжлалт хөдөлгөөнүүд харагддаг.

Үнэндээ ч түүний уран бүтээлд оруулж болохгүй гэсэн хөдөлгөөнийг шигтгэсэн “гөжүүд” бүжгүүд жин дардаг. “Ээрүүлт” бүжиг гэхэд л 21 хандмаагийн бүжиг. Ахуйн хэрэглээгээр дамжуулаад шигтгэчихсэн учир “чи үзэл сурталд харшилсан бүтээл хийсэн байна” гэж ил шүүмжлэх боломжгүй байж. Анзаарсан нэг нь “Сэвжидээ чи цам, бөөгийн бүжгээ хийсээр л байна уу” гэж мэнд мэдэхийн зуур тандсан үг унагадаг байсан гэдэг. Хариуд нь тэр “Би “Саальчин”, “Хөдөө нутгийн залуус” бүжиг дэглэсэн. Монголын уламжлалт бүжгийг дэглэж байна” хэмээн амыг нь тагладаг байжээ.

Үүгээр ч зогсохгүй Монголдоо тавьж чадаагүй цамын бүжгийг Зөвлөлтийн театрын тайзнаа тоглуулж чадсан гавьяа түүнийх. Зөвлөлтийн бүжиг дэглээч Игорь Мойсеевт санаагаа хэлж, монгол бүжигчний санаагаар бүтсэн цамын бүжиг Орос гүрний театрын тайзнаа амилж байж. Игорь Мойсеев бол Оросын үндэсний бүжгийг мэргэжлийн төвшинд гаргаж ирж чадсан алдартай бүжиг дэглээч. Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэчлэгч, орос ардын бүжгийг урлагийн энд хүргэсэн гэсэн ижил гэмээр үнэлэлтээр Ц.Сэвжид, Игорь Мойсеев нар холбогддог. Цамын бүжиг Оросын театрын тайзнаа тоглогдох болсон шалтгаан тохиолдлын биш гэдгийг тэдний урлагт зүтгэсэн ижил гэмээр жим баталдаг.

Тэр гунигладаг байсан. “Өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, санасан бүхнээ тайзан дээр зоригтой тавьдаг бол ч…” гэсэн авъяас, ухааны ааг ханхалсан гунигт эзлүүлж явжээ. Ямартаа л түүний хүү бүжиг дэглээч  С.Сүхбаатар “Тэр хүний тархи толгойд байсан, мэдэрсэн, тэр оюуны их боловсрол, тэр хөдөлгөөний их баялаг тэр хүнтэйгээ л бурханы оронд одсон” гэж харамсан дурсах вэ дээ. Хэрвээ Ц.Сэвжидийн амьдарч байсан цаг үе одоогийнх шиг чөлөөтэй, уран бүтээлчдийг ямар хүрээнд сэтгэхийг дарга даамлууд зааж өгдөггүй байсан бол монголын үндэсний бүжгийн хөгжлийн мөнхийн суурь арай эрт бүрдэх байж. Тэрээр нарийн ухаан зарж, монгол ардын бүжгийг мэргэжлийн түвшинд хүргэсэн. Ц.Сэвжидийн гэх дэг сургуулиа үлдээж монгол ардын бүжгийн цаашид хөгжих суурийг тавьсан хүн.

Ц.Сэвжидийн бодлын мухарт цаг  үргэлж  “Миний дэглэсэн миний үндэсний бүжиг гурав дахь ертөнцөд хэр үнэлэгдэх бол” гэсэн хүсэл асаж байж. Сонгодог урлагийн өлгий Италид 1987 онд “Монголиан националь балето” гэсэн алдартай концерт тавигджээ. Урлагийн өндөр мэдрэмжтэй итали үзэгчдээс “Монголын үндэсний бүжиг яах аргагүй сонгодог, яг балето” гэсэн бахарлын эзэн нь Ц.Сэвжид байлаа. Түүний дэглэсэн бүжгийн соруудыг дээжилсэн  “Националь балето”-г үзсэн италичууд “Марко Пологийн аялж байсан Монголын их нутаг ийм бүжигтэй, ийм амьдралтай гэдгийг бид өнөөдөр үзлээ. Үнэхээр гайхамшигтай” хэмээн дуу алдсан гэдэг. Тухайн үед түүний бие муу байсан учир Улстөрийн товчоо, НАХЯ, эмчлүүлж байсан эмнэлэг  нь Итали явахыг нь зөвшөөрөөгүй гэдэг. Тэр үед Сэвжид “Тэртээ XIII зуунд Марко Поло гэдэг хувраг Европын ард түмэнд Монгол угсаатны зан заншил ахуйг бичиж үлдээсэн байхад би Монголынхоо бүжгийг яагаад сонирхуулж болохгүй гэж. Нэг бол монгол гэдгээ мэдрүүлье, үгүй бол бүжиг гэдэг хэрэггүй зүйл байна гэж бодъё” хэмээн зүтгэсээр  Италийг зорьжээ.

Тэр догдолсон сэтгэлээ барьж дийлэхгүй алга нижигнүүлж байсан Итали үзэгчдийн өмнө гарч зогсоод “Шавь нартаа баярлалаа. Би Монгол бүжгийн хөгжлийг харлаа” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлжээ. Монголын үндэсний бүжиг дэлхийн бүжгийн урлагт тод тамгатай гэдгийг мэдэрсэн тэр газраа бурханы оронд одсон бүжиг дэглээчийн сүүлчийн үг нь энэ. Түүний амьдрал тэр чигтээ ардын бүжиг байв. Бүжгээр амьсгалж, монгол бүжгийн хөгжлийн төлөө шатаж, шаналж, догдолж, бүжгийнхээ гайхамшгийг мэдэрсэн орчиндоо ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ц.Сэвжид гэдэг их хүнийг олон хүн мэдэхгүй. “Жалам хар”-ыг нь хааяа үзэхээрээ догдолдог хэрнээ бий болгосон хүнийг нь мэддэггүй. Урлагийн хүрээнийхэн андахгүй, энгийн олон нь  нэрнээс нь цаашхийг мэдэхгүй. Ийм л эгэл амьдарч эгэлгүй ихийг бүтээсэн бүжиг дэглээч Ц.Сэвжид Монголын нэг бахархал яах аргагүй мөн. Давтан хэлэхэд энэ хүн монголын үндэсний бүжгийг дэлхийн төвшинд үнэлүүлж чадсан, тэр утгаараа дэлхийн бахархал болсон хүн. Дэлхийд цорын ганц нүүдэлчний соёлын өвөрмөц ахуй, тэр өвөрмөц ахуйг бүжгийн хөдөлгөөнд мөнхөлсөн монголын бүжиг дэглээчийн бүтээлийг зөвхөн талын Монголд л ирж ойлгох боломжтой. Учир нь “нүүдэлчин монгол” гэдэг өвөрмөц соёлыг орчинд нь орж мэдрэлгүйгээр Ц.Сэвжидийн уран бүтээлийн “бяр”-ыг ойлгох аргагүй.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.