2012-04-13 11:18

Монголын балетын урлагийн товч түүхээс

1944 онд Н.В.Кузнецова Улсын хөгжимт драматик театрт ажилласан бөгөөд урлагийн сургуулийн дэргэд бүжиг ангийг нээн хичээллэж жилийн дараа уг ангийг төгсөгчдөөс арван хүн театрт орж, бүжигт авьяас сонирхолтой жүжигчдээс нэмэгдэн 22 хүн бүхий бүжиг анги бий болжээ. Хөгжимт драмын бүжгийн жүжгээс гадна монгол ардын бүжиг, зөвлөлтийн олон үндэстнүүдийнбүжиг, сонгодог бүжиг оролцсон 59 бүжиг бүхий хөтөлбөртэй болсноор биеэ даасан анхны тоглолт “Бүжгийн үдэшлэг”- ийг тоглосон байна.

1945 онд Зөвлөлтийн мэргэжилтэн багш Ю.Рамановский ирж бүжигчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх талаар хүчээ дайчлан ажилласны дүнд УГЖ Д.Болхүү, Ц.Дашдулам, Б.Гүрбазар нарын зэрэг олон сайн бүжигчид, Төрийн шагналт Ц.Сэвжид, Г.Долгорсүрэн зэрэг бүжиг дэглээчид гарсан байна. Романовскийн ардын ба сонгодог бүжгийн номерууд орсон бүжгийн үдэшлэг тоглуулсан нь түрүүчийн “Бүжгийн үдэшлэг”-ээс чанарын шинэ шатанд гарсан байлаа.

Романовскийн дэглэсэн бүжгүүдээс “Анчин ба зээр”-ийг онцгой тэмдэглэх ёстой. Энэ бүжиг нь тодорхой утга санааг агуулсан, өрнөл хөгжил бүхий үйл явдалтай болсон нь цаашид урлан бүжиглэх аргаар төгс санааг харуулсан бүжгийн жүжиг туурвин бүтээх анхны алхам болсон билээ.

1953 онд Г.Жамьянгийн хөгжмөөр “Манай нэгдлийнхэн” Ц.Раднаагийн дэглэлт нэг бүлэгт бүжгэн үзэгдэл, Э.Чойдогийн хөгжим, Б.Гүрбазарын дэглэлт “Ийм байлаа” бүжгийн жүжиг тоглосон нь бүжгийн жүжгийн гүйцэд хэлбэрт хараахан хүрч чадаагүй боловч хөдөө аж ахуйн нэгдэл манай оронд анх байгуулагдаж байсан тухайн үеийнхээ сэдвийг тусган сурталчлах эрмэлзэл бүхий нэгдмэл утга санаа, тодорхой үйл явдалтай биеэ даасан анхны томоохон бүтээл болсон байна.

1956 онд Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” (балетмейстер А.Хабаева), 1958 онд Ф.Яруллины “Шурале” (балетмейстер Касырова) жүжгийг тоглосон нь сонгодог балетын бүжгийн жүжгийн эхлэл болж жүжигчдийн ур чадвар ихэд өссөнийг харуулж байлаа.

Гэвч сонгодог бүжгийн мэргэжлийн жүжигчид, үндэсний балетмейстерүүд чухал шаардлагатай байв. Иймд 1950-иад оны үеэс ЗХУ-д балетын урлагийн боловсон хүчнийг бэлтгэх болсон байна.

Анхны мэргэжлийн балетмейстер Д.Лхасүрэн, С.Гончигсумлаагийн хагжмөөр 1958 онд “Ганхуяг” хэмээх анхны бүрэн хэмжээний үндэсний балетыг дэглэн найруулсан нь урагшлах замд бас нэг алхам болсон юм. С.Гончигсумлаа энэ бүтээлдээ агуулгат тохирсон, түүндээ илэрхийлж чадсан хөгжмийн өгүүлэмжийг маш чадварлаг гаргаж чадсаны дээр бүжгийн жүжгийнхээ баатруудын хөгжмийн дүрийг тод товгор зурж чадсан нь энэ бүжгийн жүжгийнхээр зогсохгүй монголын үндэсний бүжгийн жүжигт гарсан амжилтын нэг юм. Тийм ч учраас зохиолч энэ бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн билээ.

Э.Чойдог 1965 онд “Шарилжин дундах цэцэг” бүжгийн жүжиг бичсэн бөгөөд хөгжмийн зохиолч энэ бүтээлдээ хөгжмийн дүрүүдийг танигдахуйц тодорхой үзүүлж, сэтгэлд хоногшим сайхан, үнэмшилтэй хэлбэр агуулгыг хосолсон адажио, Урангоогийн гараац, эмэгтэйчүүд цэргүүдийн бүжиг, тулалдаан, Урангоогийн үхэл зэрэг хорвоогийн эсрэг тэсрэг үзэгдлүүдийг гагцхүү аялаг сайхан нэвт гарах (Лейтматов) аялгуугаар холбон өгүүлж чадсан дорвитой бүтээл юм. Э.Чойдогийн удаах “Мөнхийн нөхөрлөл” (1968) 2 бүлэгт бүжгийн жүжигт Халх голын дайнд монгол зөвлөлтийн ард түмний нөхөрлөлийг хөгжмийн хэлээр харуулсан юм.

Монголын анхны “Ганхуяг” бүжгийн жүжгээс хойш арав гаруйхан жилийн хугацаанд С.Гончигсумлаагийн олон ястан үндэстний ардын дуунаас өндөр ур чадвартай ашигласан “Хошуу наадам” (1966), “Сүнжидмаа” (1970), Б.Дамдинсүрэнгийн хайр сэтгэл, урвалтын тухай өгүүлсэн “Нуурын домог” (1968) бүжгийн жүжгүүдээс гадна Г.Цэндоржийн ардын харилцаа дууны сэдэвтэй эмгэнэнгүй уянгалаг “Шандийн говийн домог”, залуусын атар газар хэрхэн эзэмшсэнийг романтик сэтгэлгээр үзүүлэхийг эрмэлзсэн “Атар сэтэрсэн нь”, Нямбуугийн “Мөнх бамбар” бүжгийн жүжгүүдийг Дорнод аймагт тоглосон бол Ховд аймагт тоглосон Л.Доржийн “Хүргэн”, Баян-Өлгийн театрт Б.Ахтаны найраглалаас сэдэвлэсэн хөгжмийн зохиолч Мусайфын “Бүргэд” зэрэг бүтээлүүд төрсөн юм.

1962 онд ЗХУ-д бүжгийн сургууль төгссөн анхны мэргэжлийн жүжигчидтэй болсон бөгөөд ХБДС-ийн дэргэдэх сонгодог бүжгийн анги, ЗХУ-ын бүжгийн сургуулийг төгсөж боловсон хүчнээр балетын жүжигчдийн эгнээ өргөжиж байв.

1963 онд УДБТ байгуулагдан сонгодог бүжгийн урлаг эрчимтэй хөгжим замдаа орж А.Чичинадзе, В.Проебраженский, Г.Ситников, В.Захаров зэрэг зөвлөлтийн нэрт балетмейстерүүд ирж “Риминий Франческа”, “Вальпургийн шөнө”, “Золушка”, “Парисын дөл” зэрэг балетууд тавьж, мэргэжилтэн багш нар удаан хугацаагаар ирж багшлан, балетын жүжигчид ирж хамтран тоглож байсан нь зөвлөлтийн балетын урлагаас сурч хөгжихөд онц их ач холбогдолтой байлаа.

УДБТ байгуулагдахаас эхлэн УГЗ, төрийн шагналт балетмейстер Б.Жамъяндагвын уран бүтээлийн зам эхлэн балетын урлагийг хөгжүүлэх ажлыг гардан удирдах болж “Шехеразада”, “Эсмеральда”, “Коппелия”, “Дон Кихот”, “Хунт нуур” зэрэг сонгодог балетууд ба “Шарилжин дундах цэцэг”, “Найз залуус”, “Хошуу наадам”, “Нуурын домог”, “Уран хас”, “Мөнгөн залаа” зэрэг үндэсний олон балетыг найруулан дэглэсэн байна.

Б.Жамъяндагвын ажиллагааны онцлог нь жүжгээс жүжигт балетын жүжигчдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэн, авьяас чадварынх нь онцлогийг нээн тодруулахын зэрэгцээ үзэгчдэд ойлгомжтой болгох талаас нь бодож найруулдагт оршино.

1975 онд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 1979 онд А.Аданы “Жизель” хэмээх сонгодог бүжгийн эрхэм дээж болон уламжлагдсан ббалетуудыг найруулж тавьсан нь сонгодог бүжгийн нарийн арга барил уран чадварыг эзэмших сургууль болж нийт жүжигчдийн мэргэжлийн түвшин ихэд өссөн билээ. Одоогоор дэлхийн болон үндэсний шилдэг 20 гаруй балетыг найруулан тавиад байна.

1968 оноос эхлэн манай жүжигчид Олон улсын балетын тэмцээнд оролцох болж 1978 онд Японд болсон Олон улсын балетын Жүжигчдийн тэмцээнд ардын жүжигчин, УГЖ О.Ганбаатар, Ю.Оюун нар шагналт тавдугаар байрт орсон явдал нь манай улсын балетын урлагийн түүхэнд чухал үйл явдал болсон юм. Түүнчлэн “Зууны манлай бүжигчин” Ю.Оюун нь 1974 онд Варна, 1977, 1981 онд Москва, 1980 онд Японд болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож гурван хүрэл медаль хүртсэн юм.

Монголын балетын түүхэнд олон алдартан, чадварлаг бүжигчид төрж гарсан төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож дэлхийн нэр хүндтэй театруудад монголынхоо нэрийг дуурьсгасаар байна. Тухайлбал дэлхийн шилдэг бүжигчдийн нэг УГЖ Д.Алтанхуяг 2009 онд Италийн Скала театрын “Pink Floyd” балетын гол дүрд тоглосон ба 2006 онд Японд болсон Ази Номхон далайн олон улсын балетын тэмцээний алт, Оросын Пермьд болсон Арабеск Олон Улсын Балетын тэмцээний мөнгө, Японы Олон Улсын Балетын тэмцээн, Нью-Йорк хотноо Олон улсын балетын тэмцээнээс тус тус хүрэл медаль хүртсэн юм. Мөн түүнчлэн УГЖ Д.Наранханд, Г.Өнөрбат нар Виржиниагийн Балетын Академийн захирал, багш хийж байна

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.