2012-04-19 08:27

ЭНЭРЭЛТ ЭХИЙН СЭТГЭЛ ХИЙГЭЭД ТӨР ОРШИХУЙН УТГА УЧИР

 

Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнх нь амьдрал, тэмцлээр дамжуулан, Монголын төр, нийгмийн нэгэн үеийн тухай өгүүлэх энэ жүжиг 36 дүртэй.

Оролмаа эх гурван хүү, хоёр охинтой. Түүний нөхөр Сансрайдорж нь Монгол Улсыг Манжаас тусгаарлах үйл хэрэгт гар бие оролцож явсан төрийн зүтгэлтэн байгаад гамингийн шоронд амь үрэгджээ. Оролмаа эхийн том хүү Найдандорж сангийн яамны дэд түшмэл, дунд хүү Сандагдорж нь гэлэн, бага хүү Хаймчиг нэгэн яамны гишүүн бөгөөд шинээр тэмцэгч билээ.

Харин том охин нь хүний эхнэр болсон бол бага охин нь 15-16 орчим настай. Ах дүүс хэдий ч Оролмаагийн гурван хүү үйл хэрэг, үзэл бодлын зөрүүгээс тэрсэлдэх болсон нь эхийн сэтгэлийг чилээнэ. Бага хүү Хаймчиг тэмцлийн үйл хэрэгтээ хэт автаж гэр бүлээ ч үл тоон, хадам ээждээ адлагдан жирэмсэн эхнэрээ төрхөмд нь буцаажээ. Үүнийг нь их ах Найданжав буруутган, үйл хэргийг нь басамжлах ба Хаймчиг ч мөчөөгүй өгөлгүй төр, шашны хоцрогдсон ялзарлын бурууг тэдэнд тохон тэмцэлдэнэ.

Хаймчигийн эхнэр Хүүхнээгийн төрүүлсэн хүүг ээж Должин нь хүрдэн дээр орхих гэж яваад Оролмаатай таарч, Оролмаа хүүг авч тэжээнэ хэмээснээр гэртээ авчирна. “Биеийг нь төрүүлэхээс биш ухааныг нь төрүүлдэггүй” гэдэг үг бий. Үрсийнхээ төлөө шаналах энэрэлт эхийн сэтгэл, төр оршихуйн утга учрыг “Оролмаа эх” жүжигт өгүүлдэг аж.

 

Орчин цагийн театрын эцэг, төрийн хошой шагналт Д.Намдагийн “Оролмаа эх” жүжиг 30 гаруй жилийн дараа дахин УДЭТ-ын тайзнаа амиллаа. 1973 онд найруулсан С.Галсанжаваас, өнөө цагийн театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж юугаараа онцлог болох нь үзэгчдэд сонин байв. Мөн гавьяат жүжигчин Л.Долгорын бүтээсэн Оролмаад С.Сарантуяа хэрхэн тоглож, эхийн сэтгэлээр дамжуулан юу ойлгуулахыг хүлээсэн үзэгчид театрын зүг догдлон алхана. Театрын хаалгаар ороход Д.Намдагийн амьдрал, уран бүтээл, 1973 онд “Оролмаа эх” жүжигт тоглож байсан уран бүтээлчдийн тухай мэдээлэл, гэрэл зургийг нь дэлгэжээ. 

Д.Намдаг 1931 онд театрт жүжигчнээр орж, найруулагч, зохиолч болж дэвшин ажилласан байна. “Энэ хугацаанд хоёр удаа хилс хэрэгт гүтгэгдэн амьдралын хүнд хэцүүг туулсан ч театраа гэсэн сэтгэл нь унтраагүй” хэмээн түүний тухай дурсан бичжээ. 

“Эвлэрээч дээ хүүхдүүд минь” 

Жүжгийн өмнөх дохио дуугарч, удалгүй хөшиг нээгдлээ. Үндэсний хөгжим эгшиглэж, Оролмаа эх овоонд чулуу нэмнэ. Тэрээр гурван хүү, хоёр охинтой. Нөхөр нь гамингийн шоронд хоригдож байгаад нас баржээ. Том хүү Найданжав нь аавынхаа үйл хэргийг залгамжлан төрийн хүн болж, дунд хүү Сандагдорж ээжийнхээ хүслээр шашны мөр хөөсөн байна. Харин бага хүү Хаймчиг нь хувьсгалын тэмцэгч болжээ. Ах нь Хаймчигийг “Хувьсгал ярьж ард түмний сэтгэлийг үймүүлэхээ боль” гэнэ. Харин дүү нь ах нараа “Ихэс дээдэстэн та нар ард түмнийг шулан, мөлжиж байна. Булхайг чинь илчлэх болно” хэмээн сүрдүүлнэ. 

Гурван хүүгийнх нь энэхүү тэмцэл Оролмаа эхийн сэтгэлийг түгшээнэ. Тэрээр “ Би биеийг чинь төрүүлж, сэтгэлийг төрүүлээгүй нь үнэн. Гэхдээ хүүхдүүд минь эвлэрээч дээ” хэмээн уйлна. Гэсэн ч хөвгүүд гурван тийш салж одох нь тэр. Хүүхдүүдээ нийлүүлэхийг хүссэн Оролмаа эхийн нулимс үзэгчдийг ч уйлуулж, орхив. 

“Хувьсгал бол хувьсгал” 

Жүжгийн өрнөл хэсэгт ч хүүхдүүдийн тэмцэл үргэлжилж, Оролмаа эхийн зовлон шаналал зузаарсаар байв. Хаймчигийг хадам ээж Должин нь “Бошгийг халах үйл хэрэгт цалингаа хандивласан. Мөн эмс охидын гэзгийг тайрч, эрчүүдийн нударгыг тайрсан, ад чөтгөр” хэмээн охиноо салган авч одно. Оролмаа эх хүүхдүүддээ “Аав чинь өнгөрөөд гурван жил ч болоогүй байхад ард түмнийг юунд турхирав” хэмээн мөн л учирлана. Хаймчиг “Хувьсгал бол хувьсгал” хэмээн хашгирч ээжийнхээ сэтгэлийг үл тоох нь тэр. Гэсэн ч Оролмаа эх сэтгэлдээ хүүхдүүдээ зөвтгөн бодож, аав нь үзэл бодолдоо үнэнч ийм л хүн байсан даа” хэмээн санаа алдана. 

Үзэгчдэд чимх инээд бэлэглэсэн “Хар зах” 

“Оролмаа эх” жүжиг үзэгчдийг уйлуулж, хүн бүрт ээжийгээ бодох, эх хүнийг өрөвдөх сэтгэлийг төрүүлж байлаа. Үүний хажуугаар чимх инээд бэлэглэхээ ч мартсангүй. Тайзан дээр түм түжигнэсэн 1920-иод оны үеийн хар зах үзэгдэнэ. “Малгай аваарай”, “Зуух, тулга үзээрэй”, “Торго дурдангаар гоёорой” хэмээн орилолдох нь одоогийн нийгмийн микроавтобуснуудыг санагдуулмаар. Зах дээр малгай сонирхож яваа эрхмийг гурван хүүхэн молигдох нь тэр. Мөн “Далай вангийн хошууны тэргүүн зэргийн цагаан идээ аваарай” гэсэн нөхрөөс “Үнэхээр Далай вангийнх мөн үү” гэхэд “Биш. Гэхдээ мөн гэж итгээд авсан хүн гомдохгүй” хэмээнэ. 

Найруулагч Ч.Найдандорж жүжгийн өмнө “Намдаг гуай их олон жилийн өмнөх амьдралыг бичсэн ч түүний зохиолд одоогийн нийгэм ч багтжээ “ хэмээн ярьж байсны нэг нь хар захын үзэгдэл байлаа. 

Хүүхдүүдийнхээ төлөө зовж шанална гэдэг эх хүний жаргал 

Оролмаа эхийн хүүхдүүд жүжгийн төгсгөлд ч эвлэрсэнгүй. Шашин гадуурхагдсан учир дунд хүү Сандагдорж нь үүний төлөө тэмцэхээр холын орныг зорих аж. Харин Найданжав, Хаймчиг нар нь эсэргүү хэмээгдэн гянданд хоригдоно. Хөндлөнгөөс харахад Оролмаа эх зовлонд унасан мэт байвч тэрээр огтхон ч цөхөрсөнгүй. “Эх хүн алдрыг төрүүлдэггүй. Хүүхдүүдийнхээ төлөө зовж шанална гэдэг эх хүний жаргал юм. Миний хүүхдүүд энэ төрийн сайн сайхны төлөө хагаралдсан болохоор тэдэнд буруу байхгүй. Бүгдийнх нь зөв” хэмээн энэрнэ. Ийнхүү “Оролмаа эх” жүжиг хөшгөө хаалаа. Эхийн агуу сэтгэл юуг ч уучилж, үрээ гэсэн сэтгэл нь хэзээ унтарч, бүдгэрдэггүй гэдгийг мэдэрсэн үзэгчид нүдэндээ нулимстай буцлаа.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.
  • Хосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХосын Бааска нар хамтарсан “VIP” тоглолтоо хийх нь ээХос шаргын Бааска, Хос залуусын Бааска хэмээн түмэн олондоо алдаршсан Ая зохиогч, дуучин МУСТА Н.Баасандорж, дуучин МУСТА Н.Баасандорж нар хамтарсан “VIP” тоглолтоо хийхээр хэдийнээ бэлтгэлдээ оржээ. Тэрээр эцэг эхээс заяасан нэр нь хүртэл адил, ард түмнээс хайрлан хүндэтгэж авгайлж дууддаг алдар нь хүртэл адилхан уран бүтээлчид маань нийтийн дуу болон эстрад дууны урлаг хослон эгшиглэх “VIP” тоглолтоо ирэх 03 дугаар сарын 08-нд “Pyramid Event Hall”-д 19:00 цагаас хийх гэнэ.
  • "Хурд" хамтлагийн "Зураг шиг бүсгүй" тайзнаа амилнаКорпорейт хотел энд конвеншн центр "Хурд" хамтлагтай хамтран 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8-ны баярын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг мартын 8-ны үдшийг "Хурд" хамтлагийн дууг сонсон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо оройн зоог барин нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэхийг урьж байна.
  • "Зая гэгээнтэн" түүхэн дурсгалт жүжиг нийслэлд тоглогдоноШашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм. Эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд нар ажиллажээ. Жүжгийн зохиолыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц уг жүжгийг санаачилсан байна.