2012-08-13 02:29

“ОТГО арт” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ

Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийн зураг сонирхогчдын хүртээл болоод байгаа билээ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.

Зураг галерейг үүсгэн байгуулагч, галерейч, зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр нь эх орондоо Монгол зургийн ангийг 1998 онд дүүргэж улмаар уран бүтээлч, Монгол зураг болон Монголын түүх судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Берлинд ирж тус хот дахь Герман Улсын Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр 3 жил суралцан мастерийн зэргээр төгссөн. Тэрбээр европын холбооны ихэнх улсад бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдэд оролцон зохион байгуулж байсан туршлагатай.

Өнгөрсөн онд Германы телевизээр бүтээл туурвилынх нь тухай “ЗУРАГ” баримтат кино гарч, урлагт дуртай германчуудыг бишрүүлсэн байна. Уг баримтат киног дараа нь манай Үндэсний телевизийн уран бүтээлчид эх орон даяар цацсан байсан нь саяхан билээ.

Сүүлийн долоон жил Монголдоо үзэсгэлэн гаргаагүй тэрээр энэ удаагийн үзэсгэлэндээ их ач холбогдол өгч байгаа юм байна. Түүний шинэ үзэсгэлэнд том жижиг 20 орчим уран бүтээл орсноос хамгийн анхаарал татаж байгаа нь 660 x 217 см хэмжээ бүхий ХҮН нэртэй зураг байх юм. Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу