2012-04-24 02:22

Б.Баасанжав: Өвөг дээдэс нэгтэй бидэнд хамтарч ажиллахад бэрхшээл үгүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол, Өвөр Монгол хоёр улсын уран бүтээлчдийн хамтын томоохон бүтээл болох "Аравт" киноны нээлт өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ кино­ны ерөнхий найруулагчаар "Мон­гол фильм"-ын захирал най­руулагч Д.Золбаяр, Өвөр Монго­лын "Одон" телевизийн найруу­лагч, Өвөр Монголын "Нүүдэл соёл" кино компанийн захирал, кино найруулагч И.Шагдарсүрэн нар ажиллажээ. Тус кино Өвөр Мон­голын Хөх хотод энэ сарын 27-нд нээлтээ хийх аж. Энэхүү киноны Арван цэргийн ахлагч Цахирын дүрд Монголын үзэгч­дэд олон ангит "Чингэс хаан" киноны Тэмүжиний дү­рээр танил болсон Өвөр Мон­голын өөртөө засах орны Кино үйлдвэрийн жүжигчин, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжав тоглосон билээ. Тэрээр уран сайхны болон олон ангит кинонд 100 гаруй гол дүр бүтээсэн нэгэн аж. Түүнтэй "Аравт" киноны нээлтийн дараа уулзаж ярилцлаа.

-Монголд хэдий хэр хугацаа­гаар ирэв?

-Би киноныхоо нээлтэнд оролцо­хоор (дөрөвдүгээр сарын 20-нд) ирсэн. Энэ сарын 25-нд буцна. Ард ажил их байгаа боло­хоор цаг жаахан давчуу явна. Монголынхоо үзэгчидтэй "Аравт" киногоор уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууд миний тоглосон 30 ангит "Чингэс хаан" киног маш сайн мэддэг юм билээ. Намайг их сайхан хүлээж авч хүндэтгэсэн.

-"Аравт" киноны талаар сэт­гэгдлээ хуваалцахгүй юу?

-Сэтгэлд хүрсэн уран бүтээл боллоо. Хоёр орноос тус бүрийн найруулагч, операторуудыг ажил­луулж, ёстой л тал бүрээр хамтарч  байж киногоо хийлээ. Энэ кино монгол найруулагчтай хамтарч ажилласан миний анхны уран бүтээл. Найруулагч Д.Золбаяр гурван жилийн өмнө энэ киног санаачилж Өвөр Монголын уран бүтээлчдэд санал тавьсан л даа. Зохиол нь таалагдсан болохоор  шууд л зөвшөөрсөн.  Хоёр орны найруулагчид их хүч гаргаж, цаг хугацаанд баригдалгүйгээр зөв­лөл­дөж хийсэн учраас чанартай уран бүтээл болсон болов уу гэж бодож байна. Кинонд гарах бай­галь үнэхээр гайхалтай. Увс айм­гийн Түргэн сум болон Тэрэлжид зураг авалт хийсэн. Монголын жүжигчид арын албаныхны ур чадвар өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Бүгд л сэтгэлээсээ хичээж  ажил­ласан. Хамтарч ажилласан хүмүүс­тээ баярлаж, талархаж байгаагаа танай сониноор дамжуулан уламжилъя.

-Таныг олон ангит "Чингэс хаан" киноны хааны дүрээр монголчууд сайн мэддэг. Аравт кино Чингэс хаан киноноос юугаараа ялгаатай вэ?

-Би гучин ангит Чингэс хаан кинонд их хааны дүрд тоглож байлаа. Чингэс хааны тухай киног олон оронд олон янзаар хийсэн байдаг. Миний тоглосон "Чингэс хаан" кино бол  нэг өнцөг нь юм. Энэ киноноос  гадаадын үзэгчид монгол үндэстэн гэж дэлхийн тав­цанд ямар хүмүүс байсныг мэдэр­сэн байх.  Чингэс хааны талаар  өөрийн гэсэн бодол, үнэлэмжтэй  болсон байх. "Аравт" киноны хувьд XIII зууны үеийн Монголын түүхийг харуулсан кинонуудаас эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, нөхөр­лөж, аян  дайны хүнд бэрхийг нэгэн санаагаар туулж байсныг харуулс­наараа онцлог. "Аравт"-аас  монгол дайчид эзэндээ хэрхэн зүтгэж, ямаршуухан аж төрж байсныг мэдэх боломжтой. Зураач Ж.Цог маань тэр үеийн хувцас хэрэглэ­лийг маш сайн бүтээсэн. XIII зууны үеийн монгол баатрын дээлний заг­вараар хийсэн.

-Өмнө нь Чингэс хааны дүрд тоглож байсан бол энэ удаа цэргийнх нь дүрд тоглолоо. Их хаадын үеийн өөр ямар дүрд тоглож байсан бэ?

-Би Чингэс хаанаас гадна Өгө­дэй, Хубилай, Мөнх гээд Монго­лын­хоо дөрвөн их хааны дүрд тоглосон. Мөн Хятадын олон алдартай найруулагчдын кинонд баатар, жанждын дүрийг бүтээж байсан.  "Аравт" кинонд Арван цэргийн ахлагч Цахирын дүрд тоглолоо. Өмнө нь энэ үеийг харуулсан кинонд тоглож байсан. Чингэс хааны дүрийг бүтээхэд хааны сэтгэлээр хандана. Харин цэрэг, жанжны дүр бүтээхдээ мөн л тийм сэтгэл хэрэгтэй. Най­руу­лагчдынхаа хүссэн дүрийг гаргахыг зорилоо.

-Монголын найруулагч, жү­жигчидтэй анх удаа хамтран ажиллалаа. Арга барилын хувьд зөрөх ч юм уу хүндрэл, бэрхшээл гарч байв уу?

-Бид өвөг дээдэс нэгтэй, соёл зан заншил ижил  ах дүү нар тул соёлын салбарт хамтарч ажил­лахад ямар нэгэн бэрхшээл гарах нь бага байдаг. Зураг авалтын эхэнд бие биенээ ойлгохын тулд тодорхой хугацаанд хамт байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог, ӨМӨЗО-ын жүжигчин Л.Жамбал (олон ангит Чингэс хаан киноны Сорхон шар), ӨМӨЗО-ны жүжигчин Б.Аюурдарь (Сергей Бодровын "Монгол" киноны бөөгийн дүрд тоглосон жүжигчин) болон Б.Амарсайхан,  Г.Золбоот, Н.Онон, жүжигчин С.Ариунбямба, ӨМӨЗО-ын жүжигчин Э.Буянхишиг, Ч.Бодь гээд хоёр орны авьяаслаг жүжигчид хамтран ажиллалаа. Нэг нэгнээ маш сайн ойлгож бие бие­нийхээ сайн талуудаас суралцсан. Сэтгэл зүрх, хүсэл нэг болохоор хүндрэл гэхээр зүйл гарсангүй. Яавал нэг сайхан монгол кино бүтээх вэ гэсэн сэтгэлээр най­руулагчид, жүжигчид уран бүтээлчид  дор бүрдээ хичээсэн.

-Бүтээхсэн гэж  хүсч  явдаг дүр бий юу?

-Кино бүтээгчид, ивээн тэтгэгчид ямар жүжигчин тоглуулахаа шийд­дэг шүү дээ.  Би санал тавьсан киноны зохиолыг нь хамгийн тү­рүүнд  уншдаг. Кино бүтээнэ гэдэг бол ганцхан жүжигчний ажил биш. Хувцасны дизайнер, зураглаач, зураач, нүүр хувиргагч болоод арын албаны тогооч, жолооч гээд зүйл бүрийн мэргэжилтэй хүн нэг сэтгэлээр зүтгэж байж сайн уран бүтээл төрдөг. Түүнээс сайн жүжигчид байлаа гээд кино сайхан болдоггүй. Сайн кино үйлдвэр бол бүх талаараа сайн байхыг л хэлнэ. Олон хүн нэгэн сэтгэлээр зүтгэсний хүчинд "Аравт" кино бүтлээ. Сая  үзлээ.  Сайхан кино болж. Тэгэхээр би сайн кинонд дүр бүтээхийг хүсдэг.

-Таныг түүхэн кинонд бүтээ­сэн дүрээр тань ихэвчлэн мэддэг. Түүхэн кинонд тоглох илүү сонирхолтой юу?

-Жүжигчин ямар ч дүрийг бүтээх чадвартай байх ёстой. Зөвхөн хааны дүрд тоглодог жү­жигчин байж болохгүй. Нэг сайхан малчин хүний дүрд тоглож болно шүү дээ. Дарга ноёдын аав, хөгшин хүний дүрд ч тоглож болно. Төрөл бүрийн хүний дүрд тоглоно шүү дээ. Миний эгэл малчны дүрд тоглосон нэг киног  охид маань  үзэх их дуртай байдаг. Жинхэнэ эрдэм ур чадвар бол бүх л дүрд орохыг хэлнэ.

-Таны нутаг ус хаана вэ. Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Би Шинжаан мужийн дотор орших Монголын өөртөө засах аймагт төрж өссөн. Одоо Өвөр Монголын өөртөө засах орны кино үйлдвэрт жүжигчнээр ажиллаж байна. Би киноныхоо ажлаар гадаадын орноор их явдаг.

-Аав, ээж чинь  ямар ажил хийдэг хүмүүс байсан бэ. Ах дүү хэдүүлээ вэ. Танаас өөр жүжигчин бий юу?

-Аав ээж хоёр маань  малчин хүмүүс байсан. Би нутгаасаа гарч Өвөр Монголын урлагийн сургуульд  жүжигчин, бүжигчний мэргэжил эзэмшсэн. Дараа нь цэргийн уран сайханд 14 жил ажиллаад цэргээс халагдсан даа. Тэгээд Өвөр­ Мон­голд эргэж очоод Кино үйлдвэрт орж өдий хүртэл ажиллаж байна. Дээрээ хоёр ах, гурван эгчтэй.  Надаас өөр жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн байхгүй.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр охинтой. Эхнэрийг маань Сарангоо гэдэг. Өвөр Монголын урлагийн байгууллагад ажилладаг,  дуучин хүн. 

Ж.БАЯРСАЙХАН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу