2012-04-06 11:34

Зоригт анчин хүү

Эрт урьд цагт нэг анчин хүү аав ээж хоёртойгоо амьдарч байжээ. Нэг удаа алс хол хэд хоногоор ан гөрөө хийхээр явжээ. Нэг уулын өргөн хөндийг өгссөөр яваад эхэнд хүрч очсон чинь хүн амьтангүй зэлүүд нутагт ганц гэр байж гэнэ. Тэр гэрт очиж орвол ганц хүүхэн суужээ. Тэр хүүхэнтэй ярьж хөөрвөл эргэн тойрон гурван ууланд гурван сүрхий мангас шулмасууд байдаг. Энэ гурван уулын дундаас гарч холдох арга надад байдаггүй юм гэжээ. Анчин тэр хүүхнийг өрөвдөж яаж ганц биеээр насыг барах билээ. Чи надтай цуг нэг тийш явахгүй юу гэсэнд хүүхэн: Энэ гурван уулын мангас шулмасууд амьд байгаа цагт хаашаа ч хөдөлж чадахгүй шүү дээ. Харин чи миний дэргэд хань нөхөр болж суу гэжээ.
Хүү яах аргаа олж ядаад хүүхний дэргэд хэд хоносон боловч хээр гадаа ан гөрөө хөөж явсан хүн болохоор уйдаад үргэлж гэрт суух уйтгартай байсанд нэг өдөр би гадуур жаахан явж байгаад ирье гэж хэлээд гарчээ. Анчин явсаар хойд уулын орой дээр гарчээ.
 
Энд нэг том нүх байсан бөгөөд анчин буугаа цэнэглэж бариад нүхний амсарт гэтэж очтол гурван алд биетэй, гурван алд сүүлтэй улаан үнэг гарч зугтжээ. Анчин түүнийг буудаад унагачихсан чинь алд хэртэй зэс хошуу, хувхай сүүжний яс хоёр болжээ. Зэс хошууг бүсэндээ хавчуулаад, зүүн уулын орой дээр гарч очвол хадан агуйны амсар дээр нэг том хар гэр байж гэнэ. Тэр гэрт явж орсон чинь нэг ядуу авгай хүн сууж байжээ. Амар мэнд болоод суусанд цай унд хийж өгчээ. Нар шингэх ойртож байтал авгай: Манайхаас нэн даруй явсан нь дээр. Би нэг мангасын тогоо шанагыг барьдаг. Тэр одоо ирэх дөхөж байна гэжээ.
 
Тэгээд тэр мангас чинь яадаг амьтан юм бэ? гэж асууж гэнэ. Мангас шөнийн харанхуйгаар ирээд бодын мах идээд галын эхэнд байгаа том хүрэл тогоон дотор орж зоослон хэвтээд дэрээсээ нэг том тогоогоор хөмрүүлж унтдаг. Дөрвөн талын том сэнжийг нь дөрвөн том цоожоор цоожилдог юм гэжээ. Тэгвэл тогоотой нь хамт гал дээр өргөж тавиад доороос нь гал түлж шатаавал үхэхгүй юм уу? гэсэнд авгай: Би тэгж өргөж ерөөсөө даадаггүй учир мангас ер сэжиглэдэггүй юм гэж гэнэ.
 
Анчин: За тэгвэл хоёулаа нийлж мангасыг алъя гэсэнд авгай: Бололгүй яахав. Энэ үхвэл би бушуухан гэр орон, аав ээждээ харимаар байна гэж гэнэ. Анчин: За би хаана нуугдах вэ? гэсэнд авгай гэрийн хойно малын том хашаа бий. Түүний мухарт орж хэвт. Мангасыг унтахаар би очиж дуудъя гэжээ.
 
Анчин гарч гэрийн ард байсан том хашааны мухарт очвол тэнд ганц хүн багтахаар аятайхан хуланц байсанд оржээ. Мангас шөнө ирээд иддэгээ идэж уудгаа уугаад унтдаг журмаараа унтжээ. Ядуу авгай гарч ирээд хоёул тогоог өргөж гал дээр тавиад доороос нь их гал түлжээ. Мангас тогоон дотор хичнээн тийчсэн боловч яаж ч чадсангүй нам жим болжээ. Тэр хоёр галаа нэмсээр байгаад тогооны ёроолыг хайлж урстал нь галласан тул ёроол нь цоорч мангасын тос гоожин гал улам дүрэлзэж ирэхэд гарч явжээ. Холоос гарж байсан чинь гал улам дүрэлзсээр байгаад мангасын гэр орон цөм шатаж дуусчээ.
 
Тэгтэл ядуу авгай буцаж очоод гэрийн хойно байсан малын хашааны мухарт нэг том бул хар чулуугаар дарсан байсан намхан хаалга байсныг онгойлгосон чинь өлсөж цангасан ядарч зүдэрсэн мал хүн хоёр багтаж ядан гарч ирж гэнэ.
 
Мөн олон хүн, асар их мал бүтэн өдөр цувж гарахад бүх хүн мангасын савраас гаргасан ачтан хүмүүст ерөөл тавьж гэр орон нутаг усандаа харьцгаажээ. Ядуу авгай ч тус хүргэсэн зоригт анчинд баярлаж ерөөл дэмбэрэлээ хэлээд суллагдсн хүн амьтны хамт явжээ. Анчин өр нөгөө хүүхнийдээ гэрт ирсэн чинь хаагуур яваад ирэв? гэж асуужээ. Анчин эр хойд уул, зүүн уул хоёр дээр гараад ирлээ онц юм алга. Нэг үнэг, нэг мангас хоёр л байж байна. Тэднийг дараад ирлээ гэж гэнэ. Хүүхэн баярласан боловч тэр хоёр ч гайгүй нь. Чи одоо баруун ууланд гарвал яасан ч амьд ирэхгүй шүү хэрхэвч тийшээ явж болохгүй гэжээ.
 
Хүү за гэсэн боловч дотроо яавал тэр уулан дээр гаръя даа гэж бодож байж гэнэ. Нэг өдөр бас л орой толгой дээгүүр гарахаар явжээ. Сэмхэн гэтсээр явсаар баруун уулын орой дээр гараад явчихжээ. Тэнд тэнд юу ч байхгүй байж гэнэ. Уулын орой хавиар нэлээд нааш цааш явсан ч юу ч дайралдсангүй.
 
За тэгвэл энэ хүүхэн чинь намайг хажуудаа байлгах гэж их сүржигнээд л ингэж худлаа хэлсэн юм байжээ гэж бодоод нэг хадан дээр сууж амарч байсан чинь хадны ёроолоор нэг үнэг гүйх шиг болохоор нь лавлаж харсан чинь юм алга байж гэнэ. Сормуусаа харж дээ гэж бодоод босоод иртэл мөн тэр хадны ёроолд ёстой л оосор бүчгүй ордон цагаан гэр байж гэнэ.
 
Анчин эр: За тэр хө. Энэ чинь би үзээгүй яваа юм байна гэж бодсоор л нөгөө гэрт ороод очжээ. Тэгсэн чинь нэг л их гоё ганган авгай сууж байна гэнэ. Гэрийн тавилга нь алт мөнгө болчихсон, өөрөө ч шүр сувдаар чимэглэсэн хачин сайхан амьтан ааш зан ч гэж зүгээр хайлсан тугалга шиг яах ийхийн зууртгүй л аагтай сайхан цай чанаж амттан бүхнийг л өрж гарчээ. Энэ авгайг элдвээр шинжиж, хөдлөх гишгийх бүрийг нь нүд салгалгүй хараад байсан чинь ер өө сэвгүй аж. Тэгэхээр нь анчин хүү: Ай тийм бий. Энэ ийм их сайхан авгай байдгийг тэр хүүхэн мэддэг байж. Тэгээд намайг ханилж нөхцчихнө гэж бодоод ийшээ явахыг хориглоод байсан юм байна гэж боджээ. Тэгээд нутаг ус, ан амьтны тухай ярьж хөөрсөн чинь учиргүй элбэг дэлбэг, чухам анч хүн л амьдрах нутаг даа гэж гэнэ. Тэгээд маргааш нь гараад л уул хадаар яваад үз гэж гэнэ.
 
Хүү тэндээ хоноод маргааш нь эртлэн босоод ан гөрөө хөөхөөр явсан чинь ер нь тэр уул хад, мод хаа л бол хаа явсан газар бүр үнэг чоно, хэрэм мануул, буга зүр ер нь байхгүй ан ч алга элбэг дэлбэг ч гэж учиргүй бужигнаж байжээ. Хүү бишгүйдээ л олон буудсан боловч ер нь үхсэн амьтан ганц ч үгүй дандаа хальт буудаж үргээх юм уу шархдуулж алдсаар байгаад орой нь хоосон буцаж иржээ. Авгай хоол унд хийчихсэн тун сайхан зантай сууж байж гэнэ. Түүний хийсэн хоолны мах огт амсаж үзээгүй гайхалтай сайхан амттай мах байжээ. Анчин эр: Энэ ч мөн сайхан амттай мах юм аа, яахаараа ийм сайхан амттай болдог юм бол гэж бодож сууж гэнэ.
 
Маргааш нь за чи нэг жаахан хоол хийгээд байж бай. Би ойр зуур орой толгой дээр гараад ирье гэж хэлээд гарчээ. Худлаа дэмий энэ тэрүүгээр явж байгад юугаар хоол хийж байгааг нь мэдэх санаатай тун сэмхэн гэтэж ирээд хатавчаар харсан чинь нөгөө авгай зүүн талдаа буруу хараад зогсчихсон нэг эмэгтэй хүний мээм хөшиглөж хоол хийж байна гэнэ. Анчин эр ухаан сүнсгүй болтлоо айж гайхаад дахин сайн лавлаж харвал мадаггүй, харин мах хөшгилж дуусаад мээмний товчийг өөрөө идчихжээ. Анчин эр даруй холдоод холхоноос ханиаж хахсаар дуу чимээ өгсөөр орж ирсэн чинь тэр авгай тарган хонины гуя борви хөшиглөж байгаа харагджээ. Тэгээд залууг орж ирэхэд нь сайхан амттай шөл хийж өгчээ.
 
Анчин залуу нүдээ аниад чихээ атгаад үг дуугүй идчихээд: За хө би гэр орон аав ээжээсээ холдож гарсаар удлаа. Одоо харьж хувцас хунараа солиод хэд хоноод эргээд ирье. Чи ингээд л байж байна биз дээ гэж гэнэ. Авгай: За яахав тэг дээ. Харин чи худлаа хэлэхгүй биз дээ. Харин манай нутаг тун хол байгаа, би нэлээд удаж байж ирэх байх даа гэсэнд авгай: Би чамайг удаан хүлээж чадахгүй. Чи түргэн явж ир. Гурван сарын дотор явж ирэхгүй бол хойноос чинь очоод голын чинь хар цусыг ууна гэж мэдээрэй гэж гэнэ. Хүү за гэж хэлээд яваад өгчээ. Үнэхээр гэр орон нутаг ус нь хол байсан болохоор их удаан явжээ. Гэртээ дөхөж ирээд санаа нь амарч тайвширсан боловч бие нь нэг л эвгүй болоод байж гэнэ.
 
Тэгсээр байж гэртээ орж аав ээжтэйгээ золгожээ. Тэгтэл аав нь: Ээ хүү минь царай чинь яасан муухай болсон юм бэ. Чамд муу юм нөхцсөн байна гэж арц утлагаар утаж гэнэ. Тэгтэл аав ээждээ бүх тохиолдсон учир явдлуудыг ярьж өгчээ. Аав нь: За хүү минь тэр чинь тун айхавтар юм байжээ. Чи өнөө шөнөдөө хоноод маргаашдаа багтаж буцаж очоорой. Тэгэхдээ сайн мориор яв. Очоод нэг хоёр хоноод нэг өглөө орноосоо босолгүй бие муу байна үхэх цаг болжээ гэж хэлээд хэвтээд бай Тэр шулам эм чамайг юу ам тан болдог юм бол гэж хий дэмий нэг зовлон болох байх. Тэгэхээр нь миний өвчи тун хэцүү хүнд юм аа. Жамсран бурхны сахлаар утвал жаахан гайгүй болдог юм гэж хэл. Түүнийг авах гэж явбал догшин бурхан түүнийг нэг дарж мэднэ. Хэрэв аваад ирж чадвал махгал бурханы сормуус авч ир гэж хэл. Түүнийг аваад ирвэл Чойжээ Лхамын үүдэн дээр байгаа гурван алтан шүхрийг булга татаад ир гэж явуул. За тэгээд тэр гурвыг авч ирж чадвал чи дуусч байгаа нь тэр. Түүнээс өөр түүнийг дарах юм байхгүй. Хэрэв тэр хооронд даравдвал яахав чи амьд гарч болох юм гэж хэлж явуулжээ.
 
Хүү ганцхан хоноод нэг сайн морио унаад буцаж давхижээ. Шулам авгай маш сайхан ааштай: Анчин хүрээд ирэв үү. Чамайг би хаяад явчих байх гэж бодож байлаа гэж хэлээд л нэг их гоё ганган хувцас оёсноо гаргаж өгчээ. Анчин эр: Би чамайгаа үргэлж бодож санаж байдаг болохоор удаан байж чадсангүй. Бушуухан л буцмаар санагдаад аав ээжтэйгээ дөнгөж уулзаад эргэлээ шүү дээ. За тэгээд чи сайн байв уу? үүгээр сонин юутайв дээ? гэхэд авгай: Өө энд юу байхав. Би байдгаараа л байна. Харин чамдаа нэг дээл оёж тавилаа гэж гэнэ. Тэгээд хэд хоног хэвийн нэг л байж гэнэ. Тэгээд л нэг өглөө орондоо хэвтээд боссонгүй байжээ. Тэгтэл ч авгай: За чи яав бие чинь муудаа юу гэж гэнэ. Анчин эр: ай даа минь бие нэг архаг хууч өвчин байдаг, морь малаар хол давхихаар өвдөж эхэлдэг юм аа. Тэр нь болсон юм шиг байна гэж. Авгай: за тэгвэл юу эм дом болдог юм бэ? гэжээ. Анчин эр: хамгий амархан юм нь Жамсран бурханы сахлаар утвал нэг жаахан гайгүй болдог юм гэж гэнэ. Авгай: аа яасан хэцүү юм бэ? тэр чинь тийм амархан олдох зүйл биш юм даа. Яая гэхэв би чинийхээ төлөө явахаас биш. Чи маргааш өглөө намайг явсны дараа үдийн хэрд хур нохойн баас их хэмжээгээр умлагаад л байж байгаарай гэж гэнэ. Анчин эр ч за за гэжээ.
 
Маргааш өглөө нь үүр цайж байтал авгай явахаар гарчээ. Анчин эр хойноос нь сэм босож хатавчаар харсан чинь үнсэн дээр очиж хоёр гурав хөлбөрөөд хөх саарал үнэг болчихоод л үсрээд алга болжээ. Анчин эр арц хүж уугиулаад л сууж байсан чинь өдөр дунд болж байтал нөгөө авгай ирж явнэ гэнэ. Залуу арц хүжээ гал руу хийчихээд л хэвтэж байсан ч чинь ороод иржээ. Би Жамсрангийн сахлыг ч аваад ирлээ шүү. Их л муухай юм байна чи яаж үүнийг хэрэглэнэ дээ гэж байна гэнэ. Анчин эр: За яасан сайн юм бэ гээд аваад дэрэн доогуураа хийчихжээ. Тэр шөнө залуу бүр ч их өвдөж ёолж яалсаар хоножээ. Өглөө авгай эрт босоод л: За яаж байна? гэхэд анчин эр: За миний өвчин ч намайг авахаар ирсэн бололтой. Өнөө шөнө бүр ихдээд хонолоо гэж гэнэ. Авгай: Одоо яадаг билээ. Юу хэрэглэвэл болдог бол? гэж гэнэ. Анчин: Махгал бурханы сормуусаар утвал нэг гайгүй болдогсон. Ер нь тэгээд хэрэггүй биз. Чамайг яаж өдөр бүр эм тан олж ир гэж зүдрээгээд байхав гэсэнд авгай: Тэр ч их л хэцүү юм гэвч би чинийхээ төлөө явалгүй яахав гэж гэнэ.
 
Маргааш нь авгай мөн л эртлэн босч үнэг болоод л яваад өгчээ. Үд болоогүй байхад л аваад ирж гэнэ. Анчин ч одоо энэ юунд ч дийдлэхгүй амьтан юм байна гэж бодоод хоёр гурван өдөр гайгүй болж байгаа дүр үзүүлснээ нэг шөнө орь дуу тавиад бараг унтсангүй гэнэ. Авгай босоод л: Чи яав? Одоо яавал болдог бол? гэж байна гэнэ. Анчин эр: Оо одоо яахав бүр зайлбаргүй үхэх цаг болсон юм шиг байна. Урьд хааяа нэг өвддөг байсан боловч ингэж өвддөггүй сэн. Энэ удаа тун ч бэрх зөвоож байна. Одоо бушуухан л үхэх нь дээр гэжээ.
 
Авгай их л зовж байгаа дүр үзүүлж: Одоо би яана аа? ЯАсан их үйл лайтай хүн бэ би гэж уйлагнаж гэнэ. Анчин эр: За уйлаад яахав. Чи бид хоёрын хувь тавилан ийм л байжээ гэхэд авгай одоо юу хэрэгтэй байна? гэхэд одоо юм хэрэггүй, гэхдээ хэрэг болж чадах ганц юм бий. Гэвч чамайгаа зүдрээгээд яахав зүгээр байж байгаад л нүд аних нь дээр гэжээ. Авгай: Ямар боловч чи хэл гэхэд нь Чойжоо Лхамын үүдэн дээр байдаг гурван алтан шүхэр бий, түүнийг нь авч ирвэл гарцаагүй эдгэдэг юм. Даанч хол хэцүү л дээ. Юу хийхэв. Чи битгий яв гэж худлаа хоригложээ. Авгай их л санаа зовж санаа алдаад за яахав чиний төлөө яваад л үзье дээ. Маргааш тун эрт явна. Чи намайг өглөө эрт сэрээгээрэй гэж гэнэ. Хүү маргааш өглөө нь авгайг сэрээсэн чинь авгай гараад хур нохойн баасаар биеэ утаж аваад үнсэн дээр очиж хөлбөрөөд зуун алд зурман хөх чоно болон харайж оджээ. Залуу гэр дотроо арц хүжээ угиулан залбирч суутал гэнэт тэнгэр бүрхэж бороо салхи болж эхлээд байтал цахилгаан буужээ. Залуу гарч харвал мөн л цагаан хар хоёр юм хөөцөлдөж ирж яваа харагджээ. Тэгтэл дахин нэг цахилгаан буугаад тэнгэрийн дуу намжиж амжаагүй байтал нөгөө шулам Чойжоо Лхамын алтан шүхрийг гялбуулсаар аваад ороод иржээ. Анчин залуу ч за одоо ч өнгөрч гэж бодоод үг дуугүй хоножээ. Маргааш өглөө нь залуу босоод миний бие зүв зүгээр болон эдгэлээ. Чинийхээ ач гавьяагаар эдгэлээ. Одоо хоёулаа нүүж миний нутагт очиж аав ээжийхээ дэргэд хурим найраа хийж сууцгаая гэж гэнэ.
 
Авгай баярлан: тэгэлгүй яахав би одоо унаа хөсөг олоод ирье гээд гарсан чинь удалгүй алтан товхтой, мөнгөн буйлтай цаагаан манхан атан тэмээ арав хориор нь хөөж ирж барьж уяад алт мөнгө авдар хайрцэг өдий төдий эд хөрөнгийг залуугийн гар бараг хүрээгүй шахам байхад ачаад дуусчээ.
 
Тэгээд авгай цацаг ганзага, хударга хөмөлдрөг бүрэн хийсэн мөнгөн эмээл хазаартай жороо хар халзан морь унаж ачаагаа хөтөлжээ. Залуу морио тохож мордоод буугаа үүрч: За чи миний хойноос яваад ир. Би түрүүлээд явж байя гэж хэлээд давхисаар нэлээд хол гарч ачаанаас далд ормогц хамаг юм өнгөрлөө өөрөө нэг буудаа үзье гэж шийдээд нэг хадтай толгой дээр гарч гурвван алтан шүхрээ хатгаад буугаа шийрлэн замыг нь тосоод хэвтэж байж гэнэ.
 
Нөгөө шулам авгай зуун алд зурман хөх чоно болчихсон харайлгаад ирж явна гэнэ. Яг аман хүзүүг нь барьж шагайж байгаад л буудаад орхижээ. Тэгтэл чоно ч байхгүй, авгай ч байхгүй болж гэнэ. Хурдлуулсаар дээр нь хүрээд ирсэн чинь дундуураа хуга үсэрсэн хувхай сүүжний яс хоцорчээ. Анчин залуу догшин бурхадын дарж чадааагүй аюулт шулмасыг дарж устгаад нөгөө гурван уулынхаа дунд байдаг айлдаа очиж тэр ариун цагаан сэтгэлтэй бүсгүйгээ аваад ар гэр орон, эцэг эхдээ ирж нутаг усаа цэнгүүлсэн их хурим хийж ная хоног найрлаж, жаран жил жаргаж амар сайхан сууж гэнээ.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу