2013-03-05 04:49

Т.Бум-Эрдэнэ : "Үр харам" - 14 (тууж)

 

“Өөрийн ганц охин Хүслэнгээ хамгийн хайртай найз Болороодоо үрчилж үлдээснээ гэрээслэв” гэсэн байв. Би нүдэндээ итгэсэнгүй. Нотариатчийн тамга ч харагдах шиг. Сувдаагийнхаа зургийг тэврээд уйлж гарлаа. Ийм юм гэж байдгаа бас . . . Еэ, тэнгэр минь гэж . . . Бурхан минь гэж . . . сад тавьсан нулимс маань урсаж, эрүүнээс дусалж байсныг ч мэдэлгүй нэг хэсэг л уйлж суулаа.

- Баярлалаа Сувдаа минь, баярлалаа. Би охиныг чинь хүний зэрэгтэй хүн болгоно. Нүднийхээ цөцгий мэт хайрлана. Би амлаж байна гээд л өөр юу юу гэсэн юм бүү мэд. Үглээд л, амлаад л, Сүхээг тэврээд л уйлаад байлаа. Энэ бол өөрийгөө бодохоор баярын, Сувдаагаа бодохоор харамслын уйлалт байсан юм. 
Энийг нь эртхэн мэдсэн бол би хамгийн сүүлчийн үгээ арай өөр үг хэлэх байсан юм. Энэ амлалтаа түүнийг ухаантай байхад нь амлах байсан юм. Юм гээч яагаад ингэж өнгөрсөн хойно хоцорч ойлгогддог байнаа. Хорвоо гэдэг хожимдож ухаарахын харууслаар дүүрэн байдаг ажээ.
Хэсэг тайвшраад дугтуйгаа дахиад үзвэл бас нэг цаас гарч ирсэн нь кафегаа охиндоо үлдээсэн гэрээслэл байлаа. Тэгэлгүй яахав дээ. Тэрний төлөө л өөрийгөө эмчлүүлээгүй юм чинь. Мөн дотроос нь ганц нэг ээмэг зүүлт, мөн цаг үргэлж барьж явдаг дуу хураагч нь гарч ирэв. Энийг би бүр мартчихсан байв. Болороод гэсэн зурвас гарч ирлээ. Энийг би унших эрхтэйгээ батлах гэсэн шиг Сүхээ рүү дахин харав. Тэр харцаараа зөвшөөрч байна.
Болороод
Найз минь. Яаж ч болохгүй хорвоогийн тавилан гэж байдаг юм байна. Би чамд сүүлчийн үгээ захиж байна. Аливаа бүхэн сүүлчийнх байна гэдгийг мэдрэх их сонин юм. Сүүлчийн үг, сүүлчийн захиас, сүүлчийн уулзалт ийм байгаа юм чинь надад хамгийн сүүлд харагдах зүйл тэр ч байтугай сүүлчийн амьсгаа хүртэл их л сонин байх байхаа. Ялангуяа ганц охиноо сүүлчийн удаа харцандаа үлдээх ямар хэцүү байх бол? Гэхдээ тэртээх ор мөргүй хоосон ертөнцөд охиноо инээсэн чигээр нь харж явахын тулд би хичээх болно. Найз нь өөрийгөө явцгүй болчихож гэдгээ тэр нэг өдөр эмчээс сонссондоо биш, чамайг манай кафены гадаа ирчихээд орж чадахгүй эргэлдэж, над руу “Өнөөдөр очиж чадахгүй нь ээ” гэж утсаар хэлэхэд чинь бүрмөсөн итгэсэн юм шүү дээ. Би чамайг цонхоороо хараад зогсож байхдаа “Би чинь ийм л найзтай шүү дээ” гэж бодож, чиний сэтгэл хэрхэн зовниж буйг ойлгож байсан юм. Найз нь өнгөрсөн амьдралдаа өөрийгөө зовсон гэж бодохгүй байна. Гэхдээ амьдралын төлөө бусдаас илүү, магадгүй чамаас ч илүү тэмцсэн гэдгээ сайн мэддэг. Чи ч мэднэ. Даанч үр дүнд хүрсэнгүй. Яалт ч үгүй хувь заяаны төөрөгт ялагдаж байна. Яаж ч хичээгээд хүч хүрэхгүй хувь тавиланг би яалтай билээ. Миний өмнө өглөө оройгүй зурайх тэр нарийхан цагаан жимээр би явах л ёстой юм шиг байна.Түүний цаана юу гээч нь намайг хүлээж байгааг бас мэдэхгүй. Амьдралд хоргодох юм ганц охин минь л байна. Одоо яая гэхэв. Би яаж ч цахлаад энд, охиныхоо дэргэд үлдэж чадахгүй нь. Тийм болохоор би алгын чинээхэн ганц охиноо хамгийн хайртай найздаа ихийн их итгэл найдвар тээн үлдээж, “Миний охиныг хүний дайтай хүн болгож өсгөж өгөөч гэж бас гуйж байна” Би хэрийн юмыг энэ амьдралаас гуйж яваагүй. Одоо л . . . Энэ эцсийн мөчид ганц охиныхоо төлөө гуйж байна. Болороо минь, миний төлөө хичээгээрэй. Энэ миний сүүлийн үг шиг санагдаж магадгүй. Гэхдээ найз минь чамайг насан туршдаа миний энэ гуйлтыг сонсож явах болно гэдгийг мэдэж байна. Болороо минь, би чамд үргэлж итгэдэг
Сувдаа нь . 

гэсэн байлаа. Би захиа бичсэн цаасан дээр нулимсны ганц ч толбо хараагүй юм шүү. Тэгэхээр манай Сувдаа үнэхээр чанга эмэгтэй байсан байгаа биз. Харин миний нулимс л сул асгарч байлаа. Сүхээ миний нурууг зөөлөн, зөөлөн илнэ. Намайг тайвшруулж байгаа нь тэр. Би дуу хураагчийг нээх гэснээ Сүхээ рүү харвал Сүхээ санаа нь зовсон янзтай
- Би гал тогоонд байж байя гэхээр нь
- Үгүй ээ, үгүй. Чи энд байж болно гээд түүний гарыг атгав.
Дектафон жаахан шажигнаж байснаа
. . . Хоол хийхэд хамгийн амт оруулдаг зүйл бол сэтгэл . . . гээд цааш нь баахан хоолны жор, хоол хийх заавар явав. Түүнийг чагнаж хоолоо хийдэг байсан бололтой. Сувдаагийн дууг сонсоход тийм ч амар байсангүй. Хөөрхий минь яг дэргэд байгаа юм шиг цовоо сэргэлэн тэр л хэвээрээ. Тэгээд цаашаа сонслоо.
. . . Болороогийн эрчүүдтэй харьцдаг харьцаа надад таалагддаггүй. Тийм зуршил эмэгтэй хүнд байх нь бусдад тийм ч сайхан сонсогдохгүй байгааг Болороо өөрөө мэдэрдэгүй юм байх даа . . .
. . . Анхмаагийн гэр бүл маш халуун дулаан гэр бүл байхаа. Анхмаа ч гэсэн аливаад хандахдаа нэг л сайхан юм. Яг манай ээж шиг . . .
. . . Анхмаагаас өнөөдөр арван сая төгрөг зээллээ . . .
. . . Охин маань 24-ийн цэцэрлэгт дургүй болж эхэллээ. Өдрийн ангид оруулна гэхээр энэ кафеныхаа ажлыг яах вэ? За яахав. Кафегаа өөрийн болгочихвол охиноо заавал өдрийн ангид оруулнаа . . .
хөөрхий минь охиныхоо төлөө л амьдарч байсан нь илхэн. Цааш нь чагнавал
. . . Ааваа, ээжээ та хоёр охиноо харж байна уу? Өнөөдөр охин нь төрж өссөн гэрээ буцаагаад авчихлаа. Та хоёр минь надаар бахархаж байгаа гэдэгт итгэж байна . . .
. . . Би өвчтэй болчихож. Найдваргүй. Удахгүй юм гэнэ. Муу охин минь яанаа (уйлав) . . .
. . . Охиноо хэнд үлдээх вэ? Болороо асрамжийн газрын тухай ярьлаа. Яагаад ч асрамжийн газар үлдээхгүй . . .
гэх мэтээр сонсож байтал гэнэт эрэгтэй хүний хоолой орж ирлээ. Би энэ сонссон хэсгээ бүхлээр нь бичихийг хичээе. Яагаадыг уншсан хүн ойлгох биз ээ. Надмид эмнэлэг дээр ирсэн үе байлаа. Эхлээд Надмидын нялуун дуу гарч баахан юм ярьж байснаа 

Надмид
. . . Цаадах Анхмаа чинь ичдэг үү, нэрэлхдэг үү ямар ч байсан та нарт хэлдэггүй юм. Үгүй, тэгээд бид 2 хоорондоо ярьж байгаад танай Номинг . . .

Сувдаа
Хүслэн . . .

Надмид
Айн? . . . Аа, тийм л дээ. Хүслэнг өргөж авдаг юм билүү гэж . . . Үгүй ээ, авдаг юм уу ч юу байхав ерөөсөө л авъя гэж шийдээд. Тэгээд л би ирж байгаа маань энэ. Бид чинь том хүмүүс, нөхцөл байдлыг сэтгэл хөөрлөөр биш арай өөрөөр харах хэрэгтэй юм болов уу гэхдээ шулуухан хэлчихлээ. 

Сувдаа
Анхмаа яагаад ирээгүй юм?

Надмид
Хэ хэ. Цаадах чинь харин жаахан санаа нь зовоод байх шиг байнаа. Тэгээд л . . . хэ хэ, эр хүн байна чи хэл, чи хэл гээд намайг бүр суулгадаггүй. Би ч бас дуртай л байгаа л даа

Сувдаа
Харамсах юмгүй гэдэг утгаар гэх үү, эсвэл мөдхөн үхэх гэж байна гэдэг утгаараа гэх үү би чамд шуудхан хэлье. Ер нь ч чи бид хоёрын яриа тиймэрхүү байгаа болохоор. Миний охины талаар санаа тавьж байгаа Анхмаа, ялангуяа чамд маш их баярлалаа. Даанч би хүүхдээ аль хэдийн өөр хүнд өгөхөөр шийдчихсэн. Тэгэхээр би чамд уучлаарай гэдэг үгийг хэлэх болох нь . . . 
гээд Сувдаагийн амьсгаадах дуу сонсогдоно. Тэр их хүнд амьсгалж байв. Хэсэг хугацааны дараа Надмид шал өөр шүд зуусан өнгөөр

Надмид
Юу гээч . . . ? Чи үхэж байна. Чамайг хаа нэг тийшээ арилсны дараа энд бүх юм чиний бодсоноос эсрэг байх болно. Чамд бас ч гэж сонголт ч байна, цаг ч байна. Үхэх гэж бүү яар. Сайн бод. Оройтоогүй дээрээ Номинг, үгүй ээ нөгөө . . . за хэн ч байсан яахав хүүхдээ надад өгсөн нь дээр. Тэгэхгүй бол . . .

Сувдаа
Тэгэхгүй бол юү гэж?


Надмид
Эцэг нь гэж нэг яргачин амьд байгаа шүү. Солгой Аюуш өнөө мөдгүй суллагдана. Шоронгоос гарсан хулгайчид юм юм л хэрэгтэй болно доо . . . 
Үүнийг сонсоод би Сүхээ рүү айсан нүдээр харлаа. Сувдаагийн амьсгаа улам хүндэрч байгаа нь илт. Өндийх гэж байна уу гэлтэй орных нь пүрш дуугарна. 

Надмид
Тээр хараа биз? Цээжин дээр чинь ганц хуруугаа хүргэхэд л чи наад хэнд хэрэггүй болсон зовлогоо даахгүй байна шүү дээ. 
Тэр Сувдаагийн цээжин дээр нь хуруугаараа дараад байгаа бололтой. Хөөрхий минь яаж дийлэх вэ дээ. Хий дэмий л хүчлэн амьгаадна. 

Сувдаа
Чи . . . чи ийм болсон хүнийг ингэж дарамталж байдаг адгийн шаар юм даа

Надмид
Хүнд, ганц хуруу ч хүнддэх үе ирдэг юм, үхдэл минь. Ийм өдрүүд охинд чинь хичнээн удаа ирэх бол?, сайн бод. Хэрвээ охин чинь манай хаяанд хэвтэж байвал цаад Аюуш гэдэг золбин чинь хэзээ ч мэдэхгүй гэдгийг би амлая. Би чинь бас ч гэж хүн шүү. Надад бас сэтгэл бий . . . Сайн бод. Гэхдээ үхэхээсээ өмнө амжиж шийдэх хэрэгтэй гэдгээ мартав даа, үхэж буй ээж минь . . . 
гээд бас амьхандаа хариу хүлээгээд байгаа бололтой хэсэг удав. Тэгтэл 

Сувдаа
Чи чадвал хүлээ л дээ. Чамайг мянган жил хүлээсэн ч би чиний өмнө амь тавихгүй. Хүсвэл би чамтай хамт явж ч дөнгөнө шүү. Итгэхгүй бол чи наанаа үхдэл сахисан хар хэрээ шиг сууж л бай. 
гэхэд Надмидын хөлийн чимээ хурдан хурдан гишгэлсээр гарах нь сонсогдохыг бодоход тэр айсан байх. Мэдээж Сувдаа түүнийг ямар л олигтой харцаар харав гэж.

- Ямар зэвүүн, заваан . . . гэж намайг хэлэх үгээ олж ядахад Сүхээ
- Тэр заавал үүнийхээ горыг амсах ёстой. Гэхдээ хуулийн хүрээнд гэж шүд зуун хэллээ. Сая л би түүнийг “Нээрээ, Сүхээ чинь цагдаа ш дээ” гэж саналаа. 
Би гэдэг амьтан хэдхэн хормын өмнө баярлаж, хайлж уярч байсан бол одоо үзэн ядалтын манан дунд нүдээ эргэлдүүлэн зогсож байв. 
- Энэ хорвоо яагаад ийм Надмид шиг юмнуудыг дааж байдаг юм байнаа? гэхэл Сүхээ
- Болороо минь одоо тайвшир. Эхлээд Анхмаатай уулзах хэрэгтэй. Энэ бол хөдлөшгүй баримт. Яагаад тэр Надмид гэдэг этгээд охиныг авах гээд байсны учрыг олж болно. Харин одоо охиноо хар даа. Чиний хүсэл мөрөөдөл болж байсан охин чинь одоо орон дээр унтаж байна шүү дээ гэхэд нь сая нэг сэхээ авч
- Сувдаа минь баярлалаа. Би охиноо яг чиний хүссэн шиг сайхан хүн болгож өсгөнө. Амлаж байна гэж шивнэлээ. Тэр үед Сувдаа намайг тэнгэрээс харж байсан байхаа. Охиныхоо гарыг очиж үнслээ. “Намайг хүүхдээ надад өгсөнгүй гэж гэртээ бачуурч суухад хөөрхий минь охиноо надад өгөх гэж Надмидтай хэрээрээ л тэмцэж байсан байна шүү дээ” гэж бодохоор дотор нэг юм шатна. Охин минь тайван унтана.

*   *   *

Хананд өлгөөтэй хоёр туулай тэвэрсэн охиныхоо зургийг өөрийн эрхгүй харлаа. Эвий минь гэж энэ өчүүхэн амьтан өөртөө ирж буй хувь заяагаа хэрхэн мэдэрч байсан бол? гэж бодсон чинь яагаад ч юм хамар шархирч, нулимс цийлэгнэж ирэв. Яг юу бодож байсан бол? 
Ээж маань намайг орхиод явчихлаа . . .
Би нь Болороо эгчийн хүүхэд болох ёстой . . .
Ээжээ та нь эдгэнэ гэчихээд худлаа хэлчихлээ ш дээ . . . гэсэн үү? Ямар ч байсан өөртөө таарсан нэг л юм бодож л байсан байж таарна даа гэж бодохоор өр зүрх маань өмөрчих шиг л санагдлаа. Би урд нь охиныхоо талаар ерөөсөө ингэж бодож байгаагүй юм байна. Би охиныхоо зургийг хананаас авч харжээ суутал шилэн нүүрэн дээр нь юу юугүй нулимс дусахаар нь хурдхан шиг арчлаа. Тэгээд зургаа элгэндээ тэвэрч бүүвэйлж байгаа юм шиг ганхан, ганхан хэсэгхэн суув. Нүдний буланд нэг юм хөдлөх шиг болохоор нь хартал өвгөн маань над руу хошуу цорвойж харагдана. Тэр минь намайг ойлгохын дээдээр ойлгож байгаа нь тэр. 

*   *   *

Маргааш нь Сүхээ бид хоёр Анхмаа дээр очлоо. Тэр дүүгийндээ ирсэн байв. Дүүгийнд нь уулзах гэснээ больж түүнийг авч гарлаа. Нүүр ам нь хөхрөөд, эдгэж байгаа бололтой шар ногоон юм болчихож. 
- Анхмаа, талийгчийн үлдээсэн бичгээс чиний тухай там тум ойлголоо. Чи минь иймэрхүү юмаа бидэнд хэлэхэд яадаг юм дээ. Ингэж гэр бүлийн хүчирхийлэл дор хэдэн жил амьдрах юм бэ? Би чинь чамайг маш сайхан амьдардаг гэж ойлгож байлаа. 
- Харин тийм ээ. Эхэндээ бидний амьдрал сайхан л байлаа. Сүүлийн үед уурхай энэ тэр гээд энэ алттай холбогдсоноос хойш Надмидын зан ааш, хүсэл шунал нь хэрээс хэтэрсэн. Бүхнийг өөрийнхөө санаснаар болгох, бүгдийг өөрөөсөө дорд үзэж, гар хөлийнхөө дор байлгах гэдэг болсон. Ууж идээд байгаа нь харагдахгүй хэрнээ юм л бол мөнгө, эрх мэдэл, алт ярьдаг болсон. Хүний сайхан сэтгэл энээ тэрээг бол бүр мартсан. Тэр ч бүү хэл орчлонд тийм юм гэж байдаггүй юм гэж хэлдэг болсон. Хоёр хүүгээ харцаараа хөдөлгөнө гэснээ гэнэтхэн бид хоёрыг харж өөрийгөө зөв буруу эсэхэд эргэлзэх мэт болсноо
- Би та хоёрт ингээд хамаг байдгаа ярьж, баахан зовлон тоочих нь дээ. 
- Зүгээр, зүгээр сэтгэлээ жаахан онгойлгоод ав гэхэд тэрээр шийдэв бололтой
- Энэ жил Надмидын үйлдвэрт хүн нас бараад. Мэдээж ар гэрийнхэн нь хэл ам хийлгүй яахав дээ. Түүнээс болоод тэр их бухимдуу байх болсон юм. За тэгээд талийгаачийн бие муудсан тухай сонсогдсоноос хойш намайг ээрээд болохоо байлаа.
- Юу гэж?

Үргэлжлэл бий . . .

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу